
Энэ өдрүүдэд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх онуудад хэрэгжүүлэх 47 зорилт тусгаснаас өнгөрсөн 100 хоногт 13 зорилтыг хийж эхлүүлсэн байна.
Тодруулбал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч ХНХЯ-наас халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг хязгаарлахгүй, зогсоохгүй байх, харин ч улам өргөтгөх бодлого барин ажиллаж байгаа аж.

Үүнд, хүүхдийн мөнгөний хүртээмжийг бууруулахгүй, төрийн албан хаагчдын 36 сарын цалингийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох, ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага насны хүүхэд болон 3-аас олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт цалин олгох санаачилга гарган ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн 100 хоногт хоёр хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлжээ.
Насны хишгийн зардалд зориулан 2017 оны төсвийн төсөлд 20.5 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Тодруулбал, ахмад настанд жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдвал 121 мянга орчим ахмад настан жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдэнэ. Насны хишгийн зардалд зориулан 2017 оны төсвийн төсөлд 20.5 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Мөн малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан аж. Энэхүү хуулийн төслийг батлуулснаар 269.5 мянган малчдын нийгмийн баталгаа хангагдаж орлоготой болох юм. Хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхэд 20.6 мянган малчны тэтгэвэрт 96.2 тэрбум төгрөг зарцуулна.