Өнөөдөр Нийслэл хотын 377 жилийн ой тохиож байна. Эсгий хотоос Улаанбаатар хот болтол хөгжсөн нийслэл хот маань олон мянган хүний аж амьдралын гараа, сайн сайхан бүхний эхлэл нь билээ.

Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээснээр тэртээ XII зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байжээ. Энэ газрыг одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндий гэж судлаачид үзсэн байдаг.

Үүнээс хойш Монгол Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ.

Өдгөө Улаанбаатар хот маань Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдэн Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай. Засаг захиргааны 9 дүүрэгт хуваагддаг билээ.