Монгол Улс нэг хүнд ногдох их сургуулийн тоогоороо дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Тэгсэн хэр нь ажиллах хүчний хомсдол, ур чадвартай ажилчдын дутагдал салбар бүрд нүүрлэж, төрийн түвшинд анхаарах учиртай асуудлуудын эгнээг энэ бэрхшээл тэргүүлж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Олон улсын эрсдэлийн тайлан”-д Монголыг отож буй эрсдэлүүдийн нэгдүгээрт хөдөлмөрийн болон чадварлаг хүний нөөцийн хомсдлыг нэрлэсэн байгаагаас асуудал хэр өргөн хүрээг хамарсан болохыг харж болно. Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ажилчин сонгон шалгаруулахдаа шалгуур бус хангамжаа эхэлж танилцуулдаг болсон нь ч ажиллах хүчний дутагдлын бодит илрэл. Товчхондоо, мэдлэгтэй, тууштай, тархи оюун нь боловсорсон, хөдөлмөр эрхлэгчдийн хомсдол манай улсын хөгжлийн хүлээс болж, энэ үзэгдэл эдийн засгийн өсөлтийг ч дөнгөлж эхлэв.

Нэг талд ажилтан хайсан компаниудын эгнээ өргөжиж, нөгөө талд ажилгүй иргэдийн тоо элбэгшиж буй нь асуудлын гол гогцоо. Тоо сөхвөл, манай улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных. Гэвч хөдөлмөр эрхэлдэг, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо ердөө 1.4 сая. Харин 869 мянган иргэн ажиллах хүчнээс гадуур буюу хөдөлмөрийн зах зээлд идэвх, оролцоогүй байна. Тэд нийт хөдөлмөрийн насны хүн амын 37.8 хувийг бүрдүүлж буй бөгөөд манайд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.9 хувьтай байна. Ийн хөдөлмөрийн зах зээлийн оролцоогүй хүн амын эзлэх хувь өндөр байх нь улс орны эдийн засгийн өсөлт удаашрах, татварын орлого буурах, нийгмийн халамжийн ачаалал нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн тэнцвэр алдагдах, ядуурал гүнзгийрэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгодог.

Чанар чамлагдав

Нийт хүн амын дунд дээд боловсролтой иргэдийн түвшин жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ийн дипломтой залуусын тоо элбэгшсээр байхад компаниуд шаардлагадаа нийцсэн ур чадвар, мэдлэгтэй ажилтан олж чадахгүй байгаа нь тун сонин өнцөг. Уг асуултын хариулт хийгээд асуудлын углуургыг “Global talent competi tiveness 2023” тайланд тун тодорхой өгүүлсэн байна. Тус тайланд 134 орныг эрэмбэлсэн бөгөөд үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд хүссэн ажилтнаа амжилттай олж чаддаг эсэх (Ease of finding skilled employees) үзүүлэлтээр манайх сүүл мушгижээ. Мөн хүн амын боловсролын түвшингээрээ төдийгүй боловсрол эдийн засгийн хамаарлаараа ч ажилчдын мэргэжлийн болон техникийн ур чадвараар ч доогуур жагссан байна.

Эндээс Монгол Улсын их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн шалгуур, шаардлага хангах хэмжээний мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж чадахгүй байгааг харж болохоор байна.

Түүнчлэн манай улс дээд боловсролын бодлогоо хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдуулдаггүй. Үүний гороор бизнес, удирдахуй, хууль эрх зүй зэрэг мэргэжлээр төгссөн хүн хамгийн олон байдаг бол хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга угсралт зэрэг мэргэжлийн төгсөгч нэн цөөн байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.

"Манай улсын дээд боловсролын систем хүнээ хөгжүүлэхэд бус ашиг олоход илүү төвлөрч, бизнесийн зарчмаар явсан. Үүний улмаас их, дээд сургууль төгссөн хэр нь хэрэглээний программ дээр ч ажиллаж чадахгүй залуучууд хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна. Гэтэл нөгөө талд компаниуд асар хурдацтай хөгжиж байна. Тиймээс ажилчдын ур чадварыг ахиулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Ажилчдыг буруутгах нь өрөөсгөл. Хөдөлмөрийн зах зээл дээр шаардлагатай ур чадваруудыг олгох тогтолцоо учир дутагдалтай байна. Мэргэжил, ур чадвартай боловсон хүчин хомс байгаагийн улмаас компаниуд сайн ажилтны төлөө өөр хоорондоо өрсөлдөх хэмжээнд ирсэн. Сүүлийн жилүүдэд ажлын байрны захиалга хоёр дахин, зарим салбарт 2.6 дахин өссөн."

Монголын ажлын байрны үндсэн платформ “Zangia.mn” дээрх ажлын байрны захиалгын өсөлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тоо сөхвөл, уул уурхайн салбарт 165 хувь, банк санхүү, нягтлан бодохын салбарт 139 хувь, худалдаа борлуулалтын салбарт 105 хувьтай байна. Эдгээрээс гадна бүх л салбар, талбарт ажилчдын эрэлт нэмэгдсээр байна. Нэг жилийн хугацаанд 200 гаруй мянган захиалга бүртгэгджээ.

Албан бус хөдөлмөр эрхлэлт

Эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь аж ахуйн нэгжүүдийн шалгуур, шаардлагад нийцэхгүй байгаад иргэд ч эмзэглэж, илүү сайжрахыг эрмэлзэхгүй байна. Шулуухан хэлэхэд, тийм шаардлага ч өнөөгийн нийгэмд алга. Хүмүүс цагт уягдаж, цалин горилоод, түүнээсээ улсад шаггүй татвар, суутгал төлөх сонирхолгүй болжээ. Тэдний энэ хэрэгцээ, сонирхолд нийцэж байгаа нэг талбар нь албан бус хөдөлмөр эрхлэлт. Цалин, орлого олдог ч аль нэг газартай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, ямар ч байгууллагад бүртгэлгүй, олсон орлогоосоо татвар төлдөггүй иргэдийг ийн нэрийддэг. Энэ төрлийн хөдөлмөр эрхэлж буй хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Тоо сөхвөл, нийт ажиллагчдын 42.4 хувь буюу 500.3 мянган хүн албан бус секторт ажиллаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны тайлан.

Албан бус хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй өссөөр ийм хэмжээнд хүрлээ. Ялангуяа, Улаанбаатар хотын албан бус хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд 80 хувиар нэмэгджээ. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна төрөл, хэлбэр нь ч өргөжиж байна.

"Дэлхийн нийт хүн амын хоёр орчим тэрбум нь албан бусаар хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа бий. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа оруулаад нийт 500 орчим мянган хүн албан бус хөдөлмөр эрхэлж байна. Албан бус салбараас албан салбар руу шилжих шаардлага зайлшгүй үүсэж байгаа. Албан салбар нь зөвхөн тэтгэвэрт гарахдаа үр өгөөжээ хүртдэг юм биш. Ажлаа хийж явахдаа ямар нэг осолд өртөхөөс хамгаална. Төр бодлогоор нийгмийн хамгаалал бий болгодог зэрэг олон давуу тал байгааг залуучуудад ойлгуулах, таниулах зайлшгүй шаардлагатай байна."

Монгол Улсын, монгол түмний уналт хийгээд сэргэлт огтлолцсон торгон цаг үе бол яах аргагүй 1990-ээд он. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн улмаас төрийн өмчит үйлдвэрүүд зогсонги байдалд орж, олон хүн ажилгүй болсон тэр бэрх агшинд хүмүүс хоногийн хоолоо таслахгүйн тулд элдвийг эрэлхийлж, эрвийх, дэрвийхээрээ мэрийж байв. Яг тэр үед бий болсон шинэ тутам нэг үзэгдэл бол “ганзагын наймаа” юм. Олон залуус “гахай үүрч”, ганзаганд явж, цөөнгүй хэсэг нь амжилт олсон, амьдралаа босгосон. Үүний улмаас тухайн үед ажиллах хүчний хомсдол нүүрлэж байсныг түүхийн шарласан хуудас өгүүлнэ.

30 илүү жилийн өмнө тулгамдаж байсан асуудал, туулж гарсан бэрхшээл өнөөгийн нийгэмд ч бий болов. Хүмүүс цагаа бүртгүүлж, 15 хоногт нэг удаа цалинтай залгадаг ажил эрхлэхийн оронд зүс хувиргасан “ганзагын наймаа” буюу цахимаар бараа захиалж, түүнийгээ нийгмийн сүлжээний тусламжтайгаар борлуулахыг илүүд үзэх болов. Орлого ашиг нь ч ихэнх тохиолдолд төрийн хийгээд хувийн хэвшлийн албан хаагчдын сарын цалингаас өндөр байдаг аж. Энэ ажил Монголд бий болоод буй албан бус хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр бөгөөд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн олонх нь олсон орлогоосоо татвар, суутгал төлдөггүй.

"1990-ээд онд бүх хүн “гахай үүрээд”, ганзагын наймаанд явж байсан үе өнөөгийн нийгэмд бий болоод байна. Хийц, хэлбэр нь арай өөрчлөгдсөн ч агуулга нь ижил. Түүнчлэн ажилчид олсон орлогоосоо улсад татвар төлж байгаатайгаа дүйцэхүйц үйлчилгээ авч чаддаггүй. Нөхцөл байдал олон жилийн өмнөхөөрөө байхад татварт татах хувь хэмжээ нь олон дахин өсчихсөн байхаар хүмүүс татвар, шимтгэл төлөхөөс цааргалж, хувиараа хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэж байна."

Монгол самушил

Хүссэн өдрөө ажиллаад, ажилласан өдрийнхөө хөлсийг орой нь авчихдаг хөдөлмөрийн тогтолцоо өндөр хөгжилтэй ихэнх оронд бий. Уг жишгээр манайд ч энэ төрлийн хөдөлмөр зуучлалийн бирж үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тэдний үүрэг бол компани, ажилтан хоёрыг холбон зуучлах. Байгууллагууд ажилтан хайж байгаа мэдээллээ хөдөлмөр зуучлалын төв буюу самушилд мэдэгдэнэ. Ажилчид харин өглөө 07:00-08:00 цагийн хооронд самушил дээрээ очоод, очсон дарааллаараа ажилдаа гарна. Ажлаа гүйцэтгэж дуусмагц цалингаа дансаар хүлээж авна. Ихэнхдээ туслах ажилд зуучилдаг учир ажилчдаас мэдлэг, ур чадвар шаарддаггүй аж. Дүрэм ийм энгийн. Самушилын тухайд, ажилтан олж өгсөн компаниас цалингийн 10 хувийн шимтгэл авч, санхүүждэг. Ажилтан харин авсан цалингаасаа компанид ч, улсад ч ямар нэг татвар шимтгэл төлдөггүй. Татвар төлдөггүй, хүссэн өдрөө ирээд, шаардлагагүй тохиолдолд ажиллахгүй байх боломжтой нь иргэдийг энэ төрлийн ажил хийх гол хөшүүргэ болдог байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Самушил Эйч Ар” байгууллага 12 салбартай. Өвлийн саруудад ажил олдох нь ховор ч барилгын бүтээн байгуулалт өрнөдөг үеүдэд өдөрт 1000 орчим хүн ажилд зуучилдаг байна.

"Манай өдрийн ажлын бирж 2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлд 12 салбартай. Орон нутагт нэг салбартай. Манай салбаруудад ирдэг хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гол ачаалал 12-4 дүгээр саруудад байдаг. Энэ хугацаанд нэг салбарт өдөрт дунджаар 100 хүн ирж, ажилд гардаг. Манай дээр ирж байгаа хүмүүсийн дунд өндөр боловсролтой хүн олон байдаг. Ажил захиалагч, ажилтан, зуучлагч буюу манай компани гээд гурвалсан гэрээ хийгээд ажилладаг. Тиймээс ажил хийсэн хүний цалинг олгохгүй гэх эрсдэл үүсдэггүй. Одоогоор ажилчид цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Манай дундаж цалин 100 мянган төгрөг байдаг. Цалингаа хүмүүс өдөр, өдөртөө авна. Мөн гар дээр ирж байгаа мөнгөнөөсөө шимтгэл, татвар төлдөггүй нь хүмүүсийн санхүүд дэмтэй байдаг байх. Түүнчлэн оюутнуудад зориулсан самушил ажилладаг. 15-аас дээш настай, ээж аавын зөвшөөрөлтэй бол бид тохирох ажил мөн зуучилдаг."

Эдгээр нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн шинэ төрөл хэлбэрүүд. Энэ мэтчилэн аль нэг газар бүртгэлгүй, нийгмийн хамгаалал хийгээд татвар, даатгал гэхчлэн үүрэг, хариуцлагаас ангид хөдөлмөр эрхэлж буй хүн, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж манайд олон бий. Энэ талбар цаашид хүрээгээ улам тэлнэ.

Иргэдийг ийн албан бус хөдөлмөр эрхлэхэд хүргэж буй хүчин зүйл олон бий. Тэдгээрийн нэг нь үнийн хөөрөгдөл, бодлогын гажуудал. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд унах унаа, орох орон хүртэлх бүхий л зүйлийн үнэ сар, жилээр бус өдрөөр нэмэгдэж байна. Түүнчлэн байр, машин зэрэг анхдагч хэрэгцээгээ хангах нь сарын цалингаараа амь залгуулдаг иргэдийн хувьд хүрч, хүсэшгүй мөрөөдөл болж хувирсан. Үүний улмаас олонх хүн гадаад явах, гарааны бизнес эрхлэхийг чухалчилдаг болжээ. Мөн татвар, суутгалын дүн цаг улирах тусам нэмэгдсээр байгаа нь албан хөдөлмөр эрхэлж, авсан хэдээсээ улсад тушаах хүсэлтэй иргэдийн хүрээг хумиж, хөлийг тушиж буй нь ганхах аргагүй үнэн. Улмаар улсын хэмжээнд эмч, багш, болон бусад мэргэжлийн боловсон хүчин хомсодсоор, хувийн хэвшлийн компаниуд ажилтан олдохгүйн улмаас хаалгаа барьсаар байна.

Албан бус хөдөлмөр эрхлэлт нийгэмд байх ёстой үзэгдлийн нэг мөнөөс мөн. Гэхдээ хүн амын олонх хувийг эзэлж, хамрах хүрээ нь хэт тэлчихвэл улсын эдийн засаг, төсөв, ирээдүйн хөгжилд шаггүй эрсдэл дагуулдаг.

10 жилд 17 хувь

Эрхэлсэн ажилдаа эзэн болж, эхлүүлсэн үйлийнхээ эцсийг үздэг, төрийн албанд, түмний төлөө 40-50 жил тасралтгүй ажилладаг цаг, үе нэгэнт ард хоцорчээ. Ийн хүмүүсийн урт хугацаанд, тууштай хөдөлмөрлөж, аль нэг албан байгууллагад хамаарахаас цааргалах болсон, хувиараа хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэж байгаад нөлөөлж буй өөр нэг чухал хүчин зүйл бол цалин.

Тун товчхондоо, сүүлийн 10 жилд бодит цалин дорвитой өссөнгүй. Статистик мэдээллээс харахад, сүүлийн арван жилд нэрлэсэн цалин 169 хувиар өссөн байна. Гэвч хэрэглээний үнийн индексээр засварласан бодит цалин 31 хувиар, ам.доллароор илэрхийлэгдэх цалин ердөө 17 хувиар өсжээ. 10 жилд 17 хувь. Монгол Улсын бодит цалингийн ДНБ-д эзлэх хувь ижил улсуудаас 8.7-13.3 нэгжээр доогуур байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өгөгдөл ашиглан тооцсон шинжилгээнээс харахад, ойролцоо хөгжилтэй, ойролцоо хүн амын бүтэцтэй улс орнуудтай харьцуулахад, ДНБ-д эзлэх хөдөлмөрийн орлогын эзлэх хувь Монгол Улсад 8.7-13.3 нэгжээр бага байна. Гадаадыг зорих хөдөлмөрийн насны иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ч цалин, санхүүгийн асуудалтай шууд холбоотой юм.

Цонх нээгдэх үе айсуй

Ажиллах хүчний хомсдол үүсэхэд нөлөөлсөн өөр нэг сонирхолтой хүчин зүйл бол хүн ам зүй юм. 1991-2005 онд төрөлт хамгийн бага байсан бөгөөд жилд дунджаар 45-50 мянган хүүхэд төрсөн байна. Мөн үед төрсөн иргэд одоо 20-34 настай, хөдөлмөрийн насныхны багагүй хувийг бүрдүүлж буй. Тухайн үед төрөлт эрс буурсны улмаас сүүлийн 5-6 жилд их сургууль, коллеж төгсөгчдийн тоо ч цөөрсөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, сүүлийн 13 жилийн дунджаар жилд 32.2 мянган залуус их дээд сургууль, коллеж төгсөж байсан бол 2018, 2022 онд 23 мянга болж буурчээ. Энэ хэмжээгээр хөдөлмөр эрхлэх хүний тоо ч цөөрсөн. Гэхдээ энэ үзэгдэл 10 орчим жил л үргэлжилнэ. Учир нь, 2035 оноос хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэх төлөвтэй байна. 2007 оноос хойш төрөлтийн тоо нэмэгдсэн бөгөөд хамгийн оргил үедээ буюу 2014 онд 83 мянга хүрсэн байна. Тиймээс 2007 оноос хойш төрсөн хүүхдүүд 2035 онд хөдөлмөрийн насны голлох бүлэг байх учир хөдөлмөр эрхлэх хүний тоо ч энэ хэрээр өснө гэдгийг хүн ам зүй судлаачид өгүүлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын тооцооноос харвал, 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн ам 2.6 саяд хүрч, иргэдийн 64.7 хувийг эзлэхээр байна.

Ийн хөдөлмөрийн насныхан хүн амын олонх хувийг эзлэх мөчийг цонх үе хэмээн нэрийддэг аж. Улмаар цонх нээгдсэн үеийг ашиглаж чадвал хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэлэх, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлж, орлогын өсөлт бий болгох боломж бүрдэнэ хэмээн судлаачид үзжээ.

Гэхдээ цонх үе нээгдэхээс урьтаж хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг цэгцэлж, бодит цалингийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Яг энэ хэвээр, тэр эрчээр 2035 онтой залгавал, албан бус хөдөлмөр эрхлэлт улам хүрээгээ тэлж, гадаадыг зорих иргэдийн тоо ч бүр өсөж, улсдаа татвар, шимтгэл төлдөг хүн цөөрч, улсын төсвийн орлого улам хумигдах эрсдэлтэй. Ингэснээр, өнөөдөр татвар, шимтгэлээ төлж, өөрийнхөө, эх орныхоо төлөө үнэнчээр хөдөлмөр эрхэлж буй иргэд ирээдүйд тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүйд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Хөдөлмөрийн зах зээл бол тухайн улс орны хөгжлийн нэн чухал түлхүүр. Иймд энэ чиглэлд анхаарч, хөдөлмөрч Монгол Улсыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага та, бидний нуруун дээр ирээд байна.