Гурван сая гаруй хүн амтай монгол улс хавдрын өвчлөлийн түвшингээрээ дэлхийд 45 дугаарт эрэмбэлэгдэж, хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байна. Ялангуяа элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшингээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй харамсалтай мэдээ бий.
Мөн улаан хоолойн өвчлөл, нас баралтын түвшингээр гуравдугаарт эгнэж буй. Тоо сөхвөл, хорт хавдрын шалтгаант нас баралт 2023 онд 4556 бүртгэгдсэн нь өмнөх оноос найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт байсан бол өнгөрсөн онд 4755 хүн нас баржээ.
Энэ бол Монгол Улсын хүн амын дунд өвчлөл ямар түвшинд байгааг илтгэх нэг л үзүүлэлт. Нийгмийн, нийт иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, амь насанд нь заналхийлж байгаа олон зуун өвчлөлийг дурдахад цаас ч, цаг ч шаггүй орно. Хүмүүсийн эрүүл мэнд, энх амьдралд сүүдэр тусгаж байгаа мянга, мянган өвчлөлөөс сэргийлэх, хүндэрч, үхэлтэй нүүр тулахаас нь урьтаж эмнэх нэн чухал нэг гарц нь эрт үеийн шинжилгээ, оношилгоо юм. Үүнийг Монголын төр ч онцолж, аливаа өвчлөлийг эрт илрүүлэн, эрүүл монгол иргэн цаашлаад өвчин эмгэггүй нийгмийг цогцлоохоор мэрийж буй. Сайн хэрэг. Магад зүйд ч дөхнө.
Гэхдээ сүүлийн гурван жил үргэлжилсэн иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах ажил үндсэн зорилгоо биелүүлж чадсан уу, үүнд зарцуулсан төсвийн мөнгө үр дүнгээ өгч, аюулт өвчлөлүүдийг амдаж, торгоож дөнгөв үү?
Чанар чамлагдав
Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүхэн 2022 оны тавдугаар сараас эхлэн хоёр жилд нэг удаа эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой болсон. Энэ нь Монгол Улс бүх иргэнээ эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоонд хамруулахыг зорьж буй анхны шийдэл, шийдвэр байв. Уг зорилго тал хувьтай биелжээ. 2022 оны тавдугаар сараас 2025 оны гуравдугаар сарыг хүртэл улсын хэмжээнд 1 620 733 хүн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Нийт хүн амын 47.9 хувь. Чамлахааргүй л тоо. Харамсалтай нь, ирц ийм ч чанар чамлалттай байна. Эрт илрүүлэг эхэлсэн цагаас л иргэдийн гомдол тасраагүй. Эмнэлгүүд иргэдийн нэрийг нь бүртгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр нэхэмжлэхэд л анхаарч, өвчин, эмгэг илрүүлэх, шинжлэх гол үүргээ огоорч байгааг, орон нутгийн иргэд орхигдож буйг, хувь хүний биеэ эмнэх, гамнах үүргийг төр түмний хөрөнгөөр зохицуулах нь буруу гэх өнцгийг олон нийт хөндсөөр, төнхсөөр өнөөдрийг хүрсэн. Харин эмч, мэргэжилтнүүд асар ач холбогдолтой энэ ажилд ам билүүдэж, хэл сунгах нь буруу гэдгийг тал бүрээс нь тайлбарлан ухуулж ирэв. Харин өнөө жилээс эрүүл мэндийн салбарынхан ч өөрсдөө өвчлөлийг эрт илрүүлэх бус их мөнгө зарцуулах үзэгдэл болж хувирсныг хүлээн зөвшөөрч эхлэв.

"Өнгөрсөн хугацаанд хийсэн эрт илрүүлэг үр дүнгүй болсон. Энэ дүгнэлтийн ганцхан жишээ нь хамруулсан хүмүүсийн дунд өвчин илэрсэн байдал. Зарцуулж байгаа мөнгө болгон үнэ цэнтэй байлгах бодлого алга байна. Хүүхдийн шүд цоорлын үзлэг хийж яах гээд байгаа юм. Саяхан Монгол Улс даяар “Эрүүл шүд” хөтөлбөр хэрэгжүүлсэн. 10 хүүхэд тутмын 8 нь шүдний өвчлөлтэй байгааг бид мэдэж байгаа. Ийм давтсан, үр дүнгүй, төсвийн мөнгийг урсгасан байдлаар хандахаа болих хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байгааг, хеликобактерийн халдвар хэр байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийг ярих гэж энэ их мөнгийг зарцуулах утгагүй."
Их зардлаар бага өвчлөл илрүүлж байна
Эрт илрүүлэг эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 1.6 сая хүн хамрагдсан ч 18-60 насны хүн амын дундаас 8600, 61 ээс дээш насны хүн амын дундаас 2682 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Энэ бол их зардлаар бага өвчлөл илрүүлж байгаагийн маш тод жишээ, тодорхой тоо юм.
Нэг ч болов монгол хүн өвчнөө илрүүлж, эрт үед нь оношилж, эмчилгээ хийлгэж эхэлсэн нь сайн хэрэг ч 11 мянган сэжигтэй тохиолдол илрүүлэхийн тулд нүсэр бүтэцтэй, өндөр зардалтай ажил зохион байгуулж, улсын мөнгөөр 3.2 сая иргэнд толгой дараалан үзлэг хийхийг мэрийх нь оновчтой шийдэл биш юм. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд зарцуулах төсөв 2022 оноос хойш тасралтгүй нэмэгдэж буй. 2022 онд уг ажилд 16.3 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2023 онд 42.6 тэрбумд хүрч, түүнээс хойш тогтмол энэ хэмжээний мөнгийг зарцуулж буй. Тэгэхээр 11 мянган хавдрын сэжигтэй тохиолдлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр илрүүлсэн гэсэн үг. Үүнийг салбарын сайд ч хүлээн зөвшөөрч, гурван жил 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсны дараа эл байдлыг эргэж харах хэрэгтэйг өгүүлэх болов.

"Бүх ард иргэдийг эрт илрүүлэгт хамруулах нь үр дүн муутай, их зардлаар бага өвчлөл илрүүлж байгаа сул тал байна. Тиймээс цаашид чиглэсэн эрт илрүүлэг явуулна. Нярайн, сургуульд суурилсан, хорт хавдрын эрт илрүүлэг, байгууллагад суурилсан эрт илрүүлэг гэж явуулна. Өмнө нь байгууллага ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавиад, эрт илрүүлэгт хамруулдаг байсан. Манайд өвчлөл их байгаа ч бид хавдар руу чиглэсэн эрт илрүүлэг хийж чадахгүй байна. Бүх нийтийн илрүүлэг хийж байна. 1.5 сая хүн эрт илрүүлэгт хамрагдахад цөөн хүний хавдар илрүүлж байгаа нь өвчлөлөө барьж авч чадахгүй байна гэсэн үг. Одоо чиглэсэн эрт илрүүлэг хийхгүй бол массын илрүүлэг үр дүнгээ өгөхгүй байна. Бүх хүний ходоодыг дурандана гэхээр эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, ходоодны өвчтэй хүмүүсийнхээ ходоодыг дурандаж дийлэхгүй байна. Тиймээс бид чиглэсэн эрт илрүүлэг рүү шилжүүлж байна."
Улсын мөнгө уйлдаггүй
Зардал өндөр, нүсэр бүтэцтэй эрт илрүүлгийн ажил нийгэм, нийтэд үр дүнгээ өгөөгүй ч хувийн эмнэлгүүдийн хөрөнгийг шаггүй зузаатгасан. ЭМДЕГ тай гэрээ хийсэн улсын болон хувийн эмнэлгүүд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийж буй. Гэвч шуудхан хэлэхэд, эмнэлгүүд эрт илрүүлэгт хамрагдах үйлчлүүлэгч татахад л төвлөрч, өвчин хууч илрүүлж, иргэдийн амьдралын чанарыг уртасган, амь насыг авран хамгаалах үндсэн үүргээ хоёрдугаарт тавьсан юм. Үүнийг эрт илрүүлэгт хамрагдсан олон иргэн өгүүлнэ. Шинжилгээ авах процесс нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, шинжилгээний хариуг мэргэжлийн эмч хэлж өгдөггүй, эмчилгээ, зөвлөгөөгөөр хангаагүй гэхчилэн учир дутагдалтай олон асуудал хөвөрдөх боломжтой.
Эмнэлгийн чанар, үйлчилгээтэй холбоотой зөрүү, зөрчлөөс гадна хөндөх өөр нэг чухал өнцөг нь санхүү, мөнгө. Эмнэлгүүд шинжилгээ өгсөн иргэдийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын газраас авахдаа ямар, ямар шинжилгээнд хамрагдсанаас үл хамааран, нийтэд нь нэхэмжилдэг аж. Өөрөөр хэлбэл, 200 мянган төгрөгийн төлбөртэй багц шинжилгээнд хамрагдаж байгаа иргэн аль нэг шинжилгээгээ өөрийн өгөөгүй тохиолдолд хүсэлтээр шинжилгээ өгсөн эсэхээс үл хамааран 200 мянган төгрөгийг бүхлээр нь нэхэмжилдэг гэсэн үг.

"Урьдчилан сэргийлэх үзлэг 2023 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 10 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжиж байгаа. Тус тогтоолд заасны дагуу насны багцын оношилгоо, шинжилгээ, үзлэгийг цогцоор нь хийсний дагуу багцынх нь хүрээнд санхүүжүүлдэг. Иргэн ходоодны дуран хийлгээгүй тохиолдолд дурангийн зардлыг нь хасаад, мөнгөө нэхэмжилдэг. Бусад шинжилгээний тухайд хасалт хийдэггүй. Санхүүжилтийг багцаар нь олгоно."
Ийн нэг нь үзүүлсэн нэртэй, нөгөө нь үзсэн дүртэй л процесс үргэлж байна. Чанар чамлалттай байсан ч иргэд гомдоллох эрхгүй, эмнэлгүүд мөнгөө тоо ёсоор нь улсаас авсаар л байна.
Хувилбар хоёр алдааг давтах уу?
Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн гурван жил үргэлжилсэн эрт илрүүлэг үр дүнгүй байлаа гэлцэж буй нь цаанаа учиртай. Тэд одоо үргэлжилж байгаа эрт илрүүлгийг өөрчлөх шинэ хувилбар боловсруулаад буй. Тодруулбал, Эрт илрүүлэг 2.0 хөтөлбөр боловсруулан ургийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байрны, хавдрын эрт илрүүлэг гэхчлэн таван хэсэгт хуваан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Албаныхан үүнийг тайлбарлахдаа, 2022 оноос хойш хэрэгжиж буй эрт илрүүлгийн шинжилгээний үргүй зардлыг бууруулж, илүү үр дүнтэй болгохоор мэрийж байна хэмээж байгаа юм. Энэ ажлыг өнөө жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нярайд болон сургууль суурилсан эрт илрүүлгийг хийж эхэлсэн.

"Эрт илрүүлгийг нийт хүн амд хийх нь зөв үү, зорилтот бүлэг рүү чиглэх нь зөв үү гэдэг дээр үндэслээд эрт илрүүлгийн дараагийн хувилбарыг хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Одоо шилжилтийн үе дээрээ явж байна. Бид эрт илрүүлэг 2.0-оо хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байна. Бүрэн болсны дараа хуучин тогтоол хүчингүй болно. Одоогоор зэрэг явж байгаа."
Гурван жил хэрэгжиж, 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсны дараа үр дүнгүй байлаа, үргүй зардал боллоо гэх дүгнэлтийг албаныхан өөрсдийн амаар өгүүлж байна. Одоо сайжруулна, зорилтот бүлэг рүү чиглүүлнэ гэцгээх болов. Гэхдээ энэ харагдаж, яригдаж байгаа шигээ амархан ажил биш. Нийт хүн амын 47.9 хувь нь хамрагдсан эрт илрүүлгийг зогсоож, өөрчилнө гэхээр шинжилгээ өгөөгүй хэсгийн эрх ашиг хөндөгдөнө. Тэднээс ч шинжилгээ авна, зорилтот бүлэгт ч хүрч үйлчилнэ гэвэл хөрөнгө, мөнгө дутагдаж таарна. Бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг ажлын байранд суурилсан эрт илрүүлэг нэрээр халхавчилж, аж ахуйн нэгж рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байж болох юм. Гэхдээ ажилтнаа эмнэлэгт үзүүлдэг, шинжлүүлдэг ажлыг төр өөрсдийн “гараар” аль хэдийнэ бусниулчихсан. Уг нь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14.2 дугаар хэсэгт эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардлагатай зардлыг ажил олгогч хариуцна гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрын шийдвэрээр бүх иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийж эхэлснээс хойш байгууллага эл дадлаа халж орхисон. Гэтэл одоо эргээд албажуулахаар мэрийж эхэлжээ.
Түүнчлэн ургийн, нярайн, сургуульд суурилсан гэхчлэн эрт илрүүлгийн олонхыг одоо ч улс, хувийн эмнэлгүүд хийдэг. Тухайлбал, нярайн эрт илрүүлгийн шинжилгээгээр, зүрхний гажиг, хараа, түнх, зулайн эхо, сонсгол зэргийг шалгахаар төлөвлөж байгаа юм. Үүний тулд нэг нярайд 125 мянган төгрөг төсөвлөх аж. Гэтэл эдгээр шинжилгээг ихэнх төрөх эмнэлэгт хийдэг. Энэ мэтчилэн дахиад л улсын мөнгийг үргүй зарж, хэсэг хугацааны дараа үр дүн гарсангүй, одоо өөрчлөөд үзье гэх эрсдэл отож л байна.