Гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй технологийн дэвшил бидний амьдралд хэтдээ нэвтэрч, өдөр тутмын амьдралд асар их нөлөө үзүүлсээр байна.
Мэдээллийн тасралтгүй урсгал, орчны дуу чимээ нь бидний анхаарлыг сарниулж, төвлөрөх чадварыг бууруулахад нөлөөлж буй. Энэ нь бидний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, өдөр тутмын амьдралын чанарыг бууруулан, бүтээмж алдагдахад хүргэж байна. Иймд орчин үеийн залуус эдгээр дуу чимээ, мэдээллийн урсгалаас түр ч болов холдохыг хүсэж чихэвч зүүх нь нэмэгджээ. Нийтийн тээвэр, гудамж, талбайгаар холхин алхаж буй залуусын дийлэнх нь чихэвч зүүж, өөрсдийгөө хөгжмөөр тусгаарлан алхаж харагдах нь олонтоо. Нэг талаараа чихэвч нь залуусын хувьд зөвхөн хөгжим сонсох хэрэгсэл төдийгүй тренд, хэв маягтай ч холбогдох болжээ. Гэвч аливаа зүйлийг хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэвэл хор болдгийн адил чихэвчийг хэт их ашиглах нь сонсгол муудах, сэтгэл зүй, бие махбодын эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.
Дуу тусгаарлагчийн сүүдэр
Чихэвчний Noise Cancellation функц буюу орчны дуу чимээг дарагч тохиргоо нь Gen Z үеийнхний амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Харин уг тохиргоог удаан хугацаанд ашиглах нь хүний мэдрэлд сөргөөр нөлөөлж байж болзошгүй талаар олон судалгаа гарчээ.
Дуу тусгаарлагчтай чихэвч нь тархины гаднын өдөөлтөд үзүүлэх байгалийн хариу урвалыг алдагдуулахад сөргөөр нөлөөлж болзошгүй талаар судлаачид анхааруулаад байна.
Үүгээр ч зогсохгүй энэ төрлийн тохиргоотой чихэвчийг удаан хугацаанд хэрэглэх нь сонсголын хэт мэдрэг байдал үүсгэх эрсдэлтэй. Энэ нь биднийг гаднах дуу чимээнд улам эмзэг болгож, тодорхой авиа сонсох үед бухимдах мэдрэмжийг төрүүлэхэд нөлөөлдөг аж. Улмаар удаан хугацаанд чихэвч зүүх нь чихний орчны дуу авиаг хүлээн авах чадвар алдагдаж тархи орон зайн баримжаа алдахад хүртэл нөлөөлөлдөг талаар АНУ-ын Үндэсний мэдрэлийн эмгэг судлалын хүрээлэнгийн хийсэн судалгаанд дурджээ.
Бидний тархи гаднах орчны олон төрлийн дуу авианд хариу үйлдэл үзүүлэхээр бүтээгдсэн. Гэтэл дуу чимээг тусгаарлагч чихэвч удаан хугацаанд хэрэглэх нь бидний байгалийн зөн, мэдрэхүйн дасан зохицлыг алдагдуулж, дуу чимээнд хэт мэдрэг болгох эрсдэлийг үүсгэдэг байна. Үүнээс гадна дуу тусгаарлагчтай чихэвч удаан хугацаанд зүүх нь нийгмээс өөрийгөө тусгаарлах шалтгаан болж, цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг дээрх судалгаанд тусгажээ.
Дуу чимээ тусгаарлагчтай чихэвч хэрхэн ажилладаг вэ?
ANC (Active noise cancelling) чихэвч нь гаднын дуу чимээг багасгахдаа гаднах дуу чимээг мэдрэх микрофоноор дамжуулан тэрхүү дууны эсрэг чиглэлтэй авиаг үүсгэж, чихэнд хүрэх чимээг багасгах байдлаар ажилладаг.
Энэхүү технологи нь онгоц, нийтийн тээвэр, олон нийтийн газар хэрэглэхэд маш тохиромжтой байдаг ч өдөр тутамдаа удаан хугацаагаар хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Хүн байгалиасаа гаднын чимээг сонсож, түүнийг боловсруулж хариу үйлдэл үзүүлдэг. Гэтэл дуу чимээ тусгаарлагч чихэвчийг олон цагаар зүүх нь тархины чимээ ялгаж боловсруулах үйл явцыг мөн сулруулдаг байна. 2023 онд АНУ-ын “National Institute of Deafness and Other Communication Dis-orders” институтийн хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш цагийн турш дуу тусгаарлагчтай чихэвч зүүдэг хүмүүсийн дуу чимээг зөв ялгаж сонсох чадвар эрс буурч байгааг тогтоосон байдаг.
Трендээс хальсан эмзэглэл
Хүний чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс бүрддэг. Гадна болон дунд чих нь дууны долгионыг цуглуулж авах, дамжуулах үүрэгтэй. Гэтэл чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг байна. Харамсалтай нь нэгэнт гэмтсэн эс дахин сэргэдэггүй аж.

"Чихэвчээр хоногт 85 децибел түвшинд найман цаг орчим сонсох юм бол чихний сормууслаг эсүүд үхэждэг. Энэ нь эргэж сэргэдэггүй буюу сонсголгүй болно гэсэн үг. Чанга дуу чимээний нөлөө нь шууд мэдэгддэггүй. Аажмаар сонсгол мууддаг. Хэрвээ таныг хөгжим сонсож байхад хэн нэгэн хөгжмөө сулла гэж хэлж байсан бол энэ нь аюултай түвшинд ирснийг илтгэнэ. Энэ хэмжээгээр өдөрт олон цагаар сонссоор байвал сонсгол муудах эрсдэлтэй."
Хүний сонсголын эрхтэн 16-20000 гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган, мэдрэх чадвартай. Дууны даралт болон сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг. Харин хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй. Гэтэл өнөөдөр зарим чихэвчний дууны түвшин 120 дБ хүртэл хүрэх хүчин чадалтай.
Энэ нь чихэвчээр дуу сонсохдоо дууны түвшнийг эцэст нь тулгавал онгоц буух үеийн дуу чимээнээс өндөр долгионыг хүлээж авах эрсдэлтэй гэдгийг илтгэж буй.
ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр хүн 85 дБ хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон. Мөн чихэвчний хөгжмөөс болж дэлхий дээр амьдарч буй 12 35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлээд байгаа талаар анхааруулаад байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв дуу чимээний зохистой түвшнийг 85 децибелээр хязгаарладаг. Түүнчлэн, өдөрт нэг цагаас хэтрэлгүй чихэвч зүүхийг зөвлөж байна. Мөн 60:60 гэсэн дүрмийг өдөр тутамдаа баримтлах нь чухал. Энэ нь чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л хөгжим сонсох нь сонсголыг хамгаалах зохистой хэмжээ гэж тооцогддог байна.
Эцэст нь, чихэвчийг зохист хэмжээгээр, соёлтой ашиглах нь сонсголын эрүүл мэндийг хамгаалж, сэтгэл санааны болон бие махбодын эрүүл мэндэд тустай. Мөн дууны түвшнийг хэтрүүлэн сонсохоос зайлсхийх нь урт хугацаандаа эрүүл сонсголтой байхад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.