Манипуляци (Manipulation) гэх үгийг улс төрийн хүрээнд, ялангуяа сонгуулийн үеэр хүмүүс түгээмэл ашигладаг. “Тархи угаалт” гэхчлэн монголчлох нь ч бий.
Угтаа манипуляци нь зөвхөн улс төрд хамаатай ойлголт биш бөгөөд улстөрч, эрх мэдэлтнүүд л бусдын үйлдэл, тархи, сэтгэл зүйг өөрийн хүслээр “удирддаггүй” аж. Эцэг, эх, эхнэр, нөхөр, найз нөхөд, хамт олон гээд эргэн тойрны бүх л хүн санаатай болон санамсаргүйгээр бие, биедээ манипуляци хийх боломжтой төдийгүй хувь хүн өөрөө өөрийгөө ч манипуляцид оруулах нь бий. Хүүхдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөх, хосынхоо үг, үйлдлийг хянаж, дадал зуршлыг нь ичгэвтэр, буруу мэтээр ухуулах, өөрийгөө гэмтээнэ, харилцаагаа дуусгана гэхчлэн сүрдүүлж, эрхшээлдээ оруулах, асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд ажлаас гарна зэргээр дарга, удирдлагаа шантаажлах гээд манипуляцийн тоочоод дуусашгүй олон жишээг дурдаж болохоор. Ямартай ч, бусдыг өөрийн хүслээр байлгахын тулд тархи, сэтгэл зүйг нь удирдаж буй энэ ойлголт нь улс төр болон сэтгэл судлал, олон нийтийн санаа бодлын социологи зэрэг цөөнгүй шинжлэх ухааны судлагдахуун, өргөн хүрээний ойлголт юм.
Хянах мэх
Эр бяр, ид хаваар бус арга ухаан, мэх залиараа бусдыг өөрийн хяналт, эрхшээлд байлгаж, үйлдэл, шийдвэрийг нь хүслээрээ удирддаг үзэгдэл хүн төрөлхтний дунд түүхийн бүхий л үед байсныг үгүйсгэх аргагүй. Харин энэ үзэгдлийг судалж, манипуляци гэж томъёолж, тодорхойлсон нь 1800-аад он. Манипуляци гэх үг нь шууд утгаараа “гараар гүйцэтгэх” гэх агуулгыг илэрхийлдэг бол шилжсэн утга нь, ур дүй, арга залиараа бусдын тархины “удирдлагыг” гартаа атгахын нэр аж.
Монголчууд бусдыг эрхшээлдээ байлгахыг “Гартаа оруулах” гэж ярих нь бий. Манипуляци гэх үгийн утга үүнтэй ч дүйнэ.
Харин Кэмбрижийн толь бичигт эл үгийн утгыг “Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг өөрийнхөө ашиг тусын тулд ихэвчлэн шударга бусаар хянах үзэгдэл” гэж тодорхойлсон байна. Эрдэмтэн, судлаачид ч энэ үзэгдлийг өөрсдийн туршлагад үндэслэн янз, янзаар тодорхойлсон байдаг.
Оюун санаанд хүчирхийллийн бус аргаар нөлөөлж, ноёрхлоо далдуур хэрэгжүүлэх үйл ажиллагаа.
ОХУ-ын философийн сэтгэлгээний түүхийн салбарын мэргэжилтэн, философийн ухааны доктор, профессор Б.Н.Бессонова
Үзэл санаа, зорилго, харилцаа, мэдрэмж, үйл байдлын чиг хандлагыг программчлан, далдуур тулган хүлээлгэх арга.
Америкийн нэрт эрдэмтэн, профессор Герберт Шиллер
СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙН ХИЙХ МЕХАНИЗМ.
ОХУ-ын философич, улс төр судлаач Дмитрий Антонович Волкогонов

Тархины “удирдлага атгагч"
Манипуляцийн эцсийн зорилго нь ерөөсөө л хувийн эсвэл мэргэжлийн хүчийг олж авах. Үүний тулд манипулятор буюу бусдыг эрхшээгч хохирогчоо хянах төрөл бүрийн арга хэрэглэдэг.
Сэтгэл зүйн ямар хэв шинжтэй хүн бусдад манипуляци хийдэг талаар эрдэмтэд судалсаар иржээ. Улмаар олонх нь эрх мэдэл, давуу байдлын мэдрэмж авах хэрэгцээ, хүсэлтэй хүмүүс ийм үйлдэл гаргах нь элбэг гэж үзжээ. Мөн бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг, оюун ухааны чадамж өндөр хүмүүс манипуляцийн стратеги ашиглах нь элбэг аж. Харин сэтгэл зүй, зан төлөвийн хувьд, нарциссист, эго өндөртэй байх нь түгээмэл.

"Хэн нэгнийг өөрийн болгох, хүчирхийлэл үйлдэх зорилгоор тархи угаахыг манипуляци гэж ойлгож болно. Эго өндөр, нарциссист буюу сэтгэл зүйн хүчирхийлэгч хэв шинжтэй хүмүүс манипуляци хийх магадлал маш өндөр. Мөн манипуляцийг улс төр, маркетинг гэхчлэн зарим салбарынхан тодорхой зорилготойгоор ашиглах нь бий. Өөрт ашигтай байдлаар, нөгөө хүнийхээ нөхцөл байдлыг бодолцохгүйгээр хохироох нь хувь хүн болон нийгэмд хоруу чанартай."
Манипуляци ба Монгол Улс
Манай нийгмийн бүхий л хэсэгт манипуляци “үүрлэчихсэн” гэхэд хилсдэхгүй. Хүүхдээ бусадтай жишиж, өөрийнх нь хүчийг сааруулж, мэдрүүлдэг эцэг, эх манайд цөөнгүй бий. Мөн мэргэжил сонголтыг нь өмнөөс нь хийж, “Хичээлээ сайн хий, онц сур” гэх албадлагаар аль нялхаас нь манипуляцийн хохирогч болгож өсгөдөг. Ингэснээр амьдралын аливаа шийдвэрийг бие даан гаргах чадваргүй болж торних нь бий. Тиймдээ ч манайд шашны байгууллагуудын хүч сулрахгүй өнөө хүрснийг үгүйсгэх аргагүй. Шашин бол бусдад манипуляци хийж, чөлөөт сонголтыг нь үгүйсгэдэг маш чухал субъект юм. Мөн мянга, мянган монгол хүн залилангийн хохирогч болж, их наядаар хэмжигдэх мөнгийг гадаад, дотоодын залилагчдад суйлуулж буй. Энэ нь бусдын эрхшээлд орж, эд хөрөнгөөрөө хохирч буйн сонгодог жишээ юм. Хүчирхийллийн гэмт хэрэг ч манайд цөөнгүй бүртгэгддэг. Иргэд нийтээрээ тархи угаалтад орж, сонголтоо бусдад “атгуулдаг” сонгодог жишээ бол сонгуулийн үе юм. Сонгуулийн үеэр монголчууд нийтээрээ улс төрийн манипуляцид өртдөг.
Тэгвэл ямар хүн хийгээд нийгэм шийдвэр гаргах “удирдлагаа бусдад атгуулдаг” талаар сэтгэл судлаач Мартин Кантор (Martin Kantor) “Өдөр тутмын амьдралын психопатологи” номондоо дурджээ.
Түүний өгүүлснээр, ямар нэг зүйлээс эсвэл хэн нэгнээс хэт хамааралтай, төлөвшөөгүй, итгэмтгий, гэнэн, болгоомжгүй болон ганцаардсан хүмүүс бусдын нөлөөнд автах нь элбэг аж. Мөн материаллаг зүйлд автамтгай буюу амархан олз олох, хурдан баяжих хүсэлтэй хүмүүс, гэнэт шийдвэр гаргагчид, өрөвч, шунахай хүмүүст манипуляци хийх хялбар байдаг байна. Түүнчлэн өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл сул, хүчирхийлэлд өссөн хүмүүс болон ахмад настнууд хэн нэгний хяналтад орох эрсдэл өндөр аж.

"Монголд манипуляци бүх салбарт ажиглагддаг. Залилан их болж байгаа нь үүний нэг жишээ. Залилагч нар хохирогчдод таашаал дээр суурилсан манипуляци хийдэг. Мөн эм, эмнэлгийн салбарынхан ч хүмүүсийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг ашиглаж, манипуляцид оруулдаг. Оршин суугчдыг таатай, тайван амьдруулах нэрийдлээр сар бүр тогтмол мөнгө хураадаг СӨХ-ныхон ч бусдад нөлөөлж, манипуляци хийж буй. Манипуляцийн хохирогч болж буй хүмүүсийн тухайд, өөртөө итгэлгүй байх нь элбэг. Мөн сэтгэл зүйн хүчирхийлэгчийн хажууд өсөж торнисон, өмнө хохирогч байсан төрлийн хүмүүс хохирох нь элбэг."
Бусдын шийдвэр гаргалтад нөлөөлж, амьдралынх нь “удирдлагыг гартаа атгах” энэ үзэгдэл нь хувь хүн хийгээд нийгэмд асар хортой. Мөн хүчирхийллийн бусад хэлбэрээс ялгаатай нь, хүчирхийлэгч үнэн төрхөө нууцалсан байдаг бөгөөд хохирогчид хохирч буй мэдрэмж, сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хохироодог онцлогтой. Дотоод мөн чанар, хүсэл зорилго нь гадаад үзэмжээс ямагт зөрүүтэй байдаг эл үзэгдлээс өөрийгөө хамгаалж, анирдах нь нэн чухал.