Бооцоо бол хүний төрөлх чанар, байгалийн араншин дээр бий болсон харилцаа. Магад хэрэгцээ. судлаачдын үзэж буйгаар хүн төрөлхтөн аль агуйд амьдардаг байсан үеэсээ л өөрт байгаа эд хэрэгслээрээ хоорондоо мөрийцөж, бооцоо тавьж иржээ.
Энэ нь цаг хугацаа өнгөрөх хэрээр улам болж, боловсронгуй төрөлжсөөр бизнес болтлоо өргөжсөн байна. 1923 онд Ливерпүүл хотод “Little woods” нэртэй компани байгуулагдан хөлбөмбөгийн тоглолтууд дээр шуудангаар бооцоо авч эхэлжээ. Тус компани маш богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн бөгөөд үүнийг зайнаас бооцоо тавих бизнесийн хөрс байсан гэж мэргэжилтнүүд үздэг. Харин 1996 оноос бооцоо цахимд шилжсэнээр шуудангийн хувилбар халаагаа өгч, 2001 он гэхэд спортын бооцооны цахим зах зээлд эргэлдэх мөнгөн хөрөнгө хоёр тэрбум ам.долларыг давж байв. Өдгөө спортын цахим бооцоо нь дэлхийн мөрийтэй тоглоомын салбарын шаггүй хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар зах зээлийн хэмжээ нь 243.7 тэрбум ам.долларт хүрсэн талаар “Statista” судалгааны байгууллагаас мэдээлжээ. Бооцоонд оролцогчдын тоо хийгээд зах зээл дээр эргэлдэх мөнгөн хөрөнгө нь жил бүр тогтмол өсөлттэй байна.
Хазаар ба хязгаар
Бооцоот цахим тоглоомын дүрэм тун энгийн. Ерөөсөө л үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглан мөрийцнө. Оновчтой таасан нь мөрийгөө авч, таамаг зөрсөн нь бооцоогоо алдана. Гэхдээ ашиг олох зорилгоор спортын тэмцээний үр дүнг урьдчилан таамаглах энэ харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулахгүй бол олон сөрөг үр дагавартай. Тиймээс өргөн хүрээг хамарч, цахим бооцооны ертөнцөд их хэмжээний мөнгө эргэлдэхтэй зэрэгцэн дэлхийн улс орнууд эрх зүйн орчноо цэгцэлж эхэлсэн. Анх 1961 онд Их Британи бооцоо тавихыг хуульчилсан түүхтэй. Өдгөө АНУ, Канад, Бразил, Япон тэргүүтэй дэлхийн ихэнх орон өөр, өөрсдийн онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалттай. Олонход нь, бооцоонд лиценз олгож, үйл ажиллагааг нь хянадаг бөгөөд зар сурталчилгаа явуулахтай холбоотой хатуу зохицуулалт үйлчилдэг. Мөн энэ төрлийн үйлчилгээнд өндөр хувиар татвар ногдуулдаг төдийгүй бооцоот тоглоомоос насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах, тоглоомын шударга, найдвартай, ил тод байдлыг хангах, луйвар, гэмт хэрэг, мөнгө угаалтаас сэргийлэх чиглэлд онцгой хяналт тавьдаг байна. ОХУ, БНХАУ, Пакистан, Мальдив, Катар, Тайланд зэрэг 30 гаруй улсад цахим бооцоот тоглоомыг хуулиар хориглосон байдаг. Харин Монгол, Мьянмар, Боливи, Мали зэрэг 10 хүрэхгүй улсад энэ төрлийн харилцааг зохицуулсан ямар нэг эрх зүйн зохицуулалт алга.
Монгол гэх “зөөлөн хоол”
Спортын бооцоо тоглолтууд тавьдаг дээр үйлчилгээ манай улсад эрчээ авч, олныг хамраад 10 жил болжээ. Анх 2015 онд дэлхий даяар 400 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “1xBet” компани монголчуудад төрөл бүрийн үйлчилгээ, урамшуулал санал болгож, азаа үзэнгээ амар аргаар мөнгө олох боломжтой гэх агуулгыг ухуулж эхэлсэн. Түүнээс хойш Вet365, Melbet зэрэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг цөөнгүй компани Монголыг онилох болов. Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн Монгол Улсад цахим бооцоот тоглоомтой холбоотой ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс эрх зүйн зохицуулалттай улс орнуудад үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон компаниуд манайхаас ашиг олох болжээ.

"1хBеt компанийг Англи хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд хориглосон юм билээ. Мөн охин компани нь Нидерландад үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан гэсэн тодотголтой байгаа. Санхүүгийн системийг нь судлаад үзэхээр өөрсдөө ашиг олохоороо компани нь хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг. Харин өндөр бооцоо тавьсан иргэд ялалт байгуулж мөнгөө авах болоод ирэхээр мөнгөө өөр компани руу шилжүүлээд компаниа төлбөрийн чадваргүй болгочихдог. Ийм схемтэй компани Монгол Улсад татвар ч төлөлгүй их ашиг олж байгаа. Тэр мөнгөөрөө спортынхон, зар сурталчилгааны салбарынхныг худалдаж аваад байна."
Татваргүй мөнгө гадагш урссаар
Одоогоор цахимаар бооцоот тоглоом зохион байгуулдаг хэчнээн байгууллага манайд улсад үйл ажиллагаа явуулж байгаа талаарх албан ёсны тоо, мэдээлэл алга. Харин агент буюу бооцоот тааварт оролцож буй хүмүүсийн мөрийний мөнгийг цэнэглэлт хийж өгдөг 200 орчим иргэн байдаг гэх албан бус тоо бий. Тэд бооцоонд тавьсан мөнгөн дүнгийн таван хувийг ашиг болгон хүртдэг бөгөөд хожлын мөнгөний гурван хувийг авдаг аж. Агентын тоо 200-гаар хязгаарлагдахгүй байх ч магадлалтай. Учир нь өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллага 1хBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг илрүүлсэн тухай мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1xBet бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэний үйлдэл мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа” гэсэн юм. Нэг удаагийн шалгалтаар 100 гаруй иргэн илэрсэн гэхээр манайд агентын үйлчилгээ эрхэлдэг цөөнгүй хүн байх магадлалтай. Түүнчлэн агентаар дамжуулан иргэдийн хэчнээн төгрөг гадагшаа татвар, бүртгэлгүй урсаж байгааг шууд хэлэхэд бэрх.
Цахим мөрийтэй тоглоомд жилд дунджаар 100 орчим тэрбум төгрөг татваргүйгээр гадагш урсдаг гэх албан бус тоо ч бий. Манайх шиг хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай улсад жил бүхэн тэрбум, тэрбум төгрөгийг татваргүй гадагш урсгах нь асар хоруу чанартай юм. Уг нь Монгол Улс бооцоот тоглоомоос 40 хувийн орлогын албан татвар авах хуультай ч бүртгэл, мэдээлэл, эрх зүйн орчин хангалтгүйн улмаас маш их хэмжээний мөнгийг татваргүйгээр гадагш гаргасаар байна.

"Монгол Улсад бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахад 40 хувийн орлогын албан татвартай байдаг. Гэвч 1xBet-тэй холбоотой ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй болохоор татвар төлдөггүй. Эрх зүйн орчин нь байхгүй учраас спортод дуртай залуучуудын сэдэл дээр дөрөөлөөд Монголд маш гүн нэвчсэн байсан. Зар сурталчилгаанд нь ямар ч зохицуулалт байхгүй. Насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхдүүд хүртэл үүнд орчихсон."
Сүүдэр, сүйрэл
Ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй, хяналт, хазааргүй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийнхээ тоог өдрөөс өдөрт нэмж байгаа бооцоот тоглоомын цахим хувилбарууд олон монгол залуусын амьдралыг “хөмөрч” байна. Санхүүгийн хүнд нөхцөлд орж, гэр бүлээсээ салж, ажил төрлөөсөө гарч, амиа хорлох дээрээ тулж байгаа хүн өнөөгийн нийгэмд олон бий. Хамгийн аймшигтай нь тэдний дотор насанд хүрээгүй, өсвөр насныхан ч байна.

"Бооцоот тоглоом Монгол Улсад тахлын хэмжээнд хүрчихсэн. Богино хугацаанд их хэмжээний мөнгө олохоор хүний тархинд адреналин, норадреналин, дофамин зэрэг аз жаргалын даавар ихээр ялгардаг. Үүнээс үүдэлтэй хожлын дурсамж тархинд гүн үлдчихдэг. Тэгэхээр хэчнээн мөнгө алдсан ч хожлын дурсамжаа санаад, ахин, дахин тоглоод байдаг.Мөн нэг доор их хэмжээний мөнгө олсон хүмүүст ажлаа хийгээд, цалингаараа амьдрах боломжгүй мэт санагддаг. Надаас үйлчилгээ авдаг хүмүүс багадаа 30 сая төгрөгийн өртэй байна. 13 настай хүүхэд хүртэл эмчилгээнд хамрагдаж байсан.
Bet бол гэр бүл салалт, амиа хорлолтын томоохон шалтгаан. Өр тавьж, тоглосон хүмүүсийн олонх нь үхлийн талаар бодсон эсвэл оролдлого хийсэн байдаг. Бооцоот тоглоом монгол хүмүүсийг төдийгүй Монголын эдийн засгийг хүнд нөхцөлд оруулж байна.
Сурталчилгааг зохицуулах хэрэгцээ
Ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй, хориглож, хазаарласан хүрээ, хязгаар байхгүй учир бооцоот тоглоомын сурталчилгаа Монгол төрийн наадмаас эхлээд монгол түмний бахархал болсон MongolZ-ын тоглолтыг хүртэл ивээн тэтгэж, рекламаа цацуулсаар байна. Олон улсын тэмцээн уралдаанд оролцож, улсынхаа нэрийг дэлхийд дансалсан баг тамирчдаас гадна Үндэсний нэгдсэн аварга шалгаруулах тэмцээн, спортын хороод гээд нэгжиж, нэрлэхэд цаг, цаас багадахаар олон үйл ажиллагаа, баг тамирчдад хөрөнгө оруулж, шошгоо таниулсаар ирлээ. Түүнчлэн олон дагагчтай нөлөөлөгчид, өргөн нэвтрүүлгийн сувгууд гээд олонд хүрч болох бүх л салбар, талбар бүрд өөрсдийн орон зайгаа бий болгож чадав. Үүний гор их. Залуусыг энэ төрлийн тоглоомд шинээр татах, нэгэнт тоглочихсон, бүр донтчихсон иргэдийн сэдэлжүүлэх хамгийн чухал хөшүүргэ нь сурталчилгаа аж. Тийм ч учраас дэлхийн ихэнх оронд энэ төрлийн үйлчилгээний сурталчилгаа нарийн дэгтэй байдаг бөгөөд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийг байгууллагаар дамжуулахыг хатуу хориглодог байна.
Цахим орчинд бооцоо зохион байгуулж байгаа үйлчилгээг шууд буруутгахад бэрх. Урт хугацаанд, дэлхийн ихэнх оронд үйл ажиллагаа явуулж ирсэн энэ төрлийн үйлчилгээг эх орондоо ямар хувилбараар нутагшуулах нь анхаарах учиртай чухал өнцөг. Цөөн хүн амтай, жижиг эдийн засагтай манай улсад бооцоот тоглоом энэ янзаар нас, хүйс үл харгалзан хүрээгээ тэлсээр байвал иргэдийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд сүүдрээ улам тусгасаар байна. Түүнчлэн улсын эдийн засагт ч халтай. Монгол залуусын хөдөлмөрлөж босгосон хөрөнгө донтолт, авталт хоёроор дамжин татваргүй, хяналтгүй гадагш урссаар байна.