Ажилтны сэтгэл зүйн байдал компанийн ашиг, орлого, амжилт, ололтод шууд нөлөөлдөг гэвэл та итгэх үү. Хувь хүний хандлага, сэтгэл зүй бүхэл бүтэн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг шууд сонсоход боломжгүй, хийсвэр мэт санагдаж болох.
Гэвч бодит байдал дээр ажилтнаа компанийн хамгийн том капиталд тооцдог, албан хаагчид нь ажлын байраа амьдралынх нь салшгүй хэсэг болохыг ойлгож, сэтгэл хангалуун ажилладаг байгууллагууд зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлж байна.
Энэ талаарх судалгааг Оксфордын их сургуулийн судалгааны хүрээлэн хийжээ. Тэд АНУ-ын 1600 компанид дүн шинжилгээ хийсэн бөгөөд ажилчдын сэтгэл ханамж, сэтгэл зүйн эрүүл мэнд нь цалин, хангамжтай дүйх чухал үзүүлэлтэд тооцогддог болохыг тогтоосон байна. Ажилдаа дуртай, эрүүл сэтгэл зүйтэй, стресс багатай ажилчидтай компани ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас илүү хөрөнгийн өгөөж, борлуулалтын өсөлттэй, өндөр ашиг орлоготой байсан аж. Түүнчлэн ажилчид нь ажлын байраа цагийг өнгөрөөхөд хамгийн таатай газар гэж үздэг компаниудын хувьцааны өгөөжийг “Glass-door” судалгааны байгууллагаас судалсан байна. Ингэхэд, албан хаагчид нь ажлын байр, хамт олондоо сэтгэл ханамжтай байгууллагуудын хувьцаа тогтмол өсөлттэй байжээ. Эндээс ажилчдын сэтгэл ханамж, сэтгэл зүйн эрүүл мэнд нь бизнесийн амжилтад чухал нөлөөтэй болохыг харж болохоор байна.
Бүтээмж ба сэтгэл зүй
Ажилчдын сэтгэл ханамж байгууллагын амжилтад яагаад нөлөөлдөг болохыг нийтлэлийн энэ хэсэгт өгүүлье. Сэтгэл зүйн байдал нь тогтвортой, ажлын цагаа аз жаргалтай өнгөрөөдөг ажилчид бусдаасаа илүү өндөр бүтээмжтэй ажилладаг. Мөн ажлаа таслах, ажлын цагийг хийдүүлэх магадлал бага бөгөөд аз жаргалтай ажилтан компанидаа авч байгаа цалингаасаа хэд дахин өндөр хөрөнгө оруулдаг байна. Харин ажилчдын дотоод уур амьсгал сөрөг, хүмүүс нь сэтгэл зүйн асуудалтай, ачаалал хэтэрхий өндөр байгууллагын ажилчид чөлөө авах, ажлаа таслах, ажлын цагийг хий, дэмий өнгөрөөх хандлагатай байдаг аж. Тэр хэрээр бүтээмж буурна. Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Pi worldwide” фирмийн хийсэн судалгаагаар өөртөө итгэлтэй, аз жаргалтай, ажил, амьдралдаа сэтгэл хангалуун борлуулалтын ажилтан бухимдал, стресстэй, сэтгэл дундуур албан хаагчаас дунджаар 35 хувиар илүү борлуулалт хийдэг болох нь тогтоогдсон байна.

"Ажил хүнээс танин мэдэхүйн, эсвэл биеийн хүчний чадвар шаарддаг. Тархи сайн ажиллаж байгаа тохиолдолд булчин сайн ажилладаг. Тархи сайн ажиллаж байхад бүтээмж өндөр байна. Тархи сайн ажиллах уу, үгүй юу гэдгийг сэтгэл санааны байдал шийддэг. Сэтгэл санаа тайван байхад тархи илүү хурдтай, бүтээлчээр ажиллаж чаддаг. Харин сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүний тархи удааширч, танин мэдэхүйн процесс, цаашлаад анхаарал, ой тогтоолт зэрэг сэтгэхүйн бүх процесс удааширна. Тархи муу ажиллаж буй тохиолдолд анхаарал төвлөрөхгүй. Үүнээс үүдэн ажил дээрээ, эсвэл аливаа харилцаанд алдаа гаргаж эхэлдэг. Тэгэхээр сэтгэл зүй бол хүн ямар байхыг, бүтээмжтэй ажиллах эсэхийг шийддэг гол хүчин зүйл."
Улс орнуудын туршлага
Ажилчдын сэтгэл зүйн байдал, ажлын бүтээмж, байгууллагын амжилт гурав харилцан хамааралтай талаарх судалгааны ажил дэлхий дахинаа цөөнгүй хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчид төдийгүй улс орнууд ч иргэдийн сэтгэл зүйн байдлыг дээшлүүлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн асуудлыг анхаарах чиглэлд төвлөрч, бодлого, төлөвлөгөө боловсруулж байна.
Тухайлбал, Финлянд, Япон, Дани зэрэг улсад ажлын орчинд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих олон хөтөлбөр хэрэгждэг бөгөөд байгууллагууд ажилчдаа стресс, сэтгэл санааны хямралаас урьдчилан зорилгоор сэтгэл зүйн сэргийлэх зөвлөх үйлчилгээг тогтмол авдаг байна. Харин Шведэд “Flexibility and Work-life Balance” буюу уян хатан хуваарь болон амьдралын тэнцвэр гэх философиор иргэдээ ажиллуулдаг. Түүнчлэн зарим улс орнууд ажилчдын сэтгэл санааны байдлыг өргөх жижиг аргуудыг соёл мэт хоногшуулсан байдаг. Тухайлбал, БНСУ-д цайны цагийн дараа кофе ууж, тухлах нь соёл мэт төлөвшсөн байдаг аж. Зарим байгууллага ажлын дундуур, богино хугацаагаар унтаж, амрах боломж, цагийг ч олгодог байна. Ихэнх ажилчид цайгаа уусны дараа цай, кофе ууж, гудамжаар алхдаг бөгөөд энэ нь хамт олны уур амьсгал, ажилчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг аж. Улс орнуудаас гадна дэлхийн томоохон компаниуд ч ажилчдынхаа сэтгэл зүйг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал, долоо хоногийн нэг өдөр бясалгал, иогоор хичээллэх боломжоор хангадаг бөгөөд төлбөртэй, цахим сэтгэл заслын хичээлийг ажилчдадаа авч өгдөг байгууллага ч олон бий. Ийн хөдөлмөрийн насныхны сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байгаа нь өмнө өгүүлсэнчлэн компанид, цаашлаад улс оронд асар өгөөжтэй. Ажилчдын сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан 1 ам.доллар 2-5 ам.долларын хөрөнгө оруулалтын өгөөжтэй байдаг гэх судалгаа ч бий.
Сэтгэлээ гамнах нь
Бид хоногийн 24 цагийн дунджаар наймыг нь унтаж өнгөрөөдөг. Харин сэрүүн, сэргэг байх 16 цагийнхаа мөн л наймыг нь ажил дээрээ өнгөрөөнө. 1-2 цагийг автозамын хэрсэн түгжрэлд зарцуулдаг бол өдөрт 4-5 цагийг л гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байна. Тэгэхээр өдрийн хамгийн бүтээмжтэй, эрч хүчтэй ихэнх хугацаагааг хайртай хүн, гэр бүл, үр хүүхэд, ээж, аавтайгаа бус ажлын хамт олонтойгоо өнгөрөөдөг гэсэн үг. Тиймээс амьдралынхаа багагүй хугацааг өнгөрөөж буй ажлын байр, хамт олон бидний амжилт, ахиц цаашлаад бие сэтгэл зүйн эрүүл мэндэд төсөөлснөөс ч чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ хайрлах нь дан ганц компани, ажил олгогчийн үүрэг биш юм. Өөрийнхөө бусдын төлөө ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах зайлшгүй шаардлагатай. Тэгвэл ажлын орчинд сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Найзтай байх: Ажлын байран дээрээ сайн найзтай байх нь ажлын бүтээмжийг долоо дахин нэмэгдүүлдэг бөгөөд аюулгүй, тухтай мэдрэмж төрүүлдэг байна. Түүнчлэн өөрийн сэтгэл, мэдрэмжээ хуваалцаж, ажлын байрны стрессээ “нимгэлэхэд” тусалдаг байна.
Сэтгэл зүйчид хандах: Хэрэв стресс ихтэй ажил эрхэлдэг, бухимдлаа хэрхэн гадагшлуулахаа мэддэггүй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь хамгийн шалгарсан арга юм. Мөн гар утасны аппликэйшнаар дамжуулан, зайнаас ч зөвлөгөө авах боломжтой юм.
Эерэг орчин бүрдүүлэх: Харилцаа халдварладаг. Тиймээс ажлын байран дээрээ эерэг нэгэн байвал эерэг хүрээлэл таныг бүчнэ. Тиймээс бусадтай ойлголцож, аль болох эерэг орчин, таатай уур амьсгал бүрдүүлээрэй.
Аз жаргалтай ажилтан байх нь хувь хүнд төдийгүй байгууллага цаашлаад улс оронд ч чухал нөлөөтэй. Тиймээс өөрийнхөө, байгууллагынхаа, улсынхаа, ирээдүйнхээ төлөө эерэг, жаргалтай байцгаая.