Шинэ цагийн таван хөвгүүн авьяас, ур чадвараараа Монголчуудыгаа омогшуулж чадлаа. Зөвхөн монголчуудыг бус Ази тивийнхнийг огшоож чадав.
Тэд бол Counter Strike (CS2) тоглоомын энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд шалгарсан “The MongolZ” багийн залуус. Багийн тоглогч таван залуугаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa)-г бас мартаж болохгүй.

Подвалаас дэлхийн дэвжээнд
“The MongolZ” баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан Азийн хамгийн анхны баг гэдгээрээ том амжилт, бахархлын эзэн боллоо. Энэхүү багийн түүх 2014 оноос эхлэлтэй. Энэ хооронд олон удаа унаж, боссоор, бүрэлдэхүүнээ шинэчилсээр ийнхүү дэлхийн дэвжээнд гарч ирлээ. 2016 онд Ази тивийн аварга болсон нь өнөөдрийн амжилтынх нь эхлэл болсон юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсны дараа багийнхаа цахим хуудсанд “Started from the ПОДВАЛ PC, and now we’re in the Major playoffs!” хэмээн бичсэн байлаа.
Байрны доод талын подвал дахь компьютер тоглоомын газарт тоглож сурсан залуус дэлхийн тайзан дээр гарсан нь мөрөөдлөө бодит болгосон явдал байлаа.

"Подвалаас эхэлж байсан баг ингээд жилд хоёр удаа болдог том тэмцээний нэгэнд нь шилдэг тоглолтуудыг үзүүлж, наймд үлдлээ. Тоглолтын явцад дэлхийн чансааны нэг болон өндөр чансаатай хоёр ч багийг хожсон. Esport Азийн зуны спортын наадмын хөтөлбөрт орж, Монголын баг мөнгөн медаль авч байсан түүхтэй. Энэ удаа Ази тивд болж буй том тэмцээнд “The MongolZ” баг онцгой байгааг бүгд харлаа."
Тэд Азиас анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч улсынхаа төдийгүй Азийн Esport-ын түүхийг бичсэн ч өөрсдийгөө үүнээс илүү амжилт гаргах боломжтой гэж үзэж байна.

"Бид дэлхийн аваргын “Playoff Stage”-д шалгарах эхний зорилгоо биелүүлсэн. Гэхдээ энэхүү амжилтдаа бага зэрэг сэтгэл дундуур байна. Бид дараа жил хүчтэй эргэн ирэх болно."

Монголчууд багийн спортоор амжилт олохгүй гэж худлаа
Манай улс сүүлийн үед 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд амжилт гаргаж байгааг эс тооцвол багийн спортын амжилт тааруу. Эртнээс бөхийн төрлүүд болон бокс зэрэг ганцаарчилсан төрлүүдээр л олимп, дэлхийгээс медаль хүртэж ирснээс гадна багийн спорт цойлж хөгждөггүй байсан учраас “Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт олохгүй” гэж шагшицгаадаг байв. Харин 3х3 сагсан бөмбөгөөс гадна “The MongolZ” багийн залуус багийн спортоор амжилт гаргаж чадна гэдгээ харууллаа.
“The MongolZ” багтай хамт дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect word Shanghai Major-2024” тэмцээний шөвгийн наймд шалгарсан багуудын бүрэлдэхүүн хоёроос дээш улсын тамирчдаас бүрдсэн байв. Харин “The MongolZ” багийн залуучууд бүгд Монгол. Шөвгийн наймд шалгарсан долоон баг нь дараах улсын тамирчдаас бүрдсэн юм.

Мөн шөвгийн наймд шалгарсан багуудаас хамгийн залуу нь “The MongolZ” байлаа. Манай таван тамирчны гурав нь 20 ч хүрээгүй байгаа нь ирээдүй гэрэлтэй байгааг илтгэнэ. Хамгийн залуу буюу 17 настай тамирчин Б.Аюуш (Mzinho) бол ахыгаа залгамжлан гарч ирсэн тамирчин. Түүний ах нь “The MongolZ” багийн өмнөх бүрэлдэхүүнд тоглож байлаа. Ах дүү хоёрт хамгийн анх урам хайрлаж дэмжсэн хүн нь тэдний эмээ аж.

"Азийн Esport-ын түүхийг бичиж яваадаа баяртай байна. Энэ хэмжээнд тоглож байгаа нь эмээгийн минь ач. Ахтайгаа багаасаа хамт тоглосон. Би 12-той, ах 15-тай байхад эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулж байгаад компьютер авахуулж байсан."
Ийнхүү эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулж эхэлсэн тэд одоо хоббигоороо мөнгө олж явна. Ах дүү хоёр хамтдаа нэрийн стикерээ гаргаснаас гадна нэг тэмцээнд амжилт үзүүлэхэд л эмээгийнхээ хэдэн сар, жилийн цалинтай тэнцэх хэмжээний шагнал авч байна. Тухайлбал, “The MongolZ” баг сая “Perfect word Shanghai Major-2024” тэмцээний шөвгийн наймд шалгараад 45 мянган ам.долларын шагнал авсан юм.
Esport-оос улс төр л хол байх болтугай
Манай улс тодорхой хэмжээгээр амжилт гаргаж буй спортын төрлүүдээр үндэсний шигээ баг байгуулдаг. Гэвч тухайн спортыг хариуцаж буй холбоод нь хагарч спортоо хөгжүүлэхээсээ илүү хойш нь чангаах нь олон. Мөн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрийг оруулна, оруулахгүй гээд хэрүүл болдог. Эрх ашгийн зөрчил үүсгэдэг, улс төрийн нөлөөлөл ордог. Esport-оос л энэ бүхэн холхон байгаасай. Энэ спорт бол улс төрийн оролцоогүйгээр хөгжиж яваа спорт.
Улсаас ямар нэгэн дэмжлэггүйгээр ивээн тэтгэгч байгууллагуудынхаа дэмжлэгээр амжилтад хүрэх бүрэн боломжтой. Нийгэмд бүүм болж буй нэр нөлөөтэй бүхэнтэй нэрээ холбохыг хүсдэг улстөрчид холхон байх болтугай.
Шагналын орлогоороо дэлхийд гуравдугаарт
“The МongolZ” баг хэн нэгэн улстөрч, даргын дэмжлэггүйгээр амжилттай явж чадна гэдгийг одоогийн хүрсэн амжилт, шагналаар олсон орлогоос нь харж болно. Тэд оролцсон тэмцээнүүдээсээ хүртсэн шагналын орлогоороо дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. 2024 он гарснаас хойш дараах шагналуудыг хүртжээ.

Улсаа дэлхий дахинд сурталчлав
Цахим спортоор цахиур хагалж буй тэдэнд улсын тус хэрэггүй нь авсан шагналуудаас нь харагдаж байна. Харин ч тэд улсдаа тусалж, улсаа сурталчилж буй. Тэднийг 3.5 монголчуудаас нь ч илүү дэлхийн үй хүн мэддэг, таньдаг болсон нь сая болсон тэмцээнээс харагдлаа. Энэ хэрээр тэд Монгол Улсаа дэлхийд үнэ төлбөргүй сурталчилж байна.

“The МongolZ” хэмээх багийн хөөрхөн хүүхдүүдээс нийтээрээ урам авсан, суралцсан сар байлаа. Олон улсын CS2 ын багуудыг харахаар улсаараа нэрлэсэн баг алга. Манай баг л “Монголчууд” гэж өөрсдийгөө нэрлэжээ."
Бараг Монголоос илүү олон улсад тэд алдартай болчихож. Тэгсэн ч тэдний дотор Монгол нэрээ дээш өргөх хамгийн чухал хүсэл байгаа.
Сүүлийн тоглолт дээр хожигдчихоод яагаад хожигдсоноо зүгээр үнэнээрээ л хэлж байна. Эгогүй, хүүхдээрээ, ёстой хөөрхөн. Зорилгоо тод болгочихсон, нэг тийм шийдчихсэн, одоо аварга авахгүй ч хэзээ нэгэн цагт авна гэдэгтээ туйлын итгэлтэй, нэг тийм гоё баг бүрдчихсэн юм шиг санагдлаа. Монголчууд багаар ажиллаж чаддаг гэдгийг нотлож буй мэт. Их олон гоё мессежийг монголчууддаа хүргэж чадлаа.
Техник, технологийн эрин зуунд дэлхийн залуустай зуузай холбон өрсөлдөж буй “The MongolZ” багийн залуусын ирээдүй гэрэлтэй байна. Дэлхийн хүмүүс, ялангуяа шинэ мянганы иргэд тэднийг шимтэн үзэж, шүтэн биширч байгаа нь юутай бахдалтай вэ. Тэд одоогийн байдлаар дэлхийн шилдэг багуудын дөрөвдүгээр байрт жагсаж явна.