Хүмүүс дотоод мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, авир араншингаасаа эхлээд гадаад зүс төрх, галбир, хэмжээгээрээ ч харилцан адилгүй.

Гэвч олонх нь өөрсдийн төрөлх мөн чанар, хүсэл сонирхол, онцлогийг үл анирдан, бусдын тогтоосон хийсвэр стандартад нийцэж амьдрахыг мэрийдэг. Харин өөрсдийнхөө ертөнцөд, хэн нэгний эсвэл нийгмийн бий болгосон элдэв хэмжээст үл хүлэгдэн амьдарч буй хүмүүс бол аутистикууд юм. Тэдний нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авах байдал, ертөнцийг үзэх үзэл нь олонхоос ондоо бөгөөд энэ ялгаатай байдал нь эрүүл нийгэмд бол гадуурхагдах, шоовдорлогдох шалтгаан болох учиргүй. Гэвч манайд аутизмын талаарх ойлголт харьцангуй шинэ бөгөөд ихэнх хүн өвчин мэт ойлгосоор байна. Энэ нь эдгээр иргэдийн өдөр тутмын амьдралд багагүй саад учруулсаар байгаа юм.

"Манайд аутизмыг ихэвчлэн эмгэг гэж хүлээж авах гээд байдаг. Харин гаднын орнуудад үүнийг neurodiversity буюу өөрөөр сэтгэж, боддог хүмүүс гэж үздэг. Хэрэв аутистик хүнийг харилцааны чадвар муугаас нь болж эмгэгтэй гэж дүгнэж байгаа бол энэ логикийг нөгөө талаас нь харвал интеграл, дифференциалыг цээжээрээ бодож чадахгүй байгаа энгийн хүнийг ч бидний зүгээс эмгэгтэй гэж дүгнэж болохоор юм. Тэгэхээр хүн бүр адилхан байх албагүй, хүн хүний тархины хөгжил өөр өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй."

Аутизм өвчин биш

XX зууны дунд үе хүртэл аутизмыг тархи, зан үйлийн эмгэг гэж оношилдог байсан бөгөөд дэлхийн анагаахын шинжлэх ухаанд “Аутизм” гэх ойлголт, нэршил байгаагүй аж. Харин 1943 онд Австрийн эрдэмтэн Лео Каннер аутизмийн тухай ойлголтыг дэвшүүлж, биеэ авч яваа байдал нь олонхоос ондоо хүүхдүүдийн нийтлэг шинжийг анх тодорхойлсон байдаг. Лер Каннерыг дүгнэлтээ танилцуулснаас нэг жилийн дараа мөн л Австрийн эрдэмтэн Ханс Аспергер өвөрмөц хүүхдүүд буюу аутизмтай багачуудын өөр нэг төрлийг судалж, тогтоосон байна. Энэ үеэс аутизмын оношилгоо эхэлсэн бөгөөд ерөнхийд нь Аутизмын хүрээний эмгэг гэж нэрлэдэг болжээ.

Аутизмыг хамгийн товчоор, нийгмээс өөрийгөө тусгаарлах, зожгирох үзэгдэл гэж мэргэжилтнүүд тодорхойлдог.

Түүнчлэн аутизм нь өвчин биш юм. Тиймээс ямар нэг эмчилгээ байдаггүй бөгөөд хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт, заслууд л бий. Мөн шалтгаан нь ч тодорхойгүй. Хэдийгээр эрдэмтэд шалтгааныг нь тогтоохоор судалгаа хийж, янз бүрийн таамаг дэвшүүлдэг ч нөлөө үзүүлдэг хүчин зүйлийг нь өнөө хэр нь нарийн тогтоогоогүй л байна.

Дэлхийн нийт хүн амын нэг хувь нь аутизмтай гэсэн статистик бий. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд онцолж буй. АНУ-ын CDC (Center for Disease control and Prevention)-ийн сүүлийн 20 жилийн тайлангаас харахад, тус улсад 2000 онд 150 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байсан бол тус тоо 2020 онд 36 хүүхэд тутмын нэг болж өөрчлөгджээ.

Аутизм Монголд

Монгол Улсын хувьд, аутизмтай “танилцаад” 10 гаруй жил л болж буй. Тэгэхээр өмнө өгүүлсэнчлэн харьцангуй шинэлэг ойлголт юм. Анхны тохиолдол 2008 онд гарсан бөгөөд тухайн үед эмч нар шизофрени гэж таамаглаж байсан талаар АШУҮИС-ийн клиникийн профессор, хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Тэрээр “2008 онд аутизмын нэг тохиолдол гарахад манай сэтгэцийн эмч нар гайхаж хүлээж авч байлаа. Бид АШУҮИС-ийн эмч нартайгаа хамтраад тухайн үедээ хүүхдэд эрт илэрдэг шизофрени юм болов уу гэж л оношилж байсан юм. Анх ингэж л энэ өвчинтэй танилцаж, мэдээлэл авч байлаа” хэмээжээ. Улмаар 2011 оноос аутизмыг эх орондоо оношилж буй.

Дэлхий дахинд аутизмын хүрээний эмгэг нэмэгдэж байгаа талаар өмнө нь өгүүлсэн. Манай улсад ч сүүлийн жилүүдэд аутизмаар оношлогдох хүүхдүүдийн тоо эрс өссөн байна. Одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд 371 хүүхэд аутизм гэж оношлогдож байсан бол энэ тоо 2023 онд 1980 болж өсжээ.

"Аутизмын хүрээний эмгэгээр оношлогдох хүүхдүүд нэмэгдэж байгаа. Олонх нь, 2-4 насандаа их оношлогдож байна. Энэ нь нэг талаараа эрт илрүүлж, оношилдог болсонтой холбоотой. Нийт хүүхдүүдийн 79 хувь нь хот суурин газар оношлогдож байгаа. Мөн энэ төрлийн эмгэгээр оношлогдсон хүүхдүүдийн 70 гаруй хувийг нь эрэгтэй хүүхдүүд эзэлж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, судалгаа шинжилгээг үргэлжлүүлж байна."

Нэгдсэн статистик алга

Дээр өгүүлсэн тоо бол зөвхөн СЭМҮТ болон бусад эмнэлэгт үзүүлж, оношлуулсан хүүхдүүдийн мэдээлэл. Эрүүл мэндийн байгууллагад хандаагүй хэчнээн хүн бийг тааж хэлэх аргагүй юм. Товчхондоо, Монгол Улсад аутизмтай иргэдийн талаарх нэгдсэн судалгаа, албан ёсны статистик одоогоор алга.

"Монголд аутизмтай хэчнээн хүн байгаа талаарх албан ёсны тоо одоогоор байхгүй. Манай холбоо байгуулагдаад 10 гаруй жил болж байна. 1500 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг. Энэ бол зөвхөн манайд хандсан хүмүүсийн тоон мэдээлэл. Өөр байгууллагад хандсан, гадаад, дотоодод оношлуулсан хүн олон байгаа. Сүүлийн жилүүдэд аутизмаар оношлогдсон хүүхдүүдийн тоо дэлхий дахинд нэмэгдэж байна. Энэ нь нэг талдаа оношилгоо сайжирсантай холбоотой. Гэхдээ өөр хүчин зүйлээс шалтгаалаад тоо нь нэмэгдээд байна уу, оношилгоо сайжирсантай холбоотой юу гэдэг маргаантай сэдэв."

Тохиолдол нэмэгдэж буй шалтгаан нь, оношилгоо, ойлголт сайжирсантай мэдээж холбоотой. Гэхдээ өөр хүчин зүйл ч нөлөөлж байж болзошгүйг олон улсын эмч, мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Тэд цаг уурын өөрчлөлт, агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, хотжилт, вакцинжуулалт, эмийн зохисгүй хэрэглээ гэхчлэн олон хүчин зүйлийг таамаглаж, дэвшүүлж байгаа ч өмнө өгүүлсэнчлэн одоо ч эцсийн шалтгааныг эрж, төнхсөөр байна.

Ялгаатай байдлыг ойлгох хэрэгцээ

Аутизм хэдийгээр шинэлэг ойлголт ч энэ төрлийн цөөнгүй хүн бидний эргэн тойронд бий. Тэдний олонх нь багачууд. Тиймээс ойлгож, хүндэтгэж, дэмжих нь хүн нэг бүрийн ухамсарт үүрэг юм. Гэвч энэ “хөрс” бэхлэгдээгүй учир аутизмтай багачууд нийгмийн олон шалгууртай нүүр тулж, багагүй бартаа дунд амьдарч байна. Тэдгээрийн тэргүүнд, мэргэшсэн боловсон хүчний асуудал бичигдэнэ. Багш, эмчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт, мэдлэг олгох нэгдсэн хөтөлбөр оруулах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь, манай улсад энэ төрлийн хүүхдүүдтэй харилцаж, тэднийг ойлгож, чиглүүлэх мэргэшсэн мэргэжилтэн “нүдний гэм”. Тиймээс тэгш хамруулах үндэсний хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд боловсон хүчний асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай.

"Манай байгууллага тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцах багш бэлтгэж буй сургуулийн оюутнуудад гурван кредитийн хичээл ордог. Нэг улирал үзнэ гэсэн үг. Ганц улиралд аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйтэй болох боломжгүй ч таньж, оношлох, шинж тэмдгүүдийг нь мэддэг болох боломжтой. Уг нь аутизмтай хүүхэдтэй ажилладаг тусгай арга зүй, стратеги байдаг. Яг энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн ч гаднын улсад олон бий. Харамсалтай нь, манайд энэ төрлийн мэргэжилтэн ховор байдаг. Уг нь цэцэрлэгийн багшаар суралцаж байгаа багш нарын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн талаар ордог. Гэвч өнгөцхөн ордог болов уу гэж боддог. Аутизм гэж сонссон байдаг ч яг нарийн ойлголтоо авч чаддаггүй юм шиг санагддаг."

Дараагийн асуудал нь, халамж. Монголд Аутизмын албан оношийг зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) ажиглалт, асуумжийн арга дээр үндэслэн тавьдаг. Тус оношийг үндэслэн хүүхэд болон хүүхдийн албан ёсны асран хамгаалагч халамжид нийгмийн хамрагдаж, тэтгэмж тогтоолгон авдаг байна. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ амар ажил биш. Хүүхдээ оношлуулсан ч асаргаанд орох тодорхойлолтыг дүүргийн хүүхдийн болон сэтгэцийн эмч бичиж өгдөг аж. Тэгэхээр СЭМҮТ-д оношлуулсан хүүхэд дахин дүүргийн эмнэлэгт хандах шаардлагатай тулгардаг байна. Ингээд ацаглагдахгүй. эмчийн асуудал Дүүргийн тодорхойлолтыг өрхийн эмнэлэгтээ өгөөд, өрхийн эмч нар хурлаар оруулна. Ийн шат, шатны эмч, эмнэлэг нийгмийн дамжсаар халамжид хамрагддаг байна.

Эдгээрээс гадна, хүлээн зөвшөөрөх хэрэгцээ эдгээр хүүхдүүдэд “ус, агаар” шиг дутагдаж байна. Аутист хүүхдүүдийг нийгэм хүлээн зөвшөөрөх нэг хэрэг. Ээж, аав, эргэн тойрныхон нь хүлээн зөвшөөрөхгүй, тэнэг, мангар гэж ойлгох тохиолдол элбэг байна. Үүний улмаас гэр бүл салах, хүүхдийнхээ нөхцөл байдлыг улам дордуулах, хожуу оношлуулсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн аутизмтай хүүхдүүд гоц байдаг гэх ташаа ойлголт ч бий.

Аутизмыг IQ-гээр хэмжих боломжгүй бөгөөд зарим хүүхэд бусдаас аль нэг чадвар нь илүү байх тохиолдол байдаг ч бүгд биш. Гэтэл асран хамгаалагч нар гоц авьяасыг нь олно, илрүүлнэ гээд хүүхдээ хэтэрхий шахах тохиолдол ч бий.

Шинэ үзэгдэл

Монголд аутизмаар оношлогдсон хүүхдүүд эхнээсээ хөдөлмөрийн насанд хүрээд эхэлжээ. Тэгэхээр суралцах, хөгжүүлэх асуудал хальж, хөдөлмөр эрхлэлтийн хөндөх сэдэв болж байна. Аутистик хүмүүсийн төвлөрөх чадвар сайн бөгөөд эхлүүлсэн ажлаа дуусгадаг онцлогтой. Тиймээс ажлын талбарт амжилттай байх нь элбэг. Тиймээс энэ ойлголтыг нийгэмд хоногшуулж, ажилчдад эдгээр хүмүүстэй хамтран ажиллах, менежерүүдэд удирдаж, чиглүүлэх ур чадвар олгох шинэ хэрэгцээ тулгамдаж байна.

Монгол Улс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах Job coach буюу ажлын байрны дадлагажуулагч мэргэжилтэнг бэлтгэжээ. Улмаар Job coach буюу ажлын байрны дадлагажуулагч гэх мэргэжлийг мэргэжлийн нэршлийн жагсаалтад оруулсан байна. Эдгээр хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд зуучлах, байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахад бэлтгэгдэх зорилготой аж. Тэгэхээр эдгээр мэргэжилтнүүд аутизмын талаарх ойлголтыг нийгэмд зөв таниулж, ажлын байранд зуучилж, ажилтан, удирдлагуудыг аутистик хүмүүстэй хэрхэн харилцаж, хамтран ажиллахад сургах давуу талтай юм.

Дүгнээд хэлэхэд, аутизм бол ялгаатай байдал. Халдварлахгүй, хамт суралцаж буй хүүхдүүд, найз нөхөд, хамтран ажиллагсдадаа сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өвчин ч биш. Харин ч биднийг бие биеийнхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөд суралцуулж буй хүмүүс юм. Тиймээс өөрөөс тань өөр байсных нь төлөө шүүдэг, шүүмжилдэггүй эрүүл нийгмийг бий болгоцгооё.