Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр нь нийслэл Улаанбаатар хот. Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг энэ хотод нийт аж ахуйн нэгжийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулж, улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг. Улсын хүн ам өсөж, эдийн засаг өргөжихийн хэрээр, хүн амын тоо өсөхийн хэрээр хөгжлийн гол орц, амьдралын амин чухал хэрэглээ болсон усны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Усны Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал хэрхэн шийдэгдэх талаар Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын Мянганы сорилтын сангийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүхтэй ярилцлаа. Б.Батсүх усны салбарт 28 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын Зөвлөх инженер юм.
-Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа төсөл манай улсын ус хангамжийн салбарын хувьд түүхэн гэж хэлж болох томоохон хөрөнгө оруулалт гэж салбарын хүмүүс ярьж байна. Усны Компактын хүрээнд хэрэгжүүлж буй 3 томоохон төслийн нэг гол төслийг нь удирдаж, дотор нь ажиллаж байгаа мэргэжилтний хувьд ач холбогдлыг нь тайлбарлаж өгнө үү?
-Төслийн ач холбогдлыг ярихын тулд Улаанбаатар хотын өнөөгийн ус хангамжийн нөхцөл байдлын талаар товчхон хэлэх нь зүйтэй. Өнөөдөр бид долоон эх үүсвэрээс жилдээ 58 сая метр куб ус олборлон унд, ахуйдаа хэрэглэж байна. 2016 оноос эхлээд эрдэмтэд, тэр дундаа Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүд одоо ашиглаж байгаа долоон эх үүсвэрийн нөөц дээр судалгаа хийсэн. Ингээд “2023, 2024 оноос эхлээд эх үүсвэрүүдийн нөхөн сэргээгдэх хэмжээ, хэрэглэж байгаа хэмжээтэйгээ нэг түвшинд ирэх нь. Үүнээс хойш нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ нь хэрэглээгээ гүйцэхгүй болох эрсдэл байна” гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн энэ дүгнэлт гарсан үг. Үүнд үндэслээд Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон. Усны Компакт маань АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийтдээ 461.7 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилд оруулж байгаа хамгийн өндөр хөрөнгө оруулалт юм.
-Энэ төслийн үр дүнд ус хангамж ямар хэмжээгээр нэмэгдэх тооцоотой байгаа вэ?
-Манай төслийн хүрээнд байгуулж байгаа ус хангамжийн Баруун эх үүсвэр, заримдаа доод эх үүсвэр ч гэж нэрлэдэг энэ шинэ эх үүсвэрийг ашиглаж эхэлснээр дангаараа жилдээ 50 сая хүртэл метр куб ус олборлох боломжтой, Улаанбаатар хотын хамгийн том ундны усны эх үүсвэр болно гэсэн үг. Хэдийгээр Улаанбаатар хотын усны хэрэглээ барилгажилт, хүн амын өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалах боловч бид ямар ч байсан ойрын 30 жилдээ ундны усны хомсдолд орохгүй байх өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна гэж ойлгож болно.
-Жилд 50 сая хүртэл метр куб ус олборлож, Улаанбаатар хотын хэрэглээнд нийлүүлэхийн тулд усаа олборлож, дамжуулах шугам хоолойноос эхлээд чамгүй том дэд бүтэц шаардлагатай. Усны Компактын хүрээнд ямар ямар дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа вэ? Ажил нь хэчнээн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ?
-Усны Компактын хүрээнд гэж яривал бид Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг аль болох цогцоор нь харж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон хоорондоо харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Эхнийх нь одоо миний хариуцан ажиллаж байгаа Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хоёр дахь Хаягдал ус дахин боловсруулах төсөл, гурав дахь нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Эхний хоёр төслийн хувьд дэд бүтцийн төслүүд, ус хангамжийн шинэ эх үүсвэр, шугам хоолой, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр гэх мэт томоохон дэд бүтцийг барьж байгуулж байгаа. Гурав дахь төслийн хувьд энэ дэд бүтцүүд, үйлдвэрүүдээ урт хугацаанд тогтвортой ажиллуулах, усны салбарт оруулж байгаа энэ том хөрөнгө оруулалтын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой зөөлөн дэд бүтцийн, бодлогын чанартай жижиг төслүүдээс бүрдэж байгаа. Усны Компактаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг бүхэлд нь товчхон танилцуулах нь зүйтэй болов уу гээд энэ мэдээллийг өгч байгаа юм.
Миний хариуцан ажиллаж байгаа Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл буюу эхний дэд бүтцийн төслийн хүрээнд өмнө дурдсан ундны усны шинэ эх үүсвэр, энд маань гүний худгууд, шугам хоолойн барилга угсралтын ажил багтаж байгаа, түүнчлэн энэ шинэ эх үүсвэрээсээ олборлосон усаа Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлээд хотын хэрэгцээнд нийлүүлэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн барьж байгуулж байгаа. Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулж байгаа шинэ эх үүсвэрийн талбайдаа нийтдээ 30 гүний худаг гаргаж тоноглож байна. Шувуун фабрик орчмоос 16, Биокомбинат орчмоос 14 гүний худгаас ус татан авна. Худгууд маань 70 метрийн гүнтэй. Худгуудад суурилуулах насосууд Монгол Улсдаа хамгийн том гүний усны насосууд болж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань бас Монголд анх удаа ундны усыг цэвэршүүлэх том хэмжээний цогц үйлдвэр.
Барилга угсралт хоёр багцаар явж байгаа. Нэг багцыг нь буюу ундны ус цэвэршүүлэх үйлдвэрийг Бүгд Найрамдах Турк улсын “Мапа Иншаат вэ Тиажарет” компани барьж байгаа, нөгөө багцад багтаж байгаа шугам хоолой, гүний худгуудын барилга угсралтыг Израилын "Баран Групп Лимитед" компани хариуцан гүйцэтгэж байгаа.
Төслийн барилга угсралт 2021 оноос эхэлсэн. Өнөөдөр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2025 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж эхлэхээр төлөвлөж байна. Гүний худаг, шугам хоолойн барилга угсралт гүйцэтгэл хугацаанаасаа хоцорч байгаа. Өнгөрсөн жил болон энэ жил үер их боллоо. Үертэй холбоотойгоор Биокомбинатын талбай бүтэн үерт автсан. Үүнийг дагаад ажил дөрвөн сараар хойшилсон. Гэхдээ бид ямар ч байсан 2025 онд барилга угсралтаа дуусгана гэсэн төлөвлөөгөөтэй ажиллаж байна.

-Ундны усны шинэ эх үүсвэрийг яагаад энд барихаар болсон юм бэ?
-Өмнө нь дурдсанчлан Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн энэ дүгнэлт гарснаас хойш ус хангамжийг яаж нэмэгдүүлэх талаар маш их судалгаа хийсэн. Одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлье, дээд эх үүсвэр, төвийн эх үүсвэрүүд дээр нэмэлт худаг гаргая гэдэг хувилбарыг эхлээд авч үзсэн. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчны асуудал маш өндөр түвшинд тавигддаг. Энэ шаардлагын дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, судалгаа хийгээд үзэхэд дээд эх үүсвэр, төвийн эх үүсвэр дээр нэмэлт худгууд гаргаж ус хангамжийг нэмэгдүүлбэл хавартаа тасардаг Туул голын ус тасрах хугацаа бүтэн сараар нэмэгдэхээр байсан. Сүүлийн хоёр жилийг эс тооцвол Туул гол маань Маршалын гүүрнээс Сонсголын гүүр хүртэл тасардаг. Төвийн болон дээд эх үүсвэрийн худгийг нэмбэл Туул голын усгүй болж, тасрах хугацаагаа нь уртсах байсан гэсэн үг. Тиймээс Биокомбинат, Шувуун фабрикт шинэ эх үүсвэр бий болгож, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээ Сонгинохайрхан уулын бэлд барихаар шийдвэрлэсэн юм. Бидний бий болгож байгаа шинэ эх үүсвэрийн нөөцийг 1980-аад оны үед хуучин ЗХУ-ын экспедицийнхэн судлаад тогтоочихсон байдаг. Энэ судалгаан дээр үндэслээд дахин судалгаа хийж, “жилдээ 50 сая метр куб ус олборлох боломжтой юм байна. Тодорхой хэмжээний бохирдол байгааг нь цэвэршүүлээд ашиглахад болох юм байна” гэсэн дүгнэлт гарсан.
-Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь шинэ эх үүсвэрээсээ хэдэн км зайтай вэ. Хэдэн км газар шугам хоолой татаж байгаа вэ?
-Нийт 55 км шугам хоолой угсарч байна. Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалт, шугам хоолойн барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгч нь Израилын компани боловч яг хийж байгаа нь Монголын компаниуд. Дотоодын олон компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, . гүний худгууд, шугам хоолойн барилга угсралтыг гүйцэтгэж байгаа ажилтнуудын 99 хувь нь монгол ажилчин. Үндсэндээ монгол инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд ажиллаж байна. Харин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгаа Туркийн компанийн ажилд бол турк ажилчид олонх нь байгаа. Гэхдээ 170 гаруй монгол ажилтан бий.
Энд зориуд онцлоход шугам хоолойн барилга угсралтын ажлын хүрээнд гол доогуур болон авто зам, төмөр зам доогуур өрөмдлөг, сүвлэгээний ажлууд хийж байна. Метро барих газрыг том машинаар ухаж туннел гаргадаг шүү дээ. Тэр машины жижигрүүлсэн хувилбарыг оруулж ирэн ажилдаа ашиглаж байгаа. Ирэх арванхоёрдугаар сараас Туул гол доогуур нийт нэг мянга орчим метр газар өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Голын ёроолоос доош 6-7 метрийн гүнд өрөмдлөг хийнэ. Мөн төмөр зам доогуур туннел гаргахаар төлөвлөж байгаа. Энэ бол манай улсад өмнө нь хийгдэж байгаагүй шинэ техник, технологиор хийж байгаа ажил, цоо шинэ туршлага. Манай төсөл дээр Оюутолгой болон бусад олон газраас инженер, техникийн ажилтнууд ирж танилцаж, туршлага судалж байгаа. Салбарын мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнуудад маш сонирхолтой байгаа.
-Энэ том бүтээн байгуулалтуудыг дагаад шинэ техник, технологи, шинэ туршлага нэвтэрч нутагшиж байгаа нь их олзуурхууштай санагдаж байна.
-Тэгэлгүй яах вэ. Салбарын инженер, ер нь монгол хүний хувьд энэ том төслийг дагаж Монголд нэвтэрч байгаа жижиг гэлтгүй бүх шинэ зүйлд олзуурхаж, манай инженерүүд, манай залуус ямар хурдан суралцаж, хэрэгжүүлж, тулгарсан сорилт бэрхшээлийг яаж давж, шийдвэрлэж ажиллаж байгаагаар маш их бахархаж байгаа. Монголд анх удаа ундны усыг цэвэршүүлэх том хэмжээний цогц үйлдвэр ашиглалтад орно гэдгийг би өмнө хэлсэн. Энэ бас бүхэлдээ шинэ техник, технологи нэвтэрч байна. Үүнийг дагаад боловсон хүчний чадавх сайжирна. Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлээс ярьж байгаа асуудал бол Туул голдоо ойрын хугацаанд Туул усан цогцолбор байгуулах, далан хийж үерийн усаа хуримтлуулах, хуримтлуулсан усаа гүн цэвэршүүлж хэрэглэх асуудал юм. Манай Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүний анхдагч загвар болж байгаа. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа долоон эх үүсвэрээс авч байгаа ундны ус бол ямар нэгэн цэвэршүүлэлт шаардахгүйгээр шууд уух хэмжээний цэвэр ус байдаг. Голын дээд хэсэг буюу эхээс авч байгаа бараг л рашаан. Зөвхөн хлоржуулаад л нийлүүлж байгаа. Шинээр байгуулж байгаа Баруун эх үүсвэрийн хувьд яагаад ийм том үйлдвэр барьж цэвэршүүлэх гээд байна вэ гэхээр голын доод хэсэгт байгаа ус тодорхой хэмжээний бохирдолтой байгаа. Үүнийг энэ үйлдвэрээр цэвэршүүлж, яг л дээд эх үүсвэрээс авч буй шиг цэвэр усыг нийлүүлэх зорилготой.
-Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил бараг 100 хувьдаа хүрч байгаа юм байна. Барилга дуусах нэг хэрэг. Харин үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орох бүх нөхцөл бүрдсэн үү. Ямар нэг хүндрэл бэрхшээл байгаа юу?
-Ямар нэгэн төсөл асуудалгүй, хүндрэлгүй явна гэж байхгүй. Энэ төсөл ч маш олон хүндрэл бэрхшээл туулж байгаа. Түүний нэг нь эрчим хүч, дулаанаар хангах асуудал. Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлөөрөө бол 110 кв дэд станц, агаарын шугамууд барих, цахилгааны 35 кв шугамыг шинэчлэх зэрэг ажил хийх шаардлагатай болсон. Компакт гэрээгээрээ үйлдвэр, эх үүсвэрүүдийг дулаан, цахилгаанаар хангах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн байдаг юм. Энэ дагуу 2023 онд улсын төсвөөр тендерийг нь зарлаад, Эрчим хүчний яам энэ ажлыг хариуцаж хийсэн. Өнгөрсөн есдүгээр сард цахилгаан хангамжийн бүх ажил хийгдэж дуусаад, сая улсын комисс ажилласан. Ингээд эрчим хүчтэй болсон ч дулааны асуудал нь хүндрэлтэй хэвээрээ байгаа. Манай зураг төслөөр бол хотын баруун хэсэгт байгаа Авто худалдааны төвөөс үйлдвэр хүртэл 2.4 км дулааны шугам татаж дулаанаа авахаар тооцсон бөгөөд 2024 онд шугам хоолойн барилга угсралтын ажлыг ЭХЯ захиалан хийлгэсэн байдаг. Харин Авто худалдааны төв рүү очиж байгаа дулааны шугамын ажил таван жил үргэлжилж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил. Өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. 800 метр шугамын ажил нь дутуу байгаа. Энэ шугамын ажил хийгдэж байж үйлдвэр төвлөрсөн дулаанд холбогдож,өвлийн улиралд дотоод тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжилнэ. Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хандаж байгаа ч одоогоор шийдэгдээгүй л байна.
-Засгийн газар цаашид Туул гол дээр далан барьж усны хуримтлал үүсгэхээр төлөвлөж байгаа талаар хоёул өмнө нь дурдсан. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь эх үүсвэрүүдээсээ ус авч цэвэршүүлэхээс гадна гадаргын ус цэвэршүүлэх боломжтой юу?
-Гадаргын усыг цэвэршүүлэх боломжтой. Энэ үйлдвэр маань хоёр дамжлагат технологитой. Эхнийх нь Уламжлалт технологи буюу агааржуулалт, коагуляц, флокуляц, шүүлтүүр гэх мэт. Хоёр дахь буюу дэвшилтэт технологи нь усыг хамгийн нарийн түвшинд урвуу осмосын аргаар шүүнэ. Урвуу осмосыг арай энгийнээр тайлбарлавал хүний үсний ширхгээс 500 000 дахин нарийн зайгаар усыг шүүдэг гэсэн үг. Олон улсад түгээмэл хэрэглэдэг дэвшилтэт технологи байгаа. Хэт ягаан туяаны халдваргүйжүүлэлт хийнэ. Ирээдүйд бид гадаргын усыг түлхүү ашиглаж, гүний усны нөөцөө хэмнэх ёстой. Дашрамд дурдахад, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ундны ус хадгалах усан сантай, 18 мянган метр куб усыг агуулах хэмжээтэй байгаа.
-Төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж хүлээлгэн өгсний дараа Ус сувгийн удирдах газар цаашид хариуцаад явах уу. Хэчнээн ажлын байр бий болох вэ?
-Ундны усны эх үүсвэрүүд Ус сувгийн удирдах газрын мэдэлд байдаг. Шинэ эх үүсвэрийг ч бас Ус сувгийн удирдах газар цааш нь авч явна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань сүүлийн үеийн үйлдвэрүүдийн адил хүний оролцоо бага шаардахаар, бүрэн автоматжсан байна. Зураг төслөөрөө 24 хүн ажиллахаар байгаа. Магадгүй 30 гаруй хүн ажиллахыг ч үгүйсгэхгүй. Энэ бол Ус сувгийн удирдах газрын дотоод зохион байгуулалтын асуудал. Үйлдвэр дээр ажиллах боловсон хүчнийг нь одоо сонгон шалгаруулж байна. Өнөөдрийн байдлаар таван хүн сонгогдоод үйлдвэр дээрээ тоног төхөөрөмж суурилуулалтын шатнаас эхлээд сургалтад хамрагдаад явж байна. Ойрын хугацаанд Ус сувгийн удирдах газраас дараагийн ээлжийн хүмүүсээ томилно. Нийт 20 гаруй хүн сургаж ажиллуулахаар төлөвлөсөн.
-Төслийн бүтээн байгуулалтын ажлыг дагаад Биокомбинат, Шувуун фабрик орчмын дэд бүтэц, иргэдийн амьдрах орчин сайжрах уу?
-АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл бүр байгаль орчин, нийгэм, жендэрийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Үүний дагуу орон нутаг буюу төслийн хэрэгжиж буй дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийг ажилд авах, орон нутгийн иргэдээс худалдан авалт хийх зэрэг ажлууд тогтмол хийгдэж байгаа. Дээр нь, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, газар тэгшлэх, үерийн далан байгуулах гээд маш олон нийгмийн туслалцаа үзүүлдэг. Энэ хүрээнд, Биокомбинатын замыг засаж, сайжруулсан шороон зам хийж өгсөн. Байгаль орчныг хамгаалах чиглэлд ч бас олон ажил хийж байгаагийн нэг жишээ нь уншигчдад сонирхолтой санагдаж магадгүй юм. Сонгинохайрхан уулын өвөрт Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт эхлэхээс өмнө байгаль орчны үнэлгээ хийхэд 51 тарвага байсан. Бидний хувьд бол нэг их сонин биш байх магадлалтай. Байдаг л тарвага. Гэтэл төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх шалгуур үзүүлэлтийн хувьд бол энэ их чухал байсан. Хэрэв тарваганы тоо толгой нэгээр л хорогдвол энэ төслийг зогсоох хэмжээнд шаардлага тавьсан. Монгол тарвага чинь олон улсын устаж магадгүй ангилалд орчихсон байдаг юм билээ. Бид энэ шаардлагыг сонсоод их айж, гайхаж байсан. Хэдийгээр тарвага, мэрэгч амьтдаар мэргэшсэн эрдэмтэнтэй хамтран ажиллаж байсан ч тарвага ичээндээ орсны дараа газрыг ухаж таарсан учраас “Нөгөө хэд маань үхчихсэн байвал яана аа” гэж санаа зовж байлаа. Тэгээд хавар тооллого хийлгэсэн юм. Эхний жил 64 тарвага ичээндээ орчихоод 80 гаруй болоод гараад ирсэн. Тэгж нэмэгдэнэ гэж бодоогүй. Өнөөдөр 170 гаруй тарвага манай үйлдвэрийн хажууд байдаг. Дошнуудынх нь ойролцоо дуу чимээнээс хамгаалсан далан хийж өгсөн. Тарваганы идээших орчныг зассан. Хүнээс ч бараг айхаа больчихсон бэлчиж байдаг. Зарим тохиолдолд хавар дөнгөж гарч ирээд бүргэд шувуунд бариулах явдал гардаг. Байнгын камертай учраас байгалийн жамаараа хэрхэн хоргодож байгаа нь баримттай үлддэг. Бид камерын бичлэг, зургаар баримтжуулаад Мянганы сорилтын сангийнхаа байгаль орчин хариуцсан алба руу явуулдаг юм.
-Үйлдвэр ашиглалтад орсны дараа ойр орчмыг засаж тохижуулах зарим ажлыг хийж гүйцэтгэнэ гэж байсан?
-Сонгинохайрхан бол тахилгатай уул. Яг үйлдвэрийн баруун хойд талд нь Хэлмэгдэгсдийн хөшөө бас байдаг. Энэ хэсгийг төслийн хүрээнд тохижуулна. Замыг нь засна. Автомашины зогсоол, гэрэлтүүлэг, саравч барина. Энэ мэт бүх тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ жилээс ажил нь эхэлчихсэн явж байна. Мөн өнөөдрийн байдлаар үйлдвэрийн орчимд 600 гаруй мод тарьсан байгаа. Үүнээс гадна Шувуун фабрикийн эх үүсвэрийн талбайд 10000 мод тарьсан. Төсөл дуустал ойн мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр арчилж тордоод, Нийслэлийн ойн санд хүлээлгэн өгнө. Шугам хоолой угсарч суурилуулах гээд барилга угсралтын ажлын бүхий л талбараа стандарт шаардлагын дагуу буцаан булах, нөхөн сэргээх ажлуудыг эхнээс нь хийгээд явж байгаа.

-Та Ус сувгийн удирдах газар олон жил ажилласан хүн. Усны Компакттай төсөлтэй хэрхэн холбогдсон бэ?
-Миний хувьд Ус сувгийн удирдах газарт сантехникийн засварчнаас эхлээд Ерөнхий инженер хүртэл албыг хашиж 28 жил ажилласан. Усны Компакт хэрэгжихээр яригдаж эхлэх үед Ус сувгийн удирдах газрын Сургалт, судалгааны төвийн менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Монголын Мянганы сорилтын сан байгуулагдаад, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтууд зарласныг хараад оролцоод үзэхээр шийдсэн. Миний хувьд хэлний шалгуур нь өндөр байсан ч, сонгон шалгаруулалтад тэнцээд ажилд орж байлаа. Түүнээс хойш зургаан жил болох гэж байна. Олон мундаг залуучуудын дунд ороод өөрийгөө хөгжүүлээд явж байна. Ажлынхаа хамт олноор бахархдаг. Ямар ч том төслийг амжилттай хэрэгжүүлж чадахаар маш чадварлаг баг бүрдсэн гэж боддог. 2026 оны гуравдугаар сард манай төслийн хугацаа дуусна. Тэр цагт хамт олныхоо хийж бүтээсэн зүйлээр бүр ч их бахархах сэтгэл төрөх байх.
Ярилцсанд баярлалаа.