УИХ-д олон намын төлөөлөл багтаж олон ургальч үзэл тогтох суурь нөхцөл бүрдсэн ч гурван нам хамтран засгийн газар байгуулж олонх, цөөнхийн зарчмыг алдагдуулав. ингэснээр илүү хяналттай байлгах гэсэн иргэдийн сонголт талаар боллоо.
2024 оны сонгуулийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, иргэдийн саналыггээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох боломжийг засахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Хүн ам өсөхийн хэрээр иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна. Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас нөлөөлөлд автах эрсдэлтэй. Тиймээс тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Эрх баригчдын энэхүү ухуулга, УИХ-д суудалтай намуудын хүсэлт, суудалгүй намуудын горьдлогоор парламент 126 гишүүнтэй болсон.
1992 онд 2.2 сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй байх парламентын загварыг сонгосон манай улс 32 жилийн дараа 3.4 сая хүндээ тохируулан 126 гишүүнтэй болсон нь энэ. Энэхүү өөрчлөлтийг хийснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн, бас өөрчлөгдөөгүйг онцлоё.
126-уулаа болсны давуу тал
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохын давуу талыг тухайн үед эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдах үндэс болно” гэж байлаа. Энэ ч биелэлээ олж 126 гишүүнтэй УИХ дөрвөн нам, нэг эвсэл буюу нийт зургаан намын төлөөллөөс бүрдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-аас төлөвлөсний дагуу чанартай хууль, тогтоомж батлахыг олон нийт хүлээж байгаа. Энэ УИХ-ын шийдвэрлэж буй эхний, хамгийн том асуудал нь Монгол Улсын 2025 оны төсөв. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. УИХ 76 гишүүнтэй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй, гишүүд хүссэн бүхнээ төсөвт багтаах боломжтой байсан үед гишүүд хэсэг хэсгээрээ лоббидож төсвийн хэлэлцүүлгийг сунжруулан шөнө дөлөөр хуралдаж, хугацаанд нь арай хийн баталж амждаг байлаа. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй болсон. 2021 оны төсвийн хэлэлцүүлгээс хойш энэ зарчим үйлчилж УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг танигдахын аргагүй болтол нь өөрчилдөг байдал ард хоцорч, төсвийн сахилга бат бий болсон. Ийнхүү төсвийн хэлэлцүүлэг цэгцэрсэн ч боловсруулах шатандаа алдаа дутагдал байсаар байна.
Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл багагүй шүүмжлэл дагууллаа. Гурван намаас бүрдсэн, бүх сайд нар нь УИХ-аас томилогдсон, тэр дундаа 22 сайдынх нь таваас бусад нь тойргоос сонгогдсон гээд энэ Засгийн газарт намын болоод хувь улстөрчдийн эрх ашиг их бий. Энэ бүх эрх ашгийн нийлбэр төсвийг тэлж, зардлыг нь нэмэгдүүлэх үндэслэл болсон нь гарцаагүй.
Мөн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрхгүй, зөвхөн хүрээ хязгаарт нь багтаан хөдөлгөж батлах л эрхтэй болсон учир Засгийн газар төсвөө асуудалгүй батлуулна гэж төлөвлөсөн бололтой. Гэвч бүх зүйл санаснаар нь болсонгүй. Өөрчлөх боломжтой хоёрдугаар хэлэлцүүлгийг давж, нэгэнт өөрчлөх боломжгүй боллоо хэмээн санаа амарсан ч нэр бүхий УИХ-ын гишүүд чимээгүй суусангүй. Засгийн газрыг зарлагаа буруулахыг шаардав. Засгийн газар ч буулт хийж 2025 оны төсвийн тухай хуулийг энэ онд багтаан өөрчилж тодотгох болзолтойгоор батлууллаа. Ингэж Засгийн газар төсвийн бодлого дээрээ дураараа авирлахыг хязгаарласан нь УИХ 126 гишүүнтэй болж илүү хяналттай болсны үр дүн юм. Олуулаа болсон хүмүүс асуудлыг илүү олон талаас нь харж байна. Бүх асуудалд ийнхүү хяналттай хандвал “УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр хууль чанартай батладдаг болно” гэсэн зорилт биелэлээ олох нь.
126-уулаа болсон ч дээрдээгүй дэг
Олуулаа болоод ч сайжрахгүй байгаа нэг асуудал бол гишүүдийн ирц, ажилдаа хандах хандлага. Хуралдааны танхимд хэдхэн гишүүн суугаад хууль хэлэлцдэг, санал хураалт явуулах болохоор ирц бүрдэхгүй санал нь унах тохиолдол гардаг хэвээр. Гишүүдийн тоог нэмсэн шигээ тэдний хариуцлагыг нэмэх, өндөрсгөх шаардлагатай байна.
Бас намууд нийгмийн олон талын төлөөллийг УИХ-д оруулж, шийдвэр гаргахдаа тэдний үг, үзэл бодлыг тусгадаг болно гэдгээ амлаж сонгуульд оролцсон. Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Гэвч намууд тэднийхээ үгийг үл тоох, гишүүдээ хайрцаглах, сүрдүүлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь УИХ-ын гишүүдийн тоог нэмсний ач холбогдлыг сулруулж байна.
Олуулаа болсон ч намууд дотоод зохион байгуулалтаараа гишүүдээ дэглэдэг, намнадаг, чимээгүй байхыг анхааруулдаг, сануулдаг дэг хэвээрээ байна. Ийм байдал үргэлжилсээр л байвал УИХ-д нийгмийн олон бүлгийн төлөөлөл орж ирсний хэрэг гарахгүй нь.
126 гишүүний 118 нь эрх баригч болов
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн өмнөх төлөвлөлтийн дагуу УИХ-д олон намын төлөөлөл багтаж олон ургальч үзэл тогтох суурь нөхцөл бүрдсэн ч гурван нам хамтран Засгийн газар байгуулж олонх, цөөнхийн зарчмыг алдагдуулав. Ингэснээр илүү хяналттай байлгах гэсэн иргэдийн сонголт талаар боллоо.
126 гишүүний найм нь л сөрөг хүчний сууринд үлдэж, нам нь Засгийн газарт хамтарснаар 118 гишүүн эс хүссэн ч нь эрх баригч хэмээх тодотголтой болов. Нам нь засагт хамтарсан ч Засгийн газраас эсрэг байр суурьтай байж хяналт тавьж буй гишүүд бий. Гэхдээ тэд намаасаа хараат бусаар, эмээх зүйлгүйгээр чөлөөтэй ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Олон гишүүнийг эрх баригчид гэсэн нэгэн малгайд нэгтгэснээр УИХ олуулаа болсны хэрэг үгүй болов. Энэ байдал цаашаа хэрхэн үргэлжлэх нь үнэхээр сонирхолтой бөгөөд адармаатай. 2028 оны сонгууль хүртэл чухам юу болохыг цаг хугацаа харуулна.