Одоогоос хэдхэн жилийн өмнө хүн төрөлхтний дийлэнх нь бор ходоодоо борлуулахын тулд мал аж ахуй, газар тариалан эрхэлж, бор хоног, шар нарыг ялгалгүй хөлсөө дуслуулан хөдөлмөрлөдөг байв.
Чулуу модоор элдвийг урлаж, ундны усаа худгаас зөөж, гал алдахгүйн тулд түлээ мод хагалж, идэш, ууш, орон байраа зөвхөн өөрсдөө төхөөрдөг байлаа. Харин өнөөгийн нийгэмд байдал хувирч, хүмүүс хөдөлмөрлөхөөс илүү нь тав тухыг эрхэмлэдэг болжээ. Гадаа гарч, хөдөө хөхрөн, гал хөс бэлтгэж, идээ унд эрэх шаардлага ч урьдынхаас багасан байна. Улмаар удирдлагаа тэврээд буйдан дээр “шигдэх” шинэ үзэгдэл дэлгэрч, хүн төрөлхтөн аливааг аль болох амраар гүйцэтгэх арга сүвэгчлэх болов. Үүний учир тун энгийн. Товчхондоо өнөө цагийнхан бол түүхийн явцад хүн төрөлхтний бүтээж, туурвисан бүхнийг “хүртэж” буй азтай хүмүүс юм. Биеийн хүчний хөдөлмөр эрхлэх хэрэгцээ өмнөх үеийнхээс хэд дахин багасаж, хөрөнгө зоорь хурааж, үр хүүхдээ тэжээх үүрэг ч дэлхий даяар хумигдах хандлагатай байна.
Монгол эцэг, эх, ахмадуудын олонх нь үр хүүхэд, ач зээгээ “Би чиний насан дээр” гэж хэмлэх, зэмлэхийн хооронд зандрах нь элбэг ажиглагддаг. Үнэхээр ч энэ нь дэгс үг биш юм. 20 гаруй настай, ганц бие, ээж, аавтайгаа амьдарч буй залуугийн насан дээр ээж, аав нь өрх үүсгэж, үр хүүхдээ өсгөн, өөрөөс нь хэд дахин өндөр үүрэг үүрч явснаас зайлахгүй. Тиймээс үр хүүхдээ чамлаж, өшөө илүүг шаардахаас ч аргагүй. Гэхдээ энэ нь тэдний буруу бус цаг үеийн хувьсал юм. Цаг үеийн энэ өөрчлөлтийг хэн ч буруутгах аргагүй. Гэхдээ үүнийг дагаад хүний хөдөлмөрийн бүтээмж буурч буй төдийгүй тархи агшиж, хүмүүсийн сэтгэн бодох чадвар багасаж, шүүмжлэлт сэтгэлгээ хайрцаглагдаж буй. Үүнд технологийн үсрэнгүй хөгжил голлох нөлөө үзүүлж байна.
Бүтээмжгүй дэлхий
Дэлхий даяар хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж буурч буй нь эдийн засагч, бодлого боловсруулагч, бизнесийн удирдлагуудын “толгойн өвчин” болж хувираад буйг олон улсын судалгааны байгууллагууд онцолжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй судалгааг Европын эдийн засгийн бодлогын тойм тайланд тусгасан байна. Тэд 25 орны хөдөлмөрийн бүтээмжийн урт хугацааны бууралтыг судалжээ. Ингэхэд судалгаанд хамрагдсан бүх оронд хөдөлмөрийн бүтээмж буурсан дүр зураг ажиглагдсан аж. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буйгийн нэг нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, технологийн үсрэнгүй хөгжил байв. Улмаар судалгааны багийнхан “Бүтээмжийн бууралт нь дэлхий нийтийн үзэгдэл тул олон улсын түвшинд шийдвэрлэх ёстой” гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна, АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, ажилчдын бүтээмж 2023 оны эхний улиралд бараг гурван хувиар буурсан нь сүүлийн 75 жилийн хамгийн огцом бууралт аж. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг мэдээж эдийн засгийн маш нарийн ойлголт. Гэхдээ гол хамаарах хүчин зүйл нь хүн. Хүн аливаа үйлийг чанар, гүйцэтгэлтэй хийж, үр ашигтай байлгахаас хөдөлмөрийн бүтээмж хамаарна.
Хүмүүс жил ирэх тусам бүтээмжгүй болж буйн нэг илрэл нь ажилгүйдэл. Ялангуяа, шинэ үеийнхэн буюу хөдөлмөрийн зах зээл дээр шинээр гарч буй залуучуудын хөдөлмөр эрхлэлт өмнө, өмнөхөөс бага байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаанаас харахад, 2023 онд залуучуудын ажилгүйдлийн түвшин 13 хувь байна. Түүнчлэн хөдөлмөрийн насны залуучууд тогтмол цалинтай ажилд хамрагдах хүсэлгүй байгааг тус тайланд өгүүлжээ. Тодруулбал, дэлхийн хэмжээнд залуу ажилчдын талаас илүү хувь нь албан бус хөдөлмөр эрхэлж байна. Ялангуяа бага орлоготой орнуудын дөрвөн залуу ажилчин тутмын гурав нь хувиараа хөдөлмөр эрхлэгч эсвэл богино цагийн ажил эрхэлж буй. Эндээс хүмүүс бага цагаар ажиллаад, үлдсэн хугацаандаа өөрийгөө тавтай байлгахыг чухалчилж байгааг харж болохоор юм.
Залхуурал хүний төрөлх чанар
Сүүлийн үеийн хүн төрөлхтөн л залхуу болчихсон эсвэл төрөхөөсөө залхуу чанар давамгай мэндэлсэн гэвэл өрөөсгөл. Судлаачид хүн төрөлхтөн хэзээнээс залхуу буюу биеийн амрыг чухалчлах зан чанартай болсон талаар хэд, хэдэн туршилт хийсэн байна. Үр дүнд нь, залхуурал бол хүний төрөлх мөн чанар болохыг тогтоожээ. Торонтогийн их сургуулийн нийгмийн сэтгэл зүйч, мэдрэл судлаач Майкл Инзлихтийн хэлснээр “Хүн бүхэн залхуу. Үргэлж амар хялбар аргыг эрэлхийлж, тав тух хайсаар байдаг. Гэхдээ залхуурал хүн төрөлхтөнд эдийн засгийн их боломж олгосон түүх ч бий” хэмээсэн байна. Мөн тархи судлалын эрдэмтдийн тогтоосноор бидний тархи үргэлж аливаа зүйлийг хялбарчлах аргыг эрэлхийлж байдаг аж. Тиймдээ гал ч гаргаж мэддэггүй байсан төрөл зүйлийн “амьдад” оюун ухаанаараа дэлхийг эзлэн, амьдарч буй. Тэгэхээр залхуурал бидний байгалийн чанар байх нь. Харин түүнийг өдөөж, магадгүй өөхшүүлж буй хүчин зүйл нь өнөөгийн нийгэм юм. Бүх зүйл бэлэн энэ нийгэмд бид залхуурлыг эрхэмлэх болсны балгаар хүний танин мэдэхүйн чадвар буурч буй. Энэ талаарх судалгааг Норвеги судлаачид хийсэн байна. Тэд 1962-1991 оны хооронд төрсөн Норвеги эрчүүдийн IQ-ийн оноонд дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд 1975 оноос хойш төрсөн хүмүүсийн IQ-ийн оноо тогтмол буурсаар байгааг тогтоожээ.
Хувирч буй хүний биеийн бүтэц
Танин мэдэхүйн чадвар буурахаас гадна хүний тархины хэмжээ жил ирэх тусам жижгэрч буйг судлаачид тогтоосон байна. АНУ-ын антропологич Жереми ДеСилвагаар ахлуулсан баг эртний болон орчин үеийн хүний гавлын 1000 ясыг харьцуулан судалсны үндсэн дээр хүний тархи 2.1-1.5 сая жилийн өмнө хоёр дахин том байсан бол саяхан 3000 жилийн өмнөөс агшиж эхэлснийг тогтоожээ. Алдагдсан хэмжээ нь дунджаар теннисний дөрвөн бөмбөгтэй тэнцэх аж. Хэрвээ энэ хэвээр багассаар байх юм бол мөдхөн бид Home erectus буюу 500 мянган жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдэстэйгээ адилхан буюу ердөө л 1000 шоо см эзлэхүүнтэй тархитай болох аж.
Хүний биеийн агшиж, хувирч буй ганц эрхтэн нь тархи биш юм. Судлаачдын үзэж буйгаар, хүмүүс 100 жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсээсээ илүү хөнгөн, жижиг ястай болсон байна. Үүнд хооллолт, хотжилт, нийгэм цаг үеийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буйгаас гадна биеийн хүчээ дайчлахаа багассан нь тодорхой нөлөө үзүүлж буй.