Дунд ангиасаа сургуулиа орхиж, ээж, аавдаа хань бараа болохоор мал малласан ангийн залуутай өнгөрсөн сар хотод таарав. Мэнд ус мэдэлцээд, нийслэлд ямар хэргээр ирсэн, энд хэр удах тухай нь лавлахад хүрээнд төвхнөсөн гэдгээ дуулгасан юм. Тэрээр “Өнгөрсөн өвөл цаг хатуураад, таван малаа тавиад туусан. Хотоо харлуулж, буурлын буяныг гөвсөн хүнд орох, байх газар олддоггүй юм билээ. Эхнэр, хүүхдүүдээ аваад энд ирсэн. Эхэндээ дасахгүй хэцүү байсан ч одоо овоо дээрдэж л байна” хэмээв. Цар тахлын өмнөхөн нутагтаа очиход мань эр суманд ховорт тооцогдох тохитой сууц зэхээд, хашаандаа дэлгүүр хүртэл нээгээд амжсан байлаа. Хөдөөдөө малтай, төвдөө тухтай ийн тов хийтэл төвхөнсөндөө сэтгэл хангалуун байсан нь санаанд тодхон. Гэвч ганцхан жилийн зуд амьдралыг нь ийн өөрчилж, газар сэлгэхэд хүргэжээ. Түүний адил цагийн бэрх, амьдралын эрхээр дассан газар, унасан нутгаа орхиж, олны хөл дагасан хүн манай улсад цөөнгүй бий. Өнгөц харахад, нэг бүл, нэг айлын аль эсвэл зөвхөн малчдын л асуудал мэт зудын дараах шилжилт хөдөлгөөн нь Монгол орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй, хөндүүр сэдэв юм.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.3 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 90 хувийг мал аж ахуйн салбар дангаараа хангаж байна. Түүгээр ч зогсохгүй ажиллах хүчний 20 гаруй хувь нь энэ салбараас шууд хамааралтай. Тэгэхээр ган, зуд зэрэг байгалийн гамшиг нь улсын эдийн засагт томоохон “цохилт” болдог. Тоо сөхвөл, 2000-2001 онд улсын хэмжээнд нийтдээ 10 гаруй сая толгой мал зүй бусаар хорогдож, мал аж ахуйн үйлдвэрлэл 20 гаруй хувиар буурсан байдаг. Үүний улмаас ДНБ-ий хэмжээ 2000 онд ердөө 1.1 хувь, 2001 онд 1.0 хувийн өсөлттэй гарч байв. Мөн 2009 2010 оны өвөл тохиолдсон зудад манай орны нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 175 суманд 97.5 малчин өрх нэрвэгдэж, нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая толгой мал хорогдсон. Тухайн үед зах зээлийн дундаж үнээр 570 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хамгийн сүүлийн байгалийн гамшиг өнгөрсөн өвөл нөмрөв. Мөн үеэр Монгол орны нийт нутгийн 80 хувийг хамарсан зуд болж, найман сая толгой мал хорогдож, 400 өрх огт малгүй болж, 4000 гаруй айл малынхаа 70 хувийг алдсан.
Шилжилт хөдөлгөөний сөрөг эрчим
2000 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт тохиолдсон ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдэл малчдад хүндээр тусч, ажлын байр хайх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор томоохон хот, суурин газар, ялангуяа Улаанбаатар хот руу шилжиж, хотжих үйл явцыг улам бүр хурдасгаж байна. Хүн ам Улаанбаатар хотод бөөгнөрч зах хязгаар нутаг эзгүйрэх хандлага ажиглагдаж байна.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тав дахь илтгэл
Сүүлийн 30 жилийн хугацаанд 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан байна. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэх бөгөөд тэдний 25 орчим хувь нь зудын нөлөөгөөр хотод суурьшжээ (“Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” судалгаа). Тэгэхээр өнгөрсөн хугацаанд зудын улмаас нийслэлд шилжин ирсэн иргэдийн тоо 182 мянга давах нь. Энэ нь багадаа хоёр аймгийн хүн амтай дүйнэ. Баянхонгор аймаг гэхэд 89 мянган хүн амтай. Тэгэхээр тус аймгийн хүн амаас хоёр дахин их иргэд зудын улмаас хотод суурьшсан байна.
Зудын дараа малчин өрхийн тоо хэрхэн буурсныг статистикаас харахад, 1999-2002 оны ган, зудын дараа 22.5 мянгаар, дараагийн буюу 2009-2010 оны зуднаар 24 мянган малчин өрхөөр цөөрчээ. Эдгээр өрхийн олонх нь залуучууд байсан бөгөөд дийлэнх нь хотод ирсэн аж. Хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирэгсдийг насны бүлгээр нь ангилбал, 65.1 хувийг залуу гэр бүл, залуучууд эзэлж буй. Үүний улмаас хөдөөд малчдын залгамж халаа цөөрч буй.

Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадахаас аргагүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөж байна. Тэдний олонх нь залуу гэр бүл байдаг учир залуу малчдын тоо цөөрч буй. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан байдаг.
Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг хатуурч, цас дарсан. Улмаар зудын аюул нүүрлэж, улсын хэмжээнд 7.1 сая мал хорогдсон байдаг. Ийн 4481 өрх мал сүргийнхээ 70-аас дээш хувийг алдсан бол 486 өрх 100 хувь малаа алдсан байна. Эдгээр өрхийн хэдэн хувь нь шилжсэн талаарх нэгдсэн судалгаа одоогоор гараагүй. Учир нь, зудын дараах шилжилт хөдөлгөөн нь багадаа 2-3 жил үргэлжилдэг тул одоогоос тоо гаргах боломжгүй байгааг албаныхан өгүүлж буй.

Зудын сөрөг нөлөөг харахад шууд шилжилт хөдөлгөөн нэмэгддэг. Статистик мэдээллээр, 2000-аад онд болсон зудын дараа шилжилт хөдөлгөөн 47 мянга, 2001 онд 30 мянга, 2002 онд 42 мянгаар нэмэгдсэн. Сүүлд 2009 онд 52 мянган хүн Улаанбаатарт шилжин ирсэн бол 2010 онд 76 мянга болтлоо өссөн. Зудад малаа алдсан малчид хэдэн жилийн давтамжтай Улаанбаатарт нүүж ирдэг. Энэ шилжилт хөдөлгөөн 2024, 2025 онд нэмэгдэнэ.
Төсөөлөл ба бодит байдал
Цагийн бэрхэд амьдралын гол суваг болох малаа барсан иргэд суурин бараадахаас өөрцгүйд хүрдэг бөгөөд олонх нь ажлын байр, амьдрах таатай орчин төсөөлөн шилждэг. Гэвч цөөн хувь нь санасандаа хүрч, амьдралын чанараа дээшлүүлдэг бол олонх нь захын хороололд суурьшиж, ядуусын эгнээг тэлдэг аж.
Уур амьсгалын өөрчлөлт явагдаж, ган зудын улмаас хөдөө орон нутагт амьдралаа залгуулах эх үүсвэр хомсдож байгаагийн улмаас Монгол Улсад хөдөөнөөс хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн өргөн хэмжээгээр явагдаж байна. Хөдөөнөөс шилжин ирэгсэд голчлон Улаанбаатарын захын гэр хороололд суурьшдаг.
Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа
Хөдөөнөөс ирээд хүрээнд төвхнөсөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж үзэхэд, олонх нь мэргэжил, ур чадвар, туршлагагүйн улмаас барилгын салбарт албан бусаар ажиллах, такси жолоодох, ресторан, үйлчилгээний газарт ажиллах зэргээр цалин хөлс багатай, биеийн хүч шаардсан ажилд ордог байна. Ийн хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй, зохих дадлага бэлтгэлгүй, аюулгүй ажиллагааны дүрэм журам сул нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй нь эрүүл мэндэд нь ч сөргөөр нөлөөлж байгааг “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-нд өгүүлжээ. Мөн зарим ажил олгогч хотод шилжин ирэгсдийн хөдөлмөрийг мөлжиж, хохироох явдал ч түгээмэл байдаг аж. Тухайлбал, туршилтын хугацаа нэрийдлээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, ажилласан нь хугацааных цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй байх тохиолдол элбэг гэдгийг судалгаанд оролцогчид өгүүлжээ. Мөн шилжин ирэгсэд бүртгэлийн асуудлаас болоод ажилд орж чаддаггүй байна. Ажил олоход амаргүй, цалин мөнгөө бүрэн авч чаддаггүй зэргээс үүдээд хөдөөнөөс хотод ирсэн иргэд санхүүгийн хүнд нөхцөлд орж, Улаанбаатар хотын ядуурлын хүрээг тэлдэг аж.
Бэхлэх учиртай дархлаа
Зудын давтамж ойртож, хохирол нь ч үлэмж нэмэгдэж байна. Тиймээс бид энэ эрсдэлээс сэргийлж дадахгүй бол нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрч, хотод ажил, орлогогүй идэр насныхан олширч, хөдөө эзгүйрч буй эрсдэл илүү гүнзгийрнэ. Зудын хохирлыг давтахгүй давах нь малчдаас шууд хамааралтай. Гэвч манай малчин өрхүүд эрсдэл даах чадвар сул байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоосон байдаг. Өнгөрсөн жил хийсэн тус судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10023 малчин өрх хамрагдсан бөгөөд малчдын эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байсан бол ердөө 10 хувь нь 70-аас дээш түвшний индекстэй гарчээ. Харин 20 хувь нь эрсдэл даах чадавх маш бага гэж тогтоогдсон байгаа юм. Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байсан аж. Үүний улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай базааж чаддаггүй гэж судалгааны тайланд өгүүлжээ. Тиймээс нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан, ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй гэж судлаачид үзсэн байна. Энэ судалгаа өнгөрсөн өвөл биеллээ олж, цөөнгүй малчин өрх нүүрлэсэн эрсдэлийг даван туулж чадалгүй, хамгаа барсан гашуун түүх хуучраагүй байна. Тиймээс малчдын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, зуд нүүрлэсэн бэрх цагт өвс, тэжээл сугалдаргалж гүйх бус тулсан бэрхийг туулах чадвар, чадавх суулгах нэн шаардлагатай юм.