Мэдлэгийн эрин гэж нэрлэгдээд буй ХХI зуунд хүмүүс боловсролын төлөөх “марафон”-д уралдан, хурдалж, бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг болохыг хэр хэрдээ хичээж байна. Үр хүүхдэдээ ч дэлхийн энтэй мэдлэг олгохыг мэрийж, боловсролын төлөөх бичил “дайнд” бүх нийтээрээ ханцуй шамлах болов. Боловсролоор амьдралын чанар хэмжигддэг болсон нийгэм тул ингэх нь ч зүй. Гэхдээ боловсрол, мэдлэг рүү хэт төвлөрсний гороор ёс зүй, төлөвшил, хандлага, харилцааны ур чадвар зэрэг хүнийг хүн гэж тодорхойлох гол хэмжүүр бүдгэрэх эрсдэлтэй байна.

Хандлага>Боловсрол

Хандлага, оюуны чадамжийн харилцан хамаарлыг болоод амьдралын явцад аль нь илүү хэрэгцээтэй болохыг Станфордын их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Карол Двек судалсан байдаг. Хувь хүний сэтгэл зүй, хөгжлийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр дагнан судалдаг тэрээр “Амжилт, аз жаргал, амьдралын чанарыг IQ биш хандлага тодорхойлдог” гэж дүгнэсэн байна. Мөн Карол Двек хүний хандлагыг хэвшмэл сэтгэлгээ болон өсөлтөд сэтгэлгээ гэх үндсэн хоёр ангилалд хувааж үзсэн байдаг. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг бөгөөд сорилт бэрхшээл тулгарахад сэтгэлээр унаж, цөхөрдөг. Харин өсөлтөд сэтгэлгээтэй хүмүүс өөрөө хичээвэл өсөж дэвжиж амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг аж.

Хандлага нь бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг бөгөөд энэ нь ажил мэргэжлийн амжилтад нөлөөлдөг болохыг судалсан өөр эрдэмтэд бол Анжелина Сутин нар юм. Тэд невротикизм буюу сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх нь ирээдүйн карьер, амжилтыг тодорхойлоход мэдлэг, боловсролоос чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Эерэг, итгэл найдвартай зан чанартай хүмүүсийн амжилтад хүрэх магадлал бусдаасаа хоёр дахин өндөр байдаг аж.

Хандлага хаанаас эхтэй вэ?

Боловсролоос илүүд үзэх учиртай хандлага гэгчийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд чухам юу гэж үздэг тухай нийтлэлийн энэ хэсэгт сийрүүлье. Тодорхой объект, хувь хүн, аливаа зүйл, үйл явдалд хандах сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил, зан үйлийн цогцыг хандлага гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байна. Түүнчлэн хандлага байгалиас буюу биднийг төрөх үед л төлөвшдөг үү, өсөж торних үед бий болдог уу гэдгийг үе, үеийн эрдэмтэд судалсан байдаг. Эцэст нь, ихэнх судлаач хүрээлэн буй орчноос болон сурч боловсрох процессын үед төлөвшдөг гэж үзжээ. Улмаар хандлагын төлөвшүүлдэг үндсэн гурван хүчин зүйлийг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, хүрээлэн буй орчин. Үүнд гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчид зэрэг биднийг хүрээлэн, оршдог амьд бодгалиуд орно. Хоёрдугаарт, туршлага, сүүлийнх нь боловсрол аж. Тэгэхээр хүрээлэн буй орчин хийгээд мэдлэг, туршлагаас үүдэн аливаад хандах хандлага хувирч бас өөрчлөгдөн төлөвшдөг байна. Төрөлхийн сөрөг эсвэл эерэг хандлагатай хүн гэж байдаггүй бөгөөд өөрийнхөө аливаад хандах үзэл баримтлалыг өөрчлөх ч бүрэн боломжтой аж. Энэ талаар нэрт сэтгэл судлаач Виктор Франкл тун оновчтой өгүүлсэн байдаг. Тэрээр “Хүмүүний хамгийн сүүлийн эрх чөлөө бол өгөгдсөн нөхцөл байдлаас үл шалтгаалан хандлагаа өөрөө сонгох эрх чөлөө юм” гэжээ. Түүний өгүүлсэнчлэн тухайн мөчид ямар хариу үйлдэл гаргаж, асуудлыг аль өнцгөөс гогоцоодохоо хувь хүн өөрөө сонгох боломжтой аж. Тэр бүү хэл эерэг нэгэн байх уу, сөрөг хүн болох уу гэдэг нь ч хувь хүний сонголт аж.

Хандлагын хоёр туйл

Танхимд ноорхой хувцастай, хуруу гар нь хир дарь болсон эрхэм орж ирэв. Тэрээр гарааны бизнес эрхлэгчдэд мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий уулзалтад хүрэлцэн ирж буй нь энэ. Түүнийг харсан хүмүүс харилцан адилгүй хоёр янзын бодол тээнэ. Эерэг хандлагатай нэгэн бизнес эрхлэхийг мэрийж буй зүтгэлийг нь үнэлж, амьдралын зүтгэлтэй, шинийг эрэлхийлэгч байна хэмээн дүгнэнэ. Мөн бусдын цагийг хүндэтгэсэндээ хувцас сольж, цаг үрэлгүй, яарсаар ирж гэж сийрүүлнэ. Харин сөрөг нэгэн өмссөн хувцас, үнэр танарыг нь өөлж, ноорхой хувцастай, ноомой нэгэнд бизнесийн салбар тохирохгүй гэхчлэн чамлаж, чамирхана. Энэ бодол, мэдрэмжээ гадагш илэрхийлж, түүнтэй эерэг, эсвэл сөрөг харилцах нь ерөөсөө л хандлага юм.

Эндээс хандлага эерэг болон сөрөг гэх хоёр туульд хуваагддаг болохыг харж болохоор. Эерэг хандлагатай нэгэн аливаа зvйлийн сайн сайхан талыг урьтаж хардаг бөгөөд ямар ч бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлж байдаг. Харин сөрөг хандлага давамгайлсан хүн ямар ч асуудлын болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас стресст өртөх нь элбэг байдаг. Тэр хэрээр бусадтай зүй бус харилцаж, хэн нэгэнтэй захиран тушаах хэв маягаар ярилцах нь элбэг. Мөн энэ төрлийн хүмүүс бусадтай учраа олохгүй байгаагаа өөрөөс нь бус өрөөлөөс шалтгаалсан гэж үздэг байна.

Хандлага бидний сэтгэцийн төдийгүй биеийн эрүүл мэндэд ч нөлөөтэй. Эерэг хандлагатай хүн сэтгэл гутрал, стресст бага өртдөг бөгөөд бухимдлаа удирдах чадвартай байдаг. Мөн зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл бага, нойргүйдэлд өртөх нь ч ховор. Тэр хэрээр урт насалдаг болохыг судлаачид тогтоожээ. Харин сөрөг хандлагатай нэгэн архаг стресстэй байх бөгөөд аз жаргалын гормон дутагдаж, дархлааны систем доголддог байна. Мөн зүрх судасны эмгэг, хоол боловсруулах эрхтний хүндрэлд өртөх эрсдэлтэй аж. Мөн энэ төрлийн хүмүүс ямар ч ажлыг хам хум гүйцэтгэдэг бөгөөд үргэлжийн уур бухимдалтай байна. Мөн өөрөөсөө бусад бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд үүнийгээ аливааг төгс гүйцэтгэлтэй хийх хүслээсээ улбаатай гэхчлэн хаацаалах нь элбэг. Сөрөг хандлагатай хүмүүсийн нийтлэг араншин нь бусдыг үл хүндэтгэдэг бөгөөд үүнээсээ шалтгаалаад ганцаардмал байх нь элбэг. Түүнчлэн бусдын хандлагыг цаг үргэлж шүүмжилдэг бөгөөд хүмүүстэй үг хэл, үзэл бодол нийцэхгүй байгаагаа тэдний хандлагаас шалтгаалдаг гэж эндүүрдэг байна.

Эцэст нь хэлэхэд, бидний сэтгэл зүйн болоод биеийн эрүүл мэнд, амьдралын чанар, аз жаргал зэрэгт шууд нөлөөтэй хандлага гэгч халдварладаг. Инээмсэглэж мэндэлдэг, талархаж буйгаа илэрхийлдэг, уучилж, уучлалт гуйж чаддаг, уулзахдаа ирээдүйгээ эсвэл инээдтэй, хөгжилтэй дурсамжаа хуваалцдаг эерэг нэгэн бусдыгаа цэнэглэж, хандлагаа халдаадаг. Харин бусадтай мэндэлж, хүндэтгэж мэддэггүй, талархах дадалгүй, ялархуу сөрөг хандлагатай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн тамирыг барж, хүчийг сордог. Мөн уулзах болгондоо бусдыг өөлж, муулж, бүх зүйлийн сөрөг талыг дөвийлгөдөг сөрөг хандлага нь халдах эрсдэлтэй. Иймд эерэг нэгэнтэй ойр байж, сайн санаа, сайхан харилцааг бусдад халдаахыг дадал болгох нь чухал юм.