Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын саналаас УИХ татгалзвал бүрэн эрхийг нь дуустал хэргийг мөрдөн шалгахыг хориглоно.
Адилхан гэмт хэрэгт холбогдсон жирийн иргэн аавын хаалга татаж, УИХ-ын гишүүн зөөлөн суудалдаа шигдэн сууж үлддэг шударга бус тогтолцоо Монгол Улсад үйлчилдэг. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийнх нь өмнө хүчин мөхөстсөн хууль, шүүхийн байгууллага тухайн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д оруулдаг ч ангийн нөхөд нь хамгаалан аваад үлддэг. Байнгын ажиллагаатай парламенттай болсон 1992 оноос хойш хоёрхон л удаа Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээн авч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, 1996-2000 оны УИХ-аас казиногийн хэргээр, казиногийн тендерийг будилуулж, авлига авсан гэж үзэн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж байв.
Улмаар хуулийн байгууллага шалгаад тэднийг авлигын хэргээр ялласан юм. Түүнээс хойш Улсын ерөнхий прокурор олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал гаргасан ч УИХ хүлээж аваагүй. Харин өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 31-нд Т.Аюурсайханыг нүүрсний гэх хэргээр шүүж гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх хоёр жил зургаан сар болгон бууруулаад байна. Д.Бат-Эрдэнийн тухайд хэргийг нь шүүх шийдвэрлээгүй байхад хилээр гарч яваад сураггүй болсон гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл нь батлагдаж саяхан цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн.
2020-2024 оны УИХ хоёр гишүүнээ прокурорын саналаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлснээс гадна дөрвөн гишүүнээ хамгаалан авч үлдсэн юм. Тэд бол УИХын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар. Өөрөөр хэлбэл, зургаан гишүүнийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар Улсын ерөнхий прокурор саналаа ирүүлсэн гэсэн үг. Үүгээрээ хамгийн олон гишүүн нь хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болсон парламентаар шалгарсан юм. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг хамгаалан авч үлдсэн ч хууль шүүхийн байгууллага тэднийг зүгээр байлгаагүй. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр шүүхээс зургаан жилийн ял сонссон. Мөн Г.Амартүвшин гишүүн сонгуульд дахин нэр дэвших нүүргүй болсон.
2016-2020 оны УИХ-д ч чих халууцуулсан нөхөр олон байлаа. Тухайн үед Улсын ерөнхий прокурор байсан М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа парламентаар хэлэлцүүлсэн ч өмнөх жишгээр хамгаалж бүрэн эрхтэй нь үлдээж байлаа. Харин дараа нь, үнэнд гүйцэгдсэн Б.Батзориг, Д.Гантулга нар өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байв. Ингээд тэд шүүхээс ял сонссон юм. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа парламентаар хэлэлцүүлж байхдаа нэгнээ хамгаалан авч үлддэг гишүүдэд хандан дараах үгийг чуулганы танхимд хэлж байв.

Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар бүгдийг нь цагдаж хориод байх боломжгүй. Тийм учраас хуулиа нарийн болгох хэрэгтэй. Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм, тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод явж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангийн асуудал хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдээс боломжийг нь авчихсан шүү дээ. Цаашид ингэж явж болохгүй гэдэгт би хатуу зогсож байгаа. Зарим гишүүн байцаагдаад, хэрэг биш гэдгээ батлаад, бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ярьж “Ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ” гэж дарамталсан.
Хариуцлагаас бултах сургамж
Ангийн нөхөд нь ээлж дараалан дээлээ нөмөрсөн нь бусдад сургамж болсон бололтой. Гэхдээ тэд буруу явж болохгүй нь гэсэн сургамж авсангүй. Харин буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн ч хуулиар хамгааллуулдаг, санаа зовохгүй амьдарч чадах тогтолцоог бий болгох ёстой гэсэн сургамж авчээ. Тиймээс 2020-2024 оны УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа өөрсдийгөө бүр илүү хамгаалсан, шударга ёсонд үл нийцсэн дараах нэгэн заалтыг оруулжээ.
45.11. Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг парламент хүлээж аваагүй тохиолдолд тухайн гишүүнийг холбогдуулан шалгаж байсан хэргийг нь түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаа зогсоодог болох нь. Бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа л үргэлжлүүлэн шалгана гэсэн үг. Гэвч тэр хооронд хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаж болно, эсвэл тухайн гишүүн дахин нэр дэвшиж сонгогдоод дархан эрхээрээ үргэлжүүлэн хамгаалуулаад суухыг үгүйсгэхгүй. Нарийн зохицуулалтыг нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулахаар заасан ч одоогоор эдгээр хуульд өөрчлөлт оруулаагүй байна. УИХ-ын тухай хуульд оруулсан энэхүү хуулийг мэргэжлийн хуульчид шүүмжилж байгаа юм. Гэхдээ олон хуульч намын харьяалалтай болсон энэ цагт шүүмжлэлээ ил хэлж чадах нь цөөхөн.

УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар барьснаас өөр тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэсэн заалт байсныг 2017 онд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж хүчингүй болгосноор гишүүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой болгож байлаа. Үр дүнд нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний гэх хэргүүдтэй холбогдсон гишүүд шүүхээр орж, зарим нь ял авсан. Цэцэд мэдээлэл гаргаагүй бол энэ бүхэн боломжгүй байсан гэхэд болно. Тэгвэл сонгуулийн өмнө баталсан УИХ-ын тухай хууль өмнөхөөсөө ч дорджээ. Шинээр батлагдсан УИХ-ын тухай хуульд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд шийдчихвэл прокурор гишүүнд холбогдуулсан хэргээ түдгэлзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах ажиллагаа зогсоно. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа сэргээн шалгаж болно. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа ч дуусах боломжтой. Энэ зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нарийвчлан тусга гэсэн заалт байгаа ч одоогоор өөрчлөлт оруулаагүй байна. Гэхдээ энэ хуулиудыг өөрчлөөгүй байсан ч хариуцлага хүлээлгэж чадахгүй болчихсон.
Гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг УИХ хамгаалаад аваад үлдсэн тохиолдолд тухайн гишүүн дараагийн сонгууль хүртэл бие, сэтгэл амар явж болох нь. УИХ нь хамгаалаад аваад үлдсэн ч Ё.Баатарбилэг шиг үргэлжлүүлэн шалгаж ял оноох боломжгүй гэсэн үг.
Мөн УИХ-ын тухай хуульд бас нэгэн ноцтой заалт оруулсан нь 41.7.
41.7. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
Энэхүү заалт нь УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулахыг хоригложээ. Юу гэсэн үг вэ гэхээр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж шиг согтуугаар машин жолоодож зам тээврийн осол гаргасан ч шийтгэл оногдуулахгүй нь. Согтуугаар машин жолоодох, эхнэрээ зодох, хорио цээрийн дэглэм зөрчих, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байх, бусдад бэлгийн дарамт учруулах зэрэг үйлдлийг иргэнийх нь хувьд хуулиар хориглосон ч, гишүүнийх нь хувьд шийтгэл оногдуулж болохгүй нь. УИХ энэ мэтээр өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан заалт бүхий хуулийг бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хэдхэн хоногийн өмнө, бүх нийтийн анхаарал сонгууль руу чиглэсэн үед баталжээ.
Бүх нийтээр дагаж мөрдөх шударга зарчмын дүрмийг баталдаг хууль тогтоогчид өөрсдийн хэргээ шүүлгэхээс татгалзаж, хуулиар хамгаалууллаа. Энэ нь, бүх хүн тэгш эрхтэй байх өнөөгийн нийгмийн гол амин сүнс, шударга ёсны зарчмыг доромжилж буй хэрэг. Нийгмийг бүтээгчдийг маллаж байгаа үйлдэл. Тиймээс олон нийт, олон намын төлөөлөл, шударга зарчмыг амны уншлага болтлоо давтдаг улстөрчдөөс бүрдсэн шинэ парламентаас нэг зүйл хүсье. Шударга зарчмыг баримталж, хуульд өөрчлөлт оруулж, хэрэгтэн гишүүдийг хамгаалах хуулийн бамбайг буулгана уу.