Хувийн өнгө. Энэ үгийг та хаа нэгтэй, хэзээ нэгэн цагт сонсож байсан нь лавтай. Мөн ихэнх хүн өөрт зохих, зохихгүй өнгийг гадарладаг. Гэхдээ л алддаг. Сэтгэл хөдлөлдөө автаж авсан хувцас, нүүр будгийн хэрэгслээ дахиж хэрэглэхгүй шүүгээндээ хадгалах тохиолдол танд тохиолдож байснаас зайлахгүй. Энэ нь өнгөө сонгохдоо хийсэн алдааны гор юм. Тиймээс ашиггүй худалдан авалт хийж, зохихгүй хувцаслалт, нүүр будалтаас зайлс хийх тун энгийн хийгээд оновчтой арга нь хувийн өнгө буюу өөрт хамгийн сайн тохирох өнгөө олох явдал юм.
Хувийн өнгө гэх ойлголт анх 1920-иод оны үед АНУ-д анх бий болжээ. Харин сүүлийн жилүүдэд азид дэлгэрч, загварын салбарынхан хувийн өнгийг сонирхож, зөвлөх болов. Мэргэжилтнүүд өнгийг ерөнхийд нь дулаан, хүйтэн гэж хоёр ангилдаг бөгөөд дулаан хүйтэн өнгө нь дотроо "Өвөл" (winter), "зун" (summer), дулаан өнгө нь "хавар" (spring), "намар" (autumn) гэж дөрөв салдаг. Эдгээр нь тус бүр 2-3 хуваагддаг байна.
Хувийн өнгөө мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?
Өөрт зохисон, нүүрний өнгө, бүтцийг тодотгож өгсөн өнгөөр хувцаслах
Хувцаслалтдаа илүү итгэлтэй болох
Өмсдөггүй хувцас цөөрнө
Дэлгүүр хэсэхэд чиглүүлэг болно
Хувийн өнгөө хэрхэн тодорхойлох вэ?
Өөрт тохирох өнгөө олох хамгийн сонгодог арга бол мэргэжилтэнд хандах юм. Гэхдээ гэртээ өөрийгөө ажиглаад хувийн өнгөө таамаглах хэд, хэдэн арга бий.
Бугуйны судсаа ажиглах. Нарны гэрэлд бугуйны урд хэсгийн судсыг сайтар ажиглах нь зүй. Хэрэв судасны өнгө цэнхэр, нил ягаан туяатай байвал хүйтэн, ногоон өнгөтэй харагдвал дулаан өнгөтэй байх магадлал өндөр.
Алт, мөнгөн эдлэлийн аль нь тохиромжтойг харьцуулаарай. Өөрт тань шаргал ээмэг, зүүлт зохимжтой харагддаг уу, мөнгөлөг өнгө тохиромжтой юу гэдэг нь хувийн өнгөө олоход туслах чухал хүчин зүйл. Хэрэв мөнгөлөг өнгийн эд хэрэгсэл илүү зохидог бол хүйтэн, эсрэгээрээ бол дулаан байх магадлал өндөр.
Хувийн өнгөө тодорхойлоход нүд, үсний өнгө нэг чухал. Мөн том дүрлэгэр нүдтэй эсэх өтгөн эсвэл шингэн үстэй нь ч тодорхой нөлөөтэй. Тухайлбал, шар, ногоон, бор шаргал нүдтэй хүмүүст дулаан өнгө зохих бол хар, гүн цэнхэр, гүн бор нүд нь хүйтэн өнгөний илэрхийлэл аж.