Сар хүрэхгүй хугацааны дараа дэлхий нийтийн баяр цэнгэл наадам олимп эхлэх гэж байна. Дэлхийн бүх улс орон дөрвөн жилд нэг удаа ганцхан зүйлд нэгэн зэрэг хамаг анхаарлаа хандуулдаг нь зуны олимп. Зуны XXXIII олимп энэ сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо хөшгөө нээж, наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Монголчууд 33 олимпын 14-т нь буюу 1964 оны Токиогийн олимпоос хойш оролцсоор ирсэн. Удахгүй 15 дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Олимпод оролцож эхэлснээс хойшх 60 жилийн хугацаанд нийтдээ 30 медаль хүртсэн амжилттай явна. Медалийн чанарыг авч үзвэл хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медальтай. 2008 онд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүрсэн нь хамгийн чанарлаг амжилт байлаа. Мөн 2012 онд хамгийн олон буюу таван медаль хүртсэн юм. Энэ хоёр олимп Монгол Улсын тамирчдын оргил үе байв.

Олимпын аваргуудтай болсноос хойш бид тамирчдаасаа том амжилт хүлээдэг болсон. Олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль бол байх л зүйл, авах л ёстой мэт хүлээж авдаг болов. Аварга л биш бол олимп, дэлхийн аваргын медальтан шинээр төрөхөд тоохгүй байх маягтай. Цөөхөн хэдхэн байсан олимп, дэлхийн аваргын медальтнууд ч жилээс жилд нэмэгдсээр байна. Оролцсон олимп, дэлхийн аваргаасаа медаль авах нь боломжгүй зүйл биш болсон учраас гайхан биширч, огшиж хүлээж авахаа больсон. Парисын олимпоос ч манай тамирчид хэд хэдэн медаль авах нь тодорхой хэмээн хүлээж суугаа. Медаль хүртэх нь тодорхой байдаг болсон учраас олимпоос медаль аваасай гэж хүсэхээ больсон гэхэд болно. Харин олимпын аварга төрөөсэй гэж хүсэж байгаа.

Монгол Улсын олимпоос хүртсэн 30 медалийн 11-ийг нь жүдочид, 10-ыг нь чөлөөтийнхөн, долоог нь боксчид, хоёрыг нь буудлагынхан хүртсэн. Тиймээс олимпоос медаль хүртсэн энэхүү дөрвөн төрлийн спортоо “Топ-4” гэж нэрлэдэг. Манай улс одоогоор есөн төрлөөр 33 тамирчнаа Парисын олимпод оролцуулахаар эрхээ аваад байна.

Байт харваа:

1. Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд

Бокс:

1. 50 кг-д олон улсын хэмжээний мастер О.Есүгэн

2. 54 кг-д олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал

Буудлага:

1. 10 метрийн хийн гар бууны төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү

2. 50 метрийн урт бууны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа

3. 50 метрийн урт бууны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн

Дугуй:

1. Ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр

2. Бөөн гарааны төрөлд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц

Жүдо, эмэгтэй:

1. 48 кг-д Б.Баасанхүү

2. 52 кг-д Л.Сосорбарам

3. 57 кг-д Л.Энхрийлэн

4. -78 кг-д О.Хүслэн

5. +78 кг-д А.Адъяасүрэн

Жүдо, эрэгтэй:

1. 60 кг-д Э.Ариунболд

2. 66 кг-д Ё.Басхүү

3. 73 кг-д Б.Эрдэнэбаяр

4. -100 кг-д Б.Гончигсүрэн

5. +100 кг-д О.Цэцэнцэнгэл

Усанд сэлэлт:

1. Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн

2. Олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир

Хөнгөн атлетик:

1. Гавьяат тамирчин Б.Сэр-Од

2. Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан

3. Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа

Хүндийг өргөлт:

1. 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг

Чөлөөт бөх, эмэгтэй:

1. 50 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал

2. 53 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хулан

3. 57 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул

4. 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон

5. 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа

6. 76 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан

Чөлөөт бөх, эрэгтэй:

1. 65 кг-д олон улсын хэмжээний мастер Т.Тулга

2. 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ

3. 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл

Топ дөрвөн төрлийн спортоос гадна байт харваа, хүндийг өргөлтийн төрлөөр олимпоос медаль авах боломжтой. Б.Отгонболд Ханжоугийн Азийн наадамд өрсөлдөгчөө 6:2-оор хожиж түрүүлэн олимпын эрхээ авсан. Мөн тэрээр Токиогийн олимпод оролцсон туршлагатай.

Хүндийг өргөлтийн дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг монголчуудын гол найдварын нэг. Тэрээр Токиогийн олимпоор медалийн үзүүрээс атгаад алдсан. Энэ нь түүнд туршлага болсон нь лавтай. М.Анхцэцэг энэ удаад дутуугаа гүйцээж олимп, дэлхийн медальтан болохоор бэлтгэлээ базааж байна.

Топ дөрвөн төрлийн тухайд хамгийн их найдлага төрүүлж байгаа нь олимпын хамгийн анхны зургаан медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хамт олон. Олимпод оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн есөн тамирчны хоёроос бусад нь дэлхийн аваргын медальтнууд. Энэ нь ямар чансаатай оролцож байгааг илтгэж байгаа юм. Нэгэн цаг үед монголчуудын хамгийн гол итгэл найдвар болоод байсан дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон найман жилийн дараа дахин олимпын дэвжээнд гаргах гэж байна. П.Орхон олимтод амжилт үзүүлэхэд оройтсон, оройтоогүй эсэхээ харуулна гэсэн үг. 31 настай түүний хувьд энэ хамгийн сүүлчийн олимп.

Манай улсын олимпын 30 медалийн зургааг нь л эмэгтэй тамирчид хүртсэн байдаг юм. Харин энэ удаагийн олимпод оролцож буй тамирчдаас эмэгтэйчүүд нь хамгийн их найдлага төрүүлж байна. Тамирчдын олонх нь ч эмэгтэйчүүд. Тэд 17-уулаа.

Дээр дурдсан дэлхийн аваргын медальт чөлөөтийн таван бүсгүй, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, жүдо бөхийн тамирчин, шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, буудлагын төрөлд оролцож буй олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, боксчин О.Есүгэн, М.Энхжаргал нар медалийн тавцанд зогсох магадлал өндөр.

Топ дөрвөн төрлийн нэг болох боксоос нэг ч эрэгтэй тамирчин энэ удаагийн олимпод оролцохооргүй болсон нь харамсалтай. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд хамгийн анх удаа оролцож долоон тамирчнаа илгээсэн түүхтэй. Түүнээс хойш олимпод алсалгүй, хамгийн багадаа нэг боксчин оролцсоор ирсэн. Гэвч энэ амжилтын буухиа энд хүрээд тасрав. Ингэснээр “Монгол Улсын олимпоос медаль хүртдэг топ дөрвөн төрлийн нэг болох боксын спорт уналтад орлоо” гэх шүүмжлэл гарах болов. Энэ нь бодитой шүүмжлэл юм. Олимпод ганц ч эрэгтэй боксчин оролцохооргүй болсон нь тамирчдын бэлтгэл сургуулилтаас гадна Монголын боксын холбооны зохион байгуулалттай шууд холбоотой. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Итали улсад болсон олимпын эрх олгох тэмцээнд Монголын боксын холбоо тамирчдынхаа мэдүүлгийг хугацаанаас нь хоцроож өгсний улмаас оролцож чадаагүй. Саяхан Тайландад болсон олимпын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээнээс ганцхан эмэгтэй олимпын эрх авснаар хоёрхон бүсгүйгээ олимпод илгээхээр болоод байна. Эмэгтэй боксчдыг 2012 оны олимпоос оролцуулж эхэлсэн юм.

Уналтад орж “Топ-4”-т тооцогдохоо болихдоо тулж буй боксын спорт олон улсад ч шүүмжлэгдэж, олимпын төрлөөс хасагдах тухай мэдээлэл үе үе гардаг. Саяхан л гэхэд Олон улсын олимпын хорооны спортын захирал Кит Макконнелл нэгэн ярилцлагадаа “Олон улсын сонирхогчдын боксын IBA холбоотой хамтран ажиллахгүй. Олон улсын олимпын хороотой хамтран ажиллах ямар нэг шинэ холбоо байгуулагдахгүй бол бид боксыг 2028 оны олимпын хөтөлбөрт оруулахгүй” гэсэн юм.

Энэ удаагийн олимпод Монгол Улсаас эгч, дүү хоёр хамтдаа олимпод оролцохоор боллоо. Тодруулбал, усанд сэлэлтийн төрөлд оролцохоор болсон Б.Энххүслэн, Б.Энхтамир нар нь эгч, дүү хоёр юм. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олгосон. Энэ хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан юм. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Эгч Б.Энххүслэн нь жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа олимпод оролцохоор болоод байна. Дэлхийн олон орноос ах дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь ховорхон тохиолдол юм. Энэ мэт онцлогтойгоор манай улс 15 дахь олимпод оролцох гэж байна. Олимпын цэнгэлдэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа хэдэн удаа намирч, дэлгэр сайхан тал нутагт минь хэдэн удаа уухайн дуу цангинахыг тэсэн ядан хүлээж сууна.