Аливаа осол гэмтэл, болзошгүй аюулын үед анхны тусламжийг түргэн шуурхай үзүүлж чадсанаар эрдэнэт хүний амь насыг 59 хувиар аврах боломж бүрддэг. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлд дэлхий дахинд өдөр тутамд 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг талаар дурджээ. Харин осол гэмтлийн үед эхний таван минутад амжиж анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай байвал хүний амь насыг аврах, өвчтөний эдгэрэлтийг түргэсгэх, эмнэлэгт болон хувь хүмүүст гарах зардлыг бууруулах зэрэг олон эерэг үзүүлэлт бий болдог. Учир нь, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссон үед хүн клиникийн үхэлд ордог бөгөөд энэ нь ердөө таван минут үргэлжилдэг байна. Үүнээс цааш биологийн үхэл явагддаг бөгөөд энэ үед тархи, зүрхний үйл ажиллагаа эргэлтгүйгээр зогсдог учир эхний таван минутад амжиж анхны тусламж үзүүлэх нь тухайн хүний амь насыг аврах хамгийн чухал цаг мөч юм. Иймд хэн нэгэн золгүй явдалд өртөж, амь нь дээсэн дөрөөн дээр байгаа үед анхны тусламжийг хүн бүр үзүүлж чадах мэдлэгтэй байх нь хамгаас чухал чадвар билээ.
Амилуулах суурь тусламж ба мэдлэг
Аливаа гэнэтийн эрсдэлд орсон хүнд хамгийн эхэлж амилуулах суурь тусламжийг үзүүлдэг. Энэ нь халдвар хамгаалалын хэрэгслээс өөр багаж хэрэгслэлгүйгээр амьсгалын замыг чөлөөлөх, амьсгалуулах, цусны эргэлтийг тэтгэх үйл ажиллагааг хэлдэг. Ингэхийн өмнө тухайн өвчтөний эрсдэлийг үнэлэх нь чухал. Үүний тулд хэрвээ хэн нэгнийг ухаангүй байдалтай харсан бол ойртож очихоосоо өмнө эхлээд эргэн тойрон аюулгүй эсэхийг шалгах нь хамгаас чухал. Энэ нь та өөрийгөө дараагийн хохирогч болох эрсдэлээс сэргийлж буй явдал. Улмаар өөрийн аюулгүй байдлаа хангасан бол дараа нь осолдогчийн хажууд очин өвдөглөн суугаад хоёр мөрнөөс нь барин сэгсэрч, чангаар “Зүгээр үү” гэж асууна. Хэрэв осолдогч хариу үйлдэл үзүүлэхгүй бол ухаангүй гэж үзэн түргэн тусламж дуудах хэрэгтэй. Үүний дараагаар амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Ингэхийн тулд нэг гараараа духан дээр, нөгөө гарын хоёр хуруугаар эрүүнээс түлхэж өгөн агаарын замыг нээнэ. Ингээд 10 секундийн турш цээж/гэдэс хөдөлж байгаа эсэхийг нүдээрээ ажих ёстой. Хүн дунджаар таван секундэд нэг амьсгал авдаг. Хэрэв хэвийн амьсгалж байгаа бол хажуу тал руу харуулах, эсвэл босгож суулгана. Харин осолдогч амьсгалахгүй байгаа бол CPR буюу хиймэл амьсгал хийх ёстой. CPR (Cardiopulmonary resuscitation) буюу хиймэл амьсгал хийхэд дараах зүйлсийг анхаарах нь чухал.
Үүнд:
• CPR гэдэг нь давтамжтайгаар 30 удаа зүрхний иллэг, хоёр удаа хиймэл амьсгал хийхийг хэлнэ. Цээж болон нурууг ашиглан шахах учир тэгшхэн гадаргуу дээр байх ёстой.
• Хоёр хөхний товчийг холбосон зураас болон aюулхайнаас дээшээ цээж рүү эгц зурсан зураасны огтлолцлын цэг дээр дарна.
• Хоёр гараа давхарлан, тохойгоо тэгшлэн биеийн хүчээ ашиглан дарна.
• Мөн 5-6 см гүн дарах буюу биеийн -30 хувь орчимд тааруулж дарна.
• Минутад 120 хурдтай буюу 15 секундэд 30 удаа дарах ёстой. Улмаар 30 удаа даралт өгсний дараа шууд хиймэл амьсгал хийнэ.
• Хиймэл амьсгал хийхдээ толгойг гэдийлгэн амьсгаа чөлөөтэй орж гарахаар амьсгалын замыг нээж өгнө. Үүний дараа хамрыг нь чимхэж, ам руу нь хиймэл амьсгал хийж өгнө.
• Үүнийг нэг секунд орчим нийт хоёр удаа гүйцэтгэнэ:
• Энэ үед амьсгал хийснээр гэдэс нь гүдийж байгааг шалгана:
• Хүний үлээсэн амьсгал өөртөө хүчилтөрөгч агуулж байдаг. Иймд үргэлжлүүлээд 30 даралт, хоёр хиймэл амьсгалыг түргэн тусламж иртэл тасралтгүй хийх хэрэгтэй.
Ийнхүү та дээрх мэдлэгийн хүчээр эрдэнэт хүний амийг аварч чадах юм.
Манай улсын хувьд зам тээврийн осол нь нийт осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тухайлбал, олон улсын улаан загалмай нийгэмлэгийн судалгаанаас харахад зам тээврийн осолд өртөж нас барсан хүмүүсийн 70 хувьд нь анхны тусламж үзүүлээгүй, эсвэл буруу үзүүлснээс болж амь насыг нь эрсдэлд оруулсан. Харин 20 хувьд нь эмнэлгийн тусламж хоцорч үзүүлсэн, 10 хувийг нь аврах ямар ч боломжгүй нас баралт эзэлдэг гэх судалгаа байдаг. Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 1548 хүний амь нас хохирчээ. Хэрэв эдгээр хүнд анхны тусламжийг зөв үзүүлж чадсан бол амь насыг нь аврах боломж маш өндөр байжээ. Гэтэл манай улсын иргэдийн дунд анхны тусламж үзүүлэх мэдлэг ойлголт дутмаг. Үүний улмаас энэ төрлийн осол аваарт өртөж, амь насаа харамсалтайгаар алдах тохиолдох их. Түүнчлэн манайд энэ төрлийн судалгаа, сургалтыг тогтмол, хүртээмжтэйгээр явуулдаггүй нь аливаа эрсдэлд бэлэн бус байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг гээд олон сөрөг үр дагаврыг бий болгож байдаг.

"Осол гэмтэл хаана ч тохиолдож болно. Энэ үед хүн бүр анхны тусламж үзүүлэх зөв мэдлэг ойлголттой байх нь чухал. Монголчууд ихэвчлэн анхны тусламж үзүүлэхдээ тодорхой зөв ойлголтгүй байснаар осолдогч иргэнд үнэртэй ус үнэрлүүлэх, спиртээр арчих гэх мэт буруу арга хэмжээг аваад байдаг. Энэ нь өөрөө тухайн хүнд тус хүргэхээс илүү шарх, зовуурийг нь улам хүндрүүлэх эрсдэлийг бий болгодог. Иймд зөв арга техниктэйгээр анхны тусламж үзүүлэх нь чухал. Ингэхийн тулд дараах дөрвөн “C” зарчмыг баримтлахыг олон улсад зөвлөдөг.
Анхны тусламжийн “4C” зарчим нь:
• Эмнэлгийн тусламж дууд (Call)• Тайван бай (Calmly)
• Өвчтөний биеийн байдлыг шалга (Check)
• Анхны тусламжийг болгоомжтой үзүүл (Carefully) гэж зөвлөсөн байдаг. Энэ дарааллаар бусдад туслах нь чухал."
Орхигдуулж болохгүй ойлголт
Зүрхний шигдээс, тархины цус харвалт, осол аваар гэх мэт гэнэтийн бие махбодийн цочролын бүхий л үед анхны тусламжийг үзүүлэх нь чухал байдаг. Иймд ч энэ төрлийн сургалтыг олон улсад орхигдуулдаггүй бөгөөд сургалтын системдээ заавал тусгадаг. Тухайлбал, Швед, Япон, АНУ гээд олон оронд хүүхдүүдэд анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг дунд ангиас нь зааж сургадаг. Улмаар сурагчдад гэнэтийн ослын үед хүнд хэрхэн туслах, түргэн тусламж ирэхээс өмнө ямар арга хэмжээ авах зэрэг мэдлэгийг дарааллаар нь нэг нэгэнгүй практик байдлаар заадаг. Ингэснээр иргэн бүр ослын үед бусдад туслах чадвар, сэтгэлгээтэй болж өсөж хүмүүждэг байна. Харин манай улсын хувьд бага, дунд ангид энэ талаарх ойлголтыг хичээлийн цөм хөтөлбөрт тусгадаггүй бөгөөд нэмэлтээр мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь ховор. Үүнээс үүдэж олон эрдэлт хүчин зүйлд бэлэн бус байх нь олон. Иймд гэнэтийн нөхцөл байдалд түргэн тусламж үзүүлдэг мэдлэг ойлголттой болгохын тулд хүн бүр энэ талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх нь хамгаас чухал.