Хүүхдийн гэх ертөнцөд гэгэлгэн бодол, гэгээн мөрөөдөл зэрэгцээ оршдог. Гишгэж яваа амьдралын зам мөр нь адилгүй ч тодоос тод гэрэлтэх хүсэл, тов тодруунаар зурагласан ирээдүй бүгдэд нь бий. Энэ удаагийн “Улаанбаатарын хүүхдүүд” буландаа өөр, өөр орчинд өөрсдийн өнгө, хөгөөр амьдарч, аж төрж буй тэрсхэн багачуудын хүсэл мөрөөдөл, хэтийн зорилгыг тольдлоо.
Л.Энхжин: Ээж минь намайг хүлээн зөвшөөрдөг учир бусад хүмүүс хайрладаг
97 дугаар сургуулийн 6ё ангийн сурагч
-Одоогоос нэг жилийн өмнө жюү жицүгийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцоод алтан медаль хүртэж байлаа. Өмнө нь би хэд хэдэн шагнал авч байсан ч энэ удаад ээж маань бүр илүүтэй баярласан. Ээжийгээ болон эргэн тойрны хүмүүсээ баярлуулах нь надад их сайхан санагддаг. Заримдаа хүмүүс миний ярьж байгааг ойлгохгүй тохиолдол бий. Харин би өөрийн дотоод ертөнцөө зургаар илэрхийлж, гаргах дуртай. Тийм ч учраас хичээлээс бусад үед зураг зурж, баримлын шавраар бүтээл урлаж цагийг өнгөрүүлдэг. Харин амралтын өдрүүдэд ээжтэйгээ хамт уран зургийн галерей орж, урлагийн бүтээлүүдтэй танилцдаг. Заримдаа нийслэлийн хамгийн найрсаг гэгддэг дауны холбооны кофе шопдоо очих дуртай. Тэнд бид цаг хугацааг сонирхолтой хэр нь тун завгүй өнгөрөөнө. Сургууль бол миний байх дуртай газруудын нэг. Учир нь энд би бусад хүүхдийн адил суралцаж, хөгжих боломжтой. Ангийн найзууд, багш нар маань хэзээ ч намайг бусдаас ялгаатай гэдэг нүдээр харж байгаагүй. Хааяа гудамжинд танихгүй хүмүүсийн цоо ширтэх гайхширсан харцтай тулгардаг ч би огт тоодоггүй юм. Аливаа зүйлийг дандаа гэгээлэг талаас нь харж чаддаг нь даунтай хүүхдүүдийн давуу тал байж мэднэ. “Энхжин их гоё энергитэй” гэж ихэнх хүн надад хэлдэг. Ээжийг ч бас ялгаагүй тэгдэг. Хичээлдээ явах замдаа эсхүл харихдаа ээж бид хоёр элдвийг ярилцах дуртай. Ирээдүйн талаар, илүү их боломжийн тухай. Ирэх долоо хоногт юу хийхээ ч бас төлөвлөдөг. Саяхнаас манай сургуулийн удирдлагууд ээжийг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллуулахаар багшаар ажилд авсан. Тийм болохоор хэн, хэн маань өдрийн ихэнх цагийг сургууль дээр өнгөрүүлдэг болсон. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн цагт эргэн тойрон дахь хүн бүр өөрөөр харж эхэлдэг гэж ээж маань хэлдэг. Тиймдээ ч ээж намайг хүлээн зөвшөөрдөг учраас бусад хүмүүс намайг хайрладаг байх. Бас хүүхдээ хөгжүүлэхэд тийм ч их мөнгө санхүү ордоггүй, харин сэтгэл л чухал гэдэг. Намайг хөгжүүлэхийн тулд, нийгмийн харилцаанаас ангид хоцроохгүйн тулд ээж минь өдөр бүр хичээсээр ирсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүд гэж нэрлэгддэг бидний хувьд хүлээн зөвшөөрөгдөх байдал хамгаас чухал. Бусдаас ялгаатай ганц зүйл нь бидэнд даун гэх нэршилтэй нэг илүү хромсом бий. Энэ илүү хромсомын нөлөөгөөр бидэнд бусдыг хайрлах, халамжлах, энэрэх сэтгэл илүүтэй төрдөг байх.
А.Төгөлдөр: Намайг гадагшаа сургах нь ээжийн хамгийн том мөрөөдөл
Нийслэлийн 28 дугаар сургуулийн 6г ангийн сурагч
-Энэ жил миний хувьд их онцгой жил. Санамсаргүйгээр нийгмийн сүлжээнд танигдаж, сайн хүү хэмээн бусдад магтуулаад л. Гадуур явахаар “Усанд явангаа ном уншдаг өнөөх хүү байна” гэж ихэнх хүн намайг таньдаг болсон байна лээ. Хаврын урь орж, цас ханзарсан тэр өдөр өвөө намайг усандаа яваад ир гэсэн юм. Тухайн үед би “Шидтэнүүдийн сургууль” гэх цуврал номын эхнийхийг уншаад номондоо автчихсан байлаа. Тийм болохоор ирээд уншина гэж хүлээлгүйгээр худаг руу явахдаа өнөөх номоо авч явж таарсан. Гэтэл зам дагуу тэргээ түрээд, номоо уншиж яваа зургийг маань нийгмийн сүлжээнд байршуулсан байв. Ингээд л би гэнэт хүмүүст танигдаж орхисон хэрэг. Ном унших надад яг л чихэр шиг санагддаг. Төсөөлнө, төсөөллийнхөө ертөнцөд өөрөө очно. Саяхан би Тэргүүний уншигч “Нацагдорж” тэмдгээр шагнуулсан. Тайзан дээр шагнал гардаж аваад, талархлын гоё үгс томчуудаас сонсоно гэдэг хэчнээн сайхан гээч. Улам их хичээх урам зоригтой болдог юм билээ. Үнэн хэрэгтээ энэ үед гэрийнхэн маань надаас илүү баярласан байсан. Өдөр тутамдаа би гэрийнхэндээ ойр зуурынх нь ажилд туслаж, дүүгээ харж, хичээлээ хийдэг. Мөн сургуульдаа явж, найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай. Манай сургуулийн хичээлийн байрыг шинэчлэн барихаар нураагаад хоёр жил болж байна.
Одоогоор МҮИС-ийн байранд хичээллэж байгаа. Сургууль гэр хоёрын хоорондын зай холдсон учраас би ихэвчлэн автобусаар хичээлдээ явдаг. Гэхдээ ирэх хичээлийн жилээс илүү тохилог, шинэ сургуульд хичээллэнэ гэж багш маань хэлсэн болохоор хүндрэлтэй санагддаггүй. Ээж бид хоёр хааяа ирээдүйн талаар ярилцах дуртай. Намайг гадагшаа сургах нь ээжийн хамгийн том мөрөөдөл. Миний хувьд ч ялгаагүй. Саяхныг хүртэл өөрийгөө шүдний эмч болно гэж боддог байлаа. Харин дунд ангид ортол энэ бодол өөрчлөгдсөн. Одоогоор ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадварт тулгуурлаад мэргэжлээ сонгоно гэж боддог. Тавдугаар ангид байсан шиг санагдаж байна. Ангид маань Азжаргал гээд англи хэлдээ маш сайн охин суралцдаг байв. Яагаад ч юм тэр охиноос үлгэрлэхийг хүссэн.
Өөрөөр хэлбэл, гадаад хэл сурах нь ирээдүйд надад их хэрэг болно гэдгийг тухайн үед ойлгосон юм. Ингээд л хэл сурахаар шийдсэн. Долоо хоногийн гурван өдөр хятад болон англи хэлний дамжаанд зэрэг суралцаж байгаа. Эдгээр хэлээр чөлөөтэй ойлгож, интернэт орчноос хүссэн мэдээллээ олж авахыг хүсдэг. Мөн цаашид гадагшаа явж сурахад хэлний чадвар шаардагдах нь ч тодорхой. Хэчнээн ядарсан ч хэл сурахад их урамтай байдаг. Саяхан номын баяраар дуртай номынхоо зохиолчтой уулзсан. Олон хүүхдийг ном уншихaд уриалсан сайн хүү хэмээн магтуулсан. Ойрын хугацаанд миний биелээсэй гэж хүсэж буй зүйл бол гэртэйгээ ойрхон тохилог номын сантай болох. Манай ойр орчимд хүүхдэд зориулсан номын сан бараг л байдаггүй. Байдаг ганц нь огт ажилладаггүй.
Э.Сугартана: Ирээдүйд тархи судлаач мэргэжлээр суралцахыг хүсдэг
“Шинэ Монгол” сургуулийн 6-гийн 2 дугаар ангийн сурагч
-Өрөөнд намуухан хөгжим эгшиглэнэ. Энэ зуурт үсээ хоёр сүлжсэн бяцхан охин мууртайгаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн, өөрт ямар мэдрэмж сэтгэгдэл төрж байгаа талаар ярьж суугаа харагдана. Айлын ганц охин учраас түүнд ганцаардах мэдрэмж үе үе төрдөг аж. Энэ үедээ тэрээр Анжи нэртэй мууртайгаа ийнхүү ярилцан суух дуртай. Муураа сахилгүйтэж, буруу зүйл хийсэн үед нь “Айн чи” хэмээн зэмлэдэг байсан учраас Анжи хэмээн нэрлэжээ. Ойрноос үзэх хичээлийн тоо нэмэгдэж, хийх даалгавар олширч байгаа учраас тэрээр өмнөхтэй харьцуулахад нэлээд завгүй болсон. Охин нэгдүгээр ангиасаа хойш “Шинэ Монгол” сургуульд суралцаж буй. Сургуулийн орчин түүний хувьд байх дуртай газруудынх нь нэг. Энд тэрээр шаргуу хичээллэж, илүү олон найз нөхөдтэй болно. Пүрэв гараг юу юугүй л нисэж байгаа мэт хурдан өнгөрдөг гэж ярих нь геометр, мэдээлэл зүй, уран зохиол, дүрслэх урлаг гээд түүний дуртай хичээлүүд ордогтой холбоотой аж. Хичээлээ тараад үргэлжлүүлэн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн клубтээ явна. Өмнө нь ардын бүжиг, цэнгээнт бүжгийн клубт явдаг байсан бол энэ жилээс тэрээр хөгжөөн дэмжигчдийн бүжгийг илүүтэй сонирхох болжээ. Улс, дүүргийн томоохон тэмцээнүүдэд оролцоод хэд хэдэн шагнал хүртсэн нь улам их амжилт гаргах сэдэл болсон гэж тэрээр ярина. Э.Сугартана ирээдүйд ямар мэргэжилтэй болох, хаана суралцахаа ч аль хэдийнээ төлөвлөжээ. Байгалийн шинжлэх ухааны хичээлдээ дуртай учраас тэрээр ахлах ангиа төгсөөд арлын Япон улсад Тархи судлаач мэргэжлээр суралцах гэнэ. Энэ нь түүний хувьд хамгийн том мөрөөдөл нь бөгөөд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахыг зорьж буй. Мөн тэрээр ирээдүйд бүх зүйлийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүтээхийг хүсдэг. Ангийнх нь багш нэг удаа “Гучуулаа яг ижилхэн, нэг завин дээр сууж яваа шүү. Нэгнээ битгий ардаа үлдээгээрэй. Бүгдээрээ л амжилт руу тэмүүлж яваа юм шүү дээ” хэмээсэн нь түүний санаанаас огт гардаггүй. Ийм ч учраас тэрээр үеийн найзуудтайгаа хамтдаа өсөж, хөгжих, өшөө илүү хичээхийн төлөө мэрийх болжээ. Э.Сугартана гэх нэрийг англиар бичихэд “Sugartana” буюу англи хэлний sugar (сахар) гэх үгтэй ойролцоо бичигддэг учраас ангийнх нь найзууд түүнийг “Сахартуна” гэж хочилно. Гэхдээ тэр энэ хочиндоо их дуртай. Дөрөвдүгээр ангиасаа хойш хэрэглэж буй баллуур дээрээ хүртэл балын харандаагаар өөрийнхөө хочийг бичиж орхисон хэмээн инээнэ. Сургуулиас гэр хүртэл 5-10 минутын зайтай учраас ихэвчлэн ганцаараа эсвэл найзтайгаа хамт хичээлдээ явдаг. Зарим тохиолдолд эмээтэйгээ сургуульдаа ирж, буцах өдрүүд ч бий. Гэртээ хариад гэрийнхээ ажилд тусална. Дараа нь гэрийн даалгавраа хийж дуусгана. Их даалгавартай үедээ түр амсхийхийн тулд төгөлдөр хуур дээр өөрийнхөө дуртай аяыг тоглоно. Энэ нь түүнд нэг талаар тайтгарал болдог аж. Эртхэн даалгавраа хийгээд дуусчихвал ном унших, дуу сонсох зэргээр цагийг өнгөрөөнө. Энэ л түүний өдөр тутамдаа хийж дадсан зүйл. Харин амралтын өдрүүдэд ээж, эмээтэйгээ хүнсээ цуглуулах, дэлгүүр хэсэх их дуртай. Ялангуяа ээждээ хувцас сонгоход нь туслах, зохиж байгаа эсэхийг нь зөвлөх нь түүнд их таалагддаг. Түүний ээж эмч мэргэжилтэй учраас өдөр болгон тун завгүй ажиллана. Тийм болохоор амралтын өдрүүдийг алдалгүйгээр ээжтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсдэг талаараа охин ярьсан юм. Хүний амьдралд аливаа саад бэрхшээл, хэцүү зүйл тохиолдож болох ч энэ болгоныг “ямар хэцүү юм бэ” гэж хүлээж авахаас илүүтэй “би чадна”, “би хийнэ” гээд л урагш тэмүүлэхийг хүсдэг дээ хэмээх энэ бяцхан охинд өөр нэгэн нууцхан хүсэл бий. Энэ нь захын гэр хорооллын хүүхдүүд ч ялгаагүй таатай, тавтай орчинд суралцдаг байгаасай гэх хүсэл аж. Тэрээр “Ирээдүйд томоос том, тодоос тод гэрэлтэх хүсэл хүн бүрд бий. Тиймээс тэдгээр хүүхдүүд ч ялгаагүй аюулгүй орчинд аж төрж, алсдаа хүссэн зорилгодоо хүрдэг байгаасай гэж би хүсдэг” хэмээсэн юм.
“Сайхан цаг ирнэ гэдэгт үргэлж итгэхийг хүсдэг”
Улаанчулуутад хог түүдэг Ж (16 настай)
Хогийн машин ирэхтэй зэрэгцээд уншиж буй номоо хаан хойш тавьлаа. Байнга биш ч боломж л гарвал ганц хоёр ч болов хуудас эргүүлэхийг хичээдэг юм. Энэ их манарсан тоос тортог, илжирч муудсан өмхий хогон дунд суухдаа хааяа боддог. “Хичээлдээ явж байсан бол хэчнээн гоё вэ” гэж. Гэхдээ сургуулиас гараад дөрвөн жил болж байна. Хэрэв сургуульдаа явж байсан бол одоо аравдугаар ангийн сурагч байх байлаа. Гэвч надад сонголт байгаагүй. Өдрийн ихэнх хугацааг би энд өнгөрүүлдэг. Хог түүнэ. Түүсэн хогоо ялгаж, ангилна. Ангилснаа ирсэн ченжүүдэд зарж, борлуулна. Тэгээд мөнгөтэй болно. Энэ л миний өдөр тутамдаа хийж дадсан зүйл. Энд би найзуудтайгаа, бас найз залуутайгаа хамт хог түүдэг учраас ах нарын шохоорхсон харцнаас ангид, аюулаас хол байж чаддаг. Халтартсан царайгаа харж нэгнээ шоолох, хамтдаа ирээдүйн талаар ярилцах нь бидэнд хүндхэн өдрүүдийг давахад ихээхэн дэм болдог. Мэдээж бидний хэн нь ч ирээдүйгээ Улаанчулуутын хогийн цэг дээр төсөөлдөггүй. Олдог мөнгөний тухайд, ахуйн хэрэгцээ шаардлагад хангалттай хүрэлцдэг ч удаан хугацаанд энд хог түүх нь хэний ч хүсэх зүйл биш. Найз залуу бид хоёр саяхан хураасан мөнгөөрөө өөрсдийн гэсэн машинтай болсон. Тэр маань надаас хоёр ах, зургаадугаар ангиасаа сургуулиас гарчихсан. Үерхээд таван жил болж байна. Бид хоёрын гэр эсрэг зүгт байдаг учраас өглөө бүр яг энд, дундаа уулздаг юм. Одоо жаахан л хичээчихвэл гэр аваад тусдаа гарна, тэгээд үргэлж хамтдаа байна. Өрх тусгаарласны дараа өөр ажил олж хийх талаар ч бодож үзсэн. Одоохондоо хүүхэд төрүүлэх бодолгүй байгаа. Ийм нөхцөлд хүүхэдтэй болох их хэцүү санагддаг. Өөрийнхөө туулж яваа амьдралд нэг их сэтгэл дундуур байдаггүй ч хүүхэдтэй болвол хэцүү бэрхийг аль болох үзүүлэхгүй юмсан гэж боддог. Тийм болохоор эрсдэлээс сэргийлж, жирэмснээс хамгаалах ерөндөг тавиулаад удаж байна. Хэзээнээс хог түүхээ болихоо хэлж мэдэхгүй байгаа ч Улаанчулуутын хогийн цэг бол бидний хувьд ажлын байр, амьжиргаагаа залгуулах гол байршил. Энд архины мөнгө олохоос эхлээд алсдаа бодож төлөвлөсөн зүйлдээ хүрэхийн тулд мэрийж яваа олон хүн бий. Хогийн цэг дээр л бид хир даг болсон хувцастай, хэн ч танихааргүй царай зүстэй явдаг болохоос хотын төв рүү орохдоо нөгөө хувцасаа өмсөж, нүүр гараа угаагаад аль болох цэмцийгээд л явдаг. Олсон мөнгөөрөө дуртай амттанаа авч иднэ. Харихдаа дүү нартаа ч бас хоосонгүй очно. Хөдөлмөрлөж байгаа учраас бидэнд хүнээс мөнгө гуйх, хулгай хийх шаардлага огтхон ч байхгүй. Заримдаа хог түүдэг, хоногийн хоолоо болгочих юмсан гэсэн энэ амьдрал намайг хангалттай хэрсүү болгож байгаа юм шиг санагддаг юм. Энэ хэрээр хүн их энгийн зүйлээс баяр баяслыг мэдэрдэг болдог юм билээ. Оройн хоолны мах, жаал жуул хүнсээ базаагаад харихдаа, орлого сайн олсон өдрөө, аавыг архи уугаагүй үед, ажлаа дуусгасны дараагаар гээд л... Ар гэр, ахуй амьдралаа өлхөн болгодог болчихвол алсдаа өөрийнхөө мөрөөдлийг орхихгүйгээр заавал биелүүлнэ. Оройтсон ч хамаагүй сургуульд сурна. Одоогийнхоосоо шал өөрөөр амьдарна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй ч би зүгээр л сайхан цаг ирнэ гэдэгт үргэлж итгэхийг хүсдэг.