
Өнгөрсөн онд танилцуулсан PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр манай улс сүүл мушгиж, тодорхой чадваруудад Азийн дунджаас 1.2-2.5 жилийн хоцрогдолтой хэмээн дүгнэгдсэн. Үүнээс хамгийн гүйцэтгэл султай нь унших чадварын үнэлгээ байв. 15 настай сурагчдын 64 орчим хувь нь унших чадвар эзэмшээгүй буюу гурван сурагч тутмын хоёр нь эх хэлээрээ уншсан зүйлээ ойлгож, эргэцүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадвар сул гарчээ. Монгол сурагчдын ердөө 30 гаруй хувь нь л унших чадварын суурь түвшинг хангаж буй нь тун чамлууштай үзүүлэлт юм.
Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан боловч ул суурьтай унших, эргэцүүлэх тухайд учир дутагдалтай хэвээр байна. Энэ нь бидний эзэмшиж буй чадвар ердөө л энгийн өгүүлбэрийг уншиж ойлгох, бичих төдийхнөөр хязгаарлагдаж байгаагаас илэрхий харагдана.
Дадаагүй дадал
Унших чадвараар тэргүүлж буй Сингапур, Япон, БНСУ-д аливаа ном зохиол, бичвэрийг унших нь өдөр тутмын дадал шахуу болсон байдаг. Бага, дунд сургуулийн сурагчид нь л гэхэд жилийн хугацаанд унших номын жагсаалтаа гаргаж, өдөрт хэчнээн цагийг ном уншихад зарцуулах талаар төлөвлөгөө боловсруулдаг аж. Харин бидний хувьд унших процесс нь дадаагүй дадал хэвээр байна. Уншдаг хүнийг ухаантан гэж хартлаа бид уг зүйлээс хөндийрч орхисон байна. Нарийндаа яривал уншихтай холбоотой чадварууд нь бусдаас онцгойрох гэхээс илүүтэй хүнд байх ёстой наад захын чадамж юм.
Гэхдээ аливаа бичвэрийг уншдаггүй, утгыг нь ухаж ойлгодоггүй буруугаа дан ганц боловсролын тогтолцоотой холбон тайлбарлах нь утгагүй зүйл. Гэр бүлийн орчинд хүртэл томчууд уншихыг үлгэрлэж, багачуудад сэдэл төрүүлэх хэрэгтэй. Нэгэн судалгаанд дурдсанаар эцэг, эх нь хоёулаа ном уншдаг айлын хүүхдүүд ном уншдаг болох магадлал 50 хувь, хэрэв нэг нь ном уншдаг бол хүүхдүүдийнх нь унших магадлал 25 хувь байдаг аж. Тэгэхээр бага наснаас нь унших дадалд сургахад гэр бүлийн нөлөө боловсролын системээс дутахааргүй чухал. Уйгагүй уншигч болгоё гэвэл хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном сонгох, харилцан ярилцах нь хамгаас чухал.
“Гүехнээс гүн рүү”
Англи хэлний чадвар, академик түвшний мэдлэгийг хэт чухалчилж, эх хэлэндээ монголчууд ихэд хойрго хандаж буй нь үнэн. Гэвч нөгөө талд амархан гэж ам гарсан зүйлдээ бид бүдэрч явна. Боловсролын тогтолцоондоо хүртэл эх хэлний чадвар болоод уран зохиолын талаарх ойлголтыг хялбар гэж үздэг учраас гурван өөр төрлийн хичээлийг нэг багшид даатгаж орхидог. Чанартай сайн боловсрол олгож буй улс орнуудад дан ялангуяа уран зохиолыг мэдрэмж хөглөх чухал хичээл гэж үздэг. Энэ ч үүднээс утга зохиол судлал, уран зохиолын багш нар өөрсдийгөө цаг ямагт хөгжүүлэх, сайжруулах, ажил мэргэжилдээ сэтгэлээсээ хандаж, сурагчдад сайн зохиол уншуулах нь чухал.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Г.Галбаяртай унших чадварын талаарх ярилцсанаа нийтлэлийнхээ төгсгөлд хүргэж байна.
Унших чадвар сул байгаагийн учир юунд байна вэ?
Аливаа мэдлэг, мэдээллийг хүн гүехнээс гүн рүү гэх тогтолцооны дагуу хүлээн авч, боловсруулах чадвартай байдаг. Үүнтэй холбоотойгоор бусад улс оронд хүүхдийн унших чадварыг сайжруулахдаа энгийнээс эхэлж, аажим аажмаар ахиулах зарчмыг баримталдаг. Монголчуудын хувьд уран зохиолын хэлээр дамжуулж, хүүхдийг унших дадалд хөтөлсөөр ирсэн. Харин өнөө цагт уншихын ач холбогдлыг төдийлөн ухамсарлахаа больжээ. Товчхондоо, унших дадал суусан хүн дан ганц эх зохиол гэлтгүй аливаа бичвэрийг уншаад ойлгох, анализ хийх чадварт суралцсан байдаг.
Нөгөө талаас монголчуудын хувьд унших чадвар сул байгаагийн учир нь ЕБС-ийн уран зохиол, эх хэлний хичээлийн хөтөлбөр боловсруулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр нь алдаа мадагтай учраас сурах бичгүүд нь хоорондоо ямар ч залгамж холбоогүй байдаг. Дан ялангуяа уран зохиолын сурах бичгүүд ямар ч тогтолцоогүй. Хөтөлбөрт багтаж буй зохиолуудыг хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулахаас илүүтэй танил тал, найз нөхдийн холбоо сүлбээгээр сонгодог асуудал бий. Энэ нь тодорхой байдлаар хүүхдүүдийн унших чадвар болоод ойлгож, хүлээж авах байдалд нөлөөлж буй.
Амархан гэж ам гарсан зүйлдээ бид бүдэрч яваа нь PISA-гийн үнэлгээнээс тодорхой болсон. Энэ талаар?
-Хүн төрөлхтний сэтгэлгээ, оюун ухаан нийтлэг нэг зүйл байж болно. Гэхдээ улс орон бүрт өөрийн гэсэн онцлог мөн чанар бий. Үүнийг илэрхийлж буй гол цөм нь эх хэл бичиг, урлаг, утга зохиолын талаарх ойлголт юм. Харамсалтай нь хүмүүс жинхэнэ мөн чанарыг нь ухамсарладаггүй. Үүний балгаар би монгол хүн учраас эх хэлний мэдлэгийг эзэмших амархан, монгол хүн учраас уран зохиол унших шаардлагагүй хэмээн эндүүрдэг. Гэтэл эх хэлний ойлголтын цаана үндэстний сэтгэлгээний айхавтар нарийн бүтэц, зүй тогтол гэж бий. Үүнтэй холбоотойгоор аливаа асуудалд хандах хандлага, суралцах чадварын хувьд доголдолтой болсон байдаг. PISA-гийн үнэлгээний үр дүнгээс харахад эх хэлний чадвар бол нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн нарийн шинжлэх ухааны ойлголт. Гэвч бид уг шинжлэх ухааны нарийн өгөгдлийг тогтолцоотой авч хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний балгаар би мэднэ, чадна гэх хий хоосон бардамнал, хаалт бий болоод байгаа юм.
Сүүлийн үед хэвлэгдэж буй ном зохиол хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай бүтээл болж чадаж байна уу?
-Аливаа ном зохиол бичнэ гэдэг хүний хүсэл, сонирхлоор хийж орхидог зүйл биш. Энэ бол байгалиас заяагдсан өгөгдөл гэж би хувьдаа үздэг. Гэтэл үүнийг бизнес болгон хувиргаж байна. Хэн дуртай нь ном бичиж, түүнийгээ бестселлэр хэмээн сурталчилж, ашиг горилж буй. Нөгөө талдаа ном зохиолыг унших гэж биш үзвэр төдий байдлаар цуглуулах хүмүүсийн сонирхолд нийцүүлж, хэн дуртай нь ном хэвлүүлж, түүнийгээ худалдаалан борлуулж байна. Энэ хэрээр чанаргүй бүтээл улам бүр олширч байгаа юм.
Түүнчлэн хүүхдийн зохиол бичихийн тулд тухайн зохиолчоос асар их дээд эрэмбийн чадвар шаарддаг. Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёлын, сонирхлын илэрхийлэл гээд олон зангилаанд эрчлэгдэж, бичигддэг зүйл. Манай улсын хувьд хүүхдийн утга зохиолын хувьд багагүй хоцорч яваа гэж хэлж болно.