Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвар, нэмээд дээр нь өрсөлдөх чадамж, хүний хөгжлийн индексээрээ манай улс сүүл мушгиж яваа нь хэд хэдэн судалгаанаас илэрхий харагдана. Тухайлбал, НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд өнгөрсөн онд Монгол Улс хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-т, өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-т жагсжээ. Мөн авьяасын индексээр 64 орноос 60-т, нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадварын хувьд 65 орноос 59 дүгээр байрт жагссан байна.
Үүнээс гадна сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр сурагчдын эзэмшсэн чадварыг сургуульд сурах хугацаатай харьцуулахад бүхэл бүтэн дөрвөн жилийн хоцрогдолтой гэх дүгнэлтэд хүрээд буй. Энэ нь товчхондоо, 12-р анги төгсөж буй сурагч наймдугаар ангийн ур чадвартай төгсөж байна гэсэн үг. Боловсролтой холбоотой эдгээр чухал үзүүлэлтэд илтэд “муу дүн” авч буй нь бүх шатны боловсролын суурь зарчим хангагдахгүй байгаатай холбоотой.
Хөтөлбөрийн шинэчлэл ба тогтолцооны гор
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын хөтөлбөрт нийт 10 удаа шинэчлэл хийжээ. Гэвч харамсалтай нь бид хөтөлбөр бүрийн эцсийн үр дүнг үзэлгүйгээр нэгээс нөгөөд шилжсээр буй. Үүний цаад шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал, төрийн ажлын залгамж халаа байдаггүйтэй холбоотой. Ер нь, бүхий л салбарт тодорхой зорилтод хүрэхээс илүүтэй сөрөг хүчний санаачилсан хууль тогтоомж, хөтөлбөрийг таслан зогсоосоор ирсэн. Ийм л жишгээр боловсролын салбар эрх баригчдын гарын аясаар бөмбөрч, болсон болоогүй цалгардаж явсаар өнөөдрийг хүрч байна. Угтаа боловсролын хөтөлбөр тогтвортой, тооцоололтой, сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байж гэмээ нь бодит үр дүнд хүрдэг.
Дараагийнх нь “Үндэсний хөтөлбөр”
Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой боловсролын “Цөм хөтөлбөр” 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй нь эхэнд дурдсан үнэлгээнээс илэрхий харагдаж буй. Эзэмших ёстой суурь чадваруудыг зөв тодорхойлж чадаагүй нь хүүхдийн хөгжлийг хойш татсан хэрэг болов. Тэгвэл 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн уг хөтөлбөрийг 2027 оны хичээлийн жилээс үндэсний гэх тодотголтой өөр нэгэн хөтөлбөрөөр солино.
“Цөм” хөтөлбөрийн дараа хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Үндэсний хөтөлбөр”. Ирэх хичээлийн жилээс эл хөтөлбөрийг давхар туршиж эхлэх бөгөөд 2037 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
"Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засаг, улс төр, геополитик нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх явдал юм."
Ямар боловч дараагийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа хаяанд ирж. Тиймээс өмнөх алдааг давтахгүйн тулд анхнаас нь цогц байдлаар, хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогт тохирсон, бодит мэдлэг чадвар олгох агуулга, өгөгдэхүүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байна. Уг нь сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн онд хууль эрх зүйн хувьд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хөтөлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Уг хуульд боловсролын хөтөлбөрийг тасралтгүй цогц үйл ажиллагаа гэж үзээд заавал төлөвлөх, боловсруулах, турших, сайжруулах, хэрэгжүүлэх, үнэлэх гэсэн зургаан циклтэйгээр боловсруулна хэмээн хуульчилжээ.
"Монгол Улсад хөтөлбөрийн менежментийн цикл гэх ойлголт өнгөрсөн хугацаанд байгаагүй бөгөөд үүнийг саяхнаас хуульчилсан. Боловсролын багц хуульд тусгаснаар нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөр рүү шилжихэд хамгийн багадаа 10-12 жилийн хугацаа зарцуулж байж дараагийн шинэчлэл хийгдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хөтөлбөрийн шинэчлэл хийхэд заавал судалгаа, туршилтад суурилдаг болно. Үүний дараа хэрэгжүүлж, туршина гэсэн циклтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ."
Доод ба дээд эрэмбэ
Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэнээс эхлээд өнөөг хүртэл амь голтой хэвээр байгаа сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгууд нь хүүхдэд ердөө доод эрэмбийн чадвар эзэмшүүлэхэд чиглэж байна. Аливааг автоматаар цээжлүүлэх, эргэн сануулах гэж оролдох гэх мэт. Харин бусад улс орны сургалтын хөтөлбөр нь хүүхдийн дээд эрэмбийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг. Тухайлбал, аливаа зүйлд анализ хийх, дүгнэх, бусадтай харилцан ойлголцох, хамтран ажиллах, хэн нэгний давуу болон сул талыг хүлээн зөвшөөрөх гэх мэт. Товчхондоо академик мэдлэгээс гадна амьдралын ухаанд хүүхдүүдийг сургахыг зорьдог гэсэн үг.
Олон улсын боловсролын чанарын үнэлгээний байгууллага болон үндэсний үнэлгээний байгууллагуудын гаргасан дүгнэлтээс харахад манай улс сурагчдыг шалгалтад бэлтгэдэг хөтөлбөрийн тогтолцоотой байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийг амьдралд бэлтгэх гэхээсээ илүүтэй академик мэдлэг олгохыг л зорьж байна. Энэ нь сурагчид мэдлэгээ ур чадвар болгох, ур чадвараа амьдралд ашиглах талаар ойлголт хомс байгаатай холбоотой.
Аливаа хичээлийн агуулгыг сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохируулах, сурах бичигт тусгагдсан суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх нь боловсролын салбарт чухалчлах ёстой асуудлуудын нэг. Гэвч сэргээн санах, ойлголтын түвшний агуулгад төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулдаггүй нь боловсруулсан сурах бичгүүдээс нь илэрхий харагдана.
"Нийт 174 сурах бичгийн агуулгад хяналт тавихад доод эрэмбийн даалгавар ихтэй, дээд эрэмбийн буюу бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх дасгал, даалгавар ажил багатай нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, мэдлэг ойлголт, чадварын түвшингээс хэрэглээний түвшин бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Угтаа сурах бичгийн агуулга ямар байна, сурлагын амжилт яг тийм байдаг."
Түүнчлэн ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар хамгийн чухалд тооцогдож байна. Мөн бэрхшээл сорилтыг даван туулах, учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар ч онцгой ач холбогдолтойд тооцогдож буй. Үүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөртөө салхи оруулж, суурь мэдлэгээс гадна амьдрах ухаанд сургахад анхаарах нь зүй билээ.
Одоогийн сургалтын хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байгаа талаар салбар яамны сайд ч мэдээлээд буй. Хэдийгээр зургаан настай сургуульд элсэхээр болж, 12 жилийн тогтолцоонд шилжсэн ч нэгдүгээр ангийн хүүхдэд найман настай хүүхдийн хичээлийн программ шууд тулгаж буй нь сурагчдын сурлагын чанарт их нөлөөлж байна. Үүнээс үүдэж хүүхдүүд хичээлдээ сонирхолгүй болж, улмаар 12 дугаар ангиа наймдугаар ангийн боловсролтой төгсөж байна.