Малчин түмэн амаргүй өвлийн ард гарлаа. Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас унаж, газар нутгийн 80 орчим хувийг зудын аюул “нөмрөв”. Үүний улмаас нийт малын 10.2 хувь буюу 6.6 сая нь хорогдож, 400 өрхийн “хот харлажээ”. Малынхаа 70-аас дээш хувийг алдсан малчин өрхийн тоо 4000 давсан гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм.

Малын хорогдол ийм хэмжээнд хүрсэн нь малаа барсан түмэн олноос гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт ч тун халтай. 2023 онд 8.9 хувийн уналттай байсан хөдөө аж ахуйн салбар энэ жил бүр ч хүнд нөхцөлд хүрэх нь дамжиггүй. Малчдын орлого буурч, ядуурал гүнзгийрэх эрсдэлтэйгээс гадна таваарт нийлүүлэх малын тоо цөөрч, малын гаралтай түүхий эдийн үнэ өсөж ч болзошгүй юм. Мөн “хот нь харласан” малчид хот суурин бараадаж, шилжих хөдөлгөөн нэмэгдэж, төвлөрөл улам зузаарна. Ийн хэдий цаг наашилсан ч зудын дараах эрсдэл, хүндрэл өнөө ч биднийг отож буй.

Ард иргэдийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засагт урт хугацааны эрсдэл учруулж буй зуд үнэхээр давагдашгүй хүчин зүйл үү гэдгийг одоо гогодох цаг нь. Мөн байгалийн эл шалгарлын өнөө жилийн, өмнөх олон удаагийн адилаар халамж, хандив зэрэгт найдан, гал унтраасан байдлаар аргацаасаар байх уу гэдгийг ч шат, шатандаа эргэцүүлэх нь зүй.

Туршлагаждаггүй туршлага

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монгол оронд зудын аюул нүүрлэж, цөөнгүй малчин “модоо барьсан” гашуун түүх бий. Тодруулбал, 2009-2010 оны өвөл нийт малын 20 хувь нь буюу 8.5 сая нь хорогдож, зуд 769 мянган хүний амьдрал, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. Тухайн үед олон улсын байгууллагууд зудын нөхцөл байдлыг судалж, давтамж ойртох эрсдэлтэйг ч сануулж байв. Мөн зудыг хэрхэн хохирол багатай даван туулах тухай малчдад зориулсан зөвлөгөө, мэдээлэл бэлтгэж, бодлогын түвшинд хэрхэн анхаарах шаардлагатайг ч судалгааны тайландаа онцолсон байдаг.

Тус тайланд, малчид зун, намрын улиралд малаа сайн тэжээж, өвөл, хаваржилтын өвс, тэжээлийг хангалттай хэмжээгээр базаах, хөгшин, үржил шимгүй малыг намрын улиралд зарж, үржлийг хязгаарлах гэхчлэн зудаас сэргийлэх боломжит хувилбаруудыг тусгасан байдаг. Мөн малчдаас гадна, сэрэмжилж анхаарах учиртай нэг чухал субъект нь орон нутгийн засаг захиргааны нэгж гэж тэд үзжээ. Орон нутгийн засаг захиргаа мал худалдах, намрын отор, хадлан, тэжээл бэлтгэх, хадгалах, өвөлжилт, хаваржилтыг таамаглах, олон нийтэд сурталчлах, урамшуулах замаар хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Түүнчлэн отрын бүс нутгийг урьдчилан тогтоох, нөөцийн бэлчээрийг базаах шаардлагатайг гаднын байгууллагын судалгаанд өгүүлсэн байв. Энэ мэтчилэн цаг зуурын бэрхшээл болох зудыг хохирол багатай даван туулахын тулд малчин, орон нутгийн засаг захиргаа, төр засаг хэрхэн анхаарч, яаж ажиллах учиртайг судалгаанд үндэслэн өгүүлэх тайланг Дэлхийн банкнаас 10 илүү жилийн өмнө боловсруулан гаргасан. Гэвч төр нь ч, түмэн олон нь ч түүнийг анирдсангүй. Зудын дараа ч зуд нүүрлэх эрсдэлтэйг тооцоолж бодсонгүй. Үүнийхээ балгийг өнгөрсөн өвөл үзэж, малаа барж, “модоо барьж” буй.

2010 онд тохиолдсон зудын дараа олон улсын байгууллагуудаас малчид өвлийг өнөтэй давахын тулд ямар бэлтгэл хангах, орон нутгийн захиргаа, төр засгийн түвшинд ямар арга хэмжээ авах талаар нарийн судалгаа хийсэн. Хэрэв олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хүлээж авч, хэрэгжүүлж ажилласан бол энэ удаагийн зудыг хохирол багатай даван туулах боломжтой байсан. Алдаанаасаа сургамж авдаггүй учир хүндрэл бэрхшээлийг өндөр өртгөөр даван туулж, “хандив цуглуулъя, төсвөөс зээлийг нь төлье, малжуулъя, хүүхдийг нь үнэгүй сургая, татвараас чөлөөлье” гэх мэт арга хэмжээ авч байна. Монголд бүх шатанд, бүх салбарт гаргадаг хамгийн том алдаа энэ. Төрийн бодлогын түвшинд энэ алдаагаа ойлгохгүй байна.

News.mn

Зунд бүү суу, зудад бүү сандар

“Зуд залхуу малчны гадаа л ирдэг” гэж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Ц.Намхайнямбуу гуай өгүүлсэн байдаг. Түүний энэ үг малчдад хүнд тусахыг үгүйсгэхгүй. Гэхдээ л гашуун ч үнэн нь энэ. Нэг үеэ бодоход, бид мэдээллийн эринд амьдарч байна. Зудын тухай мэдээллийг ааг халуун зунаас эхлээд суваг бүрээр анхааруулж, цаг уурчид өөрсдийн хэрээр сэрэмжлүүлж л байсан. Өнгөрсөн намар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч Д.Шагдарсүрэн гуайтай хөөрөлдөх зуур “Энэ жил малчид өвс, тэжээлээ эртнээс бэлтгэх хэрэгтэй. Өвлийн бэлтгэлээ сайн базаагаарай гэсэн шиг зун зуншлага сайхан боллоо. Малчид малаа зах зээлд гаргаж, “хэтэвчлэхэд” ч буруугүй. Өвөл, хавар бүх л нутгаар чангарах төлөвтэй байна. Хамгийн гол нь малын хэвтэр, бууц, тэжээл, бордоогоо сайн базааж чадвал аминд өлзийтэй. Дунд идэш, дулаан хэвтэр гэж үг бий шүү дээ” гэхчлэн өгүүлж байсан юм. Мэргэжлийнхэн цөм ийн анхааруулж байсан ч төр, түмэн найр, наадамд хэт сатаараад, анирдаж, өлгөсөнгүй. Хэрэв хүн нэг бүр хариуцлагатай байж, малынхаа тарга тэвээрэгт анхаарч, өвс тэжээлээ нөөцөлж, үржүүлэг, хээлтүүлгийг нь зохист түвшинд барьж, өвөлжөө бууцаа базааж чадсан бол өнөөдөр иймдээ тулахгүй л байсан. Цас их унаж, цаг зүтгүүлсэн ч өвлийг өнөтэй давсан олон зуун малчин зуд гэх цаг зуурын бэрхийг гарзгүй давах боломжтойг харуулж буй. Тэдний нэг бол Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган. Тэрээр хахир өвлийг өнчин ишигний гарзгүй давсан бөгөөд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй гэх мэдээлэл авч, мэдээлэлдээ үндэслэн бэлтгэлээ базаажээ.

Энэ өвөл, хавар зуд турхан болж, цаг зүтгүүлэх нь гэдгийг цаг уур шинждэг хүмүүс хэлж байсан. Тиймээс хаширлаад, хуцаа цөөн хоног тавиад, хонио сувайруулсан. Сувиа хонь ган, зудыг давах чадамж сайтай байдаг. Хангай газар цас их унадаг. Цас ордгоороо орлоо.Бид өвс, тэжээлээ бэлддэгээрээ л бэлдсэн.

Eagle TV

Зунд бүү суу, зудад бүү сандар гэх ардын үг бол мал маллах ухаан. Магад том философи.

Талаас илүү хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар сул

Малчид зудын эрсдэлд бэлэн биш, бэлтгэлээ бүрэн базаасангүй гэх нүсэр дүгнэлтийг төсөр гаргаагүйг нийтлэлийн энэ хэсэгт хөвөрдье. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг 2023 онд хийжээ. Тус судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд малчдын эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байсан бол ердөө 10 хувь нь 70-аас дээш түвшний индекстэй гарчээ. Харин 20 хувь нь эрсдэл даах чадавх маш бага гэж тогтоогдсон байгаа юм. Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байсан аж. Үүний улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай базааж чаддаггүй гэж судалгааны тайланд өгүүлжээ. Тиймээс нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан, ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй гэж судлаачид үзсэн байна. Жилийн өмнө хийсэн судалгаа өдгөө биеллээ олж, цөөнгүй малчин өрх нүүрлэсэн эрсдэлийг даван туулж чадалгүй, хамгаа барлаа. Тиймээс малчдын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, зуд нүүрлэсэн бэрх цагт өвс, тэжээл сугалдаргалж гүйх бус тулсан бэрхийг туулах чадвар, чадавх суулгах нэн шаардлагатай юм. Үүнд хувь хүн, төр засаг, нутгийн засаг захиргаа гээд цөм эрвийх, дэрвийхээрээ хичээх нь зүй.

“Бие даадаггүй” малчид

Парламентад суух хүсэлтэй цөөнгүй улстөрчийн “хувь заяа” малчдын “алганд” бий. Сонгогчдынх нь дийлэнх хувийг эзэлж буй тэдэнд төрийнхөн хамгаа барьж, хайраа түгээх нь элбэг. Тиймдээ ч жил бүхэн улсын төсвөөс мөнгө хуваарилж, сүүний, ноосны, ноолуурын, улаанбуудайн, арьс ширний гэхчлэн төрөл бүрийн урамшуулал олгодог. Тоо сөхвөл, 2024 оны зөвхөн нэгдүгээр сард 1666 малчин, мал бүхий иргэдэд ХХААХҮЯ-наас 2.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна. Харин ноосны урамшуулалд 23 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрээс гадна, ботго бойжуулсны мөнгөн урамшуулал ч гэж өгдөг. Өөрийнхөө мал сүргийн тоог нэмэгдүүлж, төл малаа бойжуулсных нь төлөө төр мөнгөн урамшуулал олгодог хэрэг. Энэ мэтчилэн, малчдын орлогын багагүй хувийг халамж, урамшуулал эзэлж буй. Нүүдэлчдийн соёлыг хадгалж, мал аж ахуйн уламжлалт арга ухааныг тээж яваа малчин түмэнд төр хишгээ хүртээхийг буруутгах аргагүй. Гэхдээ малын гаралтай түүхий эдийн үнэ, ханшийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын чанар, эрүүл, аюулгүй байдал зэрэгт анхаарах бус бэлэн мөнгө тараах, урамшуулал хүртээх зэргээр асуудлыг гогцоолдож байгаа нь өрөөсгөл юм.

Тулсан бэрхийн туулж гарах монгол хандлага ч учир дутагдалтай. Зуд болж, цаг хүндэрнэ гэдгийг суваг бүрээр мэдээлж байхад хаа, хаанаа сэрэмжлэх, сэргийлэх арга хэмжээ аваагүй хэр нь цаг агаар муудахтай зэрэг улсаараа хандивын аян зохион байгуулж, цэцэрлэгийн хүүхдээс эхлээд тэтгэврийн хөгшид хүртэл хэр, хэр, дэм, дэмээрээ тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Бөхчүүд нь барилдаж, урлагийнхан тоглолт зохион байгуулж, улс төрчид улсын төсөв “хөдөлгөж”, хүнд цагийн ард гарах гэж хэр чадлаараа л хичээлээ. Тоо сөхвөл, зөвхөн УОК-т л гэхэд 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материалын тусламж буюу нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив цугларсан байгаа юм. Нэгнийгээ бэрх, хэцүү цагт дэмнэж, туслах монгол чанарыг буруутгах аргагүй. Гэхдээ ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр аль хэдийнэ малаа барчихсан, цас, зудад нидрүүлчихсэн хойно нь хивэг, тэжээл, өвс, гурил барьж “гүйх” нь үргүй зардал, үр дүнгүй зүтгэл гэдгийг зудад зүй бусаар хорогдсон 6.6 сая малын тоо гэрчилж буй. Хэрвээ төр ч, малчин түмэн ч урьтаж хичээж, зудын аюулаас сэрэмжилж чадсан бол ийм хэмжээндээ хүрчихгүй л байсан.

Зуд ганц өнөө жил болоогүй. Өмнө нь хэдэн мянган удаа болсон. Ирээдүйд ч өчнөөн олон удаа давтагдана. Тиймээс өмнөхөөсөө туршлагажиж, ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлэн, сэрэмжлэх нэн шаардлагатай. Цаашдаа халамж, хандив дээр “тогтож” буй малчдын амьжиргааг өөрчилж, орлогын нь нэмэгдүүлэх боломж, бололцоог сүвэгчилж, хариуцлагатай малчин өрхийг олшруулах чиглэлд шат, шатандаа анхаарах цаг хэдийнэ болжээ.