“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. Дараа нь гаднын сургуулиуд руу элсэх хүсэлтээ явуулж, үргэлжлүүлэн суралцана. Ажилчдын эгнээнд удаан шигдэхгүй” гэж төгсөх курсын оюутнууд өгүүлнэ. Тэдэнтэй хөөрөлдөх зуур “Их сургуулиа төгсөөд ажлын зах бараадна, цалинтай залгана. Цаашлаад аав, ээждээ дэм болж, өрх гэрээ ч төвхнүүлнэ” гэх хандлага аль хэдийнэ халагдсаныг анзаарсан юм.
Эргэцүүлэх нь ээ, нас биед хүрмэгцээ гэр бараагаа төхөөрч, мал ахуйгаа өмчлөөд туурга тусгаарладаг цаг аав, ээжийн минь залуу настай хамт улирч, дотоодод их, дээд сургууль төгсөөд, ажилд орж, амьдралаа төвхнүүлж, амиа зогоох гэж чармайдаг үе биднээр эцэслэж байх шиг. Одоогийн залуус гадаадад суралцаж, боловсролоо дээшлүүлэхийг юу юунаас илүү чухалчилж, цаг хугацаа, залуу насаа мэдлэгт зарцуулах сонирхолтой болжээ.
Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дийлэнх нь сургуулиа төгсөөд гадаадад суралцана гэх зорилго өвөртөлж байгааг “Монголын оюутан, залуучуудын гадаадад шилжих хөдөлгөөний ирээдүйн төлөв” судалгаанд өгүүлсэн байна. Тус судалгаанд оролцсон оюутнуудын 90 орчим хувь нь гаднын улс руу явах талаар эргэцүүлдэг тухайгаа өгүүлсэн бол төгсөөд Монголдоо ажиллаж, амьдрахыг хүсдэг гэх хариулт ердөө 12 хувийг эзэлж буй. Залуусын 60 орчим хувь нь гадаадад суралцах, 20 орчим хувь нь тэндээ амьдрах зорилготой гэдгээ ч илэрхийлсэн байна. Эндээс залуусын хүсэл, сонирхол хаана төвлөрч байгааг харж болохоор. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуусын 40 гаруй хувь нь зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг алхам хийгээд эхэлжээ. Ихэнх нь суралцахаар төлөвлөж буй орныхоо хэлийг сурч, шалгалтдаа бэлтгэж, олон улсын сангуудад хандан, гаднын улсад амьдарч буй ах, эгчээсээ урилга авахаар төлөвлөж байгаа аж. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд эх орондоо бакалаврын боловсрол эзэмшээд гадагш гарахаар төлөвлөж буй. Харин ЕБС-ийн сурагчдын олонх нь бакалаврын мэдлэгийн ч гаднын сургуулиас авах сонирхолтой байна.
Шинэ үзэгдэл
Залуучуудын дунд харь оронд суралцах хүсэл сонирхол давамгайлснаар гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг хэвшмэл хэрэгцээ гээгдэж буй. Улмаар олонх нь ганц бие байхыг илүүд үзэж, хэн нэгэнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлж, ачаа үүрэхээс цааргалах болов. 2023 оны байдлаар 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.3 хувь, эмэгтэйчүүдийн 41.1 хувь нь гэрлээгүй байгаа нь дээрхийн нотолгоо. Гэрлэлтээс татгалзах хүн олшрох хэрээр нас биед хүрсэн ч төрсөн гэртээ амьдарч, аав, ээжээрээ анхдагч хэрэгцээгээ базаалгах залуусын тоо ч нэмэгдэж буй. Энэ талаар хийсэн албан ёсны судалгаа одоогоор манай улсад байхгүй ч залуусын олонх нь өрх тусгаарлахгүй байгаа нь нийгмийн бодит “өнгө” юм. Үүнд орон сууцны худалдах болоод түрээсийн төлбөр өндөр байгаа нь ч нөлөөлж буй. Товчхондоо, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшинэ гэх том зорилго, мөрөөдлийнхөө “дээвэр доор” хэрэглээний зардлаа ч ээж, ааваасаа авч амьдардаг хөдөлмөрийн насны цөөнгүй хүн амьдарч буй. Тэдний олонх нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй. Ажиллаж буй нь эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, ахиц үзүүлэхийг тэр бүр чармайдаггүй. Хамгийн гол зорилго нь сурах, боловсрол эзэмших, гадаадыг зорих.
Сайн хэрэг. Залуучууд дэлхийн энд эгнэж, олон улсад үнэлэгдэх боловсрол эзэмшихийг мэрийж буй нь бахархаж, бахдам үйл. Гэхдээ нийтээрээ суралцахуйн синдромд нэрвэгдэж буй энэ үзэгдэл нь нийгэмдээ шаггүй халтай.
Одоогоос хэдхэн жилийн өмнө ихэнх хүн чанартай, чанаргүй их, дээд сургуульд элсэхийг эрмэлзэж, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэлтэй хүн “нүдний гэм” байв. Үүний гороор дипломтой, чадваргүй ажилгүйчүүдийн эгнээ зузаарч, гүйцэтгэх түвшинд ажиллах хүн олдохгүйд хүрсэн. Энэ үзэгдэл өдгөө гадаадад суралцах хүсэл, хэрэгцээгээр солигдоод буй нь энэ.
Хөдөлмөрлөдөггүй хөдөлмөрийн насныхан
Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөлмөрийн зах зээл эрс өөрчлөгдөж, ажлын байр, ажиллах хүчний харьцаа алдагдсан. Нэг талд ажилтан хайсан ажил олгогч олширч, нөгөө талд хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насныхан элбэгшив. Үүнд мэдээж цар тахал, цаг үеийн нөхцөл байдал, цалин хангамж гээд цөөнгүй хүчин зүйл нөлөөлж буй. Гэсэн ч залуучуудын хандлага голлох хөшүүргэ юм.
Хөдөлмөрийн насныхны 40 гаруй хувийг залуучууд буюу 1990 оноос хойш төрсөн иргэд эзэлж буй. Тэдний дунд Z үеийнхэн жин дарна. Харин хөдөлмөр эрхлэлтээрээ энэ насныхан сүүл мушгиж байна. Тоо сөхвөл,
15-19 насны нийт хүн амын ердөө 9.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 20- 24 насныхны 45.8 хувь нь ажил хийж байна. Харин хөдөлмөрийн насныхны 24 хувийг эзэлж буй 40-44 насныхны 83.6 хувь нь алба хашиж байгааг ҮСХ-ноос мэдээлжээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ахмадуудтай ч дүйхэд бэрх. 50-59 насныхны талаас илүү буюу 60- 70 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгааг тус байгууллагын “Ажиллах хүчний оролцооны түвшин” тайланд дурдсан байна.
2023 оны байдлаар манай улсын ажиллах хүч 300 мянган хүнээр дутагдаж байна гэх статистикийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн байна. Энэ тоо жил ирэх тусам улам нэмэгдэж, ажилгүйдэл жинхэнэ утгаараа үүсэх эрсдэл хаяанд буй. Цаашдаа эрхэлсэн ажилдаа чин сэтгэл, гүн зүтгэлтэй хандах нь амьдралын зарчим, үнэт зүйл гэх үзэлтэй хүмүүс тэтгэврийн насанд тулж, суралцах, боловсрохыг амьдралын суурь ойлголт гэж хардаг, гадаад гэх ганхашгүй мөрөөдөлтэй залуус ажилчдын эгнээг тэлнэ. Улмаар 2035 он гэхэд шинэ мянганыхан буюу 1997 оноос хойш төрсөн хүмүүс хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг бүрдүүлэхээр тооцоо бий. Хэрэв тэдний дийлэнх нь гаднын улсыг зорьж, ажиллах бус суралцахад төвлөрсөөр байвал тусгаар улсад маань тусгүй үзэгдэл нүүрлэхэд ойрхон байна юм.

Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна.
Ерөнхий сайдын хийсэн “Өглөөний уулзалт”-ын үеэр
Ажил эрхлэлт нь эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илэрхийлж байдаг чухал үзүүлэлт. Учир нь ажилгүйдэл нэмэгдэх хэрээр өрхийн орлого буурч, хүмүүсийн худалдан авалт хийх чадвар суларна. Ингэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт буурч, үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, иргэдийн амьдралын чанар муудах эрсдэлтэй. Мөн эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр нь хөдөлмөрийн нийлүүлэлт болон бүтээмжийн өсөлт байдаг. Тиймээс залуусын ажил эрхлэлтэд анхаарч, төр бодлогын түвшинд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай юм.

Ижил бэрхшээл
Залуучууд ажиллах бус суралцах сонирхолтой байгаа нь улсынхаа нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй үзэгдэл ганц манай оронд тулгамдаж буй бэрхшээл биш. Эдийн засгийн өсөлтийн хурдаараа болон аж үйлдвэржилтээрээ дэлхийн улс орнуудыг тэргүүлж чадсан урд хөршийн хувьд ч шинээр бий болсон “толгойны өвчин” нь ажилгүй залуучууд болж хувирчээ.
Өнгөрсөн онд тус улсад 16-24 настай залуучуудын ажилгүйдлийн түвшин дээд хэмжээндээ буюу 21.3 хувьд хүрснийг БНХАУ-ын Үндэсний Статистикийн товчооноос мэдээлсэн юм. Хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэх боломжтой 33 сая залуу иргэн байгаагаас зургаан сая гаруй нь ажилгүй байгаа аж. “Goldman Sachs”-ийн эдийн засагчдын тооцоолсноор БНХАУ-д цар тахлаас хойш ажилгүй залуучуудын тоо гурван сая гаруйгаар нэмэгдсэн байна. Тус улсын эрх баригч, судлаачдын үзэж байгаагаар залуусын ажил эрхлэлтэд дөнгө болж буй чухал хүчин зүйл нь боловсрол аж. 16-24 насны 96 сая орчим залуус байгаагийн олонх нь ямар нэг сургуульд суралцаж, ажил хайхгүй байгааг тус улсын Үндэсний Статистикийн товчооны төлөөлөгч Фу Линхуй онцолжээ.
Залуусын дунд ажилгүйдэл нэмэгдэхээс гадна, гэрлэлт, төрөлт ч буурчээ. Өнгөрсөн онд тус улсын төрөлтийн хувь сүүлийн 60 гаруй жилд анх удаа огцом буурч, нэгийн тоо заасан юм. Энэ нь 100 саяас дээш хүн амтай улсуудын дундах хамгийн бага төрөлтийн хувь аж. Мөн 2023 онд 6.8 сая хос сүй тавьсан нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин бага үзүүлэлт юм.
Залуучуудын нийгмийн идэвх сул, ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл, хэрэгцээ бага байгааг БНХАУ-ын Засгийн газраас онцолж, тэдэн рүү чиглэсэн тодорхой арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүнчлэн ажил эрхлэхээс татгалзаж байгаа суурь шалтгааныг тогтоохоор үндэсний хэмжээнд судалж эхэлжээ.
Шийдэлгүй шийтгэл
Урд хөрш тулгарч буй бэрхшээлээ туулж гарах арга замаа эрэлхийлээд эхэлжээ. Харин бид хаана явна? Монгол залуучууд залхуудаа ажиллахгүй байна уу, эсвэл Монгол Улсын орчин нөхцөл, цалин хангамж, төрийн бодлого, шийдвэр шинэ үеийнхний хүсэл, хэрэгцээнд нийцэхгүй байна уу гэдэг гогодох чухал гогцоо.
Залуучуудын гадаадад сурч, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихээр мэрийж буй нь төгрөгөөр бус ам.доллароор цалинжиж, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх хүслээс улбаатай. Манай улсад цалингийн ДНБ-д эзлэх хувь адил түвшний улсуудаас 8.7- 13.3 нэгжээр доогуур байна. Мөн бодит цалин сүүлийн 10 жилд ам.доллароор илэрхийлбэл ердөө 17 хувь өссөн нь хангалтгүй үзүүлэлт юм. Түүнчлэн манайх ажиллах хүчээ дотооддоо шингээх, хүний нөөцөө тогтоох, ажиллах, хөдөлмөрлөх хүслийг нь сэдэлжүүлэх дорвитой арга хэмжээ авдаггүй. Залуучуудын эдийн засгийн идэвхгүй байдлын шалтгаан, нөхцөлийг төрийн түвшинд ч анхаардаггүй. Үүний улмаас ажиллах хүчээ гадаад руу алдаж, дотооддоо ажилчдын эрэлд “хатаж буй”.
2023 оны байдлаар, БНСУ-д манай улсын 54 мянган хүн амьдарч байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол байна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийг судалсан судалгаагаар, 15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа ч илэрхийлжээ.Энэ бол Монгол Улсын бодит нөхцөл, нүүрлээд буй томоохон бэрхшээл.
Цалин, орлого амьдралд нь хүрдэггүй, өрөөс өрийн хооронд эргэлдэх хэвшмэл тойргоос гадна залуучуудыг залхааж буй өөр нэг хүчин зүйл нь нийгэм. Орчны бохирдол, авто замын хэрсэн түгжрэл, шударга бус тогтолцоо зэргээс шалтгаалан шинэ үеийнхэн эх орноосоо “дүрвэж” буй. Хэрэв эдгээрийн шийдвэрлэж, шударга нийгмийн цогцлоож чадвал хөдөлмөрийн насны хүн амаа тогтоож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих бүрэн боломжтой.
Мэдээж мэдлэг, боловсрол хувь хүний төдийгүй улс орны хөгжил, амьдралын чанар, эдийн засгийн чадавхыг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл. Боловсрол олж авах уралдаан руу олноороо хурдалж байгаа нь ч сайн хэрэг. Гэхдээ боловсрол гэх нэрийн доор эс үйлдэгч, их санагч залуус олширч байж ч мэдэх талтай. Түүнчлэн нийгэм өөрийн гэсэн анги давхаргатай. Цөм удирдлагын түвшинд ажиллаж, аль эсвэл гаднын улсад өндөр цалин, таатай нөхцөлтэй ажил хөдөлмөр эрхлэх боломж тэр бүр элбэг биш. Тиймээс залуус суралцах, боловсрох хүслийнхээ хамт хөдөлмөрлөх, хичээх хандлагыг нутагшуулж, ажилч, хичээнгүй чанарыг төлөвшүүлэх нь чухал хэрэгцээ юм.