Үндэсний бөхийн дархан аварга А.Сүхбат УИХын гишүүнээр ажиллаж байхдаа “Бөх бол төр юм” хэмээн хэлсэн нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байлаа. Монголчууд бөхөө дээдэлдэг ч бөх хүн улстөрч болоод цаашлаад бөхчүүд төр бариад дэмий гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Бөх хүн бөхөөрөө үлдэх нь өөрт нь ч илүү хүндлэлтэй. Улс төрд орсон улсын аваргууд ард түмнээрээ ерөөлгөснөөс хараалгасан нь их. Улс төрд орох нь тэдний Үндсэн хуулиар олгосон эрх ч гэлээ үндэсний бөхдөө зүрх сэтгэлээ зориулж, бөхийнхөө төлөө ажиллаж амьдрахад төрийн түшээгээс дутахгүй их хүндлэл хүлээж, ашиг орлого олох ч боломжтой. Үндэсний бөхийг тойрсон багагүй бизнесийн орон зай, эрэлт бий.
Бөхчүүд, үндэсний бөхтэй холбоотой саар мэдээлэл гарах бүрд “Үндэсний бөх бол үндэсний өв соёл, уламжлал. Бөхчүүд бол үндэсний өв тээгчид” хэмээн өөрсдөөрөө бахархаж омогшицгоодог. Тиймээс бөхчүүд зөвхөн өөрөө барилдах бус энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлж, залгамж халаагаа бэлдэхэд оролцох хэрэгтэй. Үндэсний бөхөөр хичээллэх хүсэлтэй хүүхэд багачуудад сургалт явуулах орон зай хангалттай бий. Энэ талбарт амжилттай ажиллаж, хувийн бизнесээ болгож чадсан нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр нар. Тэд энэ зах зээлд өрсөлдөгчгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Д.Бумбаяр заан “Алдартан” бөхийн клубээ байгуулж хүүхэд багачуудад сургалт явуулж байгаа бол Б.Бат-Эрдэнэ аварга “Аварга” дээр сургуулиараа дамжуулан бакалаврын зэрэг олгож буй. Үүний адилаар, ялангуяа бага насны хүүхдүүдэд сургалт явуулах боломж их. Улсын цолтой бөх өөрийнхөө нэр хүндээр маркетинг хийвэл аймаг, сум, дүүрэг гээд хаана ч эрэлт бий. Үүнийг сар бүр, заримдаа долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдааны оролцогчдын тооноос харж болно. Тус барилдааны нас насны ангилалд олон хүүхэд оролцдог. Хөдөө орон нутгаас зорьж ирдэг хүүхдүүд ч олон. Алдартай бөхчүүд өөрийнхөө нэрээр дэвжээ байгуулж эдгээр хүүхдүүдэд бөхийн эрдэм заавал улс төрд орсноос илүү хүндлэл хүлээх нь ойлгомжтой.
Бөх гэж мэргэжил байхгүй ч сүүлийн жилүүдэд үндэсний бөх илүү мэргэжлийн болж байна. Өмнө нь бөхчүүд тээврийн жолоочоос эхлээд үндсэн ажлынхаа хажуугаар барилддаг байсан бол одоо бөхчүүд зөвхөн бөхөө л барилддаг, байнгын бэлтгэл сургуулилтдаа цагаа зарцуулдаг. Аж ахуйн нэгжүүд ч нутгийнхаа бөхийг дэмжин цалинжуулах, сайн барилдвал унах унаа, орох орон бэлэглэхээс эхлээд нийгмийн баталгааг нь хангадаг болсон. Бөхийн өргөөнд болж буй барилдаануудын бай шагнал ч нэмэгдэв. Долоо хоног бүр улс, аймгийн эсвэл аймаг, цэргийн цолтой, сумын заан, залуу бөхчүүдийн барилдаан болж байна. Түрүүлж, үзүүрлэсэн, бөхийн шагнал 5-10 сая, шөвгөрсөн бөхчүүдийн шагнал 1-3 сая. Үнэхээр сайн бөх бол заваал хэн нэгнээр ивээн тэтгүүлэхгүйгээр барилдаж олсон мөнгөөрөө амьдарч болохоор. Улсын наадмаар түрүүлж, үзүүрлэвэл улам л амьдрал нь баталгаажна. Гэхдээ энэ бүхэнд хүрэхийн төлөө допинг хэрэглэх нь ёс зүйгүй үйлдэл. Үндэсний бөхийг хамгийн муухай харагдуулж байгаа зүйл нь допинг. Допингоосоо салж чадвал үндэсний бөхийн ирээдүй гэрэлтэж, илүү мэргэжлийн болж хөгжихөөр байна.
Хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг үзэгч ихтэй спортын ард асар их мөнгө эргэлдэж байдаг шиг үндэсний бөхийг зөв менежметээр удирдаж чадвал илүү үзүүштэй, илүү сонирхолтой болж багагүй мөнгө эргэлдэнэ. Зөвхөн мөнгө л чухал, мөнгө олох хэрэгтэй байгаа юм биш. Энэ бүхэн хамтдаа байж хөгждөг жамтай.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Алтан цомын барилдаан, саяхан зохион байгуулсан Бүх оддын барилдаан нь үндэсний бөхийг илүү сонирхолтой, илүү үзүүштэй болгож байна. Бөхчүүдийг 21 аймгаар нь хуваагаад жалга довны үзэл гаргаж байгаа мэт боловч клубээрээ, хот хотоороо өрсөлддөг мэргэжлийн спортын формат, лигийн системд шилжиж байгаа нь энэ. Бүх оддын барилдаанд өнөө цагийн шилдгүүд хоёр багт хуваагдан барилдсанаас гадна олны танил жүжигчин, дуучин, уяач зэрэг хүмүүсийг үндэсний бөхөөр өрсөлдүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Уг нь, үүнийг Монголын үндэсний бөхийн холбоо эртнээс санаачлан зохион байгуулах ёстой байлаа. Гэвч саяхнаас л телевизийн спортын сувгийн санаачилгаар зохион байгуулж байна. Үндэсний бөхийг илүү сайн менежментээр удирдвал үзэгчид нь бэлэн байгааг Алтан цомын барилдаан харуулж байгаа. Түрүү жилийн Алтан цомын барилдааны телевизийн шууд дамжуулалт, цахим орчны шууд дамжуулалтын үзэлт дээд амжилт тогтоосон. Аваргын төлөө өрсөлдсөн хоёр аймгийн барилдааны фэйсбүүкийн шууд лайвыг 44 мянган хүн нэгэн зэрэг үзсэн нь дээд амжилт болсон юм. Бөхийн өргөөнд болж буй улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан бүр үзэгчдээр дүүрэн байдаг. Заримдаа 2500 суудалтай бөхийн өргөө жижигдэх нь бий. 2019 оны Цагаан сарын барилдааныг 5045 суудалтай “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулахад үзэгчээр дүүрч байлаа. Амралтын өдрүүдэд гэртээ зурагтаар бөхөө үзээд амардаг хүмүүс бүр ч их. Ер нь бөхчүүд дуулсан ч, сагсан бөмбөгөөр өрсөлдсөн ч хүмүүс сонирхон үздэг. Тиймээс монголчуудын энэ бөхөө гэсэн их үзэлт, хандалтыг зөв ашиглах нь хамгаас чухал. Монгол туургатнуудаа урьж барилдаан зохион байгуулах, улсын начин, харцага, заан цолтнууд, жүдо, чөлөөт бөх зэрэг бусад бөхийн спортын тамирчдыг хооронд халз өрсөлдүүлэх гээд үзэгчдийн сонирхлыг татах олон хувилбар байж болно. Хэдэн жилийн өмнө жүдо бөхийн тамирчин Д.Төмөрхүлэг, чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран нарыг үндэсний бөхөөр өрсөлдүүлсэн нь олны анхаарлыг татаж байлаа.
Зөвхөн бөхийн барилдаан бус үндэсний бөхтэй холбоотой шинээр гарч буй “Бөх-Үжин”, “Бөх busters” зэрэг конкентууд ч хандалт өндөртэй байна. Ийнхүү үзэгчдийн сонирхлыг татаж, илүү мэргэжлийн тал руугаа хөгжиж буй үндэсний бөхийг зөв менежментээр удирдаж чадвал бөхчүүд, үзэгчид, тухайн арга хэмжээг зохион байгуулагчдад ч таатай бөгөөд ашигтай цаг үе яг одоо үргэлжилж байна.
Мэргэжлийн спортын од тамирчид тухайн хот, улсынхаа эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөгөө үзүүлж байдаг. Манай үндэсний бөх улсынхаа эдийн засагт том нөлөө үзүүлэхгүй ч дагасан жижиг бизнесүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн зарим бөхчүүд өөрийнхөө нэр алдраар маркетинг хийж бизнесээ эхлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж ч бий. Тухайлбал, даян аварга Н.Батсуурь спорт хувцасны “BASU” брэндийнхээ үйлдвэрийг нээж, нэрийн дэлгүүрээрээ худалдаалж эхэлсэн6