Дэлхий дахинаа ойрын болон холын харааны бэрхшээлтэй нийт 2.2 тэрбум хүн бий. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолж байна. Ялангуяа, дэлгэцийн хэрэглээ хэтийдэж буй энэ үед хүүхдүүдийн хараа муудах эмгэг жил ирэх тусам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар өнгөрсөн 2023 онд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан 17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хараа муудах эмгэг зонхилон илэрч байгаа аж. Тэр дундаа гурван хүүхэд тутмын нэг нь хараа муутай хэмээн оношлогдсон байна. Хэдийгээр зургаан сар тутамд хараагаа оношлуулах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг ч ихэнх тохиолдолд хожуу үедээ эмнэлэгт ханддаг нь тулгамдсан асуудал болж буй.

"Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хараа муудах нь огцом өссөн үзүүлэлттэй байгаа. Хараа муудах эхний шалтгаан нь хүн ойрын зайнд нүдэндээ хэт их ачаалал өгөх юм. Жишээ нь, гар утас, компьютер, таблетны хэрэглээ. Мөн удамшлын хүчин зүйлээс шалтгаалж, хүүхдийн хараа мууддаг. Эцэг, эх нь хараа муутай бол хүүхдийн хараа муудах эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Манай улсад нүдний шил зүүх шаардлагатай хүүхдүүд хожуу оношлогдож байна. Энэ нь эцэг, эх асран хамгаалагчдын дунд хүүхдийн нүдний давтан болон урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл дутмаг байгаатай холбоотой."

Жил ирэх тусам удамшлын бус олдмол шалтгаанаар хүний хараа муудаж байгаа аж.Ихэнх тохиолдолд энэ нь хүний хайнга зантай холбоотой. Хэт удаан хугацаанд бүх төрлийн ухаалаг хэрэгслийн дэлгэц ширтэх, нүд амраах дасгал хийдэггүй зэрэг хувь хүнээс шалтгаалах амьдралын буруу дадал, зан үйл нь хараа муудах гол шалтгаан болж буй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй нь хожуу шатандаа оношлогдох гол шалтгаан болж байна.

Хайнга зан ба хараа муудах шалтгаан

Хүний нүд бүтцийн өөрчлөлтгүй байгаа тохиолдолд харааны хугарлын гажиг нь тохирох шил зүүхэд л засардаг. Гэвч хараа зүйн мэргэжлийн төвд хандахаас илүүтэй хаа хамаагүй шилний дэлгүүрээс шил тааруулах нь байдлыг улам дордуулж буй бас нэгэн шалтгаан юм.

Хүүхдийнх нь, аль эсвэл өөрийнх нь хараа муудсан тохиолдолд хаа хамаагүй шилний дэлгүүрээс харааны шил баримжаагаар тааруулдаг нь “томчууд”-ын томоохон алдаа. Нөгөө талаас хүмүүсийн дунд энэ төрлийн хэрэгцээ шаардлага их байгааг далимдуулж, энд тэндхийн булан тохойд “Хараа оношилно, шил тааруулна” гэх хаяг ч олшрох болж. Зарим тохиолдолд оношилгооны төхөөрөмж нь ажиллахгүй, зүгээр л том, жижиг үсэг нүдлүүлж, тав хүрэхгүй минутад таны харааг оношилно гэдэг боломжгүй зүйл. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид харааг бүрэн оношилж чадаагүйн балгаар “хуурамч хараа муудалт”-ын үед хүртэл хүмүүс хасах эсхүл нэмэх шил тохируулж зүүдэг. Ингэснээр хараа улам бүр мууддаг байна.

Байнга шахуу ойрын зайд юм харах нь нүдний булчингуудыг цуцааж, аажимдаа хараа муудах эхлэл болдог. Үүнийг анагаах ухаанд “хуурамч хараа муудалт” гэдэг. Эхэн үедээ алсын зайн дахь зүйлийг харахгүй байх, сүүлдээ тогтмол хараа муудаж байгаа мэт санагдаж эхлэх нь эхэн үеийн шинж тэмдэг. Энэ үед нь мэргэжлийн бус газарт хандаж, шил тааруулж зүүх тохиолдол олон. Тухайн үедээ байдал дээрдэж байгаа мэт боловч хуурамч хараа муудалт болон жинхэнэ хараа муудалтыг ялгаагүйгээс тухайн хүн насан туршдаа шил эсвэл харааны линз зүүхээс аргагүй байдалд хүрдэг.

"Хараа муудсан тохиолдолд шууд шил зүү гэж зөвлөхгүй. Заавал үзлэг хийсний дараа шийднэ. Учир нь, ойрын хараанд байнга ачаалал авсан тохиолдолд нүдний фокус тааруулдаг бичил булчингууд чангарч, суларч чаддаггүйтэй холбоотой холын хараа мууддаг. Харин холын зүйлс харвал тэрхүү жижиг булчингууд амарч байдаг. Хараа муудаж эхэлж байгаа тохиолдолд холын зүйлсийг харуулж, булчин суллах дусаалга хэрэглэвэл шил зүүхгүй байх боломжтой. Үүнийг хуурамч хараа муудалт гэж нэрлэдэг. Харин жинхэнэ хараа муудалттай хүнийг шилийг нь зүүлгэж, шил зүүх сонирхолгүй хүнд линзийг нь тааруулж зүүлгэхээс өөр арга байхгүй."

Нөгөө талаас шил зүүхийн оронд харааны линз тогтмол хэрэглэдэг хүмүүс ч бий. Энэ төрлийн хэрэглээ нь шилийг хялбарчлах зориулалтаар бүтээгдэж байсан түүхтэй. Гэхдээ харааны линзийг хэдэн ч цагаар хамаагүй зүүж, хиймэл нулимс дусаахгүйгээр ашиглах боломжгүй юм. Зүүж хэрэглэхэд багагүй ярвигтай төдийгүй зүй зохистой хэрэглэж чадахгүй бол харааг улам муутгаж, нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй.

"Нүдний контакт линз нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй нь үнэн ч тухайн хүний хувийн ариун цэвэр, дэглэм сахилтаас шууд шалтгаална. Дэглэмээ барихгүй хэтрүүлэн олон цагаар зүүх, хадгалах хугацаа нь дууссан, гэмтсэн, бохир линз зүүснээс болж нүдний эвэрлэг бүрхүүл нянгийн халдвар авч үрэвсдэг. Улмаар шархлах, цагаа тогтох, цаашилбал эвэрлэг бүрхүүл цоорох хүндрэлүүд үүсэж болно."

Хараа тэглэх мэс засал

Сүүлийн үед харааны шил эсвэл линз зүүхийн оронд “хараагаа тэглүүлэх” буюу лазер мэс засалд орох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хараа тэглэх гэдэг нь харааны хүчин чадал тэг болох утгыг илэрхийлдэг аж. Өөрөөр үүнийг “хараа засах мэс засал” ч гэж нэрлэдэг. Энэ төрлийн хагалгааны технологи манай улсад анх 2005 онд нэвтэрч байжээ. Уг хагалгааг 20-40 насны хүмүүс хийлгэх боломжтой байдаг аж. Харин 40-өөс дээш насанд ойрын хараа мууддагтай холбоотойгоор хараагаа тэглүүлэхийг зөвлөдөггүй байна. Учир нь, хүний өсөлт хөгжил 20 нас хүртэл явагддаг учир нүдний хувьд ч ялгаагүй 20 насанд нүдний хараа тогтож эхэлдэг. Тиймээс нүдний хараа бүрэн тогтсоны дараа хараа засах мэс засалд орох боломжтой.

"Хараа тэглэх мэс заслыг тохирсон хүндээ зөв хийвэл асуудалгүй, сайн үр дүнтэй мэс засал. Гэхдээ дийлэнх хүмүүсийн асуудал юу байна вэ гэхээр нүдний хуурайшилт байдаг. Хараа тэглэх буюу лазер мэс заслын дараа нүд хуурайшдаггүй байсан хэвийн хүмүүст ч тодорхой хэмжээгээр хуурайшилт үүсч эхэлдэг. Мөн хараа тэглэх ажилбар буюу лазер мэс заслыг жилийн турш нэг шилээ тогтвортой зүүгээд хараа нь нэмж муудахгүй байгаа тохиолдолд хийхийг зөвлөдөг. Харин хараа нь тогтоогүй буюу шил зүүсэн ч хараа нь нэмж муудаад байвал хараа тэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь хүний бие махбоди зогсолтгүй өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэмж муудах асуудлууд цөөнгүй тохиолддог."