Фэйсбүүк хуудастаа 144 мянга, “Youtube” сувагт 101 мянга, инстаграмд 40 гаруй мянган дагагчтай нөлөөлөгч эмэгтэйн нүцгэн зураг, бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Цэцэрлэгийн хүүхдээс тэтгэврийн буурал хүртэл бүх насныхан ямар нэг хязгаарлалтгүй нэвтэрч буй цахим хуудсанд энэ төрлийн зураг, бичлэг нийтлэгдэж, олны анхааралд орсон нь зүй бус үзэгдэл юм. Гэвч бид энэ үйлдлийг жигшиж, өөнтөглөсөнгүй. Бүр буруутгасан ч үгүй. Харин ч бичлэг, зургийнх нь эрэлд “хатаж”, хувийн хаягийг нь олноороо дагав. Хүмүүсийн анхаарал өөр дээр нь төвлөрсөн сиймхийг нөлөөлөгч эмэгтэй ч андахгүй анаж, “Илүү ихийг Telegram хуудаснаас хүлээж аваарай” гэх агуулгын хамт хагас нүцгэн зургаа нийгмийн сүлжээндээ нийтэлсээр байв.
Тэрээр 50 мянган төгрөгийн “босго” тогтоон нүцгэн зураг, зүй бус бичлэгээрээ долоо хоногийн дотор 70 сая төгрөгийн орлого олсон бөгөөд орлогынхоо 25 саяыг нь малчдад хандивласан юм. Үүнээс харахад, мөн хугацаанд түүний Telegram руу 1400 гаруй хүн төлбөр төлж нэвтэрсэн байна. Орлого олсон, хандив өгсөн тухай бичлэг нийтлэгдсэн даруй хүмүүс дээрх үйлдлийг нь зөвтгөж, эмэгтэй улстөрчдийн хийж чадаагүйг хийсэн хүчирхэг нэгэн зэргээр цоллож гарлаа. Худал хэлж, хулгай хийхгүйгээр өгөгдсөн бие, өөрийн гоо сайхнаараа амьдралаа авч явна гэх зэргээр өмгөөлөх хүн ч олон байсан юм. Энэ явдлаас хойш олонд хүрэх, танигдах хүсэлтэй хүмүүс нүцгэн зураг, элдэв бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтлэх үзэгдэл гаарав. Саримс хэрхэн арилгахыг дотуур хувцастайгаа заасан эмэгтэй ч тэдгээрийн нэг төлөөлөл юм.
Эрх зүйн зохицуулалт
Монгол эрх чөлөөт, тусгаар тогтносон, ардчилсан улс. Гэхдээ садар самуун явдлыг зохицуулах тусгайлсан хуультай, өсвөр насныхан, хүүхэд залуус, олон нийтийг зүй бус үйлд уриалахыг хориглосон тусгай зохицуулалттай орон. Товчхондоо, Монгол Улсын иргэн насанд хүрэгчдэд зориулсан зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулах, түүгээрээ ашиг олж, арилжихыг эрх зүйн хүрээнд ч, ёс зүйн хувьд ч хориглодог. Энэ харилцааг Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд садар самууныг сурталчлах, эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг телевизийн нийтийн сувгаар дамжуулах, 18 насанд хүрээгүй хүнд үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Нэг дутагдалтай тал нь, энэ хуульд цахим сүлжээнд цацагдаж, нийтлэгдсэн бол хэрхэх тухай агуулга тусгагдаагүй байна. Олон нийтийн сүлжээ хамгийн хүчтэй хэрэгсэлд тооцогдож буй энэ нийгэмд дээрх агуулгыг хуульд шигтгэх зайлшгүй шаардлагатай юм.
Зөрчлийн тухай хуульд зөвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглодог. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тусгасан байдаг.
Тэгэхээр дээрх үйлдэл нь эрх зүйн хэм хэмжээг давсан, ёс бус үйлдэл юм. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас иргэн Б-г шалгаж, хууль бусаар олсон орлогыг нь хураах тухай асуудал яригдаж буй.
Хүртээмж ба хязгаар
Нийгмийн сүлжээнд нүцгэн зураг, бичлэгээ нийтлэх, түүнийгээ арилжиж, ашиг олох нэг хэрэг. Харин тухайн бичлэг, зураг хэнд хүрч, тэдгээрийг хэдэн насны, ямар бүлгийн хүн, хэрхэн хүлээн авч байгаа нь гогдох ёстой өөр өнцөг юм. Нийтлэлийн өмнө өгүүлсэн нөлөөлөгч Б-гийн дагагчдын багагүй хувийг өсвөр насныхан эзэлдэг. Түүний зураг, бичлэг дээр дунд сургуулийн сурагчдын олонх нь хариу үйлдэл үзүүлдэг байна.
Нийслэлийн ... дүгээр сургуулийн 9г ангийн анги удирдсан багш Х
"Би есдүгээр ангийн багш. Манай ангийн дарга хөвгүүн Б-гийн нүцгэн зурган дор “Гал эгч” гэсэн комент бичсэн байсан. Гайхаад Б-гийн фэйсбүүк рүү ороод хартал манай сургуулийн ахлах ангийн маш олон хүүхэд дагасан байна лээ. Ихэнх нь зураг, бичлэгт нь хариу үйлдэл үзүүлж, гал, зүрхтэй эможи үлдээсэн байсан. Охид ч олноороо дагасан харагдсан. Хүүхдүүд сүрхий болсон. Юу үзэж, юу харж байгааг нь эцэг, эх, багш нар хянахгүй бол садар самуунд уруу татагдах, зүй бус зүйлийг даган дуурайхыг үгүйсгэх аргагүй."
Манай улсын цахим хэрэглэгчдийн багагүй хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тоо сөхвөл, хүүхдүүдийн 90 хувь нь интернэт орчинд ихэнх цагаа өнгөрүүлж буй. Энэ талаарх “Өсвөр үе ба цахим хэрэглээ” сэдэвт судалгааг “Сонсголонтой хүүхэд” ТББ-аас өнгөрсөн онд хийжээ. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтан хамрагдсан байна. Тэдний 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бөгөөд 11 хувь нь өдөрт дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг зарцуулдаг гэжээ. Хүүхдүүд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээлэл хүлээж авдаггүй, насанд хүрэгчдэд зориулсан мэдээллийг ямар нэг хязгаарлалтгүйгээр үздэг нь хамгийн том бэрхшээл гэдгийг судалгааны багийнхан онцолжээ.
“Сонсголонтой хүүхэд” ТББ мэргэжилтэн Л.Энх-Амар
"Хүүхдүүд насандаа тохирохгүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг олж үзэж буй нь хамгийн том асуудал болж байна. Садар самуун, хүчирхийлэл бүхий контентыг хүлээж авах нь хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд хүргэх аюултай юм. Мөн нэг хүүхэд дор хаяж 2-3 хуурамч хаягтай байсан нь Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим халдлага, донтолтод өртөх болсон гэмт үйлдлүүд ч үүнийг нотолж байна."

Сүүдэр
Садар самуун, эротик бичлэг, зураг, агуулга нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд асар хортой. Порнограф агуулгатай контент нь хүйсээр ялгаварлан гадуурхах, асуудалд объектив хандах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх эсвэл хохирогч болох зэрэг эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ дээрх төрлийн бичлэг, зураг нийгмийн сүлжээнд хамжааргагүй нийтлэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, энэ төрлийн агуулгыг зохицуулах, хүүхдүүдийн садар самууныг үзэх эрхийг хязгаарлах оролдлого нь порнографын хэрэглээний хүрээг хязгаарлаж гүйцэхгүй байгаа аж.
Дээрхээс гадна, өсвөр насныханд даган дуурайх сэдэл өгөх ч эрсдэлтэй. Ижил аргаар мөнгө олохыг санаархаж, нүцгэн зураг, насанд хүрэгчдэд зориулсан элдэв мэдээллийг хязгаарладаггүй платформ дээр олноороо цугларч байгааг үгүйсгэх аргагүй. Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан юм.
Тэрээр “Сар гаруйн өмнө хуурамч аккаунт нээгээд өсвөр насныхны групп, групп чат, телеграмм руу орж үзсэн. 2К-н групп чат, 5К-н бичлэгтэй линк... Тэр хэл яриа, технологи ашиглаж байгаа, мэдлэг түвшин, биеэ үнэлэлт, дуудлага чат ... Зураасаа хэтрээд даваад, утгаа алдсан байна лээ шүү” гэсэн юм.
Магадгүй аль хэдийнэ хүрээнээс хальж, хэмжээнээс гарсныг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч засах, залруулах хугацаа бас боломж бий. Харин эцэг, эхчүүд бид нүцгэн зураг, бичлэгээ нийтэлсэн нэгэн рүү хошуурч, шоглох, тавлах хэмжээнд өнгөц хүлээж авсаар байвал үйлдэл, бодлыг нь өөгшүүлэх эрсдэлтэй. Энэ нь даамжирсаар нүцгэлэх, элдэв зүй бус бичлэг, зургаа нийтлэх, арилжих нь амьжиргааны эх үүсвэр мэт ойлгогдож ч мэдэх юм.