Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Гангын Цагаан овоо” хэмээх уулын бэлд шилийн сайн эр Торой Бандийн хөшөө бий. Уг хөшөөний ардхан талд олны сүсэглэж залбирдаг, онцгой нэгэн овоо тахилга ч байдаг. Хаврын тэргүүн сард эндхийг зорих хүний тоо нэмэгддэг нь хийморь лундаагаа сэргээх сүсэгтэн олны итгэл үнэмшилтэй холбоотой. Алтан овоо, Шилийн богдод залбирангаа алдарт Торой Бандийн хөшөөг үзэж сонирхох хүн ч олон. Ойролцоогоор 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэн өдийд Шилийн богд хайрханыг зорьдог аж.

Олны хөлд дарагдахтай зэрэгцэн мөнөөх хөшөө сүүгээр будагдаж, ойр орчимд нь ааруул, тавгийн идээнээс эхлээд аравт хорьтын мөнгөн дэвсгэртүүд хог адил хөглөрнө. Шилтэй сархад, савтай сүүгээр бялдахыгаа сэтгэлийн өргөл хэмээн нэрийдэж, сүсэгтнүүд өөрсдийгөө цагаатгана. Угтаа монгол ёсонд уул овоонд гарах, өргөл барьц өргөх нарийн дэг жаягтай ч уламжлалаа мэдэхгүйн балаг энэ мэтээс илэрхий харагдаж буй.

Хэтийдсэн сүсэглэлийн золиос

Тоочоод нэрлэвэл, Төрийн тахилгат Бурхан Халдун уулнаас эхлээд Даян дээрхийн агуй, Хүсэл биелүүлэгч Ээж мод зэрэг сүсэгтний хөл тасардаггүй ихэнх газарт ийм дүр төрх ажиглагдана. Хаа сайгүй хөглөрөх задгай мөнгөн дэвсгэрт, хамаа намаагүй цацсан цай сүүний дээж.

Сүсэглэх нэртэй ийм солиорлоос болж байгаль бохирлогдож, бас болоогүй соёлын үнэт өвүүд ч унаган төрхөө алдахад хүрч байна. Тухайлбал, Үүрийн голын баруун цутгалд орших Даян дээрхийн агуйг зорих олны хөл хөдөлгөөн огт тасардаггүй. Байгалийн өвөрмөц тогтоцтой, булш хиргэсүүр олонтой энэ газрыг одоогоос арав гаруй жилийн өмнө улсын тусгай хамгаалалтад авч байв. Гэвч харамсалтай нь, мөн л “хэтийдсэн сүсэглэлийн золиос” болж, талхиулсаар өдийг хүрлээ. Өвөлдөө цай сүүний дээжинд будагдаж, өнгө гундуу харагддаг бол дулааны улиралд өмхий муухай үнэртэй болж хувирдаг. Яг л сахил хүртээд шал дордов гэдэг шиг...

Энэ мэтчилэн түүх соёлын үл хөдлөх дурсгалын зүйлс бохирлогдож, гэмтсээр байгааг 2022 оны тооллогоос харж болно. Тус онд 9136 дурсгалт газрын 82096 дурсгал бүртгэгдсэнээс 677 нь бохирдож, гэмтсэн байжээ.

Өөх тосоор бохирдож, гэмтсэн

213

Будаж, баллаж гэмтээсэн

201

Сийлж сүйтгэсэн буюу хүний үйл ажиллагаатай гэмтсэн

263

дурсгалыг тооллогын дүнгээр илрүүлсэн байна.

Ер нь сүсэглэж болох бүхий л уул овоо, ургаа мод, өвөрмөц тогтоцтой хөшөө дурсгалыг өнөөх жишгээрээ бид талхалсаар байна. Мэдээж, сүсэгтэн болгоны сүсэглэх шалтгаан өөр. Өөрийн болоод өрөөлийн сайн сайхан, эрүүл мэнд, эд хогшил, эх үрийн заяа, аз завшаан, амжилт бүтээл гээд хүсэх, гуйх зүйлс мундахгүй олон.

Гэхдээ хөхний даруулгаа энд тэнд өлгөж, хоргой торго, хадаг тэргүүтнээр ургаа модны амь голыг уяж боомилох нь үнэн хэрэгтээ сүсэг бишрэл биш. Мөчрийг нь тасчиж, шимийг нь үхүүлж байгаа харгис үйлдэл.

Сүсэглэхэд учир бий

Уул овоон дээр хэн дуртай нь өнгө өнгийн хадаг өлгөж, өргөл барьц нэрийдлээр элдэв зүйл овоолж орхидог ёс угаас бидэнд байгаагүй. Овоонд бэлийн чулуу өргөж, орой руу нь гарахаас хүртэл цээрлэдэг байв. Алсаас сүсэглэж, арвай буудай, цай сүүнийхээ дээжийг гурвантаа өргөдөг л ёс байсан. Харин өдгөө сэтгэлдээ сүсэглэж, мэлмийдээ тунгаахаас илүүтэй сэржим өргөхийг, шинэ хуучин нь ялгаагүй мөнгөн дэвсгэрт, аль нэгэн үнэт эдлэл үлдээхийг чухалчлах болж. Гэвч энэ нь хэрэгцээгүй хог хаягдал болж эсвэл хэн нэгний буруу гараар орохоос хэтрэхгүй.

"Монгол хүн хэзээ ч овоо руу сүү, архи, идээ будаа өргөдөггүй. Овоонд чулуу өргөдгийн учир энэ. Бид байгалийн юмыг ерөөсөө байгалиар нь байлгаж чадахгүй байна. Тухайн овоо хэдий чинээ байгалиараа, цэвэр байна. Төдий чинээ хайр, хишиг, буян заяагаа бидэнд өгдөг. Тийм ч учраас хүн овоогоо тойроод чулуу өргөөд овооны дөрвөн зүгт гарч байж, уулынхаа бэл рүү идээ будаагаа өргөдөг. Дуртай газраа хадаг уядгаа болих хэрэгтэй. Дуртай зүйл рүүгээ идээ будаа цацдагаа ч болих ёстой."

Зохиолч Г.Аюурзанын “Монгол хүн” гэх гурван цуврал номонд “Уул овоо тайж тахих нь дан ганц идээ ундааны өргөл төдийхөн зан үйл огт биш, харин газар дэлхийн эрчим хүчийг хүмүүн зоны сэтгэлзүйн давтамжтай ижилсүүлсэн онцгой дом засал юм. Эцсийн эцэст энэ ёс нь шүтэх бишрэхээс хавьгүй өргөн, таньж хайрлаж хамгаалах сэдлийг бүх нийтэд бат суулгах утгатай” хэмээн дурдсан нь бий. Гэвч өнөө цагт сүсэглэж бишрэхийн, сүлд шүтээнээ дээдлэхийн утга учир улам бүр гажуудаж байна.

"Сүүлийн үед овоо тахихаараа учиргүй их идээ будаа овоолж, түүнийгээ тал тал тийш нь цацаж хог болгоод явчихдаг тал ажиглагдах болсон. Тэнгэр овоо, уул ус бол маш цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг учраас ийм зохисгүй үйлдэлд байгаль дэлхий маань гомдож, хувирал өөрчлөлт үзүүлж, байдал муугаар эргэж болзошгүй."

"Атга тариа байсан ч сэтгэлээсээ өргөвөл хэдэн суурь идээ тавьснаас илүү тусыг олно. Өргөл их, бага хэмжээгээр хэмжигдэхгүй, хэн илүү чин сэтгэлээсээ, дотоод мэлмийгээсээ өргөж байна гэдэг л хамгийн чухал."

Мухар сүсэг хэтийдвэл...

Мухар сүсэг гэдэг нь аливаа зүйлийн учир шалтгааныг ухаж бодолгүйгээр сохроор даган дуурайхыг хэлдэг. Тэгвэл ихэнх хүмүүсийн хувьд ийм сэтгэлгээнд хайрцаглагдсаар удаж байна. Зурхайгаар зураг төөргөө тодорхойлуулна. Эсхүл зуун оноо авахын тулд гандан орж ном уншуулна. Элдэв эд хэрэглэлээ хэн нэгэн үзмэрчийн үгэнд итгэж, энд тэндхийн уул овоонд үлдээж хоцрооно. Ийн мухар сүсэгт мунхарсны балгаар сүүлийн жилүүдэд лам, бөө, удган, үзмэрч нэртэнгүүд улам бүр олширсоор байна. Зарим нь саранд түрийвчээ даллаж мөнгөтэй болохыг номлож, тал нь өвгөдийн нэрийг барин өрөөл бусдаас ашиг горилж буй. Цаашлаад нийгмийн сүлжээнд ч мухар сүсэг газар авч могойн чуулганы зураг шэйрлэж, мөнгөтэй болохыг хүсэгсэд олшрох болжээ. Угтаа сүсэг бишрэл гэдэг ийм мунхрахуйн үйлдэл огтоос биш. Ухаанаа цэгцэлж, урдах замаа тодруулж, эерэг бодолд төвлөрч, энэрэхүйд шамдахад гагцхүү итгэл л хэрэгтэй.