Чансаа өндөртэй хувийн сургуульд хүүхдээ сургахын тулд тэрбумаар үнэлэгдэх багш хөлсөлж, тэмцээн, уралдаанд алгасахгүй оролцуулж, өөр хоорондоо, өвөр зуураа өрсөлдөн, чацархах үзэгдлийг тод, томруун өгүүлэх өмнөд Солонгосын алдарт кино өнөөгийн Монголд тусгалаа олжээ. Товчхондоо, монгол эцэг, эхчүүд боловсролын төлөөх бичил “дайнд” ханцуй шамлаж, хүүхдээ сургахын тулд хүүдийгээ хоослох болов. Тэр бүү хэл, төрсөн цагаас нь төгс хүн бэлтгэхийг мэрийж, оюун ухаан, ой санамжийг нь сайжруулж, урлаг, спортын элдэв дугуйланд хамруулж, хэлд орсон үеэс нь гадаад хэлний мэдлэгийг нь зузаатгахаар чармайж байна. Энэ хүсэл, тэр хэрэгцээнд нь нийцсэн төрөл бүрийн цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулж, боловсролын салбар бизнесийн хамгийн ашигтай талбар болж хувирлаа.
Тэрбумын ханштай суурь боловсрол
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрийн 400 нь хувийн өмчийн цэцэрлэг бөгөөд төлбөр нь 400 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Дундаж төлбөр 550-650 мянган төгрөг байна. Дундаж буюу 550 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ 2-6 нас хүртэл нь дөрвөн жил суралцуулахад 20 сая төгрөг болно. Харин хамгийн өндөр буюу хоёр сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт сургахад 70 гаруй сая төгрөг шаардлагатай юм. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролыг 20-70 сая төгрөгөөр эзэмшихээр байна.
ЕБС-ийн тухайд, мэдээж сургалтын төлбөр ч, суралцах жил ч нэмэгдэнэ. Улсын хэмжээнд нийт 859 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь буюу 688 нь төрийн өмчийнх бол 171 буюу 20 орчим хувь нь хувийн өмчийн сургууль юм. Хувийн өмчийн сургуулийн жилийн төлбөр 4-140 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол дундаж төлбөр 8-10 сая төгрөг. Дундаж буюу найман сая төгрөгийн төлбөртэй сургуульд хүүхдээ 12 жил сургахад 100 орчим сая төгрөг шаардлагатай. Харин хамгийн өндөр төлбөрөөр тооцож үзэхэд, нэг тэрбум 680 сая төгрөгөөр суурь боловсрол эзэмшихээр байна. Хувийн хэвшлийн сургуулийн сургалтын төлбөр жил бүхэн нэмэгддэг бөгөөд ном сурах бичиг, дүрэмт хувцас, хоол, унаанд жилд хамгийн багадаа нэг сая төгрөг зарцуулна. Тиймээс дээр тооцоолсон зардал өсөх нь дамжиггүй. Ингээд хүүхдэдээ сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг сорчилж олгоход дунджаар 100 илүү сая, ихдээ тэрбум давсан төгрөг шаардлагатай юм.
Дарамт ба сонголт
Хүүхдээ ямар сургуульд суралцуулж, хэр хэмжээний боловсрол олгох нь эцэг, эхийн сонголт. Гэхдээ манай улсад хүүхдийн суурь боловсролын чанар эцэг, эхийн хөрөнгө чинээнээс хамаараад зогсохгүй нийгмийн зэрэг, зиндааг тодорхойлох нэг хэрэгсэл болж хувирлаа. Чинээлэг өрхүүд олон улсын хөтөлбөртэй, гадаад багш урьж ажиллуулдаг, төлбөр нь төгрөгөөр бус ам.доллароор хэмжигдэх сургуулийг сонгож байна. Дундаж давхаргынхан төлбөр нь 4-10 гаруй сая төгрөгийн хооронд хэлбэлзэх сургуульд хүүхдээ суралцуулж буй. Харин өртөг шаардахгүй боловсрол олгож буй улсын сургуульд орлого нь улсын дунджаас доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг гэх ойлголт нийгэмд нутагшиж байгаа нь гашуун ч үнэн. Үүнийг судалгаа нотолж, судлаачид ч онцолдог. Бодит байдал ч гэрчилнэ.

"Нийгмийн чинээлэг хэсэг хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаж байна. Харин дундаж өрх дундаж төлбөртэй сургууль сонгож байгаа. Тэд хүүхдээ сургахын тулд өр, зээлэнд орж, эд хэрэгслээ ч зарж байгаа. Хувийн сургуулиуд эцэг, эхчүүдэд зээлийн үйлчилгээ хүртэл санал болгодог. Хувийн сургууль илүү чанартай боловсрол олгодог гэх олон нийтийн хийсвэр санаа бодлын улмаас олонх нь төлбөртэй сургууль сонгодог. Гэхдээ бодит байдал дээр дундаж төлбөртэй хувийн сургууль улсын сургуулиас илүү сайн сургалттай байдаггүй. Энэ нь ч нотлогдсон."
Чинээлэг өрхүүдэд сургалтын төлбөр төдийлэн дарамт болохгүй нь мэдээж. Харин дундаж орлоготой эцэг, эхчүүд өөрсдийн эдлэх олон боломжоос татгалзаж, зарим нь байр, машин зэрэг үнэт зүйлээ арилжаад хүүхдэдээ суурь боловсрол эзэмшүүлж байгаа. Тооцоолж үзье. Монгол Улсын дундаж цалин 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг байгаа бол медиан буюу голч цалин 1.4 сая төгрөг байна. Дундаж цалинтай эцэг, эхийн сарын орлого 4 сая төгрөг гэж үзвэл жилийн орлого нь 50 саяд дөхнө. Тэгэхээр нэг хүүхдээ жилийн орлогынхоо 10 хувиар дундаж төлбөртэй сургуульд суралцуулах боломжтой. Мэдээж энэ зардал хүүхдийн тоогоор нэмэгдэж таарна. Дөрвөн хүүхэдтэй өрх бүх хүүхдээ хувийн сургуульд суралцуулна гэвэл жилийн орлогынхоо ердөө 10 хувиар амь зуух шаардлагатай юм.
“Хувийн сургууль, улсын сургуулийн ялгаа” хэлэлцүүлгийн оролцогч
Хүүхдүүд сургуульд орсноос хойших 10 гаруй жилийн амьдрал сургалтын төлбөрөөс төлбөрийн хооронд л өнгөрсөн. Хэрэв би гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хуримтлуулсан бол тэтгэвэрт гараад барууны өвөө, эмээ нар шиг гадаадын орноор аялж, зугаалж амьдрах байсан.
Давхарга
Дундаж давхаргынхан улсын боловсролын системээс ийн шахагдаж, хувийн сургуулийг олноороо сонгож буй үзэгдэл хувь хүний хэтэвчинд төдийгүй нийгэмд ч хортой. Энэ нь нийгмийн давхраажил бий болгож, ангийн ялгааг гааруулдаг. Үүний горыг амссан улс орон цөөнгүй бий. Тухайлбал, БНСУ-д өндөр төлбөртэй сургуулийн сурагчид болон энгийн сургуулийн хүүхдүүдийн дунд хагарал үүсэж, үе тэнгийн дээрэлхэлт газар авсан. Түүнчлэн хүүхдээ нэр хүндтэй хувийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг, эхчүүд ч “гал өрдөж”, талцал хуваагдал дээд хэмжээндээ хүрсэн юм. Энэ асуудлыг бүхий л салбар шүүмжлээд зогсохгүй урлаг, соёлоороо дамжуулан гаргасны үр дүнд төлбөртэй, зэрэглэл өндөр сургуулиудаа татан буулгахаар болсон. Энэ талаар тус улсын Боловсролын сайд “2025 онд бие даасан хувийн сургууль, гадаад хэлний төрөлжсөн сургуулиудыг татан буулгана. Боловсролын тэгш бус байдал нийгмийн давхаргын ялгааг бий болгодог гэсэн олон нийтийн санаа зовнилыг нухацтай авч үзнэ” гэж мэдэгдсэн. Үүнээс гадна Чили ардчилсан бодлого баримталж, улсын болон хувийн сургуулиа хооронд нь өрсөлдүүлж, чанарыг нь сайжруулах тал дээр хэсэг анхаарсан. Гэвч үүний гороор нийгмийн зэрэг зиндаа гаарч, баян, хоосны үзэл суртал нэмэгдсэн. Улмаар улсын сургуулийнх нь чанар суларч, төрийн сургуульд ядуу хүүхдүүд сурдаг гэх ойлголт газар авав. Үүнийг эсэргүүцсэн эцэг, эхчүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсний үр дүнд хувийн сургуулиудад тавих шаардлагыг чамбайруулж, сургууль ашгийн төлөө биш байна гэж хуульчилсан байдаг.

"Дундаж анги улсын боловсролын системээс гарч, хувийн сургууль сонгохоор улсын сургуулийн чанар, орчин нөхцөл муудах эрсдэлтэй. Учир нь шаардлага тавих, шаардлагыг нь сонсох хүнгүй болно. Дундаж ангийн хүүхдүүд улсын сургуульд сурахгүй байх нь бусад хүүхдүүдийн сурлагын чанарт ч сөрөг нөлөөтэй. Тэгэхээр манай улсын хувийн сургуулийн систем улсын боловсролын системийг уналтад оруулах эрсдэлтэй байна. Энэ маш хорон үр дагавартай."
Синдром
Ядуу болон хөгжиж буй орнуудад ашгийн төлөө хувийн сургууль олон тоогоор байгуулагдаж байгаа синдромыг олон улсын цөөнгүй судалгаанд өгүүлсэн байдаг. Энэ нь урт хугацаанд үргэлжилбэл өмнө өгүүлсэнчлэн улсын боловсролын системд ч халтай. Азаар гэх үү, эзээр гэх үү одоогоор манай улсад хувийн сургуулийн сургуулийн сурагчдын сургалтын чанар улсын сургуулийнхнаас хол илүү “тасарчихаагүй” байна. Үүнийг Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-ний үр дүн нотолсон. Тухайлбал, PISA үнэлгээний математикийн шалгалтаар хувийн сургуулийн хүүхдүүд 417 оноо авсан бол төрийн сургуулийн сурагчид 426 оноо авчээ. Харин унших чадвараар төлбөртэй сургуулийнхан 366, төрийн сургуулийнхан 380 оноо авсан байгаа юм. Байгалийн ухааны хичээлээр хувийн сургууль 404, улсын сургууль 414 оноо хангасан үзүүлэлтийг салбар яам танилцуулсан. Тэгэхээр шаггүй төлбөр төлж сургасны үр дүн төдийлөн харагдахгүй байна.

"Монгол Улсад төр болон хувийн сургуулийн ялгаа баян, хоосны ялгаа шиг гараагүй байна. Дундаж давхаргын өрх айлын хүүхдүүд хувийн сургуульд сураад өндөр төлбөр төлснийхөө өгөөжийг хүртэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр дундаж орлоготой айлын хүүхдүүд төрийн сургуульд сурвал өгөөжийг нь илүү их хүртэх боломж бий."
PISA-ний үр дүнг танилцуулах үеэр
Эцэг, эхчүүдийн хувийн сургуульд хүүхдээ өгч буй шалтгааныг цөөнгүй байгууллага судалсан байдаг. Тэдгээрийн үр дүнгээс харахад, сургалтын чанар, хэлний мэдлэгээс гадна, суралцах орчин, хүрээлэлд мөнгө төлдөг аж. Үдийн цайндаа идэх хоол нь илчлэг, чанартай, элдэв давтлага сонгон хичээллэдэг, урлаг, спортын чадварыг нь ч цогцоор хөгжүүлэх барилга, байгууламжтай зэрэг нь эцэг, эхчүүдийн хувийн сургуулийг сонгох гол шалтгааны нэг. Түүнчлэн улсын сургуульд “бор”-чууд суралцаж, элитүүд хувийн сургуулийг сонгодог гэх ойлголт ч дээрх сонголтыг “түлхүүрддэг” байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ төдийгүй өөрийнхөө хүрээллийг сайжруулж, нийгмийн байр сууриа зузаатгах хүслээс үүдэлтэй гэсэн үг. Аль, алийг нь засаж, залруулж болох шалтгаан. Хэрэв залруулахгүй бол нийгэмдээ тун сөрөг үр дагавартай шалтаг.

Тэгш гараа, ижил бариа
Эцэг, эхчүүд бариа нь үл мэдэгдэх, тэгш бус гараанаас хөдөлж, өөр, өөрсдийн боломжийн хэрээр боловсролын талбарт “уралдаж” буй. Төрүүлсэн хүүхдэдээ боловсрол эзэмшүүлж, төгс иргэн төлөвшүүлэхийн тулд эцэг, эхчүүд ийн хэр хэрэндээ мэрийж буй. Энэ боломжийг ард түмэндээ ижил тэгш, эн тэнцүү олгож, амьдралын чанарыг нийтээр нь ахиулах бол монгол төрийн үүрэг. Хэрэв хүүхэд бүхэн тохилог орчинд, чанартай боловсрол үнэ төлбөргүй эзэмших ижил боломжтой байсан бол эцэг, эхчүүд ч нэг насны амьдралаа хүүхдийнхээ боловсролд зориулахгүй байсан нь лавтай.
Уг нь манай улс энэ агуулгыг Үндсэн хуульдаа тунхагласан төдийгүй олон улсын гэрээ, конвенцоор ч үүрэг хүлээсэн байдаг.
Төрөөс бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, хүүхдийн сурч боловсроход нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй эрх тэгш нөхцөлөөр хангана.
Монгол Улсын Үндсэн хуулиас
Хүүхдийн сурч боловсрох эрхийг адил тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлж, бага боловсролыг бүгдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоос
Гэтэл Ардчилсан Монгол Улсад хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадахгүй, эцэг, эхийн нийгмийн байр сууриас хамаарч ялгаатай орчинд, тэгш бус боловсрол эзэмшсээр байна. Боловсролын ялгаа бол насан туршийн ялгаа. Тиймээс боловсролын ялгааг гааруулж, нийгмийн тэгш бус байдлыг зузаатгахын оронд нийгмээрээ, нийтээрээ ядуурлаас гарах гарцыг боловсролоор дамжуулан олж авах нь нэн чухал.

"Ядуурлаас хүнийг хамгийн үр дүнтэй гаргадаг зүйл бол чанартай боловсрол. Харамсалтай нь, сайн боловсрол олж авах боломж бүгдэд тэгш, хүртээмжтэй биш байна. Үүнээс болоод ядуурал өвлөгдөж, хүмүүс үе дамжин ядуурлын тойрогт амьдарч байна. Бүх нийтээрээ хүүхдийнхээ сайн боловсролд анхаарах нь зүй."
Livetv.mn сайтад өгсөн ярилцлагаас
Хувийн сургуулийг “шүтэх” хөөс хагарахгүй даамжирвал Монгол Улсын боловсролын системд төдийгүй нийгмийн нөхцөл байдалд ч асар хөнөөлтэй. Эцэг, эхийн нийгмийн байр суурь үр хүүхдэд өвлөгддөг, нийгмийн анги, давхаргаа өөрийн хичээл зүтгэлээр өөрчлөх боломжгүй нөхцөлд хүрэхгүйн энэ байдлыг төр бодлогын түвшинд анхаарч, бид ч хандлага, хараагаа өөр зүг рүү чиглүүлэх шаардлагатай.