Хурдан морины уралдаан, сур харваа, үндэсний бөх зэргээс улбаатай Монголын спорт өдгөө төрөл, хэлбэрээ өргөжүүлж, манай тамирчид хэд, хэдэн талбарт дэлхийн энд эгнэж буй. Монголчууд жүдо, бокс, буудлагаас гадна хүндийг өргөлт, байт харваа зэрэгт ч амжилт гаргаж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг тамгалан, дарцаглаж чадсан. Сүүлийн жилүүдэд багийн спортод ч хүч үзэж, барьцаа ахиулсаар байна.
Эдгээрээс гадна, дэлхийн бусад улс оронтой нэг гараанаас эхлээд, эн тэнцүү, зарим төрөлд нь илүүрхэн чацархаж буй нэн шинэ, нэг сонирхолтой төрөл бол цахим спорт юм. Цахим спортын төрөлд залуус цахиур хагалж, багийн спортоор монголчууд амжилт гаргаж чаддаг гэдгийг дэлхийн тавцанд батлан харууллаа.
Хамгийн сүүлд Турк улсад зохион байгуулагдсан PUBG mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчид амжилттай оролцож, эхний дөрвөн байрын гурвынх нь эзэн болсон юм.
Тус тэмцээн нь төрөлдөө хамгийн томд тооцогдох, чансаа өндөр уралдаан бөгөөд дэлхийн хамгийн томд тооцогдох топ 50 баг оролцсон.
Тэмцээн нь Group stage, Survival Stage, Last Chance, Grand final гэсэн форматаар явагдаж, Монгол Улсын баг тамирчид 1, 2, 4 дүгээр байр эзэлсэн юм. Энэ нь олон улсын шинжээчдийн таамгийг эвдсэн явдал байв.
Монгол залуусын гаргасан анхны амжилт энэ биш. Тэд өнгөрсөн онд л гэхэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн төдийгүй “Ханжоу 2022” Азийн наадамд анх удаа оролцож мөнгөн медаль хүртэн, DOTA 2 тоглоомын төрлөөр IESF холбооны дэлхийн аварга болсон. Энэ мэтээр дурдаад дундрахгүй олон амжилт, арвин ахиц бий.
Ийн тоглогчид орон сууцны орц, подвалд байрладаг PC тоглоомын газар цугларч, олон нийт электрон спортыг цаг нөхцөөж, зугаацах хэрэгсэл төдийгөөр төсөөлдөг байсан үе улирч, энэ салбарт амжилт үзүүлэх нь цөөнгүй залуусын мөрөөдөл болж хувирсан юм.
Валют даллав
Тамирчид цахим спортоор дамжуулан эх орноо таниулан сурталчилж байгаагаас гадна улс орны эдийн засагт ч нааштай хувь нэмэр оруулж буй нь ганхах аргагүй үнэн. Дэлхийн цахим спортын зах зээлийн хэмжээ 2022 онд 1.45 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд 2023 онд энэ тоо 1.72 тэрбумд хүрчээ. Харин 2030 он гэхэд 6.75 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа гэх албан бус мэдээлэл бий. Энэ хэмжээний мөнгө эргэлдэж буй талбараас монгол залуусын шүүрдэж буй валют экспортын орлогод зүй ёсоор тооцогдоно. Тэдний олсон мөнгө, оруулсан валютыг чамлах аргагүй. Монгол тамирчид олсон орлогоороо дэлхийн топ 50 улсын жагсаалтад багтаж байгааг “Esportsearnings” цахим хуудас тооцоолсон байна.
Монголын 286 цахим спортын тамирчин нийт 356 тэмцээн уралдаанаас 3,716,385.91 ам.долларын шагнал хүртжээ.
Энэхүү мөнгөний 68.11 хувийг буюу 2,531,146.17 ам.долларыг зөвхөн “PUBG Mobile”-ийн тамирчид цуглуулсан байна.Харин хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн тамирчин Г.Сүхбат (Action) тодроод байгаа бөгөөд тэрээр нийт 294,173.80 ам.доллар буюу нэг тэрбум гаруй төгрөгийг шагнал болгон хүртжээ. Энэ нь зөвхөн шагналын орлого. Үүнээс гадна зар сурталчилгаа, цалин хангамж зэргээс тоглогчид шаггүй мөнгө олдог бөгөөд шагналын нэг тэрбум төгрөгийг дундаж буюу хоёр сая төгрөгийн орлоготой хүн бүгдийг нь хадгалахад 40 жил хурааж бүрдүүлэх боломжтой.
Монголчуудын хамгийн их шагнал хүртсэн тэмцээний төрөл
1. Playerunknown’s battlegrounds mobile $ 2,531,146.17
2. Counter-Strike: Global Offensive $ 735,650.46
3. Dota 2 $ 330,645.78
4. Counter-Strike 2 $ 35,100.00
5. Mobile Legends: Bang Bang $ 35,237.60
6. VALORANT $ 31,388.79
7. Call od Duty: Mobile $ 13,750.00
8. League od Legends $ 6,000.00
9. StarCraft II $ 4,887.50
10. Defense of the Ancients $ 2,000.00
Монгол тамирчдын цахим спортоос олсон орлого
1. Suhbat Galtsalam $ 294,173.8
2. Burenbayar Altangerel $ 290,173.8
3. Bilguutei Bayasgalan $ 212,423.80
4. Unubold Erkhembayar $ 205,257.14
5. Bilguun Baatarkhuu $ 189,978.2
6. Zolboot Bayartsengel $ 189,778.21
7. Tengis Batnasan $ 162,114.51
8. Batkhuyag Batbagana $ 150,320.8
9. Khuselbaatar Khatanbaatar $ 150,170.84
10. Nur Zed $ 94,923.80
Хамгийн сүүлд зохиогдсон PUBG mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид 700 мянган ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөгийн шагнал хүртсэн байна.
Сорилт, бэрхшээл
Манай улсын хувьд, 2000 оны эхэн үеэс цахим спорт хөгжиж эхэлсэн. Гэхдээ эхний 10 орчим жилийн хугацаанд тоглогч нар олон улсын хэмжээний тэмцээн, уралдаанд оролцох боломж хязгаарлагдмал байв. Харин 2010 оноос эхлэн цахим спортоор хичээллэгсэд гаднын тэмцээнд оролцох болжээ. Улмаар 2013 онд Азийн наадамд анх удаа монгол залуус байр эзэлсэн нь энэ спортыг дотоодод таниулах, нутагшуулах их ажлын эхлэл байв. Гэхдээ цахим спорт сонирхогчид мэргэжлийн түвшинд хүрч, олон улсын тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх хүртэлх зам урт бас хүнд байсан. Хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд интернэтийн хурд, техник, тоног төхөөрөмжийн хангамж, тамирчдын цалин мөнгө зэрэг олон бэрхшээл тэдний амжилтаас чангааж байв.
"Техник хэрэгсэл муу байгаа нь хожил, амжилтад нөлөөлдөг. Монголын нөхцөлд материаллаг баазаар хангах хөрөнгө оруулагч дутагдаж байна. Бэлтгэл хийхэд олон зүйл дутагддаг. Өөрсдийн хүчээр явах амаргүй. Гаднын багуудын хангамж, хэрэгсэл тун таатай байдаг."
2017 онд хэвлэлд өгсөн ярилцлагаас
Эдгээр шалтгааны улмаас олон арван чадварлаг, монгол тамирчин гаднын багт гэрээгээр тоглож, тэндээ амжилт үзүүлэн, дэлхийд танигддаг.
Өдгөө олон нийтийн ойлголт харьцангүй наашилж, хөрөнгө оруулагчид ч нэмэгдсэн. Ингэснээр чадварлаг баг тамирчид сатаарах, санаа чилээх асуудалгүйгээр тэмцээндээ төвлөрөх боломж бүрдсэн юм. Багууд бусад улсын жишгээр нэг газар байрлаж, анхдагч хэрэгцээгээ хангуулж, эмч, сэтгэл судлаач зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах болжээ. Энэ нь амжилт, ахицад нь бодитой нөлөө үзүүлж буй. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Өнөө хэр нь Монгол Улсаас тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд интернэтийн хурд гологддог, өндөр хурдны интернэт дутагдалтай хэвээр байгааг тамирчид хэлдэг. Түүнчлэн визийн асуудал ч багагүй хүндрэл учруулдаг.
Тоглоомоос спорт руу
төрөлд тооцогдох хүртлээ урт зам туулсан. Тоглогчид ч тамирчин гэж нэрлэгдтэлээ шаггүй бартаа, багагүй саадтай тулгарсан нь лавтай. Гэсэн ч эцэст нь хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Дэлхийн спорт холбоодын холбоо буюу GAISF -аас спорт гэдэг бол аз шаардсан биш, эрсдэлгүй, өрсөлдөөнтэй, дүрэмтэй байх ёстой гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр цахим тоглоом эдгээр чанарыг агуулж буй учир спортын төрөлд зүй ёсоор тооцогдоно гэж мэргэжилтнүүд үздэг. Түүгээр ч зогсохгүй цахим спортыг олимпод оруулах тухай асуудал ч яригдаж буй. Цахим спортоор хичээллэж буй мэргэжлийн тамирчид менежер, дасгалжуулагчийн хамт маш олон цагийн бэлтгэл хийдэг бөгөөд нойр, хоолны нарийн дэгтэй байдаг. Түүнчлэн биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг нь мэргэжлийн эмч хариуцаж, секундийн дотор шийдвэр гаргах шаардлагатай, сэтгэн бодох ур чадвар шаардах их өрсөлдөөнд нь бэлтгэдэг. Тамирчдын гар энгийн хүнийхээс хоёр дахин хурдан хөдөлдөг нь тогтоогдсон байдаг. БНХАУ 2019 оны дөрөвдүгээр сард цахим спортыг албан ёсны спортын төрөлд тооцож, хуульчилсан. Түүнээс хойш АНУ, ОХУ, Герман, Итали, Дани, Финланд, Өмнөд Солонгос, ӨАБНУ, Непал, Украин, Румын зэрэг улс цахим спортыг албан ёсны спортын төрөл гэж хуульчлаад байгаа юм.
Спортын төрөлд тооцохоос гадна олон улсад виртуал спортын тамирчин бэлтгэдэг их сургуулиуд олноороо бий болж байна. Тэд тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгээд зогсохгүй биеийн болоод сэтгэл зүйн тэнцвэрт байдалд нь анхаарч, академик боловсрол олгодог аж.
Манай улс ч энэ зүг рүү хараагаа чиглүүлж, мэргэжилтэн бэлтгэх тал дээр анхаарч буй. Энэ талаар Монголын электрон спортын холбооны нарийн бичгийн дарга А.Амаржаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд “Бид одооноос хоёр сургуультай цахим спортын чиглэлээр багш, мэргэжилтэн бэлтгэх тухай ярилцаж байна. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа шийдэгдчих асуудал биш” хэмээжээ.
Шинэ эрин
Цахим спорт бол шинэ, залуу салбар. Гэсэн ч хүмүүс уламжлалт спортуудаас илүү анхаарлаа хандуулж, тэр хэрээр зах зээлийн хүрээгээ тэлсээр байна.
Үзэгчдийн тоо, орлого, эргэлдэж буй мөнгө, шагналын сан зэрэг нь уламжлалт спортыг хол хаясан бөгөөд өнгөрсөн оны байдлаар 600 сая хүн энэ чиглэлд төвлөрсөн байна.
Виртуал спортын үзэгчдийн тоо NBA, NHL зэрэг лигүүдийн финалын тоглолтын үзэлтийг давсан удаатай. Тэмцээнүүдийн тасалбарын борлуулалт ч хэдэн саяар хэмжигдэж буй. Тухайлбал, League of Legends тоглоомын Worlds 2023 буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 6.4 сая хүн үзсэн бол Dota 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн шатны тоглолтыг 1.1 сая хүн үзсэн байдаг. Олны анхаарлыг татаж, үзэгч, дэмжигчийн тоо өсөхийн хэрээр энэ зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ ч нэмэгдэнэ. Бизнесээ таниулж, борлуулалтаа өсгөх сонирхолтой компаниуд хүний хөлийг дагадаг бичигдээгүй хууль энэ талбарт ч хэрэгжиж, Red Bull, Mountain Dew, Activision, Mercedes-Benz AG зэрэг томоохон брэндүүд электрон спортын багуудад хөрөнгө оруулах болсон юм. Компаниуд тамирчдыг цалинжуулж, хэрэгцээг нь хангаж, өмсгөл, хэрэгслээр нь дамжуулан брэндээ сурталчилж байна. Түүнчлэн уламжлалт спортын хөрөнгө оруулагч, томоохон багууд ч электрон спорт руу хөлбөрч, энэ зах зээл рүү багагүй мөнгө хаях болсон.
Өсөлт ба уналт
Цахим спортыг эрчээ авч, хүчээ зузаалахад нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг нь цар тахал.
Хүмүүсийн хөдөлгөөнөө хязгаарлуулж, хөл хорионд орсон бэрх үедээ стрессээ тайлж, цаг нөхцөөх гол хэрэгсэл нь цахим тоглоом байжээ. АНУ-д хөл хорио тогтооход Valve компанийн Steam цахим тоглоомын платформ дээр 20 сая гаруй тоглогч нэг дор бүртгэгдсэн нь тус платформын түүхэнд гуравт бичигдэхээр өндөр үзүүлэлт болсон байна. Тухайн үед тус платформын Counter-Strike: Global Offensive онлайн видео тоглоомыг нэгэн зэрэг нийт 924,045 хүн тоглож тус тоглоомын дээд амжилтыг эвджээ. Харин Dota2 цахим тоглоомыг дунджаар 405,978 хүн тоглосон нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт байсан аж.
Тухайн үед олон улсын “WePlay” байгууллагын Dota2 цахим тоглоомын хамгийн чансаатай 24 багийг хамарсан цар тахлын эсрэг “WeSave” гэх 120 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн ч зохион байгуулж байв.
Цар тахлын үед эрчээ авч, хандалт нь түүхэн дээд хэмжээнд хүрээд байсан цахим спортын салбар уналтад орж болзошгүйг шинжээчид онцолжээ. Энэ үзэгдлийг тэд “esports winter” гэж нэрлэсэн бөгөөд электрон спортын хөөс хагарах цаг ойртсон гэдгийг мэдээлээд буй. Үүнийг гэрчлэх мэт өнгөрсөн онд хэд хэдэн байгууллага хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгав. Үзэгчдийн тоо ч цар тахлын үеийнхээс буурсан бөгөөд үүнийг дагаад зар сурталчилгааны орлого ч хумигдаж эхэлжээ. Мөн залуу тамирчид шинээр түрэн гарч, тоглогчдод зарцуулсан хөрөнгө бодит үр дүнгээ өгч чадахгүй байгаа аж.
Цахим спортын зарим байгууллага 2023 оны санхүүгийн тайлангаа гаргаж, алдагдал нь ашгийн хэмжээгээ давж байгаагаа зарласан байна.
Түүнчлэн тамирчдын цалин, хангамжийн улмаас дампуурлаа зарласан газар ч цөөнгүй бий. Эд эрчээ авч, дэлхийн анхаарлын төвд ороод байсан электрон спортын салбарт эгзэгтэй, эргэлзээтэй үе ирсэн байж болзошгүйг судлаачид өгүүлж буй. Гэсэн ч багууд зөв менежменттэй ажиллаж, тоглогчид чадвараа сайжруулж чадвал энэ шуурганы гадна үлдэж, амжилтаа ахиулах боломж бий гэдгийг ч тэд онцолжээ. Тэгэхээр цахим спортын талбарт цахиур хагалж буй монгол залуусыг илүү боломж, их ирээдүй хүлээж буйг үгүйсгэх аргагүй ээ.