2019 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд Монголын насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувьтай гарч байжээ. Энэ нь ойролцоогоор 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байдаг гэсэн үг юм. Согтууруулах ундаа нь хүний уураг тархи, сэтгэцийг мансууруулах үйлчилгээ үзүүлдэг донтуулагч бодис юм. Зөв зохисгүй хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж, санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болдог.
Түүнчлэн нийт бүртгэгдэж буй зүрх судасны өвчин, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, элэгний хорт хавдар, элэгний хатуурал, цаашлаад осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой.
Согтууруулах ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
- Тархины үйл ажиллагааг алдагдуулдаг
Согтууруулах ундаа нь уураг тархинд сөрөг нөлөөтэй төдийгүй ой санамж муудах, анхаарал төвлөрөхгүй байх, шинэ зүйлд суралцах, мэдээлэл хүлээн авах чадваргүй болох үндсэн шалтгаан болдог. Энэ талаар АНУ-ын сэтгэцийн эмч, тархины мэргэжилтэн Даниэл Амен "Тархиа өөрчилсөн тохиолдолд амьдрал тань өөрчлөгдөнө" хэмээх номондоо дурджээ. Мөн тэрээр "Бага, зохистой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь зүрх болон тархинд тустай байдаг. Зарим хийгдсэн судалгааны дагуу өдөрт 1-2 хундага согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс физиологийн хувьд эрүүл байдаг нь батлагдсан. Гэхдээ хамгийн чухал нь бага хэмжээгээр хэрэглэх явдал. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас хоёр дах хундаганы дараа зогсоход хэцүү байгаа бол огт уухгүй байсан нь дээр" хэмээжээ.
- Архаг нойргүйдэлд хүргэнэ
Үдэш, оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэснээр унтахад дэм болохгүй, харин ч эсрэгээрээ хиймэл унталтын төлөвт оруулдаг байна. Тиймээс энэ нь таны тархинд явагдах ой тогтоолт, тархины эргэн санах үйлдлүүдэд хохирол учруулдгаас гадна огтхон ч амарсан мэдрэмж өгөхгүй.
- Эд эс дэх шингэнийг гадагшлуулдаггүй
Өглөө хавантай сэрэх, нүдний доорх хүнхэр, целлюлитийн шинж тэмдэг зэрэг нь хэн бүхэнд таагүй санагдах нь мэдээж. Хэрэв та толигор сайхан арьстай, ерөнхийдөө эрүүл харагдахыг хүсэж байгаа бол хундага юм хүртэхээс татгалзах хэрэгтэй.
- Илүүдэл жин нэмэхэд нөлөөлнө
Согтууруулах ундаа нь илчлэг өндөртэй бүтээгдэхүүн. Тухайлбал 100 мл вискинд 295 ккал агуулагддаг бол нэг ширхэг шоколадтай чихэрт дунджаар 70-80 ккал байдаг. Тэгвэл өндөр илчлэгтэй согтууруулах ундааны төрөлд коньяк (239 ккал), жин ба цагаан архи (230-260 ккал), ликёр (дунджаар 300 ккал) зэрэг зүйлс ордог юм. Харин вермутын илчлэг 145 хүрдэг бол оргилуун дарсанд 88 ккал, хуурай дарсанд 65-80 ккал агуулагддаг байна.