
Өглөөний 10.00 цаг. Эмнэлгийн коридорт төрөх өдрөө хүлээж буй ээжүүдээс эхлээд ягаан дэвтрээ гартаа тас атгасан яах учраа олохгүй яваа залуу эмэгтэйчүүд холхино.
Нэг үеэ бодоход уртаас урт дараалал үүсгэж, урдуур хойгуур “Дараалал дайрлаа” гэх маргаан намжсан бололтой. Гэлээ гэхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү төдийлөн зүглэдэггүй надад ингэж санагдах нь өрөөсгөл байж ч мэднэ. Нөхөн үржихүйн асуудал, тэр дундаа өсвөр насны охидын дундах жирэмслэлт, үр хөндөлтийн талаар энэ салбарт насаараа ажилласан эмчтэй ярилцахаар яваа маань энэ. Өнөө хэр нь энэ сэдвээр эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах нь этгээд хийгээд ичгэвтэр зүйл гэх хандлага хэвээр байгаа талаар тэрээр ярианыхаа эхэнд онцлов. Мөн дээр нь бэлгийн боловсрол олгох хангалттай эх сурвалж дутмагаас өсвөр насныхны дунд жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол их гарах болжээ.
2022 оны байдлаар улсын хэмжээнд нийт 65 мянга гаруй эх амаржсан гэх мэдээлэл бий. Үүний 3.6 хувийг 10-19 насны охидын төрөлт эзэлжээ.
Өөрөөр хэлбэл, 2408 өсвөр насны охин өнгөрөгч жил ээж болжээ. Харин 2023 он гарсаар 10-14 насны 18, 15-19 насны охидын 1500 гаруй төрөлт бүртгэгдсэн байна. Хүүхэд төрүүлэх эсэх нь хүний эрхийн асуудал ч гэлээ дийлэнх тохиолдолд хүсээгүй жирэмсэлж, хүчээр ээж болох сонголтод хүрдэг. Угтаа эцэг, эхчүүдийн хайнга байдал, эрүүл мэндийн хичээлийг орхигдуулсан боловсролын салбарын балаг энэ мэтээр илэрхий харагдаж байна.
ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг
"Охин нь жирэмслээд 30-31 долоо хоногтой болсныг хүртэл анзаараагүй эцэг, эхчүүд байдаг. Хүүхдийнхээ сүүлийн сарын тэмдэг хэзээ ирснийг ч мэддэггүй. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахгүй, хайхрахгүй байна."
Охиноо 30-31 долоо хоногтой жирэмсэлснийг хүртэл анзаараагүй яваа эцэг эхчүүд, эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасдаг дарга нар гээд хүүхдэд дэндүү халтай нийгмийг бид хөрсжүүлж байгаа нь үнэн.
1998-2014 оныг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусган цөөн цагаар орж байсан ч тусгай мэргэжилтэн бэлтгэгдээгүй гэх шалтгаанаар сургалтын хөтөлбөрөөс хасаж байв. Гэвч нийгмийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарсантай холбоотойгоор эл шийдвэрээсээ эргэж буцахад хүрсэн. Үүнтэй холбоотойгоор 2018 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид дээрх хичээлийг дахин заахаар болсон ч өнөө хэр нь боловсон хүчний дутагдалтай хэвээр байна. Салбар яам ч энэ асуудалд хэт хайнга хандаж буй нь нийгмийн олонхийн дунд эрүүл мэндтэй холбоотой сэдвийг илтэд амархан гэж үздэгтэй холбоотой. Харамсалтай нь, амархан гэж ам гарсан болгондоо бид амьдрал дээр алдахад хүрч байна.
Эмэгтэй хүн бүрд ирээдүйд сайн ээж болох нууцхан хүсэл бий. Гэхдээ өсвөр насандаа ээж болохын золиос их. Эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат байж, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд ч асар их дарамтад ордог. Цаашлаад нийгмийн харилцаанаас алсарч, нэмээд дээр нь сурч боловсрох тухайд ч хүндрэлтэй болж эхэлдэг. Эмч, мэргэжилтнүүд сэтгэл зүй болон бие махбодын хувьд бэлэн болсон үедээ ээж болохыг зөвлөдөг. Тэдний үзэж буйгаар нөхөн үржихүйн идэвхтэй үе буюу 20-35 насыг жирэмслэх, төрөхөд хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Өсвөр насны охидын тухайд бие физиологи нь төрөлтөд бэлтгэгдээгүй байдаг учраас төрөхийн хүндрэл үүсэх, цаашлаад эх нярайн эндэгдэл бүртгэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор охидын төрөлт болон жирэмслэлтээс аль болох урьдчилан сэргийлэх шаардлагатайг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг
"20-24 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад өсвөр насны эмэгтэйчүүд жирэмсэн, төрсний дараах үеийн хүндрэлээр өвдөх эрсдэлтэй. Насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад оношлох, шийдвэрлэх, жирэмсний хяналт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл ч мөн багатай. Түүнчлэн бэлгийн замын урагдалт төрөлтийн үед үүсэх нь илүү, өсвөр насны жирэмслэлтийн дийлэнх нь хүсээгүй, төлөвлөөгүй байдаг учраас маш их сэтгэл санааны дарамтад өртөх магадлалтай. Мөн гэр бүл, асран хамгаалагчдын зэмлэх, буруушаах дарамтад их өртдөг. Нөгөө талаас боловсролын асуудал гээгдэж, орхигддог. Судалгаанаас харахад өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 орчим хувь нь хүүхдээ ганцаараа өсгөдөг."
Дэлхий дахинаа жилд дунджаар 15- 19 насны 21 сая охин жирэмсэлдгийн талаас илүү хувь нь амаржиж ээж болдог. Ерөнхийд нь авч үзвэл боловсролын түвшин доогуур, бага орлоготой, ядуу буурай улс оронд өсвөр насны охидын жирэмслэлтийн түвшин өндөр байдаг аж. Ихэнх тохиолдолд Африкийн улс орнууд өсвөр насны жирэмслэлтийн түвшингээрээ дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд охид хүсээгүй бэлгийн хавьталд орохоос татгалзах, эсэргүүцэх, хамгаалалт хэрэглэхийг мэдэхгүй байх, бэлгийн боловсрол дутуугаас үүдэж, өсвөр насандаа ээж болох тохиолдол их байна.
Одоогоос арав орчим жилийн өмнө охидын төрөлт 5.5 хувьтай байсан бол одоо 3.8 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь сайндаа ч буурсан үзүүлэлт биш юм. Үүний цаана үр хөндөлт хийлгэх сонголт зонхилж байгаатай холбоотой. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 13068 үр хөндөлт бүртгэгдсэний 626 орчим нь өсвөр насны охид байжээ. Харин он гарсаар 435 өсвөр насны охин үр хөндөлт хийлгээд байна. Нийтэд ил мэдээлж буй нь энэ болохоос нууцаар борлуулдаг эм бэлдмэл ууж зулбасан, зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эмнэлгүүдэд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлыг нэмж тооцоолбол уг тоо өснө. Өөрөөр хэлбэл, бодит тооцоолол болж чадахгүй байна гэсэн үг.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг анхаарч үздэгсэн бол хүүхдүүд амьдралд ийнхүү хөл алдаж, арга ядсан шийдэлд хүрэхгүй байх байв.
Нийгмийн тулгамдсан энэ асуудлыг нийтээрээ анзаарч, хайхрахгүй бол жилд дунджаар 4000 орчим өсвөр насны охин ээж болж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмэхэд хүрч байна. Үүнтэй холбоотойгоор ядуурлын түвшин ч нэмэгдэх эрсдэлтэй.