Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян

Хэл, хил, тал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй...

Хил, хэл, мал гурав бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл, үзэл санаа, үнэт зүйлтэй салж, зааглах аргагүй холбоотой гэдгийг нэрт яруу найрагч Зундуйн Дорж гуай шүлгийн мөрөнд багтаан бадагласан нь энэ. Харамсалтай нь, монгол хүн бүрийн үеийн үед нандигнан, эрхэмлэх учиртай эдгээрийг энэ цагийн эзэн бид ариглаж, хайрлан, өвлүүлэн, үлгэрлэж чадаж байна уу. Баян Монголын үнэт баялаг шүлгийн мөрөнд л мөнхрөх эрсдэл хаяанд бий юү.

Хил

Монгол Улсын газар нутгийг өмчлөх, эзэмших эрх нь зөвхөн монгол хүнд бий. Энэ агуулга туйлын чухал тул эцэг хууль гэгддэг Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Монгол Улсын өмнөд хилийн бүсэд хятад иргэд эзэн суусан байж болзошгүй асуудал сөхөгдөв.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ асуудлыг хөндсөн юм. Түүний өгүүлснээр, ердөө хоёрхон жилийн дотор Монголын 457.3 га газрыг эзэмших эрхийг гадаадын иргэнд олгосон байна. Түүгээр ч зогсохгүй мөн хугацаанд буюу 2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх олгосон байгаа юм. Энэ бол нь огоорохгүй орхиж болохгүй асуудал. Тус хэргийг хууль хяналтын байгууллагаас тогтоож, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

"Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Уг хэрэгт холбогдуулан 11 этгээдийн шалгаж байгаа."

Монгол Улсын тэр дундаа өмнөд хил хязгаарын бүс нутагт урд хөршийн иргэд газар эзэмшсэн нь Үндсэн хууль болон Газрын тухай хуультай хэрхэн зөрчилдөж буйг товч сийрүүлье. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ эрх, үүргийн тухай нарийвчлан тусгасан байдаг.

Газар өмчлөх: Энэ эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Улмаар Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй.

Газар эзэмших эрх: Тус эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эдэлнэ. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ зэргээр тодорхой зааж өгдөг юм.

Газар ашиглах: Энэ эрхийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт юм. Гэхдээ гадаад иргэний хувьд газар ашиглах нь хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь Газрын тухай хуульд тодорхой тусгасан байдаг бөгөөд зөвхөн дуудлага худалдаагаар ашиглуулдаг. Мөн ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг бол газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй.

Ийн Монгол Улсад хүчинтэй, мөрдөгдөж буй хууль, журмуудад гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн дуудлага худалдаагаар ашиглуулахыг заасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн байгаа нь ноцтой асуудал юм. Энэ бол Монгол Улсын газар нутаг, хил хязгаар, тусгаар тогтнолд ноцтой аюул учруулж мэдэх үйл явдал юм.

Хэл

Бидний эрхэмлэх учиртай хоёр дахь чухал агуулга бол эх хэл. Үүнийгээ нандигнаж, хойч үедээ өвлүүлэхгүй бол Монгол гэх ондоошил үгүй болно. Харамсалтай нь, өнөөгийн нийгэмд монгол хүүхдүүд харь үгээр хэлд орж, Монголд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүд англи хэлээр хичээлээ зааж, монгол зүс, монгол цустай “саармаг” хүнийг торниулах их үйлд бид хэрдээ шамдаж байна. Энэ хэрээр харь хэл, харь соёлыг шүтэгчид олширч, бид үндэсний ялгамж, үнэт зүйлээсээ улам алсарсаар буй. Уг нь монгол хэл бол монгол үндэстний дархлаа. Энэ дархлааг дархлах учиртай эзэд нь тухайн хэлээр харилцаж, ярилцаж, ойлголцож буй бид, бидний хойч үеийнхэн юм. Гэвч бид төрийн түвшинд ч энэ асуудлыг огоорч байна. Одоогоос нэг жилийн өмнө англи хэлийг гуравдугаар ангиас нь орох тухай асуудлыг салбарын сайд олон нийтэд танилцуулж, олон нийт энэ асуудлыг тал, талаас нь хэлэлцэв. Тухайн үед хэлний эрдэмтэд, мэргэжилтнүүд харь хэлийг 12 наснаас орох нь зүй гэх тайлбарыг судалгаа, онолын үндэслэлтэй тайлбарласан ч иргэд хүлээж авсангүй. Салбар яам ч анхаарсангүй. Улмаар 2024 оноос буюу ирэх жилээс гуравдугаар ангийн хүүхдүүд англи үсэг нүдэлж эхлэх нь. Эерэг талаас нь харвал, улсын сургуулийн хүүхдүүд хувийн сургуулийнхны адилаар багаасаа харь хэл сурч, унаган англи хэлтнүүд болж бэлтгэгдэх нь. Харин уугуул монгол хүүхдүүд унаган англи хэлтэн болно гэдэг сүүдэртэй тал нь. Түүнчлэн хэл зөвхөн харилцааны хэрэгсэл биш. Хэл бол хүний сэтгэлгээ, үзэл бодол, үнэт зүйлийг чиглүүлж, зангидаж байдаг чухал эд. Тиймээс хэт багаас нь харь хэл зааснаар хэлний дархлаа төдийгүй хүүхдийн сэтгэлгээнд ч халтай.

"Аль нэг үндэстний хэлний дархлаа нь хэл дээр тулгуурласан сэтгэлгээгээр тогтворждог. Хэрэв монгол хүүхдүүд багаасаа харь хэлээр ярьж, бичээд эхэлбэл монгол ч биш гадаад ч биш саармаг сэтгэлгээтэй болж торнино. Монголчууд цөөхүүлээ. Тиймээс монгол хүүхдүүд монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Хүн ам хэчнээн өссөн ч эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэж чаддаг хүн цөөрчихвөл монгол үндэсний дархлаа алдагдах эрсдэл бий болно. Харь хэлийг эрт үзсэн нь хожоод, хожуу үзэж байгаа нь хохирох зүйл огт байхгүй."

Одоо ч эх хэлээ эг маггүй эзэмшсэн, утга төгөлдөр найруулдаг, үг үсгийг алдаагүй бичдэг хүн ховор. Үүнийг чухалд тооцдог нь ч цөөн. Ер нь л нийтээрээ англи хэл сурахгүй бол амьдрах аргагүй мэт адгадаг хэр нь эх хэлээрээ цэгцтэй ярьж, зөв бичихийг чухалчлахгүй байна. Үүний балаг их.

Мал

Монголчуудын чухалчлан хайрлах учиртай дараагийн чухал эд бол мал. Учир нь, монгол мал аж ахуйн орон бөгөөд малын ашиг шимээр олон мянганы турш амь зууж ирсэн. Одоо ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Харин ч мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, өөрчилж чадвал улс орондоо урт хугацааны эдийн засгийн өгөөж өгөх хамгийн чухал талбар. Харамсалтай нь, бид хэт урт хугацаанд урвуу голдирол, буруу менежменттэй явж ирлээ. Үүний гороор малын тоо хэт өсч, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн ханш дэлхийн жишгээс алсарч, монгол мал олон улсын шаардлагыг хангаж дөнгөхгүйд хүрэв. Түүнчлэн малын тоо хамжааргагүй нэмэгдсэний гороор бэлчээрийн даац хэтэрч, уужуу монгол түмэн “атга” газар, “балга” усны төлөө эр бяр, эд хаваа үзэлцэх болов. Түүнчлэн малын бэлчээрээс авах шим тэжээлийн хэмжээ ч эрс буурсан юм. Тухайлбал, малын тоо өссөнөөр нэг хонины идэх тэжээлийг 2.8 хонь хуваах хэмжээнд хүрсэн байна. Тэжээлийн ужиг дутагдал малын жин буурахад хүргэдэг төдийгүй өвчин, ган зудад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Улмаар махан тарга авч чадаагүй мал биедээ өөх ихээр хуримтлуулдаг. Үүний улмаас монгол мал, махны олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нь буурч буй. Түүнчлэн шим тэжээлийн дутагдлын улмаас мал мэрэгч амьтан идэх тохиолдол ч бий. Тухайлбал, манай орны хоёр ч аймагт хавар цагт хонь оготно барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн. Малын ашиг, шим буурч, бие нь давжаарч байгааг малчид ч хэлдэг. Энэ цөм малын тоо толгойг бодлого, стратегигүй өсгөж, чанарт нь анхаараагүйн балаг. 1990 онд манайх 25 орчим сая малтай, 90 орчим мянган малчин өрхтэй, 120 сая га бэлчээртэй байсан. Харин өнөөдөр малын тоо 71 сая, малчин өрх 180 мянга, бэлчээр 110 сая га болсон байна. Үүний улмаас нэг хонин толгойд ногдох бэлчээр хоёр дахин буурсан байна. Түүнчлэн 70 сая малтай хэр нь хүрээнд байгаа нь ч, хөдөө байдаг нь ч жилийн дөрвөн улиралд нойтон мах, шингэн сүү хэрэглэж дөнгөхгүй л байна. Эрэлт, хэрэгцээ, экспортлох боломж бий ч энэ чиглэлд анхаарах төрийн бодлого дутагдаж байна. Үүний гороор малын чанар, малчдын амьжиргаа, бэлчээрийн асуудал зэрэг түмэн бэрхшээл толгой дээр ирчихжээ.

Дүгнээд хэлэхэд, Монголын газар нутгийг гаднынхан эзэмшиж, монгол хүүхэд харь үгээр хэлд орж, монгол мал, махны чанар дэлхийд гологдож, монголчууд үнэт зүйлээсээ улам ухарсаар л байна.