
“Хэл сурахад хэзээ ч оройтохгүй” гэх мэт эрдэм номд шамдан суралцаж буй хүүхдүүдийн эрчийг сааруулсан зүйр үгс бий. Хэн ингэж хэлсэн юм бүү мэд. Яг үнэндээ хэл сурахад оройтдог.
Бас хэлсэн эзэн нь тодорхой нэг үг бий. Энэ бол нэрт сурган хүмүүжүүлэгч А.Сухомлинскийн хэлсэн “Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав, ээж болдог” хэмээх үг. Хүн бүр аав, ээж болох нь угаас тодорхой асуудал. Энэ нь математик сураад хэрэггүй гэсэн үг биш. Харин ч сайн аав, ээж болохын тулд математикийн хичээлээ сайн сурсан байх шаардлагатай. “Бага насандаа математикийн хичээлдээ сайн байх нь ирээдүйд олох орлогыг нь долоон хувиар өсгөдөг. Өөрөөр хэлбэл, математик сэтгэлгээ нь хүний ирээдүйн цалин орлоготой нягт хамааралтай” гэсэн судалгаан дүн олон бий. Математикийн хичээлдээ сайн байсан хүүхэд 30 насандаа өөртэй нь ижил насны хүнээс дунджаар долоон хувиар илүү орлого олдог нь батлагджээ. Математик сэтгэлгээ, математикийн ур чадварыг аль болох бага ангиасаа эхлэн сайн сурах нь ирээдүйн цалинд нь нөлөөлдөг байна. Цаашлаад бага ангидаа сурч, мэдсэн математик ур чадвар нь ирээдүйн 20-30 жилийн орлогод чухал ач холбогдолтой гэж Их Британийн “Fiscal Studies” институт тооцсон байна. АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судалгаагаар математикийн сургалтыг дээшлүүлэх нь иргэдийн цалин орлогыг өсгөх, цаашлаад айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх нэг арга зам бөгөөд математикийн ур чадварыг дээшлүүлснээр онолын хувьд хүн амьдралынхаа туршид цалингаа 28 хувиар өсгөх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Мөнгөн дүнгээр тооцвол математикийн ур чадвар сайн эзэмшсэн хүний 20 жилийн орлогын өсөлт нь бусадтай харьцуулахад 400 мянган ам.доллароор илүү байдаг ажээ. Математикийн сургалтыг сайжруулбал урт хугацаандаа улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлдөг гэсэн үг. Ийнхүү ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй математикийн сургалт манай улсад ямар түвшинд байна вэ. Энэ асуултад тохирох таагүй гурван хариулт байна.

1.
Сурагчид ерөнхий боловсрол хэрхэн эзэмшиж буйг дүгнэх эхний шалгуур бол элсэлтийн ерөнхий шалгалт. 2022, 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдын үзүүлсэн гүйцэтгэлийг танилцуулъя.
2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлээс харвал бидний онцолж буй математикийн хичээлийн гүйцэтгэл сүүл мушгиж байна. Энэ нь манайд математик ямар байгааг харуулж байгаа юм. Зөвхөн математик ч бус цөөхөн хүүхэд шалгалт өгдөг орос хэлний хичээлийг эс тооцвол бүх хичээлийн гүйцэтгэл 50 хувьд хүрэхгүй байна. Мөн жилээс жилд гүйцэтгэлийн хувь нь унасаар байгаа нь харамсалтай. 2022 онд улсын хэмжээнд 800 оноо авч, шалгалтаа 100 хувь гүйцэтгэсэн 208 шалгуулагч байв. Харин энэ онд 158 болж буурсан нь ч сурагчдын дундаж оноо буурсаар байгааг илтгэж байна.
2.
Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн PISA олон улсын үнэлгээнд манай улс анх удаа хамрагдлаа. PISA нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож буйг тандан судалдаг үнэлгээ юм. Энэхүү үнэлгээнд дэлхийн 90 орчим орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгд тооцогддог. Сурагчдын мэдлэг чадварыг математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар болон танин мэдэхүйн бус бусад чадварыг сорьсон даалгавруудаар үнэлдэг. PISA үнэлгээнд манай улсын 196 сургуулийн 15 настай 7276 сурагч хамрагдсан бөгөөд үнэлгээнд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон. Улмаар тухайн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14- нд зохион байгуулсан юм. Энэхүү үнэлгээний дүнг саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олон нийтэд танилцууллаа.
Нийтлэлдээ онцолж буй математикийн гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр манай улс 81 орноос 47, анх удаа PISA үнэлгээнд орж буй зургаан орноос нэгдүгээр байрт жагсжээ. Гэвч манай улсын математикийн үнэлгээ OECD буюу (Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага)- ын дунджаас 2.3, Азийн орнуудын дундажаас 1.2 жилийн хоцрогдолтой гарсан байна.
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо:
OECD-ын дундаж оноо
472
Азийн дундаж оноо
451
Монгол Улсын дундаж оноо
425
3.
Багаасаа “Электрон жаал” нэрээр олон нийтэд танигдсан боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй Suraad.mn цахим сургалтын платформ дээрээ 14 хоногийн хугацаанд математикийн даалгаврын санг нээлттэй байрлуулжээ. Үүнд 15 мянга гаруй сурагч хамрагдсан байна.
Үүний 53 хувь нь F, 40 гаруй хувь нь B, C, D үнэлгээ авчээ. Харин дөнгөж 4.5- хан хувь нь даалгаврыг 100 хувь гүйцэтгэж ямар ч хоцрогдолгүй гэдгээ харуулжээ.
Энэ нь PISA-гийн дүнтэй бараг 99 хувь таарч байгааг доктор Э.Энхпүрэв хэлж байлаа.


"Би математикийн хичээл заагаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд надаар хичээл заалгахаар ирж буй хүүхдүүдийн математикийн хичээлийн хоцрогдол улам нэмэгдсээр л байна. 12 дугаар ангийн хүүхэд аравтын бутархай хувааж чадахгүй, гуравдугаар ангийн өгүүлбэртэй бодлого бодож чадахгүй байх тохиолдол олон таардаг. Сурагчдын 50 гаруй хувь нь математикийн хичээлийн гүн хоцрогдолтой байна. Ямар ч хоцрогдолгүй сурагчдын тоо нийт сурагчдын дөрвөн хувь байгаа нь Монгол Улсын боловсрол гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Ийм байсаар л байвал боловсролын хоцрогдол хөгжлийн хоцрогдол болно. Тиймээс бид сурлагын хоцрогдолыг нөхөхгүйгээр, ядаж дөрвөн аргын тоогоо бодож сурахгүйгээр цаашаа явахад хэцүү. PISA олон улсын үнэлгээнд хамрагдсанд баяртай байна. Бидний яриад байсан зүйлийг олон улсын байгууллага нотлоод өгчихлөө."
Ийнхүү бүх шинжлэх ухааны хаан гэгддэг математикийг манай улс хүүхдүүддээ хэрхэн эзэмшүүлж байгаа нь дээрх гурван үнэлгээгээр тодорхойлогдож байна. Нийтэд нь дүгнэвэл нэн бүрхэг. Харин нэг сайшаалтай нь Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрч анхаарлаа хандуулан тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зарим улс “Ийм муу дүнг зарлавал Засгийн газар огцрох эрсдэлтэй” хэмээн үзэж PISA үнэлгээнийхээ дүнг олон нийтэд зарлахгүй дарсан тохиолдол ч гарч байжээ. Харин манай Засгийн газар PISA үнэлгээ байтугай баргийн юманд огцрохооргүй болтлоо дөжирсөн. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм. Дараагийн PISA үнэлгээг 2025 онд зохион байгуулж, 2026 онд дүнг нь танилцуулна. Тэр болтол дэвших үү, унах уу. Яаж өөрчлөгдөх нь төр засгийн бодлого сурагчид, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд гээд олон хүчин зүйлээс шалтгаалах биз.