Одоогоос 30 гаруй жилийн өмнө манай улсын нийт хүн амын 42 хувь нь орос хэлээр ярьдаг, 47 хувь нь энэ хэлээр бичдэг, харин 70 гаруй хувь нь уг хэлийг ямар нэгэн байдлаар ашигладаг байв.

Энэ нь өнгөрсөн хугацаанд бид тус улсын хэл, соёлтой туйлаас ойр байсаар ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувьд нийтээрээ шахам анхлан суралцсан харь хэл нь орос юм. Харин өнөө цагт хойд хөршийн “школ”-оос гадна хятад, англи зэрэг улсын хэл, соёл хэрэглээнд өргөн нэвтэрч буй. Дан ганц боловсролын хөтөлбөрт тусгагдсан зарчмаар бус байж болох бүхий л боломжит хувилбараар хэлний чадвараа сайжруулах хүсэлтэй хүний тоо хурдацтай өсөж байна. Товчхондоо чамирхал байхаа болж, хэрэглээнээс гадна хэн нэгний хувьд давуу байдал үүсгээд зогсохгүй дансан дахь мөнгөний хэмжээг ч тодорхойлох болжээ. Эргээд хүртэх өгөөж нь өндөр учраас энэ хэрээр хүмүүс хэл сурахад цаг хугацаа, мөнгө санхүүгээ харамгүй зарцуулж байна.

Хэл сурах хэрэгцээ

Хэл сурахын ач холбогдлыг өргөн утгаар нь авч үзвэл хэн нэгний эдийн засгийн гол хөшүүрэг, хэрэгтэй мэдээ мэдээлэл олж авах эх сурвалж юм. Түүнчлэн зохих хэлний чадвартай хүн бусдаас 5-20 хувийн өндөр цалин авах боломжтой байдаг. Мөн өөрийн сурсан, судалсан хэлээ давуу талаа болгон ашиглаж чадсан хүн бүхий л амьдралынхаа турш ойролцоогоор 67000-128000 ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байдаг нь тогтоогдсон гэх.

Дэлхий дахинаа 1.2 тэрбум хүн аль нэг хэлийг анхан болон дунд шатнаас нь эсхүл академик түвшинд гүнзгийрүүлэн судлаж байгаа гэх мэдээлэл бий. Нийт хүн амын 17 орчим хувь нь хоёр болон түүнээс дээш хэлний мэдлэгтэй байдаг. Мэдээж хүн бүрийн хэл сурах зорилго, зорилт харилцан адилгүй байж болно. Гэвч өөр улсад боловсрол эзэмшихээс эхлээд өдөр тутмын амьдралд хүртэл хэлний чадвар их, бага хэмжээгээр шаардагдаж буй нь маргашгүй үнэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүд олноор байгуулагдаж, судлагдахууны цар хүрээ, сургах арга барил зэргээ хувь хүний онцлогт тохируулан өөрчлөх болсоор багагүй хугацаа өнгөрчээ.

Хандлага хааш эргэж байна вэ

Хэл сурахад дунджаар цагт 5-40 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол бий. Энэ нь мэдээж сургалтын орчин нөхцөл, судлах агуулгаас хамаарч харилцан адилгүй байдлаар үнэлсэн жишиг. Өнгөрсөн хугацаанд хаа сайгүй танхимын сургалт зонхилж, тарааж өгөх материал, сурах бичгийн хөтөлбөрийн дагуу л суралцах хэв маягтай байв. Харин хэдхэн жилийн өмнөөс хувь хүний онцлогт тулгуурласан, хугацаа хожиж болохуйц сонирхолтой арга барилууд ихэд эрэлттэй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шинэ үг тогтоох гэж зүдэрч суудаг цаг ард хоцорч, шинэлэг хэв маягийг дэлхий нийтээр туршиж эхлээд байна. Дуу сонсож эсвэл дуртай зохиолоо уншиж, Netflixээс кино үзэн, Babbel, Duolingo зэрэг төрөл бүрийн апплейкшнээр дамжуулан хэлний чадвараа хурдан хугацаанд сайжруулах боломжтой болсон.

Цар тахлын үеэр сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн нь бидний амьдралд багагүй өөрчлөлт, шинэчлэлийг авчирсан гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор танхимын болон цахим сургалт хослож, гэрээсээ хэл сурах боломжтой олон флатформ хэрэглээнд нэвтэрч байна. Ялангуяа залуусын дунд иймэрхүү төрлийн хэрэглээ ихэд эрэлттэй байгааг олон судалгааны үр дүн харуулж байгаа юм. Тухайлбал, Боловсролын программын орлого ба ашиглалтын статистикт дурдсанаар Z үеийнхэн бусад насны бүлэгтэй харьцуулахад хэл сурах апплейкшн болон боловсролын программ ашиглалт илүү өндөр хувьтай гарчээ. АНУ-д гэхэд л Z үеийнхний энэ төрлийн хэрэглээ бусад насныхнаас 107 хувиар илүү үзүүлэлттэй байна.

2021 онд Google Play болон Apple App Store-д хэл сурах боломжтой нийт 439000 апплейкшн бүртгэлтэй байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 455000 болж нэмэгдсэн байна. Нэг талаар энэ төрлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас үйлдвэрлэгч талуудын хооронд ч өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй. Мөн боловсролын программ, апплейкшны зах зээл өнгөрсөн онд гэхэд л нийт долоон тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хүмүүс ихэвчлэн сонирхолтой арга барилаар хэл сурахыг илүүд үзэх болсон. Энэ нь түгээмэл ашиглагдаж буй флатормуудаас тун илэрхий харагдана.

Тухайлбал, тоглох зарчмаар хэл сурах боломжтой Duolingo апплейкшныг ойролцоогоор 575 сая хүн идэвхтэй ашигладаг байна. Хамгийн их хэрэглэгчтэй, хаанаас ч ашиглаж болохуйц уг апплейкшн нь 43 төрлийн хэл сурах боломжийг хүмүүст олгодог. Харин дэлхийн хамгийн анхны хэл сурах программ болох Babbel-ийг ойролцоогоор арван сая гаруй хэрэглэгч идэвхтэй ашигладаг. Энэ нь харилцан ярианд суурилсан хамгийн үр дүнтэй апплейкшнуудын нэг юм.

Манай улсад гадаад хэлний хэчнээн сургалтын төв үйл ажиллагаа явуулж буй талаар нарийвчилсан судалгаа байхгүй ч жил ирэх тусам энэ төрлийн боловсролын байгууллагын тоо нэмэгдэж буйг холбогдох мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа залуучууд хэл сурахын давуу талыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болов. Шууд утгаараа ямар нэгэн хэл сурах нь эдийн засаг, ирээдүйн зорилгод чухал ач холбогдолтойг хүн амын олонх нь ойлгодог болжээ. Харин эрүүл мэнд талаас нь авч үзвэл хэл сурах нь тэнэгэрэл өвчинд өртөх эрсдэлийг багасгаж, тус өвчний шинж тэмдэг хожуу илрэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Хоёр ба түүнээс дээш хэлний мэдлэгтэй байх нь тархины үйл ажиллагааг дэмжин, ой тогтоолтыг сайжруулж, анхаарал хоорондын зайг уртасгадаг байна.

Мөн нэг хэлийг нөгөө хэлтэй харьцуулан судлах үед олон зүйлийг зэрэг хийх чадвар давхар хөгждөг талтай. Түүнчлэн илүү логиктой сэтгэдэг болохоос гадна шийдвэр гаргах чадвар нэмэгддэг аж. Хамгийн чухал давуу тал нь гадаад хэл сурах явцад төрөлх хэлээ сайжруулж, ямар ч хэлний бүтцийг ойлгох чадвартай болдог. Нэмэлт гадаад хэл суралцаж буй хүнийг энгийн хүнтэй харьцуулахад эх хэлний чадвараа илүү сайн эзэмшсэн байдаг. Мөн дээр дурдсанчлан нэгээс олон хэлтэй байх нь ажлын байрны сонголтыг нэмэгдүүлж, авах цалингийн хэмжээг ч нэмэгдүүлдэг.