
Хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, баяр хөөр нэмэх догь санаануудын нэг бол яах аргагүй "Монита" юм. Хэнээс гэдгийг нь мэдэхгүй ч өглөө бүр ширээн дээр тань сэтгэл шингэсэн бэлэг хүлээж байх нь тухайн өдрийг илүү аз жаргалтай болгоход тусалдаг. Тэгвэл хамгийн сонирхолтой, шинэлэг аргаар “Монита”-гаа баярлуулах санаануудыг танд хүргэж байна.
Өөрийг нь илтгэх үнэ цэнтэй бэлэг
Түүний хийдэг ажил мэргэжил, онцгой содон зан төрх, онцлогт нь тохируулсан бэлэг хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Гэрэл зурагчин бол зургийн аппарат шиг хэлбэртэй аяга, бичих дуртай хүнд бичгийн машины хэлбэртэй энгэрийн зүүлт гэх зэрэг өөрийг нь илэрхийлэх онцгой бэлэг түүнд таалагдах болно.

Сонирхлыг нь мэдэж ав
Түүний цахим хуудас, ажлын ширээг нь ажиглаарай. Улмаар сонирхолд нь тааруулж дуртай зүйлийг нь бэлэглэх нь таныг хамгийн мэдрэмжтэй монита болгож чадна. Жишээ нь үзэхээр төлөвлөж байсан киноных нь тасалбар, дуртай хамтлаг, дуучных нь алдартай цомог гэх мэт түүнийг баярлуулах эрхэм бэлгийг сонгоорой.

Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх бэлэг
Шинэ жилийн цасан бөмбөлөг, дулаахан бээлий, оймс, ороолт, шинэ жилийн гацуураа чимэх чамин тоглоом гээд л шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх бэлэг хэнд ч дулаахан таатай сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.

Дулаахан мэдрэмж төрүүлэх нь чухал
Монитадаа жилээс жилд дурсагдах онцгой бэлэг өгөхийг хүсвэл дулаахан гэрийн шаахай, бээлий бэлэглээрэй. Хамгийн гол нь тухайн хүнийхээ онцлог тохируулсан, түүнд л зориулсан сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй.

Ил захидал
Монитадаа зориулж цаасан дээр сэтгэлийн үгээ бичиж ил захидал үлдээх нь шинэлэг санааны нэг. Түүнд заримдаа урмын үг хэрэгтэй байдаг бол яг тэр захидал дээрээ түүний сэтгэлийг хөдөлгөх эшлэл, чин сэтгэлийн үгсээ бичиж үлдээж болох юм.

Онцгой аяга
Түүний ажил дээрээ хамгийн их хэлдэг үг, хамт олондоо танигдсан давуу тал гээд өвөрмөц онцлогийг нь илтгэх зураг, үгийг аяган дээр хэвлүүлэн бэлэглээрэй. Эсвэл энгийн шинэ жилийн аяга ч гоё.
