
Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн сэтгэл судлаач, хурандаа Б.Цэрэндорж өнгөрөгч 10 дугаар сард цэрэг татлагатай холбоотой мэдээлэл хийх үеэрээ залуучуудын сэтгэл зүйн онцлог болоод цэргийн орчны дасан зохицол, зан төлөвшлийн талаар хэд хэдэн асуудал хөндсөн юм. Түүний мэдээллээс онцлох нэг гогцоо нь залуучуудын дунд мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна гэх өнцөг байв.
Цэрэгт татагдаж буй 100 залуу тутмын 15 нь хар тамхи, мөрийтэй тоглоомын хамааралтай байгаа аж.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэдгийг тэрээр онцоллоо. Энэ мэдэгдэл бидэнд цочроо өгч, хар тамхины ул мөр хаа сайгүй үлдэж буйг эргэн нэг санууллаа.

Олон улсын судалгааны байгууллагын мэдээлснээр, 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор нэг сая орчим хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаад байна. Харин манай улсын тухайд, одоогоос 24 жилийн өмнө анх хар тамхи, мансууруулах бодисын судалгааг хийж байжээ. Судалгаанд өсвөр насны мянга орчим хүүхдийг хамруулснаас 45 нь ямар нэгэн өвсний ургамал татдаг болох нь тогтоогдсон байна. Энэ тоо жил ирэх тусам улам бүр өсөж, хэрэглэх төрөл зүйлийн хувьд ч нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох эх сурвалжууд мэдээлж байна. Уг бодисыг хэтрүүлэн хэрэглэх, амиа алдах тохиолдол ч цөөнгүй гарсаар байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн онд гэхэд л манай улсад хар тамхины тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж есөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд үйлдэгдэж буй нийт хар тамхины гэмт хэргийн 80 орчим хувь нь нийслэлд, 20 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдээд буй.
Мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужиж,13-35 насныхан энэ төрлийн гэмт үйлдлийн 92.3 хувийг эзэлж байна. Тэдний дунд судалгаа явуулахад хамгийн багадаа зургаан сар ба түүнээс дээш хугацаанд хар тамхинаас хамааралтай байсан нь тогтоогджээ.
Харин дээрх хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид нь энэ талаар огт мэдээгүй байсан аж.

"Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдсэний дийлэнх нь хүүхэд, залуучууд. 25-аас доош насны хүүхдүүд ихэвчлэн гэр бүл болон сургуулийн орчин, найз нөхдийн хүрээлэлд цагийг өнгөрөөж байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганц удаагийн үйлдлийнхээ золиосонд төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус байсаар байгаа нь харамсалтай санагддаг."
Хар тамхины хэрэглээ хүрээ, хязгаараас хальж байгаа нь манай эрх зүйн чадамжтай холбоотой. Тодруулбал, БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 15 хүртэлх жилээр хорих ял оногдуулдаг. Гэвч уг хууль хүн бүрд ижил тэгш үйлчилж байна уу гэвэл бас үгүй. Олны танил эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний өмнө дээрх хуулийн заалт үнэгүйдэж, хариуцлагаас мултраад өнгөрөх нь элбэг. Эргэн сануулахад, нэр бүхий УИХ-ын гишүүн асны хүү хар тамхи хэрэглэсэн хэргээр 2015 онд баривчлагдсан хэдий ч хоёр жилийн дараа суллагдсан нь бий. Урлаг соёлын, олны танил эрхмүүд ч энэ жишгээр ялаас мултарч, тайзнаа эргэн ирдэг жишиг бүр тогтчихлоо.
Хатуухан хэлэхэд хар тамхины хэрэг улам бүр даамжирч буйн цаад шалтгаан нь хуулийн цоорхойтой холбоотой.
Хар тамхитай дорвитой тэмцье гэвэл хууль хяналтаа чангатгаж, хил гаалийн асуудалдаа онцгой анхаарах шаардлагатай байна.
Төгсгөлгүй тойрог
Ихэнх залуучууд ганц удаа “мөс” сороод үзэхэд буруудах зүйлгүй гэсэн бодлоосоо болж алддаг. Гэтэл энэ нь архи, тамхи зэргээс хэд дахин илүү хүний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, амьдралын чадавхт сөргөөр нөлөөлдөг.
Хар тамхийг анх хэрэглэж эхлэхдээ “Ганц л удаа” гэж ам гардаг ч сүүлдээ лавшран дахин, дахин хэрэглэсээр нэг л мэдэхэд бие сэтгэлээ захирч чадахгүй хэмжээнд хүрдэг.

"Өсвөр насны хүүхэд, залуучууд интернэт, цахим сүлжээн дэх эх сурвалж тодорхойгүй, бодит бус, шинжлэх ухаан, судалгаа нотолгоонд үндэслэгдээгүй худал мэдээлэлд итгэх, найз нөхдийн ятгалгад автах, нэгнийгээ даган дуурайх, ганц удаа хэрэглэхэд “гайгүй байлгүй дээ” гэж хөнгөмсөгөөр хандах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна. Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг нүдэнд үл үзэгдэнэ. Бүх эрхтэнд үхжил үүсгэж, үхжил дахин хэзээ ч сэргэхгүй. Тархинд гэмтэл үүсгэж, оюуны чадамжийг алдагдуулж, дотор эрхтнийг өвчлүүлж, хатууруулдаг. Насан туршдаа дотор эрхтний болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарч сэтгэцэд маш ихээр нөлөөлдөг."
Сүүлийн үед зарим уран бүтээлчид хүүхэд багачуудад хар тамхи хэрэглэх талаар буруу үлгэр дуурайл үзүүлсэн дуу, клип ихээр хийх болсон.
Энэ нь нэг талаар сэдэлжүүлэлт болох эрсдэлтэйг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Ийм агуулга бүхий контент, бүтээлүүдэд хязгаар тогтоох хэрэгтэй. Түүнчлэн хар тамхины хэрэглээг дан ганц хууль хяналтын байгууллагад даатгаад өнгөрөх нь дорвитой шийдэлд хүрэхгүй нь мэдээж. Нийгмийн бичил бүлгээс асуудлын зангилааг эрж, эцэг эхчүүд хүртэл хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь чухал. Нөгөө талаас нийгмийн бүхий л түвшинд хэрэглээ болоод буй хар тамхийг хуулийн дагуу зохицуулалт хийж, хэрэглэгчид нь хүний өөрийнгүй ял оногдуулах зайлшгүй шаардлагатай юм.