
Үсний хаг нь хуйхний хучуур эсүүдийн үржил түргэсч, арьсны үхсэн эсүүд, тос, хөлсний булчирхайн шүүрэл холилдон, нүдэнд харагдахуйц том хэмжээгээр гуужих үйл явц юм. Хаггүй хүний хуйхны арьсны эс нас бие гүйцэн, үхэж, гуужих хүртлээ нэг сар орчмын хугацаа зарцуулдаг бол хагтаж байгаа хүнийх 2-7 хоног байдаг аж. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь хагны асуудалтай өдөр бүр тулгарч байдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр хаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө төдийлөн байхгүй боловч хүний гадаад төрхөд ихээр нөлөөлдөг.
Түүнчлэн хаг нь амьдрах орчин нөхцөл өөрчлөгдөх, хэрэглээний болон ундны ус солигдох, дааврын үйл ажиллагаа хэвийн бус явагдах болон өөрийн үсэнд тохирохгүй шампунь хэрэглэх зэрэг шалтгаанаас болж үүсдэг. Мөн үсний гель, үсний лак, үсний хөөс зэрэг төрөл бүрийн үс арчилгааны чанар муу бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь хуйхны арьсны нүхийг таглаж, амьсгалах боломжгүй болгосноор хаг үүсдэг байна. Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлт, дотоод эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болж үс хагтдаг учир нүүрс ус ихээр агуулсан, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглэхээс мөн шалтгаалдаг.
Эмчилгээний хувьд хаг үүсэхэд нөлөөлсөн шалтгаанаас үүдэн харилцан адилгүй байх бөгөөд дан ганц гэрийн нөхцөлд бэлтгэсэн бүтээгдэхүүнээр анагаана гэдэг боломжгүй зүйл. Тиймээс таны оношийг оновчтой тогтоож, тохирох эмчилгээг бичиж өгөх мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хаг үүсэж эхлэхэд хүмүүс ихэвчлэн эмчид хандахаас урьтаж асуудлыг өөрсдөө шийдэхийг хичээдэг. Ингэхдээ зориулалтын шампунь, серум болон цацлага худалдан авч хэрэглэх нь бий. Угтаа бол эдгээр бүтээгдэхүүн нь үндсэн эмчилгээний дараа үр дүнг хадгалахын тулд хэрэглэдэг ердөө туслах зориулалттай зүйлс гэдгийг санах нь чухал.