Жишээ 1
Нийгмийн сүлжээнд цөөнгүй дагагчтай эмэгтэй цахим хуудсандаа гэр ахуйн бараа худалдаалдаг онлайн дэлгүүрийг сурталчилж, худалдан авалт хийхийг дагагчдадаа уриалсан юм. Түүний хэлсэнд итгэсэн хүмүүс тухайн дэлгүүрээс бараа худалдаж авахаар захиалга өгснөөр залилангийн хохирогч болсон хэрэг өнгөрсөн өвөл гарч, өндрөө авсан. Хохирогчид сурталчилгаа хийсэн, инфлюенсер эмэгтэйтэй холбогдож, учир байдлаа тайлбарлан, тусламж хүссэн ч тусыг эс олов. Тухайн эмэгтэй “Би гэрээний дагуу л ажлаа хийсэн. Хоёр стори, нэг пост хийхээр тохироод, төлбөр мөнгөө авсан. Залилагч гэдгийг нь би яаж мэдэх вэ” гэх хариулт өгч, асуудлаас өөрийгөө зайлуулсан юм. Ийнхүү олны танил эмэгтэйд итгэсэн хүмүүс залилагчийн өгөөш болоод л хоцорсон.
Хохирогч
Би 2021 оны аравдугаар сард S…….. эмнэлэгт утсан имплантаар хамраа өндөрлүүлсэн. Гэвч хагалгаа хийлгэсний дараа тав нь унатал утасных нь үзүүр цухуйчихсан. Эмнэлэгтээ үзүүлтэл “Ийм тохиолдол байдаг” гэж хэлээд үзүүрийг нь тайрч өгсөн. Энэ байдал хэд хэдэн удаа давтагдсаар сүүлдээ миний хамар шархалж, үрэвсэл үүссэн. Эмнэлэг “Биеийн чинь дархлаа муу байна” гэдгээс өөр зүйл хэлэхээ ч больсон. Судлаад үзтэл тэр эмнэлэгт үйлчлүүлээд хохирсон эмэгтэй олон байдаг юм билээ. Тус эмнэлгийг жүжигчин ..... (Instagram-д 300 мянга, facebook-д 100 мянган дагагчтай) сурталчилсан учир сонгож, үйлчлүүлсэн юм. Учир нь, түүний хамар үнэхээр өөгүй засарсан байсан. Гэвч тэнд биш БНСУ-д хийлгэсэн байж таарсан. Хэрэв тэр худал реклам хийгээгүй бол би тийш зүглэхгүй байсан гэж боддог.
Хөлжих хүслийн даль
Мөнгийг нь л өгчихвөл юу ч хийхэд бэлэн дээрхийн адил жишээ хэд хэдийг дурдаж болох ч цаас, цаг хэмнэх үүднээс нийтлэлээ цааш үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор, дагагчаа өсгөж, амьдралаа босгох зорилготой хүн олширчээ. Өөрсдийгөө инфлюенсер буюу нөлөөлөгч гэж цоллох тэд тодорхой үнэ тарифын жишиг тогтоож, бараа бүтээгдэхүүн сурталчлан олон нийтэд таниулах ажил хийдэг. Зөвхөн бараа бүтээгдэхүүн ч бус нийгмийн сүлжээнд сурталчилж болох бүхнийг рекламдаж, тэндээсээ ашиг хүртэж, амь зуудаг. Үнэ тариф нь дагагчийн тоо болон чанараас хамаараад харилцан адилгүй. Олон дагагчтай ч үздэг, анирддаг нь цөөн бол үнэ нь тэр хэрээр буурна. Харин дагагчдадаа нөлөөлөх нөлөөлөл нь өндөр бол үнэ нь ч өсдөг байна.
Ямартай ч, инстаграмм сүлжээндээ 300 мянгаас дээш дагагчтай бол нэг сториг 600 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд нийтэлж байна. Пост оруулж, бусад сүлжээнд хуваалцсан тохиолдолд үнэ нь нэмэгддэг аж.
Бүр багцын тариф ч гэж байдаг аж. Instagram, facebook хуудсандаа мэдээллийг нь оруулж, стори болон лайв хийсэн тохиолдолд ханш нь 5-10 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ганцхан стори оруулаад л сая, сая төгрөг халаасалж, нэг бичлэг, мэдээлэл нийтлэх төдийд 5-10 сая төгрөг базааж байгааг гайхах аргагүй. Манай улсын интернэт хэрэглэгчийн тоо хэдийнэ нийт хүн амын тооноос давсан. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар улирлын эцэст интернэт хэрэглэгчдийн тоо 4.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна. Нэг хүн хэдэн ч хаягтай байх боломжтой тул цахим хэрэглэгчдийн тоо ийм хэмжээнд хүрсэн ч манай нийгэмд хүүхэд, хөгшидгүй нийгмийн сүлжээ ашиглаж байгаа нь маргах аргагүй үнэн. Энэ хэрээр тус талбарт байршсан зар сурталчилгаа олон хүнд хүрч байна. Тухайлбал, “Facebook”-ээр зар сурталчилгаа дамжуулахад дунджаар 2.1 сая хүнд хүрэх боломжтой гэх тооцоолол бий. Харин “Instagram”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 500 мянгад хүрсэн. Тэгэхээр нийгмийн сүлжээ ашиглагчид бид энэ талбарт олон хүн төвлөрүүлж чадсан хүмүүсийн хөлжих хүслийг гүйцэлдүүлж байна.
Нөлөөлөгчийн сөрөг нөлөө
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дагагчдадаа сурталчилсныхаа хариуд цалинжиж байгааг буруутгахад бэрх. Давуу байдалдаа түшиглэн, хэн хэндээ харилцан ашигтай бизнесийн харилцаа үүсгэж байна ч гэж харж болохоор юм. Гэхдээ үүний цаана хариуцлага гэх хамгийн чухал асуудал орхигдож буй. Инфлюенсерүүд эмнэлэг, сувилал, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, дом, арилжаа санхүүгийн үйлчилгээ гээд мэдээлж, таниулж болох бүхнийг сурталчилдаг. Ингэхдээ аль нь ч чанар, үр дүнг нь шинжилдэггүй.
Үнэн худлыг нь ч дэнслэхгүй байна. Ерөөсөө мөнгөө л төлчихвөл “хүмүүсийн тархийг” угаагаад, борлуулалтыг чинь нэмэгдүүлээд өгье гэх зарчмаар ажилладаг. Зарим нь мөнгө бус бартераар ч наймаалцдаг.
Тухайлбал, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ үнэ, төлбөргүй аваад, хариуд нь зар сурталчилгааг нь хийх тохиолдол элбэг. Ингэхдээ дээрхийн адил чанар, аюулгүй байдал, эрсдэл зэргийг нь тооцоолдоггүй. Үүний улмаас иргэд хөрөнгө мөнгө, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсоор байгаа юм.
Харамсалтай нь “Чамд л итгээд ийм бүтээгдэхүүн, тийм үйлчилгээ авсан” гэдгээ учирлаад, хариуцлага нэхэх, шаардах ямар ч боломжгүй. Уг нь ёс зүйн хувьд ийм шаардлага тавих нь зүй ч манай улсад энэ төрлийн эрх зүйн орчин байдаггүй.
Бүр том зургаар нь харвал, нөлөөлөгчдийн сөрөг нөлөө улс оронд ч халтай байна. Тухайлбал, тэдний олонх нь сонгуулийн үеэр идэвхжиж, аль нэг нам эсвэл нэр дэвшигчдийг дэмжиж, саналаа өгөхийг олон нийтэд уриалдаг. Ингэхдээ мөн л ямар нэг шүүлтүүргүйгээр, төлбөрийг нь төлөх бэлтэй нэгний талд ажилладаг. Сурталчилж байгаа хүн нь нэр цэвэр, төрд хийгээд улс оронд дэмтэй нэгэн байх уу, хуурмаг, худалч, олиггүй нөхөр байна уу гэдэг нь тэдэнд огт сонин биш. Зөвхөн ахиухан мөнгө тохироод, ашиг унацтай ажиллахаа л боддог. Түүнчлэн олон дагагчтай хүмүүс цахим сүлжээнд улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг шүүмжилж, элдэвлэх нь элбэг. Ингэхдээ нийгмийн хэм хэмжээг алдагдуулах, хууль эрх зүйн хүрээ хязгаарыг давсан ухуулга, сурталчилгаа хийх тохиолдол ч бий.
Жишээ 2
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэн Ц (Instagram-д 200 мянга, facebook-т 200 мянган дагагчтай) санал өгөх үйл явцаа бичлэг хийн, цахим орчинд цацсан. Тэрээр хэн нэгнийг сонголгүй цагаан хуудас уншуулсан бөгөөд иргэдийг ч мөн цагаан сонголт хийхийг уриалсан байдаг. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн “Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргахыг хориглосон” зүйл заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Хязгааргүй шуналыг хазаарлах эхлэл
Өмнө өгүүлсэнчлэн манай улсад инфлюнсерүүдийн эрээ, цээргүй үйлдэл, ичгүүр сонжуургүй авир, хариуцлагагүй сурталчилгаа зэргийг хазаарлах эрх зүйн орчин дутмаг. Харин дэлхийн зарим оронд энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлаад эхэлсэн байна. Франц улс нөлөөлөгчдийн хамжааргагүй зар, сурталчилгааг чөдөрлөх нэгэн шинэ хуулийг өнгөрсөн зун баталжээ. Хуульд, олон дагагчтай цахим хэрэглэгчид төлбөртэй зар, сурталчилгаа нийтлэхдээ ил тод байдлыг эрхэмлэж, ивээн тэтгэгчтэй гэдгийг нь зарлах, тэмдэглэхийг үүрэгджээ.
Энэ нь хэрэглэгчдэд арилжааны шинж, зорилготой бүтээгдэхүүн гэдгийг нь таниулж, төөрөгдөлд орохоос сэргийлэх зорилготой аж. Эдгээрээс гадна, зарим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахыг ч хориглосон байна. Тухайлбал, гоо сайхны мэс заслын үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, банк санхүүгийн үйлчилгээ, мөрийтэй тоглоом, архи, тамхи зэргийг хүмүүст таниулж, ухуулах боломжгүй болжээ.
Инфлюнсер болох шинэ мөрөөдөл
Олон дагагчтай болчихвол ашиг орлого нэмэгдэж, амьдрал ахуй дээшилнэ гэх ойлголтын улмаас дагагчийн төлөө “нүдээ ухахаас” сийхгүй хүн улам олширлоо.
Тухайлбал, бие биетэйгээ нийгмийн сүлжээнд тохироотой толхилцож, хосууд зориуд салсан, нийлсэн гэх агуулгатай зураг пост нийтэлж олны анхаарлыг татах болов. Түүнчлэн хагас нүцгэн зургаа оруулж, хараалын үг шидэлцэх зэрэг элдэв үйлдэл, эрээгүй авир гаргаад ч болов хүмүүсийн хараанд өртөхийг хүсэх боллоо. Тэдний энэ ядмаг хүслийг бид ч биелүүлж, муу үйлдэл, муухай авирыг нь сонжиж, баасны ялаа шиг олноороо шавсаар буй.
Жишээ 3
Өнгөрсөн жил 22 настай эмэгтэй 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан бичлэг цахим орчинд цацагдсан. Тухайн бичлэг цацагдсан даруй кофе асгасан охин А-гийн цахим хаягийг 8 мянган хэрэглэгч шинээр дагасан бөгөөд тэрээр энэ тухай бичиж, бүжиглэж байгаа бичлэгээ оруулсан байдаг. Бусдын эрүүл мэнд, гоо сайхныг хохироосондоо гэмших бус түмний хараанд өртөж, нийгмийн сүлжээндээ олон хүн төвлөрүүлсэндээ баярлаж байгаа тус хандлага дагагчийн хойноос улайрах донгийн л нэг хэлбэр. Яг түүний адил хэрэг хийж, хэн ч биш болсон ч хамаагүй олон л дагагчтай болохын хүслэн болсон залуучууд улам бүр олширсоор байна.
Жишээ 4
Facebook сүлжээнд 400 гаруй дагагчтай эмэгтэй саяхан бараа бүтээгдэхүүн борлуулахаар “Жинхэнэ БООМ, Шаадаг лайв” гэх гарчигтай шууд бичлэг хийжээ. Шууд бичлэгийнхээ үеэр зүй бус үг хэллэгийг хайр найр, хамаа хамжааргагүй хэрэглэх бөгөөд ярианы агуулга нь ч насанд хүрээгүй хүүхэд, залуучууд үзэх аргагүй байв. Гэвч тэрээр ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр 400 гаруй мянга, магад түүнээс ч олон хүний өмнө нүцгэлж, хараалын үг урсгасаар л байна. Харамсалтай нь, энэ үйдлийг нь буруутгах аргагүй. Хэдий нийгмийн хэм, хэмжээнээс алдуурсан үйлдэл ч эрх зүйн зохицуулалт байхгүй учир устгуулах, хариуцлага тооцох боломж алга.
Хэм хэмжээ, хэв журмыг эвдээд ч хамаагүй хүмүүст танигдахыг хүсэх нь нийгэмд асар хортой.
Монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ “ердийн, аюулгүй, зохистой” гэдэг хэмжээнээс хоёр дахин их болсон гэх судалгаа бий.
Тэдгээрийн дотор хүүхдүүдийн сошиал медиа ашиглалт 96 хувьтай байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн. Тэгэхээр нийгмийн сүлжээ хүүхэд, багачуудын хүмүүжил, төлөвшилд багагүй нөлөө үзүүлж буй. Гэтэл дээрх мэт зүй бус үг хэллэг, үйлдэл, зураг бичлэг ямар ч хяналтгүй цацагдсаар л байна. Эдгээрийг хянаж, хазаарлах цаг нь нэгэнт болжээ.