
Сүүлийн жилүүдэд анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх буюу ADHD эмгэгийн тохиолдол нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагаас онцолж байна. Ялангуяа бага болон өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн эмгэгт түлхүү өртөж байгаа аж. Тухайлбал манай улсын нийт хүүхэд багачуудын 5-10 орчим хувь нь ийм төрлийн эмгэгтэй байна. Түүнчлэн АНУ-д л гэхэд 6.1 сая хүүхэд ADHD-тай хэмээн оношлогджээ. Харин АНУ-ын Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангиллын дагуу насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнд 3.4% нь энэ төрлийн эмгэгтэй болох нь батлагджээ. Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарыг анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг таниулах сар болгон зарладаг байна.
Энэхүү эмгэг нь хүүхэд наснаас эхлэлтэй бөгөөд насанд хүрэгчдэд мөн тохиолддог. Хүний үйл хөдлөл, биеэ авч явах байдлаар тод илэрдэг байна. Гэхдээ сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд болгон ийм эмгэгтэй гэсэн үг биш юм. Оношийг сэтгэцийн эмч, клиникийн сэтгэл зүйч, суралцахуйн бэрхшээлээр мэргэшсэн мэргэжилтнүүд тавьж болно. Ингэхдээ хүүхдэд илэрч буй шинжүүдийг асуумжаар илрүүлэх, сэтгэл зүйн тест ашиглах, мөн тухайн хүүхдийг маш сайн мэддэг хүмүүсээс мэдээлэл авах байдлаар тодорхойлдог байна.
Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрч болно. Тухайлбал:
Эдгээр шинжүүд нь ADHD-ийн хэлбэрээс хамаараад анхаарлын дутмагшил, эсвэл хөдөлгөөнтөх зэрэг аль нэг нь илүү түлхүү илрэх, эсвэл зэрэгцэн илэрч болно. Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн оношлогддог дундаж нас нь 6-7 нас гэх боловч хоёр ой гарантайгаас ч ажиглагддаг байна. Охидоос илүү хөвгүүдэд түгээмэл тохиолддог болох нь судалгаагаар батлагдсан. Түүнчлэн уг эмгэг нь хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч илэрч болдог.
Бага насны хүүхдийн тухайд ADHD нь хөдөлгөөнөөр голчлон илэрдэг бол насанд хүрэгчдийн хувьд бухимдах, сэтгэл хөдлөл тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Насанд хүрэгчдэд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх, ямарваа нэгэн даалгавар гүйцэтгэхэд бэрхшээлтэй тулгарах, хариуцлагагүй байх, хүмүүстэй харилцаа тогтооход төвөгтэй санагдах тохиолдолд энэхүү эмгэг илэрч байна гэж үзэж болно. Гэхдээ сэтгэцийн асуудал нарийн төвөгтэй гэдгийг санах хэрэгтэй. Энэ шинжүүдийн ард өөр өвчин, сэтгэлзүйн асуудал ч байж мэднэ. Насанд хүрэгчдэд хэрэв энэхүү эмгэг илэрвэл ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байх, донтох, зам тээврийн осолд эсвэл ямар нэгэн зөрчилд орох нь түгээмэл байдаг.
Ямар шалтгаанаар үүсдэг вэ
Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх буюу ADHD эмгэг бий болоход голлон нөлөөлдөг шалтгаануудыг одоо хэр нь судалсаар байна. Тухайлбал, удамшил, эхийн жирэмсний явц, төрөлт, архаг хууч өвчин, тархины үйл ажиллагаа, нейрохимийн процесс, амьдралын буруу хэв маяг гэх мэт олон хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Мөн зарим судлаачдын үзэж буйгаар хүүхдүүдэд хэт олон цагаар зурагт үзэх, чихэрлэг зүйл их идэх, гэр бүлийн зөрчилтэй, тайван бус байдал, сэтгэцийн гэмтэл зэрэг нь энэ эмгэгийн шинж тэмдгүүдийг ихэсгэдэг байна.