
“Эгчдээ туслаарай” хэмээх хижээл насны эмэгтэйн дуу хүлээлгийн өрөөнд хадаж, хүмүүсийн анхаарлыг татав.
Тэрээр “Нөхөр маань бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох болчихлоо. Донор нь манай хүргэн. Танайхаас бичиг авах гэсэн юм” хэмээн сандачна. Уймарч, тэвдсэн эмэгтэйтэй ярилцаж буй залуу учир байдлыг нухацтай лавлаад, хүргэн эсвэл бэр нь эд эрхтнээ шилжүүлэх эрх зүйн боломжгүй болохыг учирлав. Эмэгтэйн царай хувьс хийж, хамаг бие нь сулбайн, харц нь тогтож ядна. Өөрийнх нь цусны бүлэг нөхрийнхтэй нь таарахгүй. Газар дээрх ганц охин нь тулгар биетэй. Тиймээс эд нийцэл нь тохирч, бөөрний донор болохыг зөвшөөрсөн хүргэн нь тэдний эцсийн найдвар.
Иймд асуудлаа ацаглахаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд хандаж буй нь энэ. Харамсалтай нь, хууль нэгэнт ийм тул түүнд туслах гарц байсангүй.
Одоо тэд амьгүй донор хүлээхээс өөрцгүй. Гэхдээ амьгүй донороос эрхтэн шилжүүлнэ гэдэг “тэнгэрээс од шүүрэхтэй” адил аз, эз шаардсан ажил. Учир нь эд, эрхтнээ хандивлаж, бусдын амь насыг аврах хүсэлтэй хүн ч, энэ талаарх нэгдсэн ойлголт ч одоогоор манай улсад дутмаг. Харин эд, эрхтний донор хүлээж буй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Тун харамсалтай нь, тэдгээрийн цөөнгүй нь донор хүлээх явцдаа нас эцэслэдэг. Тоо сөхвөл, элэг, бөөр, зүрхний дутагдлаар жил бүхэн 10 орчим мянган хүн нас бардаг гэх харамсалтай статистик бий. Аварч, амьдарч болох мянга, мянган халуун амь ийнхүү хорвоог орхисоор л.
Дэлхийн жишгээс алсарсан нь
Манай улс Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан. Гэвч хуульд амьгүй донорын асуудлыг тусгаагүй байсан тул 10 илүү жил дээрх асуудал эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн. Харин 2018 онд Донорын тухай хуулийг шинэчилж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тодорхой заалтууд оруулсан байдаг. Улмаар тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж, энэ асуудлыг хариуцсан Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харьяанд байгуулан ажиллаж буй. Гэхдээ асуудал ингээд ч цэгцэрсэнгүй. Өнөө хэр нь донорын олдоц ховор, олон нийтийн ойлголт дутмаг хэвээр.
Өнгөрсөн хугацаанд нийт 300 гаруй хүнд бөөр, 200 орчим хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд 30 орчим хүнд цусны үүдэл эс, 20 гаруй хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан байна. Чамлахааргүй амжилт.
Гэхдээ эдгээрийн 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцгээс нь хүүд, охиноос нь ээжид, ахаас нь дүүд эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгасан байна.
Гэтэл бөмбөрцгийн “нөгөө бөөрөнд” хэн нэгний амь аврахын тулд нөгөөг нь эрсдэлд оруулдаг энэ аргаас татгалзаад цөөнгүй жилийн нүүр үзэж буй.
ДЭМБ ч амьгүй донороос эрхтэн шилжүүлэхийг уриалж, амьд донороос аль болох татгалзахыг зөвлөж байгаа юм.
Сүсэгт хүлэгдэхүй
Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа нь зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг. Манай улсад аваар ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг аж. Харамсалтайгаар, цаг бусаар нас барж буй эдгээр хүмүүс хүнд өвчний улмаас үхэл, амьдралын зааг дээр буй өөр олон хүний амь насыг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Тархины үхэлтэй нэг хүн 8-10 хүнийг үхлээс аврах боломжтой гэх тооцоолол бий.
Гэвч ар гэрийнхэн нь донор болох хүсэлтийг тэр бүр зөвшөөрдөггүй. Энэ нь шашны болон мухар сүсгийн шалтгаантай байх нь элбэг аж.
Өнгөрсөн хугацаанд холбогдох алба хаагчид 260 гаруй тархины үхэлтэй, боломжит донор илрүүлсэн байна. Тэдгээрийн 63 нь донор болох боломжтой нь шинжилгээгээр тогтоогдсон тул гэр бүлтэй нь уулзаж, зөвшөөрөл хүсжээ. Гэвч ердөө 50 орчим хувь нь л донор болохыг зөвшөөрч, 26 нь бодит донор болсон байна. Улмаар 35 хүнд бөөр, 23 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Ийнхүү 58 хүний амь насыг аварч, 170 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.
ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, гавьяат эмч П.Батчулуун
Манай улсад гэмтлээс улбаалсан нас баралт нас баралтын шалтгааны дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Мөн жил бүр цөөнгүй хүн тархинд цус харваж нас бардаг. Гэнэтийн байдлаар нас барж буй эдгээр хүн өвчиндөө шаналж байгаа элэг нэгт иргэдээ аварч, амьдрал бэлэглэх боломжтой. Харин үүнийг иргэд хэрхэн зөвөөр хүлээж авах вэ гэдэг асуудал байгаа юм. Энэ ойлголт монгол хүний уламжлалт сэтгэхүйгээс хол. Тиймээс Донорын хуулийг сурталчлан таниулах явдал их чухал. Иргэд шашин номын шалтгаанаар татгалзах тохиолдол бий. Гэхдээ бурхан шашны номд харшлах зүйл байхгүй. Харин ч Буяны дээд буян, Өглөгийн дээд өглөг бол амьдрал бэлэглэх гэж үздэг юм байна.
Даатгуулагчийн ар гэр л тэтгэмж авна
Донорын олдцыг нэмэгдүүлэх нэг гарц нь эдийн засгийн хөшүүрэг гэж зарим иргэн үздэг. Гэхдээ донорын харилцааг ашгийн төлөө бус, сайн дурын үндсэн дээр зохион байгуулах нь гэмт хэргийн шинжтэй олон эрсдэлээс сэргийлдэг аж. Тиймдээ ч холбогдох хуульд энэ талаарх асуудлыг нарийн тусгасан байдаг.
Харин амьгүй донорын ар гэрийнхэнд оршуулгын тэтгэмж олгох нь хүн ёсонд нийцээд зогсохгүй хөшүүрэг талаасаа ч тустай гэж үзсэн тул өнгөрсөн жилээс ар гэрийнхэнд нь оршуулгын тэтгэмж олгож эхэлсэн. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “Амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний (даатгуулагчийн) ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая 500 мянган төгрөг олгоно” гэж тусгасан байна. Гэхдээ хуульд 36 сараас доошгүй хугацаанд НДШ төлсөн байх шаардлагатай гэж заасан нь тэгш, шударга байдалтай харшилдаж буй төдийгүй Донорын тухай хуулийг ч зөрчиж байгаа юм.
Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
Донорын тухай хуулиас

Дэлхийн улс орнуудад эд, эрхтний донороос зөвшөөрөл авах “Opt Out”, “Opt In” гэсэн түгээмэл хоёр хэлбэр байдаг. Opt-Out хэлбэр нь амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол тархины үхэлд хүрэхэд нь шууд донор болгох боломжтой хувилбар юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний бие, эрхтэн улсынх нь мэдлийнх гэж үздэг аж. Улмаар эмнэлгийн байгууллага нас барагчийн эрхтнийг донор болгосон гэдгийг ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэг хүлээдэггүй.
Харин нөгөөх нь Opt-In буюу өвчтөн эсвэл ар гэрийнхнээс зөвшөөрөл авснаар донор болгодог хувилбар. Үүнээс гадна, иргэд өөрсдөө донор болохыг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, карт нээлгэх боломжтой аж. Ингэснээр зуурдаар нас барсан тохиолдолд ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр донор болгох боломж бүрдэх юм байна.
Манай улс хоёр дахь хувилбарыг хэрэглэдэг. Тиймээс иргэд өөрсдийн хүсэлтээр холбогдох албанд хандаж, донор болох хүсэлтээ хүргүүлэх боломжтой. Гэхдээ манайд энэ аргачлалыг хараахан ажил хэрэг болгож дөнгөхгүй байна.
Дэлхийн бусад улсад донор болох хүсэлт гаргасан иргэний биеийн байцаалт дээр нь “донор” гэх агуулга бүхий тэмдэгт байршуулдаг аж. Энэ нь цаг хугацааг хэмнэх хамгийн оновчтой гаргалгаа юм. Харин манайд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд хандаад донорын картаа авдаг.
Гэхдээ энэ нь улсын бүртгэлийн цахим системд бүртгэгддэггүй, биеийн байцаалт дээр хэвлэгддэггүй учир төдийлөн үр дүнгээ өгдөггүй аж. Сайн мэдээ нь, цөөнгүй иргэн донор болох хүсэлтээ цахим хуудсаар илэрхийлсэн байна. Тодруулбал, 200 гаруй иргэн дээрх асуудлаар хандсан бөгөөд 60 орчим нь донор гэх картаа авчээ.
Хүргэн, бэр нь хүссэн ч донор болох боломжгүй
Донорыг дотор нь цусны болон амьд, амьгүй донор гэж гурав ангилдаг. Амьд донор гэдэг нь өвчтөний гэр бүлийн гишүүд хос эрхтнийхээ нэгийг болон цуллаг эрхтнийхээ талыг өгөхийг хэлдэг. Энэ асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Донорын тухай хуулиар зохицуулдаг. Анх 2000 онд батлагдсан хуульд эрхтний донорыг зөвхөн цусан төрлөөс нь авна гэж тусгасан байжээ. Харин 2012 оны шинэчилсэн найруулгаар ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд хэмээн өөрчилж оруулсан байна. Ингэснээр эхнэр, нөхөр, хамаатан садан нь эрхтний донор болох боломж нээгдсэн байна. Гэхдээ үүнд дахиад өөрчлөлт оруулах шаардлага бийг мэргэжилтнүүд хэлдэг. Тодруулбал, хүргэн эсвэл бэр нь донор болох боломжийг нээхгүй бол нийтлэлийн өмнө өгүүлсэн тохиолдол элбэг байдаг аж.
ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донорын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулга
Хуульд гэрлэгчийн төрсөн, дагавар, өргөж авсан хүүхэд, төрөл садны ах, дүү хамаатан садан донор болох боломжтой тухай тусгасан байдаг. Гэхдээ надад Гэр бүлийн тухай хууль хэт ерөнхий санагддаг. БНСУ-ын хуульд гэр бүл гэдгийг нэгдүгээр, хоёрдугаар үе гэж нарийн тусгасан байдаг. Түүн шиг гэр бүлийн тэд, тэд дүгээр үеийг донор болгох боломжтой гэж тусгаж болохоор байгаа юм. Манайд хүргэн, бэрийг ч гэр бүлийн гишүүнд тооцдоггүй. Тэд өөрсдөө зөвшөөрсөн ч эрхтэн шилжүүлэх боломжгүй. Гэтэл бодит байдал дээр гэр бүлийнх нь гишүүдийн эд нийцэл нь тохирохгүй байх тохиолдол бий. Бүр заримдаа донор болох гэр бүлийн гишүүнгүй хүн ч олон байдаг. Тэдгээр хүмүүс амьгүй донор хүлээхээс өөр аргагүй. Үүнээс шалтгаалаад нас барсан хүн маш олон бий.
Донор олох гэж шаггүй хугацаа зарцуулсан иргэд азаар донор оллоо ч мэс заслын дугаар, эрэмбэ хүлээж багадаа хагас жил зарцуулдаг. Учир нь манай улсад энэ төрлийн үйл ажиллагааг дангаар нь хариуцдаг төв, эмнэлэг байдаггүй.
Өнгөрсөн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг УНТЭ, №26 (567) ХСҮТ-д хийж ирсэн байна. Ингэхдээ, УНТЭ-т гэхэд өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөө, хэвтүүлэн эмчлэх найман ортой үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөний ачаалалтай харьцуулахад хэтэрхий чамлагддаг аж. Байр, орны хүрэлцээнээс шалтгаалаад сард 5-8 хүнд л эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг бөгөөд үүний улмаас иргэд хамгийн багадаа хагас жилээс дээш хугацааг мэс заслын дараалалд зарцуулж байгаа юм. Түүнчлэн дэлхийн ихэнх оронд Эрхтэн авах баг, эрхтэн шилжүүлэн суулгах баг гэж тусдаа үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг аж. Харин манайд мэргэшсэн нэг баг эртхэн авах, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарыг гүйцэтгэж байгаа юм. Эдгээрээс гадна, Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Тэд эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүхий л асуудлыг зохицуулаад зогсохгүй олон нийтэд зөв, голч ойлголт өгөх нөлөөллийн ажлыг ч гүйцэтгэж байна. Харин дэлхийн бусад орон энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг олон хүний бүрэлдэхүүнтэй салбар нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал БНСУ-д Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны үүргийг тус бүртээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гурван төрийн байгууллага гүйцэтгэдэг аж.
Донорын асуудал хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанартай шууд холбоотой тул тун эмзэг. Тэр хэрээр нэн чухал. Тиймээс олон нийт ч, төр засаг ч энэ асуудлын талаар нэгдсэн ойлголттой байж, асуудлыг чамбайруулж чадвал олон монгол хүний амь насыг авран хамгаалах боломжтой юм.