Ургаж буй нэгэн хүн цэцэг уйтай намраар хагдарч улс даяараа эмзэглэлээ. Цаг бусаар бяцхан үрсээ алдах тохиолдол гардаг ч энэ удаагийнх үнэхээр харамсал төрүүлж, энэ бүхний эсрэг дорвитой арга хэмжээ авах ёстой гэдгийг хүн бүхэнд ойлгууллаа.

12-хон настай бяцхан охин дахиад ийм зүйл давтагдахгүй байхын төлөө ажиллах ёстойг улстөрчдөд ухааруулж, өөрийнхөө амьдралаар “ташуурдаад” буцав. Олон тохиолдлыг зүгээр л харамсаад өнгөрүүлсэн улстөрчид энэ удаад харин хөдөлж эхэллээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангатгаж, камержуулалтыг сайжруулж, өмнө нь хэлэлцээд орхисон Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг хэлэлцэхээр болов. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэж энэ бололтой.

Ухаарал

1.Өмнөх алдаагаа давтахгүй, асуудалд хойрго хандахгүй, хийгээгүйгээ хийх ухаарлын цаг ирлээ. Хүний алтан амьтай дүйх их үнэ цэнээр ирж буй энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй. Тийм ч учраас Засгийн газар хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгахаар болов. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон гэмт этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй, бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг болох нь. Бас мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэхээр боллоо.

2. Мөн хутга барьсан алуурчнаас ялгаагүй согтуу жолооч нарт хүлээлгэх шийтгэлийг нэмж, согтуугаар жолоо барьсан л бол гэмт хэрэг үйлдсэнд тооцдог болохоор болов.

3. УИХ 2020 онд хэлэлцэж байгаад орхисон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулиа үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийн агуулга нь хүүхдэд эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх, жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө, хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургах юм.

4. Хууль батлаад бүх зүйл сайхан болчихгүй. Түүнийг хэрэгжүүлэх арга механизм хамгаас чухал. Тиймээс гэмтнүүдийг гишгэх газаргүй болгох үүднээс камерын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Одоогоос зургаан жилийн өмнө Дорноговь аймгийн Замын Үүд сумаас найман настай Д.Сэржмядаг охин алга болоход камерын хяналт чухал гэдгийг ухаарч байв. Гэвч түүнээс хойш камерын хяналтыг сайжруулаагүйг, сайжруулах шаардлагатайг нэгэн алтан амиар ухаарлаа. Харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдэг шиг харамласаар л суувал харамсах өдөр олон байхыг үгүйсгэхгүй. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар 2021 онд камержуулалтаа сайжруулах шаардлагатай байгааг онцолж байлаа.

Манай улсын зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 6000 орчим камер бий. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. Бас 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй. Цаашид хилийн боомтоос эхлээд зам, гудамж талбайд 60 гаруй мянган камер суурилуулбал камерын хяналтын системд бүрэн шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ бүхнийг хийхэд 300 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Камерын хяналтын системтэй болсноор гэмт хэргийн гаралт буурна гэсэн судалгаа бий.

300 сая ам.доллар гэдэг их тоо. Тиймээс камерын хяналтын системд бүрэн шилжиж чадахгүй байгаа юм. Гэхдээ хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж хаана ч байхгүй.

Болгоомжлол

1. Үнэлэх боломжгүй их үнэ цэнээр ирсэн ухаарлын цаг хугацааг ашиглаж өмнө нь хийж чадаагүй бүхнээ хийх нь сайн хэрэг. Гэхдээ нийгмийн сэтгэл зүйд автан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах эрсдэлтэй. Мөн нийгмийн сэтгэл зүй нэг тийшээ ханарсан байдлыг далимдуулан хэн нэгний эрх ашгийг хамгаалах, улс төрийн зорилгодоо ашиглах шийдвэр гаргахыг ч үгүйсгэхгүй.

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийг ял 20 жил байгааг 25 жил болгоно гэж байна. Ингэлээ гээд ийм үйлдэл хийдэг хүмүүс “25 жил болчихлоо. Хэцүү боллоо одоо болъё доо” гэх үү. Энэ ер нь зөв хууль зүйн бодлого мөн үү. Хүний заяагдмал хүсэл сонирхол, эрх ашиг гэж бий. Тиймээс тодорхой хэмжээнд нийгмийн хэрэгцээг нь хангаж өгөх дээр бодлого баримтлах хэрэгтэй. Хүний заяагдмал хүсэл сонирхол хуулийн хүрээнд хангагдахгүй болохоор хүч хэрэглэх нөхцөл байдал үүснэ. Хуулийн гадуур хүч хэрэглэж гэмт хэрэг хийсэн хүнд түүнийгээ нуун дарагдуулах сэдэл төрнө. Ингээд хүний амийг хөнөөдөг, нуун дарагдуулснаар гэмт хэрэг илрэхгүй байх гэх мэт сөрөг үр дагавартай. Тиймээс хуулийн хатуу хариуцлагаас гадна уян зөөлөн зохицуулалтуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрч зохион байгуулалтад оруулчихвал гаж донтнууд нь бэлгийн хэрэгцээгээ заавал гэмт хэрэг үйлдэхгүйгээр хангах боломжтой болно. Давхар хүний наймаа, бэлгийн замын халдварт өвчнийг хяналтад оруулна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдийг 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг болно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн. Энэ бол хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдог хууль хүчний байгууллагын ажилтнуудад илүү хараалтай заалт. Уг заалтыг сэтгүүлчдийн эсрэг ашиглахгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлсэн. Харин дотроосоо мэдээлэл задалсан албан хаагчдад энэ заалт хатуу үйлчлэх нь. Гэхдээ энд нэг асуудал бий. Улстөрчид хууль шүүхийн байгууллагыг нэгнээ намнах хэрэгсэл болгож хэн нэгний гэмт хэргийн тухай мэдээллийг олон нийтэд цацдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй, шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад олон нийтэд хэргийн мэдээллийг түгээж цахимд орчинд шүүлгэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр энэ байдал арилах уу. Эсвэл улс төрийн зорилгоор хэн нэгний мэдээллийг цацаад л байх уу.

3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг гэмт хэрэгтэнд тооцохоор болж байгаа нь олон нийтийн дунд маргаан дагуулав. Уг асуудлыг шийдвэрлэхдээ олон талаас нь харж байж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Согтуу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлах ер нь зөв. Гэхдээ сөрөг талаа бас бодолцох хэрэгтэй. Баригдсан нөхөд шоронд орчихгүй санаатай мөнгө барьж гүйнэ, танил талаараа яриулна. Ингээд цагдаа дээр согтуу жолоочийн авлигын ханш өсөөд заваарсан юм болно. Ганц удаа халамцуу машин бариад шоронд явна ч гэж юу байх вэ. Шүүх мэдээж хорих ял өгөхөөсөө илүү тэнсэн харгалзах ял өгнө. Хүн ер нь ял авна гэж биш баригдахгүй гэж бодож гэмт хэрэг хийдэг. Энэ мэт сөрөг талаа бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй.

Аймшигт гэмт хэрэг гарах бүрд монгол хүний төлөвшил, ёс зүйн асуудал хөндөгддөг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн “Энэ нийгэм ямар аймаар хүмүүсээр дүүрээ вэ”, “Ийм л хүмүүс дунд үр хүүхэд минь амьдарч байна” гэх мэтээр нийгэм болохгүй бүтэхгүй, хулгайч, луйварчин, хүчирхийлэгчдээр хүмүүсээр дүүрсэн мэт ярьцгаадаг. Гэвч тийм биш.

Хорвоо дээр сайн хүн нь саараасаа сая саяар олон. Харин хүмүүс бид хүний мууг, муу үйлдлийг нь л ярьж түүгээрээ нийгмээ дүгнэхээс бус сайн хүний сайхан үйлдэл, зан чанарыг ярьдаггүй.

Ийм байтал заавал хүмүүнлэг иргэдтэй болох хууль батлах шаардлагатай юу. Ёс зүйтэй байна гэдэг албадлагаар бус амьдралаас олж авах зан чанар. Ёс зүйг хуульчлах боломжгүй ч гэж ярьдаг. Харин ёс зүйн хуулиас илүү хууль тогтоогчдын өөрсдийнх нь ёс зүй, үлгэр дуурайлал чухал. Иргэдийнхээ итгэлийг алдаж, боломжийг нь хулгайлах замаар шударга бус, бухимдал дүүрэн нийгмийг тэд өөрсдөө бий болгож байгаа. Тиймээс хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийг заавал батлах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Манай улсад хууль ихэдсэн үү гэхээс багадаагүй.