Хүүхэд байхад буурал ээж минь “Шувууны үүрнээс дөлж тоглоорой. Хэрэв өндөг, ангаахайд нь сүүдрээ тусгачихвал эх нь голж, нялх амьтан ээжгүй хоцорно шүү” гэж чухалчлан захидаг байж билээ. “Яагаад” гэх сониуч асуултад “Үр төлөө сүүдрээс хүртэл харамлах эхийн сэтгэл” хэмээн аанай хариулдаг сан.

Буурал ээжийгээ сануулах бүрд нь би асуултаа тоть шиг давтаж, “Үрдээ тийм их хайртай байж сүүдэр тусах төдийд орхиод явчихдаг хэрэг үү, ээжийг нь эзгүйд хүний сүүдэр тусчихвал яаж мэдэх билээ” гэх зэргээр эг маггүй шална. Ингэх болгонд ижий минь төвөгшөөхгүй, ээж, аавын хайр, эх, үрийн холбоо зэргийг учирлан тайлбарладаг байж билээ. Шувууны үүрэнд сүүдэр тусгадаггүйн үнэн учир чухам юу байлаа ч буурал ээжийн минь тайлбар амьдралын үнэнд дөхнө.

Ямар ч эцэг, эх үр хүүхдээ олны хорон үг, буруу санаанаас ангид, “сүүдэр тусгахгүй” торниулахыг хичээдэг. Энэ магад хүний зан, амьтны зөн байх.

Эргэцүүлэх нь ээ, намайг бага байхад хүүхдийг яг дээрх философиор тун нандин өсгөдөг байж. Орой үдшийн цагаар балчруудыг нэрээр нь дуудахыг цээрлэж, хөлстэй морьтой хүн нялх хүүхэдтэй айлд буухаас цэрвэж, хүүхдээ бой нь арилж, борви нь тэнийтэл олны хөлөөс хол торниулдаг байв. Тэр бүү хэл бага насны хүүхдийн төрх, дүрсийг толь, усанд тусгахыг ч хориглодог байлаа. Энэ нь ардын мэргэн ухаан, амьдралын гүн ухагдахуун байсан нь лавтай. Харин нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд суурьшиж, хотжилт бий болсноор дээрх уламжлал хувирч, хүүхдээрээ гангарах шинэ “мода” дэлгэрэв. Хүмүүс жирэмсний тест нь хоёр зураастай гарсан зургаа хүртэл нийгмийн сүлжээнд нийтэлдэг болжээ. Улмаар хүүхдээ төрөх, цэцэрлэг, сургуульд элсэх, төгсөх гээд амьдралынх нь агшин бүрийг бусадтай хуваалцдаг болов. Түүнчлэн бүсгүй хүний төрөх гэж ёолох чимээ, төрүүлсэн үрийнх нь уйлах дууг хаалга, хатавчны цаанаас ч анирддаг байсан цаг улирч, төрөх үеийн бүх процессыг дэлгэцийн араас тольдох боломжтой болов.

Хүүхэд өмч биш

Ээж, аав нь хүүхдийнхээ зураг, бичлэгийн олон нийтийн сүлжээнд байршуулдаг энэ үзэгдлийг олон улсад “Sharenting” гэж нэрлэдэг. Энэ нь хуваалцах буюу “share”, аав, ээж буюу “parenting” гэх хоёр үгийн нийлбэр юм. Тус үзэгдэл дэлхийн аль ч оронд түгээмэл. АНУ-д хийсэн нэгэн судалгаанд оролцсон эцэг, эхчүүдийн 91 хувь нь хүүхэдтэйгээ холбоотой зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан байжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын тал нь хүүхдийнхээ нэрээр цахим хаян нээж, хөтөлдөг гэж хариулсан байна. Мөн хүүхэд 13 нас хүрэхээс нь өмнө өөртэй нь холбоотой зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд дунджаар 13 мянган удаа нийтлэгддэг болох нь тогтоогдсон байна. Манай улсад энэ төрлийн судалгаа одоогоор хийгдээгүй ч хүүхдийнхээ мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулах үзэгдэл нийтлэг байдгийг нийгмийн сүлжээ ашиглагчид андахгүй.

Сүүдрээс гэтэлгэ

Техник, технологийн хөгжил, цаг үеийн хувьсгалыг дагаад өөрчлөгдөж байгаа энэ хандлага даамжирсаар, хүүхэд дээр “сүүдэр тусах” суурь нөхцөлийг эцэг, эхчүүд өөрсдөө бэлтгэж, бэхлэх боллоо. Тодруулбал, зургийг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй нийгмийн сүлжээнд байршуулснаар хүүхдээ үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, сэтгэл зүйн асуудалтай тулгарах, нийгмийн сүлжээ, цахим орчинд хэт донтох зэрэг эрсдэлт нөхцөлд хүргэдэг байна. Цахим орчинд үйлдэгдэж буй эсвэл цахим орчноос сэдэлжиж үйлдсэн гэмт хэргийн багагүй хувь нь эцэг, эхийн болгоомжгүй үйлдлээс улбаатай байдгийг цагдаагийн алба хаагчид болон Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас анхааруулсаар ирсэн.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, хаягийг нь “tag” хийх байдлаар санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байна. Цахим сүлжээнд найз хүмүүсийнх нь дотор хүүхдийг онилох, мэдээллийг нь цуглуулах, хүүхэд рүү нь өөр нэр зураг ашиглан шууд харилцаа тогтоох эрсдэл их. Ийм үйлдлүүд их үйлдэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн цахим орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг нууцлахыг анхааруулж байна.

Ганц манай улсад нийгмийн сүлжээнд нийтэлсэн зураг, бичлэг хүүхдийг гэмт хэрэгт өртөх өгөөш болдоггүй. Олон улсад ч ийм жишиг бий. Цахим орчноор дамжуулан бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй охидын зураг, бичлэгийн 50 хувийг эцэг, эх нь нийгмийн сүлжээнд байршуулж, гэмт этгээдийн хараанд өртүүлдэг гэдгийг Олон улсын хүүхдийн мөлжлөгийн форум дээр дурджээ.

Хуваалцах хязгаар

Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлдэг эл үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй гэдэг дээр цөөнгүй улс орон санал нэгддэг ч сэрэмжлүүлгээс хэтрэхгүй өнөө хүрсэн. Тэгвэл өнгөрсөн сард Франц улс энэ асуудалд зохицуулалт хийсэн анхдагч хуулийг баталлаа. Тодруулбал, тус улс хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог багасгах, хүүхдээ ашиглаж нийгмийн сүлжээнээс мөнгө олж байгаа үйлдлийг таслан зогсоох, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зорилгоор зургийг нь нийгмийн сүлжээнд хуваалцсан тохиолдолд торгох агуулга бүхий хууль баталжээ. Ингэхдээ хүүхдийн зургийг нийгмийн сүлжээнд нэг удаа байршуулсан тохиолдолд 45 мянга еврогоор торгох бөгөөд торгууль төлөхөөс татгалзсан тохиолдолд нэг жил хорих ял оноох аж. Түүнчлэн зарим тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах юм. Тус хуулийг шүүмжлэх хүн цөөнгүй бий. Хүүхдийнхээ зургийг нийтлэх эсэх нь эцэг, эхийн эрх гэж үзэх хүн олон байгаа ч гэмгүй мэт энэ үйлдлийн улмаас маш олон гэмт хэрэг үйлдэгдэж, өөрийгөө хамгаалах чадамжгүй хүүхдүүд өөрийн мэдэлгүй хохирсоор байгаа юм. Тиймээс асуудлыг төрийн түвшинд анхаарч, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэднийхээ нандин насыг нандигнах үүргийг эрх зүйн хүрээнд хүлээлгэж буй нь буруугүй.

Манай улсад эцэг, эх нь хүүхдийнхээ зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулахыг хориглох хуулийн заалт байдаггүй. Гэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж, дуу, дуу дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсвэл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг.

“Альбом”-ны соёл алсрав

Мэдээж эцэг, эхчүүд хүүхдээ хорлох гэсэндээ мэдээллийг нь ил болгодоггүй нь лавтай. Өхөөрдөм төрх, бяцхан эгдүүтэй ааль авирыг нь зураг, бичлэгт мөнхлөх хүсэл, амжилт, ололт, ахиц, дэвшлээр нь бахдаж, бахархах сэдэл нь тэднийг ийм үйлдэл хийхийг хүргэдэг байж таарна. Гэхдээ хүүхэд насыг нь мөнхөлж, дурсамж, дурдатгалаа зузаатгахад цахим сүлжээ зайлшгүй шаардлагатай зүйл биш. Одоо л алсарч, бүдгэрсэн бодохоос өнгөрсөн хугацаанд бидний хүүхэд нас, дурсамж дурдатгалын зургийн цомог өнөө хүртэл хадгалж ирсэн. Тиймээс хүүхдийнхээ хүүхэд насыг илүү аюулгүй архивлах боломж бидэнд бий.