Үндсэн хуулийн цэц иргэн Батмөнхийн гаргасан мэдээллийн дагуу Дунд суудлын хуралдаанаа хийлээ. Тухайн иргэн "УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна" гэж үзэн Цэцэд мэдээлэл ирүүлжээ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт нь дараах агуулгатай юм.
29.1.Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:
29.1.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;
29.1.2.Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.
Үндсэн хуулийн цэц дээрх хоёр заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хэлэлцээд "Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо сонсгол явуулахаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байна" гэж дүгнэлээ. Цэц ийм дүгнэлт гаргахдаа "УИХ-ын хяналтад байх ёсгүй, хараат бус байх ёстой Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо сонсгол явуулж болохгүй" гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанд оролцуулахаар УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн хуралд оролцсонгүй. Тэрээр гадаадад томилолттой яваа гэдэг шалтгаанаар хуралд оролцоогүй ажээ. Өмнө нь мөн орон нутагт томилолттой байж таарсан учраас хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан юм. Харин энэ удаад хойшлуулж өгөх хүсэлт гаргаагүй учир Цэц УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр хуралдлаа.
Цэцийн дүгнэлтийг УИХ ээлжит чуулганаа эхлүүлснээс хойш тав хоногийн дотор хэлэлцэх хуулийн зохицуулалттай. УИХ-ын намрын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Тиймээс ирэх долоо хоногт багтаан Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцэж эхлэх юм.