Яг жилийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болчихсон байна. Иргэдийг төрд төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийг саяхан баталсан.
Гэхдээ тоглоомын дүрэм бүтэн болоогүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолын төслийг УИХ-ын сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ны дотор батлах учиртай. Эхний дүрэм буюу УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар зохицуулалтууд туссаныг танилцуулъя. “Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаснаар сонгууль бүрийн өмнө эрх баригчид өрсдөдөө ашигтай хууль баталдаг байдал ариллаа” хэмээн дүгнэж байгаа ч парламентад суудалгүй намууд эрх баригчдыг “Өөрсдөдөө ашигтай, парламентад суудалгүй намуудыг шахсан хууль баталлаа” хэмээн шүүмжилж байгаа юм.
2012 онд ч нууц байгаагүй
УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгоно. Тойргоос гишүүдийг хэрхэн сонгох нь ойлгомжтой. 2012 онд намын жагсаалтаас 28 хүнийг сонгож байсныг эс тооцвол 48 хүнийг хэрхэн нэр дэвшүүлэх сонгох нь бараг шинэ зүйл. 2012 оныхоос ялгаатай нь нам, эвслүүд жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсээ сурталчлахыг хуульчиллаа. Энэ нь жагсаалтын ард шударга бус хүмүүс нэр дэвшиж сонгогддог гэсэн шүүмжлэлтэй холбоотой. Гэхдээ 2012 онд ч нууц байгаагүй.
Аль нам, эвслийн жагсаалтад хэн хэн байгаа нь олон нийтэд нээлттэй байсан. Харин тэднийг тойрогт нэр дэвшигчид шиг сурталчилж байгаагүй нь үнэн. Тиймээс энэ удаад нам жагсаалтад нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулж, сурталчлах ёстой гэж үзлээ. Бүр намын самбар гэх ойлголтыг хуульд тусгав. Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг самбартай байхаас гадна тойрог бүрт намын самбар байрлаж нам, эвслүүд жагсаалтад нэр дэвшигчдээ тухайн самбараар дамжуулан сурталчлах юм.
Сонгогч саналаа өгөхдөө тухайн тойргийнхоо мандатын тоотой тэнцүү саналыг тойрогт нэр дэвшигчид өгөхөөс гадна аль нэг нам, эвслийг сонгон саналаа өгөх юм. Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг саналын хуудсанд бичих санал гарч байсан ч энэ нь техникийн хувьд боломжгүй юм. Сонгуулийн ерөнхий хороо “Нэг сонгогчид саналын хуудас гээд хоёр болон түүнээс дээш цаас өгөхөд хүндрэл үүснэ. Тойрогт нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас, жагсаалтад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас хоёулаа хүчинтэй байх ёстой. Нэг нь хүчингүй болоход сонгуулийн дүн гаргахад түвэгтэй болно. Үүнээс болж маргаан үүснэ. Техникийн хувьд ч хүндрэлтэй” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс сонгогч зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөхөөр хуульчиллаа.
Нэр дэвшигчийн эрэлд
Нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно. Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй гэсэн үг.

Хуулиа яг батлахдаа бид нарыг хулхидна шүү гэдгийг хэлж байсан. Бүр таван хувь болгочих вий гэж хэлж байсан. Арай ч тав болгосонгүй дөрөв болгоод баталчихлаа. Тойрогт заавал ялалт байгуулж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно гэсэн заалт оруулсан байсан. Харин түүнийгээ хасчихсан байна лээ. Жагсаалтааар нэр дэвшүүлэхдээ нэг эрэгтэй, нэг эмэгтэй гээд хуульчилчихлаа. Энэ бол намын дотооддоо шийдэх асуудал байсан юм.
Сонгуульд оролцох нам, эвсэл жагсалтаас суудал авахын тулд тойрогт хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлнэ гэхээр нам, эвслүүд нэр дэвшигчдийн эрэлд гарна гэсэн үг. МАН, АН-ыг эс тооцвол ийм тооны хүмүүсийг ядах юмгүй нэр дэвшүүлэх хүний нөөцтэй нам цөөхөн. Өмнөх сонгуулиудаар 39-өөс дээш хүнийг нэр дэвшүүлсэн нам, эвсэл гарын таван хуруунаас илүү гараагүй. Мөн нам, эвслүүд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн эрэлд гарна. Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж зааснаас гадна намын жагсаалтад нэр дэвшигчдийг бичихдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжүүлэн бичихээр хуульчилсан. Нам, эвсэл бүрийн жагсаалтад нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг.
Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ
Сонгууль бүрээр яригддаг, маргаан дагуулдаг асуудал бол санхүүжилт. Шинэ баталсан хуулиар жагсаалтаар нэр дэвшигч намдаа хандив өгч болно. Хандив нь тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлаас илүү гарахыг хориглов. Үндэсний аудитын газраас тойрог бүрийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдлыг нь үндэслэн сонгуулийн өмнө тогтоож өгдөг. Өмнөх сонгуулиар тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээ 250-500 саяын хооронд байлаа. Ирэх сонгуулиар энэ хэмжээ багасна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байлаа. Тэрээр үүнийгээ ухуулагчийн цалин, самбар, сурталчилгааны хугацаа багассантай холбон тайлбарласан юм. Ухуулагчийн тоо 200 сонгогч тутамд нэг байсныг 400 сонгогч тутамд болгон багасгав. Мөн ухуулагч цалингүй байхаар хуульчилсан. Гэхдээ “Ухуулагчид урамшуулал өгч болно. Урамшуулал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнөх сонгуулиар 22 хоног байсныг 15 болгон бууруулав.
Харин сурталчилгааны материал гурван хэвлэлийн хуудас байх заалт хэвээрээ. Энэ мэтээр УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай зохицуулалтууд тодорхой болсон ч тодорхой бус асуудлууд ч бий. Энэ бол тойргоо хэрхэн байгуулах, мандатаа хэрхэн хуваарилах тухай асуудал юм.
78 мандатыг 28 тойрогт хуваана
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоолыг 2024 оны нэгдүгээр сард багтаан батална. Өмнөх сонгуулиар 76 мандатаа 28 тойрогт хувааж байлаа. Энэ удаад ч тойргийн хуваарилалтаа өөрчлөхгүйгээр 28 тойрогт сонгууль зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, нэг тойрог 2-4 мандаттай байна гэсэн үг. Харин 78 болгон нэмэгдүүлсэн хоёр мандатаа нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус хоёр тойрог л таван мандаттай байх бололтой. Тойргийн тоог нэмж 28-аас олон болговол тойргийн хэмжээ жижгэрч, иргэдийн саналд нөлөөлөх шударга бус байдал үүсгэх магадлалтай гэж үзжээ. Тойрогт нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчид сонгогдоно. Тодруулбал, хоёр мандаттай тойрог байлаа гэхэд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч сонгогдоно гэсэн үг. Түүнээс заавал төдөн хувийн санал авч байж сонгогдоно гэсэн зохицуулалт байхгүй. Өмнө нь “Хамгийн багадаа саналаа өгсөн сонгогчдын 28 хувийн саналыг авч сонгогдоно” гэсэн хуультай байлаа. Үүнтэй холбоотойгоор дахин санал хураалт явуулж байсан түүх ч бий. Саналын ямар ч босгогүй болгосныг зарим хүн эсэргүүцэж байгаа юм.

Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж 78 гишүүнийг олныг төлөөлөх, үлдэх 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгохоор боллоо. Сонгуультай холбоотой эрх зүйн нэр томъёонд олныг төлөөлөх гэдэг ойлголт байхгүй. Харин олонхийг төлөөлөх гэж бол бий. Уг нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд мажоритар гэж байсан. Мажоритар гэдгийг олныг төлөөлөх гэж орчуулсан хэмээн тайлбарласан. Олныг төлөөлөх гэхээр мажоритар гэж ойлгох юм гэнэ. Олон улсын эрх зүйн үг хэллэгт “majority” буюу орчуулбал олонх гэх ёстой байтал олон гэж бүр Үндсэн хуульдаа орууллаа. Бичиг үсэгт тайлагдсан, ганц нэг гадаад хэл мэддэг бол мажоритар гэдэг франц гаралтай үг сонгуулийн тогтолцоонд юуг илэрхийлдгийг олоод үзэж болно. Олон хэлний толь бичигт францаар majorité, англиар major-ity гэдэг нь оросоор мажоритар, монголоор олонх гэж орчуулагдаж байна. Үндсэн хуулийн нэр томъёог тайлбарлах эрх зөвхөн Улсын дээд шүүхэд байдаг. Одоо Улсын дээд шүүх олныг төлөөлөх гэдгийг хэрхэн тайлбарлах бол гэдэг асуулт гарч байна. Олонх гэдэг монгол үгийг талаас илүү хувь гэж хэн ч ойлгоно. Гэтэл 1992 оноос эхлээд бүхий л сонгуулийн дүнг харахад мажоритар буюу 50-аас дээш хувийн санал авч сонгогдсон гишүүдийн тоо гарын арван хуруунд багтахаар цөөн. Ихэнх гишүүд нь 20, 30, 40-өөдхөн хувийн саналаар буюу цөөнхийн саналаар сонгогдсон. Ядаж санал өгсөн сонгогчдын олонхийн санал авчихаад тойргоо төлөөлнө гэж цээжээ дэлдэх хэрэгтэй.
Ийнхүү парламентад суудалгүй намууд УИХ-ын сонгуулийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Зарим нь бүр сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.

Манай нам сонгуульд оролцохгүй. Бүр сонгуульд саналаа ч өгөхгүй. Хүмүүсийг ч ингэж уриална. Ингэж байж рефорум хийх хэрэгтэй. Би уг нь МАН л Монгол Улсыг авч явна гэж итгэж байсан юм. Бусад намд МАН шиг хүний нөөц, хүч чадал байхгүй гээд энэ намыг сүүлийн жилүүдэд дэмжсэн. Бүр албан ёсоор яриа хэлэлцээ хийгээд дэмжсэн. Ганцхан л болзол тавьсан. Энэ нь улс төрийн реформ хийх. УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг ингэж өөрчилье гэж тохирчихоод хулхидсан. Тиймээс одоо би дуусан дуустлаа эд нарын эсрэг явна. Сонгуулийг мөнгөнөөс салгаагүй цагт шударга болно гэж байхгүй. Мөнгөө зарцуулж сонгуульд оролцсон хүн мөнгөө буцааж олохын тулд хулгай хийлцэж л таарна шүү дээ.
УИХ-ын сонгууль бүр олны анхаарлыг татдаг. Анх удаа 126 хүнийг сонгоно гэдэг утгаараа ирэх жилийн сонгууль бүр илүү сонирхолтой өрнөх нь ойлгомжтой. Эрх баригчид дахин дангаараа олонх болохын төлөө, АН эргэн сэргэхийн төлөө, ХҮН амжилтаа ахиулахын төлөө, парламентад судалгүй намууд суудал авахын төлөө өрсөлдөнө. Тэд хүслээ биелүүлж чадах эсэх нь жилийн дараа тодорхой болно. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдаж тун сонирхолтой өнгөрөх нэг жилийн тоолуур гүйж эхэллээ.
