Саяхан нэг танилынхаараа ороод гарлаа. Сервант дахь номын цуглуулга нь сонирхол татсаныг нуух юун. Дэлхийн сонгодог зохиолуудаас эхлээд Фёдор Достоевский, Франц Кафкагийн хэд гурван чанартай бүтээлүүд, орчин цагийн онцлох зохиолууд ч мөн байх. Тэр бүү хэл миний эрэл сурал болоод ч олддоггүй номууд тавиур дээр нь зурайна. Эгнээ хоорондын зай бүрийг нь эмх цэгцтэй өрсөн байдал, элэгдэж хуучраагүй шинэхэн номуудыг хараад хачин гамтай уншдаг хүнээ гэх бодол төрлөө. Имэрч, элэгдүүлж, хуудсыг нь нугалахаас бусдаар хайнга уншдаг өөрөөсөө ч ичих шиг.
Гэхдээ хэсэг зуур ярилцсаны дараа эдгээр номуудыг хэн ч уншдаггүй болж таарлаа. Хүний урманд хуудсыг нь сөхөж ч хараагүй гэх. Унших гэж биш, угтаа урын сангаа баяжуулах гэж л цуглуулдаг гэж тайлбарлалаа. Энэ мөчид Японы нэгэн зохиолчийн яриа санаанд оров. Ном унших дургүй хэр нь цуглуулах хоббитой тэрээр хэлбэр төдий байдлаар энэ төрлийн худалдан авалтад гар татдаггүй байсан талаараа ил шулуухан ярьсан нь бий. Харин би танилынхаа урын сангаа баяжуулахаас өөрөөр удаах шалтгааныг нь хэлж мэдэхгүй ч, яагаад ч юм утгагүй санагдаад явчихав.
Этгээд цуглуулга
Социализмын үед айл бүрийн шүүгээнд үзэл суртал, ухуулгын чанартай таних, танихгүй хэн нэгэн гаднын зохиолчийн лут том ботиуд үзмэр төдий хадгалаастай байдаг байв. Уншдаг хүнгүй. Гэхдээ бас хаячихаж зүрхэлдэггүй. Яг л сувенер шиг хадгалах л зориулалттай. Хэл устай хэн нэгэн нь хааяа нэг сөхөж хардаг л байсан байх. Гэвч барагтаа хэрэглэдэггүй. Харин өнөө цагт ч ялгаагүй ном зохиол ийм л жишгээр гэрийн аль нэг булангийн тавиур, эсхүл шүүгээнд гоёл төдий хадгалагдах болж. Хэзээ билээ дээ, номын дэлгүүрт гэрийнхээ интерьертэй зохицуулж, гаднах хавтсаар нь дүгнэн ном худалдан авч буй хосуудыг хараад гайхах, алмайрах зэрэгцэж билээ. “Наадах ном чинь арай л өнгө дарах юм байна аа. Тэрний оронд энэ номыг авчихвал яасан юм. Номын санд маань өнгө нэмээд гоё харагдах байх даа” гэх яриа болж өнгөрлөө. Эндээс номын дэлгүүрээр үйлчлүүлж буй хүн бүр уншихын хүслэнд автаж тийш зорьдоггүйг харж болно. Унших дургүй хэр нь цуглуулах дуртай. Утгагүй ийм нэг моод дэлгэрээд буй бололтой.
Хүн бүрд ямар нэгэн байдлаар этгээд зүйл цуглуулах хүсэл байдаг. Амьд юм шиг хүүхэлдэй, архины хоосон шил, сэнжтэй аяга, шүдэнз гээд тоочоод барамгүй олон. Эдгээрийг аль нэг булангийн өрөө, агуулах сав, шүүгээнд хэзээ ашиглах нь тодорхойгүй байдлаар хадгалж орхино. Магадгүй хэзээ ч ашиглахгүй байж мэднэ. Харин өнөө цагт ном ийм л зориулалттай болчихож. Шилэн хорго, эсвэл номын тавиураас хэзээ ч ховхрохгүй тэдгээр номууд хааяа нэг стори, пост дунд үзэгдэнэ. Уншсан номоо цуглуулах өөр хэрэг. Энэ нь бэсрэгхэн ч хамаагүй жинхэнэ утгаараа номын сан. Харин хуудас нь ч сөхөгдөөгүй шинэхэн номуудыг ийн нэрийдэх нь хэр зохимжтой бол?
Эдгээр номууд эргэлтэд орох уу?
Цагаан асар дэлгэсэн номын баяр цаанаа л нэг сэтгэлд дотно. Жил бүрийн энэ л мөчийг сэтгэл догдлон хүлээдэг хүмүүс ч олон. Үндэсний хэмжээнд номын соёлыг түгээн дэлгэрүүлж буй нь талархууштай ч үнэн хэрэгтээ эндээс худалдан авсан номууд уншигддаг, эсхүл хадгалагддагийн аль нь болохыг хэлж мэдэх юм алга. Энэ жилийн номын баяраар 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийсэн бөгөөд нэг жилийн хугацаанд хэчнээн ном худалдан авдгийг нь тодруулсан байна. Судалгаанд оролцогчдын тухайд жилд дунджаар найман ном худалдан авдаг бөгөөд 69.9 хувь нь хэвлэмэл шинэ ном, 18.5 хувь нь хуучин ном худалдан авахыг илүүд үздэг гэжээ. Мөн 11.3 хувь нь цахим болон аудио ном, 0.3 хувь нь баррель үсэгтэй ном ихэвчлэн худалдан авдаг хэмээсэн байна. Авсан хэдийгээ уншдаг л бол дунджаар нэг номонд сар гаруйн хугацаа зарцуулдаг гэсэн үг юм. Гэхдээ хэвлэмэл, цахим нь ялгаагүй хэргээ гаргаж л байвал энд хэдий хэр хугацаанд уншиж дуусах нь ямар хамаа байх вэ. Номыг үзмэр төдий байлгадаг сэтгэхүйгээ халж, уншдаггүй л бол ухаантай харагдах гэж хурааж, хуримтлуулах шаардлагагүй.
Нөгөө талаас хэвлэлийн газрууд ч унших биш хадгалах зориулалт бүхий хачин чамин ном, зохиолыг олноор борлуулдаг болж. Харагдах байдлаасаа л сүртэй, оворжин боловч харин угтаа агуулга сэлтийн хувьд авах юмгүй. Нэг талаар энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж буй хэлбэр болов уу. Номын тавиурын хоосон зай бөглөхөөс хэтрэхгүй ном зохиолууд, нөгөө талд эдгээрийг худалдан авч хадгалах хүмүүс. Энэ бүхэн хэлбэрдэлт хэр хэмжээнд газар авч буйг харуулна.
Гар хүрч зүрхэлдэггүй “Номын сан”
Ном цуглуулах биш ном унших дадал л хүнийг бүрэн утгаар нь өөрчилж чаддаг. Ямар нэгэн зохиол бүтээлийг хэлбэрдэх бус, хэрэгтэй гэдэг үүднээс нь уншдаг хүн харилцаа хандлага, мэдлэг боловсрол гээд бүхий л талаараа бусдаас илүүрхдэг. Харин эцэг, эхчүүдийн дунд өрөөсгөл нэг ойлголт байдаг нь гэр дүүрэн номтой байх нь хүүхдийг унших дадалд сургадаг гэх бодол. Үнэн хэрэгтээ та өөрөө л үлгэрлэхгүй бол хадгалж буй номонд чинь хэн ч гар хүрч зүрхлэхгүй. Хадгалаастай хэвээрээ дуусах биз.