“Манай улс тогтолцооны өөрчлөлт хийхгүй л бол хэцүүдлээ. Ядаж сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй” гэж дээр дооргүй ярьсаар өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Энэ тогтолцооны өөрчлөлт нь улс орноо нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, шударга бус явдал, хулгай зэлгийг багасгах давуу талтай ч Монгол Улсын бүх иргэдийн амьдралд шууд нөлөөлж амьдрал сайхан болчихгүй. Ард иргэд ч үүнийг мэдэж байгаа. Тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүд ч иргэдэд гишүүдийн тооноос илүү өнөө маргаашийн амьдрал нь чухал байна гэдгийг хэлсэн юм.

Манай аймагт завтай хүн нэг ч алга. Яавал урагшаа хилээр жижиг тэрэг гаргах вэ, яавал тээврээ хийх үү гэсэн завгүй хүмүүс байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонирхож байгаа хүн алга, эсэргүүцэж байгаа ч хүн алга. Энэ бол иргэдэд чухал биш байна. Хамгийн гол нь амьжиргаагаа дээшлүүлэх, ажил төрөх хийх нь л иргэдийн хувьд амин чухал асуудал болоод байна.
Өөрсдийнхөө сонгуулийн тогтолцоог өөрчиллөө. Иргэдийнхээ амьдралын тогтолцоог яах вэ?
Б.Дэлгэрсайхан гишүүний хэлж байгаа үнэн. Яг үнэндээ жирийн иргэдэд сонгуулийн тогтолцооны асуудал амьдралыг нь шууд шийдэх, тулгамдсан асуудал биш. Улстөрчид, улс төрийн намуудад сонгуулийн тогтолцоо хамгаас чухал асуудал. Иргэдийг төрд төлөөлж байгаа хүмүүс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж зөвхөн өөрсдөд нь л тулгамдсан асуудал гэж хэлж болох асуудлаа шийдлээ. Харин одоо эдийн засгаа илүү сэргээж, иргэдийнхээ амьдралын тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Ялангуяа төрийн өдөр тутмын бодлого, шийдвэрээс хол, Монгол Улсынхаа өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж буй малчдынхаа асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон.
Монгол орны эрс тэс уур амьсгал, байгалийн хатуу ширүүнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол малчид. Энэ жилийн хувьд зуны гурван сар дундаа орж байж л жинхэнэ утгаараа зунтай золголоо. Хэдхэн хоногийн өмнө Хэнтий, Сүхбаатарт юу болов. Ярихаас сэтгэл шимширч, харахаас нүд хальтрам. Гэвч энэ асуудал Боловсролын зээлийн сангийн асуудал зэрэг улстөрчдийн хулгайд дарагдаад өнгөрлөө. Үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг чимээгүй өнгөрч болохгүй. Яг үнэндээ хөдөөгийн амьдрал, мал аж ахуй, малчид руу чиглэсэн бодлого гэж алга. Ямар ч нэгдсэн удирдлага, бодлого төлөвлөлтгүй, бүх зүйл урсгалаараа, малчдын хүслээр явж байна. Малаа хэрхэн өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрээ хайрлаж, хамгаалах нэгдсэн бодлого байхгүй. Бүх зүйл дур зоргийн үндсэн дээр явж байна. Улаанбаатар хотод, Төрийн ордонд дарга нар “Малаа тооноос чанарт шилжүүлэх нь чухал” гэж ярьдаг ч бодит байдал дээрээ мал сүрэг саяас дараагийн сая руу өсч үржиж, энэ хэрээр бэлчээр доройтон сүйдсээр...
“Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг шиг “Бэлчээр анхдагч уу, мал анхдагч уу?” гэж асуух цаг ирлээ. Мэдээж бэлчээр анхдагч. Бэлчээр үгүй бол мал үгүй. Гэвч яг одоо манай улсын мал аж ахуйн салбарт мал ихтэй л байвал бэлчээргүй байсан ч хамаагүй мэт хандлага давамгайлж байна.
Манай улсын нийт газар нутгийн 75 хувь нь малчдын ашиглаж буй бэлчээр. Гэвч энэ газар нутагт газар ашиглахтай холбоотой ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод бол Газрын хууль хатуу чанга үйлчилж буй. Гэтэл үүнээс хэд дахин том газар нутгийг ялгаагүй хүмүүс ашиглаж байгаа ч ямар ч хууль үйлчлэхгүй байна. Хууль байтугай журам ч байхгүй. Ямар ч зохицуулалтгүй ашиглаж ирсний уршгаар нийт бэлчээрийн газар нутгийн 67 хувь нь доройтож, 13 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Бэлчээрийн энэ замбараагүй ашиглалтын ачаалал горимыг зохицуулж чадвал нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой гэж судлаачид үздэг. Бэлчээр доройтоход хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл бол малын тоо толгой. 2022 онд манай улс түүхэндээ хамгийх их буюу 71.1 сая малтай болсон.
Сүүлийн 10 жилийн малын тоо толгойн өсөлт
2013 онд 45.1 сая
2014 онд 51.9 сая
2015 онд 55.9 сая
2016 онд 61.5 сая
2017 онд 66.2 сая
2018 онд 66.4 сая
2019 онд 70.9 сая
2020 онд 67 сая
2021 онд 67.3 сая
2022 онд 71.1 сая
Хонины бэлчээрт гэх тодотгол бүдгэрэв
Манай улсын мал сүүргийн тоо сүүлийн 10 жилд бараг хоёр дахин өссөн. Гэвч бэлчээр малынхаа өсөлтийн эсрэг уруудан доройтсоор байна. Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор манай улсын бэлчээрийн хэвийн даац хонин толгойд шилжүүлснээр 86 сая мал байхад тохиромжтой гэж үздэг байна. Гэвч энэ үзүүлэлт 2022 оны байдлаар 120.7 саяд хүрчээ. Бэлчээрийг хамгийн ихээр талхалдаг ямааны ноолуур үнэд хүрэх болсон нь бэлчээр доройтох бас нэг шалтгаан болсон юм. Малчид өнөө маргаашийн эдийн засгийн үр өгөөжийг нь харж ямаагаа ихээр өсгөх болсон. Саяхан Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарын тойрогтоо ажиллахдаа малын бэлчээрт хослон сууж буй гэрэл зураг “Хоёр гишүүн хонины бэлчээрт” гэсэн тайлбартай цахим орчинд түгсэн. Гэвч яг үнэндээ зургийг сайн харвал ард нь нэг ч хонь байгаагүй. Эртний утга, уран зохиол, ардын аман ярианд “Хонины бэлчээрт” гэсэн хэлц их бий. Гэвч одоо хонины бэлчээр гэж ярьж, хэлж, бичих нь өрөөсгөл болоод байна.
2022 оны байдлаар сүргийн бүтэц
Адуу 4.8 сая–6.8%
Үхэр 5.5 сая–7.7%
Тэмээ 470.4 мянга–0.7%
Хонь 32.7 сая–46%
Ямаа 27.6 сая–38.8%


Биднийг хүүхэд байхад өнөөдрийнх шиг бэлчээрийн мал аж ахуй байгаагүй. Өнөөдрийн мал аж ахуй бол зохицуулалтгүй бэлчээрийн мал аж ахуй. Хуучин социализмын үед таван хонь тутамд нэг ямаа гэсэн байдлаар сүргийн бүтцийг зохицуулж цөлжилт үүсэхээс сэргийлдэг байсан. 4-5 сумын дунд сангийн аж ахуй байгуулж хүчит тэжээл өгдөг, 200 орчим км нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг байсан. Гэтэл өнөөдөр ямар ч зохицуулалт алга. Ноолуур үнэтэй гээд ямаагаа ихээр өсгөдөг. Тооны хойноос л хөөцөлддөг боллоо. Сум болгонд хэдэн зуун мянгатууд, залаатай малгайтай хүмүүс байна.
Хэдэн жилийн өмнө мянгат малчин гэдэг хэмжээлшгүй баян мэт санагддаг, сум орон нутаг бүрт мянгат малчин тоотой хэдхэн байдаг байлаа. Харин одоо мянган малтай малчдын тоо мянга мянгаараа нэмэгдсээр байна. Жил бүрийн Цагаан сарын өмнө Улсын аварга малчин, Улсын сайн малчдаа тодруулдаг. Ингэхдээ малаа мянга түмээр өсгөсөн гэдгийг нь гол үзүүлэлтээ болгодог байлаа. Харин 2021 оноос Улсын аварга малчин шалгаруулах журмаа шинэчилж, малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандын эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэрэг үзүүлэлтээр Улсын аварга малчныг тодруулдаг болсон. Товчхондоо, мянгат малчин бус мундаг малчныг Улсын аварга малчнаар шалгаруулж эхэлсэн юм. Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2021 оноос ИТХ-ууд өөрийнхөө газар орон нутгийн онцлогт тохируулан малын хөлийн татварыг тогтоож эхэлсэн. Энэ нь тооноос чанарт шилжүүлж, бэлчээрээ хамгаалах гэсэн төрийн оролдлого. Гэвч малчид тооны хойноос хөөцөлдсөн хэвээр байна.

Сүүлийн хоёр жилийн судалгааг харахад бэлчээрийн даац үнэхээр хэтэрсэн. 10 жилийн өмнө газрын болон сансрын судалгаагаар бэлчээрийн даац, нөөцийг тогтоодог байсан бол одоо хиймэл дагуулын мэдээллээр дэлхийн аль ч цэгээс тогтоох боломжтой болсон. Судалгааны арга маань ингэж өөрчлөгдсөн. 1.5 сая км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэр дээр 70-90 сая мал бэлчээрлэх ямар ч боломжгүй. Арай өвстэй гэсэн газар руу автомашинаар малаа ачиж очоод даацыг нь хэтрүүлдэг болсон. Томоохон гол мөрний дагуух бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн тухай судлаачид хэлж байгаа. Тиймээс цаашдаа дорвитой арга хэмжээ авахгүй бол мал ч үгүй, бэлчээр ч үгүй болох төлөвтэй байна. Ноолуур үнэд орсонтой холбоотойгоор ямаагаа хэт өсгөснөөс болоод бэлчээрийн даац, ургамлын гарц, нөхөн төлжих чадварт сөрөг нөлөө үзүүлсэн.
Бэлчээрийг хуульчлахаас өөр аргагүйд хүрэв
Ийнхүү малын бэлчээрийн ихэнх хэсэг нь доройтож, доройтсон бэлчээрийн тодорхой хувь нь цөлжиж эхэллээ. Энэ байдал улам лавшрахаас нь өмнө төр засаг малчдад өөрсдөд нь найдаж суухгүйгээр хуульчлахаас өөр аргагүйд хүрлээ. Тиймээс УИХ дахь МАН-ны бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлд бэлчээрийг ашиглуулахдаа нийтээр болон гэрээгээр ашиглуулах бэлчээрийн заагийг тогтоохоор тусгажээ. Сум бүр тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улирлын бэлчээр, сумын отрын бэлчээр, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр, байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, уст цэг, хужир мараа бүхий бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэж ангилан зохицуулахаар тусгасан байна. Гэрээгээр ашиглуулах бэлчээрийн хил зааг, хэмжээ, байршлыг тогтоохдоо бэлчээрийн газар зохион байгуулалт, ашиглалт, хамгаалалтын төлөвлөгөөг үндэслэн бэлчээр ашиглагчдын санал, багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн ИТХ баталж, гэрээг тухайн шатны Засаг дарга бэлчээр ашиглагчдын бүлэгтэй байгуулах ажээ. Байгалийн гамшгийн улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг бэлчээрийн даацад нийцүүлэн хэлэлцэн шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Харин сум дотроо нүүдэллэх бол тухайн сумын Засаг дарга шийдвэрлэх, бэлчээр ашиглагчдын бүлгийн гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт бусдын мал оруулах асуудлыг гэрээний нөхцөлд тусгахаар заасан байна.
Аймаг, сум, баг бүр нийт бэлчээрийнхээ 10-аас доошгүй хувийг отрын нөөц бэлчээрт авахаар төсөлд тусгажээ.
Бэлчээр хумигдахад хамгийн ихээр нөлөөлж буй нэг хүчин зүйл бол уул уурхайн ашиглалт, тээвэрлэлт. Тиймээс бэлчээрийг улам хомсдуулахгүй байх үүднээс хуулийн төсөлд Багийн иргэдийн Нийтийн хурал, сумын ИТХ-ын шийдвэргүйгээр уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох заалт оруулжээ. Энэ нь бэлчээрийг хамгаалах агуулгатай боловч нөгөө талаараа уул уурхайн салбарт саад учруулж мэдэх заалт юм.
Д.Тогтохсүрэн гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэйгөө хамт Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн 7.5-д “Албан татвар төлөгч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргээс өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрт малаа сэлгэн нүүдэллэсэн тохиолдолд албан татварыг сэлгэн нүүдэллэсэн сум, дүүргийн төсөвт төлнө” гэсэн заалт нэмэх юм байна.
Мөн тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглодог. Үүнийг өөрчилж 100 метрийн зайд хориглодог болох юм байна. Энэ мэтээр бэлчээрийн ашиглалтыг хуульчлахгүй бол болохгүй байгааг хууль санаачлагч онцолжээ. Түүний боловсруулсан хуулийн төслийг Засгийн газар дэмжих магадлалтай. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ бэлчээрийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Бид цаашдаа бэлчээр, малчдын асуудлаа яах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Өсгөж бойжуулж байгаа мал нь байгалийн гамшигт өртөхөд маш их харамсдаг байх. Гэхдээ ер нь бид хаашаа яваад байна вэ гэдгээ малчид маань харах ёстой. Манай улсын нийт газар нутгийн 75 хувь нь бэлчээр. Үүний 57 хувь нь доройтчихсон. Бэлчээр доройтохын хэрээр ургамлын төрөл зүйлийн гарц цөөрч, жилээс жилд Улаан номонд орсоор л байгаа. Шим тэжээлгүй өвс, шарилж дийлэнх хувийг эзэлж байна. Энэ бүхнээс болоод бэлчээр сэргэлт авч чадахгүй байна. Жилийн хур тундасны хэмжээ 7.3 хувиар буурсан. Цаашдаа энэ байдал лавширч, жилийн давтамж нь бүр ихсэнэ. Хавар болдог шуурганы тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, цөлжилт эрчимтэй явагдаж буй манай улс мал аж ахуйн салбарын бодлогоо шинэчлэх цаг нэгэнт болсныг нөхцөл байдал харуулж байна. Улам доройтож буй бэлчээрээс хангалттай идэш тэжээл авч чадаагүй мал сүрэг давтамж нь улам нэмэгдэх болсон хаврын хавсаргыг даахаа больсон нь саяхан Хэнтий, Сүхбаатарт болсон шуурганаас харагдсан. Ганцхан шуурганаар Хэнтий аймагт 130 мянга, Сүхбаатар аймагт 180 мянган мал хорогдов. Хэрэв бэлчээр нь доройтоогүй, мал нь цөөхөн чанарлаг, тарган, тэсвэр тэвчээртэй байсан бол ингэж үй олноороо хоргодох байсан уу. Тиймээс байгалийн шалгарлыг даван туулж чадах чанарлаг сүргийн бүтцийг бий болгож бэлчээрээ хайрлаж хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай байна.