Дэлхийн нийт хүн амын 6.9 тэрбум нь ухаалаг гар утас ашигладаг бөгөөд нэг хэрэглэгч өдөрт дунджаар хоёр цаг 31 минутыг сошиал орчинд өнгөрүүлдэг байна. Энэ хугацааг бид твиттер жиргээ, телеграммаар харилцахад, аль эсвэл инстаграмд элдэв стори, рийл оруулах, нэтфликсээс дуртай киногоо үзээд оршихуйгаа баясгахад зарцуулдаг аж.

Манай улсад түлхүү Instagram, Facebook, Youtube хуудсыг идэвхтэй ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд тэдгээрт суурилсан маркетинг, зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, контент ихэд эрэлттэй болоод буй. Судалгаанаас харахад, богино хэмжээний видео контентоор дамжуулж, илэрхийлэх гэсэн санаагаа олон нийтэд хүргэх нь ихэд үр дүнтэй байдаг болжээ. Тэр ч утгаараа энэ төрлийн хөгжүүлэлтэд голчлон анхаарч, контент бүтээхийг эрмэлзэгчид олширсон билээ. Уг чанартаа контент нь агуулга гэх үгтэй утга дүйнэ. Гэхдээ контент болгон агуулга, мөн чанараа бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байна уу гэвэл үгүй. Зарим тохиолдолд ямар ч утга учиргүй маазарсан бичлэгээ цахим сүлжээнд нийтлээд л тэр нь видео контент, өөрсдөө контент бүтээгч болоод хувирчихдаг. Өмнө нь хэн чанартай бүтээл хийж чадна, түүний бүтээл олонд хүрч, нэгийг бодогдуулдаг байв. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж, нийгмийн олонх хэнд ч хэрэггүй зүйл рүү хошуурцгаах болжээ. Тэр хэрээр ашгийн төлөө агуулгыг гажуудуулдаг хүмүүс ч олшров.

Хандалт өндөртэй болгон чанартай бүтээл биш

Хэн нэгний хийсэн, бүтээсэн зүйлийг сошиалд үнэлэхдээ хандалт буюу үзэлтийн тоогоор нь, аль эсвэл тухайн хуудас хэдий хэр хэмжээний дагагчтай болсон зэрэг үзүүлэлтээр нь хэмждэг. Тэр ч утгаараа хандалтын төлөө амиа золихоос буцахгүй дүр төрх өнөөгийн нийгэмд тогтоод буй. Хандалт өндөртэй л байвал маазрах, элийрэх бол наад захын асуудал. Сошиалд хандалт өндөртэй ч сайн чанарын бүтээл гээд хэлэх ямар ч боломжгүй тэдгээр видеоноос агуулга гэдэг зүйлийг хайгаад ч ер нь дэмий. Интернэт орчинд ямар нэгэн зүйл нийтлэх эрх хүн бүхэнд байгаа ч түүнийгээ олон хүнд хүргэхээр шийдсэн бол үлдэцтэй юм хийж сурмаар. Ойрын нэгэн жишээ “Ахан дүүс” продакшны залуус анх найзуудаараа Налайх явах замдаа маазарсан   бичлэгээ фейсбүүкт нийтэлсэн нь олон хүнд хүрч, улмаар дараа дараагийн бичлэгээ хийх сэдэл төрсөн гэж ярьдаг. Залуу хүмүүс нэгдэж, ямар нэг зүйл эхлүүлж байгаа нь сайн хэрэг ч хүнд хэрэгтэй юм хийх хүсэл эрмэлзэл дутаж буй нь харамсмаар. Түүнчлэн тэдний “Ахан дүүс” гэх цахим хуудас 325 мянган дагагчтай бөгөөд дагагчдыг нь насны бүлгээр авч үзвэл дандаа бага насны эсхүл өсвөр үеийн хүүхдүүд байна. Тэр ч утгаараа эдгээр хүүхдүүд ямар ч шүүлтүүргүйгээр тэдний хэлэх үг, хийх үйлдлийг даган дуурайж болзошгүй. Мөн ихэнх бичлэгтээ хараалын үгийг хаа хамаагүй хэлнэ. Хэн нэгнийг байгаа байдлаар нь элэглэж, шоглоно гээд тогтож удаан сууж үзэх зүйл лав биш. Тэд үүнийгээ энэ их стресстэй нийгэмд инээд бэлэглэхийг л хичээдэг гэдэг. Гэхдээ инээд бэлэглэхэд учир бий.

Хүмүүс зөвхөн хөнгөн хийсвэр, зугаа цэнгэлийн бичлэгийг сошиал медиад хандалт өндөртэй байдаг гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тийм биш. Ер нь маазарсан бичлэг хийх нь тийм ч тохиромжтой зүйл биш юм. Контент бүтээгчдийн чухалчлах ёстой зүйл бол видео контентын агуулга.

Сошиал дахь алиалал кино урлагт

Санамсаргүйгээр сошиалд хөл тавьж, цаашлаад кино урлагт хүч үздэг ийм нэгэн жишиг тогтож байна. Сошиалд багахан танигдсанаараа дулдуйдаж, кино хийж, түүнийг нь ямар ч цензургүйгээр Univision, Playmo, IPTV өөртөө байршуулж, ашиг горилдог боллоо. Мөн чанартаа кино урлаг, сошиал орчин хоёрын хоорондын ялгаа тэнгэр газар шиг баймаар. Хараалын үг хаа хамаагүй урсгасан, хар сахалтай хэн нэгэн нөхөр парик зүүгээд л эмэгтэй дүрд хувирчихдаг бол, ингээд л кино бүтчихдэг бол кино урлагийн үнэ цэн яг хаана орших вэ. Бидний мэдэхээр саяхныг хүртэл кино урлагийн босго өндөр, баримтлах ёс зүй болоод гоо зүйн хэм хэмжээ хатуу, чанд байв. Хэн дуртай нь энэ салбар руу алиалах гэж хэр баргийн зориг, зүрх гаргаж орж чаддаггүй байлаа. Гэтэл өнөөдөр энэ салбар ашиг горилсон, алиалагчдаар дүүрлээ. Саяхан сошиалд сээр цохих тренд эрчийг авав. Залуус тэнцвэрээ алдаж, тэнхээгээ бартал сээр  хугалж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулан уламжлалт ёсоо умартахгүй юмсан ухааны юм ярьж байна. Гэхдээ энэ нь уламжлал гэхээс илүү дайн байлдаантай цаг үеийн дайснаа сэлмээр оновчтой цохих сургуулилалт болдог байжээ. Үгүй яахав, хэн дуртай нь сээрээ цохиж л байг гэтэл өнөө хэд маань бүр хэтийдэж кино урлагт хөл тавиадахлаа. Сээр цохих арга ухааны талаар гэх үү, эсвэл эр хүний эд хавыг харуулахыг зорьсондоо ч тэр үү, ямартай ч “Нударга” хэмээх кино нээлтээ хийв. Сошиалд трэнд болж буй “Гүндарьмаа” гэх видео мөн л кино болж саяхан нээлтээ хийв. Хамгийн инээдтэй нь энэ уран бүтээлээр дамжуулж, үзэгчдэд ямар санааг хүргэхийг зорьсон бэ гэх сэтгүүлчийн асуултад “Гүндарьмаа яагаад ийм үстэй байгааг, ямар учраас олон найз залуутай болсон талаар энэ киноноос үзэх боломжтой” гэж хариулсан байх юм.

Орчин үеийн Монголын кино урлагт ихэнх нь нэг бол дан дутуу эхлэл, өрнөл төгсгөлтэй, хэлэх гэсэн санаагүй кинонууд, эсвэл тулга тойрсон авгай хүүхэн, араар тавилт, уур уцаар, амьдралгүй эго нь дэндсэн хэрүүлч киночид эсвэл reels, инстаграм, фейсбүүкийн бичлэг хийдэг залуусын тэнэглэлээр дүүрсэн байна.

Кино уран бүтээл туурвих эрх хэнд ч бий. Гэлээ гэхдээ сошиал орчин, кино урлаг хоорондын ялгааг гаргасан цагтаа дэлгэцийн уран бүтээлд хүч үзвэл гэмгүй. Сошиалд хандалт өндөртэй байлаа гээд кино урлагт амжилт дагуулна гэсэн үг биш. Ер нь тэгээд хэм хэмжээндээ, байх ёстой газраа л байвал хүн илүү гэрэлтдэг гэдэг дээ.