
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш ес дэх удаагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох Сонгуулийн тухай хуулийн төслийг ч УИХ хэлэлцэж эхэллээ.
Ер нь сонгууль бүрийн өмнө эрх барьж буй нам хуулиа өөрчилж том, жижиг мажоритар, холимог систем гэх мэтээр тоглоомын дүрмээ зохиож ирсэн. УИХ-ын сонгуулийг 1992, 2008, 2020 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар, 1996, 2000, 2004, 2016 онуудад нэг мандаттай 76 тойрог бүхий мажоритар, 2012 онд 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдох холимог тогтолцоогоор явуулсан байдаг. Мажоритар тогтолцоо нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч нэр дэвшигчтэйгээ нүүр тулан уулздаг сайн талтай. Бас сөрөг ч талтай. Тухайлбал, нэг тойрогт 40 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялагдаж байхад өөр нэг тойрогт 30 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялалт байгуулсан тохиолдол олон. Мөн нийслэлийн тойргуудад нэр дэвшигч нь аймгуудын тойрогт нэр дэвшигчээс хэд дахин илүү сонгогчдын санал авч сонгогддог. Гэтэл орон нутагт нэр дэвшигч нэг сумын хүн амаас ч цөөхөн сонгогчийн санал авч УИХ-д сонгогдсон түүх тоймгүй олон. Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцооны хувьд сонгогчийн тэгш эрхийн зарчим алдагддаг сул талтай. Зарим аймгийн сонгогч 3-4 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад зарим нь 1-2 нэр дэвшигчийн төлөө санал өгөх жишээтэй. 2011 оныг хүртэл манай улс том, жижиг мажоритар гэсэн сонгуулийн хоёрхон тогтолцоотой, үүнээс өөр сонголт байхгүй гэсэн ойлголттой байлаа. Харин 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа сонгуулийн холимог тогтолцоог анх удаа ашиглахаар болсон юм. УИХ-ын 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгохоор хуульчилж сонгуулиа зохион байгуулсан. 2016 онд дахин энэ зарчмаараа сонгууль явуулахаар шийдсэн боловч сонгууль болохоос сар гаруйн өмнө Цэц намын жагсаалтаар сонгох тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан юм. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог ч тухайн үед хуулиа өөрчилж нэг мандаттай 76 тойргоор сонгуулиа зохион байгуулсан. Цэц 28 хүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуульд заасан төлөөллөө шууд сонгох зарчмыг зөрчиж байна гэж үзсэн юм. Тиймээс 2016, 2020 онд том, жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан.
2024 онд өмнө нь Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн холимог тогтолцоогоороо сонгууль явуулахаар төлөвлөн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байна. Бүр хоёр ч төсөл УИХ-д өргөн мэдүүлэв. Нэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл. 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар сонгогдох хувилбар. Нөгөө нь АН-ын боловсруулсан төсөл. 48 гишүүн тойргоос, 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох хувилбартай.
Улс орнуудад нам нь төлөвшиж олон намын тогтолцоо хөгжихийн хэрээр сонгуулийн хосолсон болон пропорциональ тогтолцоог өргөнөөр сонгодог гэж судлаачид ярьдаг. Манай улс пропорциональ тогтолцоог бүхэлд нь биш ч холимог хэлбэрээр сонгож байна. Пропорциональ тогтолцоо нь сонгогчдын саналыг парламентад бүрэн тусгадгаас гадна төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд дөхөм болдог. Бүх гишүүн нь тойргоос сонгогдсон тохиолдолд улсаа бус тойргоо л хөгжүүлэхийг, тэнд л бүтээн байгуулалт хийхийг чухалчилдаг. Төсвийн мөнгө 76 цоргоор урсдаг гэсэн үг. Харин пропорциональ тогтолцоо нь улс орныг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх боломж олгодгоороо давуу талтай.
УИХ-д өргөн бариад буй хоёр төсөл 2012 оны сонгуулийн хуулиас ялгаатай нь сонгогчид намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө. Өөрөөр хэлбэл, сонгогч тойрогтоо өрсөлдөж буй нэг дэвшигчийг сонгохоос гадна намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох юм. Ингэж намын жагсаалтад багтсан нэр дэвшигчдийг сонгогчдоор эрэмбэлүүлснээр намын жагсаалтын ард нуугдаж сонгогддог гэсэн шүүмжлэл арилна гэж үзжээ. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орж 2012 оных шиг сонгогч зөвхөн намыг сонгох хувилбарт шилжих магадлалтай. Учир нь, саналын хуудаст олон хүний нэр бичигдэх, саналыг тоолж нэгтгэхээс эхлээд техникийн хувьд хэцүү. Мөн зарим судлаач жагсаалтад багтсан нэр дэвшигчдийг иргэдээ сонгуулж эрэмбэлүүлэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Өмнөх сонгуулиар нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан эрх баригч нам парламентын 80 гаруй хувийг эзлэн сууж байна. Сонгогчдын өгсөн санал бүр парламентын суудалд тусгалаа өгч байх ёстой. Гэтэл ихэнх сонгогчийн санал гээгдсэн гэсэн үг. 28 нь тойргоос 48 нь жагсаалтаар сонгогдох нь зөв. Харин намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгогчид сонгож эрэмбэлнэ гэвэл мажоритар тогтолцооноос ялгаагүй. Хоорондоо өрсөлдөөд тогтолцооны өөрчлөлт хийсний хэрэг гарахгүй. Харин намууд жагсаалтад багтаж байгаа нэр дэвшигчдээ тойрогт нэр дэвшигчдтэйгээ зэрэг танилцуулж, нэрсийг нь ил тод зарлаж, санал авах байр бүрийн үүдэнд тавих хэрэгтэй.

Намын жагсаалтын нэрс нь хөдөлдөг, хөдөлдөггүй гэсэн хоёр хувилбар байгаа. Хэрэв нээлттэй гэж нэрлээд байгаа сонгогчид эрэмбэлэхээр хуульчилбал хоёр мажоритар тогтолцоог сонгосноос ялгаагүй. Тойргийн мажоритар, нэрсийн жагсаалтын мажоритар хувилбар бий болно. Дахиад л мөнгөөр өрсөлддөг, бодлого ярьдаггүй, хоорондоо л өрсөлддөг байдал хэвээр хадгалагдана. Мөн онолын хувьд холимог тогтолцоо нь 50:50 хувь буюу 38:38 байх ёстой. 48:28 гэхээр мажоритар тогтолцоогоо дэмжсэн хэлбэр болно. Мөн тойрогтоо байр сууриа олсон улстөрчдөд боломж олгосон явдал болно. Улс төрийн нам голлон тоглодог, сонгогчдын санал гээгдэхгүй байх тогтолцоо руу явъя гэж бодож л байгаа бол 38:38 гэсэн тогтолцоо нь зөв.
Үндсэн хуулийн Цэц тухайн үеийн эрх баригчид юу хүсэж байна түүнд л нийцүүлэн шийдвэр гаргадаг болсон ч хэрэв жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгогчид эрэмбэлэхгүй зөвхөн намд л саналаа өгнө гэвэл нийгэмд маргаан үүснэ. Ямар ч маргаан үүсгэхгүй байх ганцхан л боломж байсан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоогоо тодорхой зааж өгөх, шууд сонгоно гэсэн салаа утгатай заалтаа өөрчлөх явдал байв. Гэвч 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үүнийг хийгээгүй. Тиймээс сонгогч нам сонгоно гэж хуульчилбал дахиад л маргааш үүсэх магадлал өндөр. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг хориглосон 2016 оны Цэцийн шийдвэр зөв байсан гэдгийг зарим судлаач хэлдэг.

Дэлхий нийтэд сонгуулийн шууд болон шууд бус гэсэн хоёр жишиг бий. Шууд гэдэг нь иргэн өөрийн төлөөллийг шууд сонгох. Шууд бус гэдэг нь иргэн нам, эвсэл, ямар нэг бүтцээр төлөөллүүлэн сонгохыг хэлнэ. 1992 оноос хойш Үндсэн хуульд заасны дагуу шууд сонгуулийг хийж ирсэн. Харин 2012 онд холимог тогтолцоо, шууд бус сонгуулийн асуудал яригдаж, тухайн онд сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульд шууд бус сонгуулийн зарчмыг тусгаж өгөөгүй байхад шууд бус сонгууль хийсэн. Бид шууд болон шууд бус сонгуулийн зарчмаа сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн холимог тогтолцоог оруулъя гэж байгаа бол шууд бус сонгуулийн зарчмыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ингэж байж сонгуулийн тогтолцооны үндэс суурь, урьдач нөхцөл бүрдэх юм. Хэрэв Үндсэн хуульд шууд бус зарчмын талаар тусгахгүйгээр сонгуулийн холимог тогтолцоог оруулбал зөрчил болно.
Сонгогчид намын жагсаалтад багтсан нэр дэвшигчийг шууд сонгох ч бай, үгүй ч бай, жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо 38 ч бай, 28 ч бай холимог тогтолцоог ашиглах нь жаахан ч гэсэн урагшилсан алхам болно.
Зарим УИХ-ын гишүүн сонгогдолгүй үлдсэн нэр дэвшигчээс ч бага санал авч сонгогдох, нийт сонгогчдын саналыг бараг адил тэнцүү авсан хоёр намын нэг нь парламентын суудлын 80 хувийг эзлэн тухлах, сонгогдохын төлөө зарцуулсан мөнгөнийхөө хэмжээгээр уралдах нь нь дэндүү шударга бус. 2020 оны сонгуулийг хэрэв хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор явуулсан бол нийт сонгогчдын 44.9 хувийн саналыг авсан одоогийн эрх баригчид 62 бус 34 суудал авах байлаа. Цаашлаад нийт сонгогчдын 24.5 хувийн саналыг авсан АН 11 бус 19 суудал, “Та бидний эвсэл” зургаа, “Шинэ эвсэл” дөрөв, “Зөв хүн-Электорат” эвсэл дөрвөн суудал авах байв. Сонгогчдын санал гээгдэхгүй ингэж л УИХ-д тусгалаа олох байсан гэсэн үг. Гэвч сонгуулийн тогтолцооноос шалтгаалсан шударга бус хуваарилалт үйлчилсэн. Ийм шударга бус тогтолцоог өөрчлөхийн тулд Монгол Улс тогтолцооны өөрчлөлт хийж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан мажоритар тогтолцооноос салах цаг аль хэдийнэ болсон. Бодлогоор бус мөнгөөөрөө уралддаг, Цагаан сараар бэлэг тараадаг улстөрчдөөс энэ цагийн сонгогчид аль хэдийнэ залхсан. Тогтолцоогоо л өөрчлөхгүй бол тэд өөрчлөгдөхгүй нь. Өмнөх найман удаагийн сонгуулийг хэрхэн зохион байгуулж ямар үр дүн гарч байсныг доороос харна уу.
1992 он: Томсгосон мажоритар 1992.06.28
Хүн амын тоо: 2 154 646 Сонгуулийн насны хүний тоо: 1 202 704 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 037 392 (95.6 хувь)
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 8 нам, 2 эвсэл Нийт нэр дэвшигч: 293 Нам, эвслээс нэр дэвшигч: 275 Бие даан нэр дэвшигч: 18
Мандат хуваарилалт: Орон нутагт 52, нийслэлд 24
Сонгуулийн зардал: 21 сая төгрөг
Сонгуулийн дүн:
МАХН: 57.1 хувийн саналыг авч 70 суудал
Ардчиллын төлөөх намуудын эвсэл: 31.1 хувийн саналыг авч 5 суудал Бие даагчид: Г.Зуунай
1996 он: Жижиг мажоритар 1996.06.30
Хүн амын тоо: 2 231 363 Сонгуулийн насны хүний тоо: 1 218 549 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 057 182 (92.1 хувь) Сонгуульд оролцсон нам, эвсэл: 5 нам, 2 эвсэл Нийт нэр дэвшигч: 302 Нам, эвслээс нэр дэвшигч: 267 Бие даан нэр дэвшигч: 35
Мандат хуваарилалт: Орон нутагт 56, нийслэлд 20 Сонгуулийн зардал: 270 сая төгрөг Сонгуулийн дүн:
Ардчилсан холбоо эвсэл: 45.7 хувийн санал авч 50 суудал
МАХН: 39.9 хувийн санал авч 25 суудал
МУНН: О.Дашбалбар
2000 он: Жижиг мажоритар 2000.07.02
Хүн амын тоо: 2 382 525 Сонгуулийн насны хүний тоо: 1 364 862 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 027 985 (82.4 хувь)
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 13 нам, 3 эвсэл Нийт нэр дэвшигч: 602 Нам, эвслээс нэр дэвшигч: 575 Бие даан нэр дэвшигч: 27 Мандат хуваарилалт: Орон нутагт 56, нийслэлд 20
Сонгуулийн зардал: 460 сая төгрөг
Сонгуулийн дүн:
МАХН: 51.5 хувийн санал авч 72 суудал
АН: 24.1 хувийн санал авч 1 суудал
Иргэний Зориг-Ногоон Нам: 1 суудал
Эх Орон-МАШСН: 1 суудал
Бие даагч: Л.Гүндалай
2004 он: Жижиг мажоритар 2004.06.27
Хүн амын тоо: 2 407 568 Сонгуулийн насны хүний тоо: 1 472 372 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 051 812 (82.2 хувь)
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 7 нам, 1 эвсэл Нийт нэр дэвшигч: 244 Нам, эвслээс нэр дэвшигч: 229 Бие даан нэр дэвшигч: 15 Мандат хуваарилалт: Орон нутагт 56, нийслэлд 20
Сонгуулийн зардал: 696.6 сая төгрөг
Сонгуулийн дүн:
МАХН: 48.8 хувийн санал авч 36 суудал
Эх орон-Ардчилал эвсэл 44.8 хувийн санал авч 36 суудал
БНН: 1 суудал
Бие даагч: 3 суудал (Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав)
2008 он: Томсгосон мажоритар: 2008.06.29
Хүн амын тоо: 2 564 285 Сонгуулийн насны хүний тоо: 1 607 825 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 179 448 (76.5 хувь) Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам, 1 эвсэл Нийт нэр дэвшигч: 356 Нам, эвслээс нэр дэвшигч: 311 Бие даан нэр дэвшигч: 45
Мандат хуваарилалт: Орон нутагт 56, нийслэлд 20 Сонгуулийн зардал: 7.2 тэрбум төгрөг
Сонгуулийн дүн:
МАХН: 43 хувийн санал авч 45 суудал
АН: 39.2 хувийн санал авч 28 суудал
Иргэний эвсэл: 1 суудал
ИЗН: 1 суудал
Бие даагч: З.Алтай
2012 он: Холимог тогтолцоо 2012.06.28
Хүн амын тоо: 2 801 136 Сонгуулийн насны хүний тоо: 1 882 035 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 238 537 (67.3 хувь) Сонгуульд оролцсон нам, эвсэл: 11 нам, 2 эвсэл Нийт нэр дэвшигч: 544 Нам, эвслээс нэр дэвшигч: 518 Бие даан нэр дэвшигч: 26
Мандат хуваарилалт: Тойрогт 48, намын жагсаалтад 28 Сонгуулийн зардал: 16.8 тэрбум төгрөг
Сонгуулийн дүн:
АН: 34 суудал
МАН: 26 суудал
Шударга ёс эвсэл: 11 суудал
ИЗНН: 2 суудал
Бие даагч: 3 суудал (Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн)
2016 он: Томсгосон мажоритар
Хүн амын тоо: 3 057 778 Сонгуулийн насны хүний тоо: 1 998 823 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 406 123 (73.6 хувь) Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам, 3 эвсэл Нийт нэр дэвшигч: 498 Нам, эвслээс нэр дэвшигч: 429 Бие даан нэр дэвшигч: 69
Мандат хуваарилалт: Орон нутагт 48, нийслэлд 28 Сонгуулийн зардал: 16.5 тэрбум төгрөг
Сонгуулийн дүн:
МАН: 46.5 хувийн санал авч 65 суудал
АН: 34.2 хувийн санал авч 9 суудал
МАХН: 1 суудал
Бие даагч: С.Жавхлан
2020 он: Томсгосон мажоритар
Хүн амын тоо: 3 296 866 Сонгуулийн насны хүний тоо: 2 003 969 Санал өгсөн сонгогчийн тоо, (ирц): 1 475 780 (73.6 хувь) Сонгуульд оролцсон нам, эвсэл: 13 нам, 4 эвсэл Нийт нэр дэвшигч: 606 Нам, эвслээс нэр дэвшигч: 485 Бие даан нэр дэвшигч: 121
Мандат хуваарилалт: Орон нутагт 52, нийслэлд 24 Сонгуулийн зардал: 20.5 тэрбум төгрөг Сонгууль явагдсан огноо: 2020.06.24
Сонгуулийн дүн:
МАН: 44.9 хувийн санал авч 62 суудал
АН: 24.5 хувийн санал авч 11 суудал
Та бидний эвсэл: 1 суудал
Зөв хүн-Электорат эвсэл: 1 суудал
Бие даагч нэг: Н.Алтанхуяг