Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд халуун ногооны хэрэглээ улам бүр нэмэгдэж буй. Тэр ч утгаараа энэ төрлийн хэрэглээг эрүүл мэндэд сөрөг талаас нь тайлбарладаг. Гэвч үнэн хэрэгтээ халуун ногоо хэрэглэх нь жин хасах, зүрх судасны тэнцвэрт байдлыг хадгалах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй аж.
Халуун ногоо хэрэглэх нь зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгахад тустай
Вермонтын их сургуулиас хийсэн судалгаанд дурдсанаар халуун ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр нас барах магадлал бага байдаг аж. Түүнслэн халуун ногоо нь хоол хүнсний өөх тосыг маш сайн задалдаг учир зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байхад онцгой чухал нөлөөтэй.
Өөх задлах, энерги шатаах чадварыг нэмэгдүүлнэ
Халуу ногоо тогтмол хэрэглэдэг хүмүүс хэт таргалалт болон илүүдэл жинтэй болох магадлал харьцангуй бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ төрлийн судалгаанууд голчлон халуун чинжүүний үндсэн амтыг гаргадаг капсаицин дээр төвлөрдөг бөгөөд зарим судалгаагаар уг бодис нь өөх задлах, энерги шатаах чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь ходоод дотрыг цочроох эрсдэл дагуулдаг. Хоол тэжээлийн мэргэжилтэн Патришиа Брижит Лейн “Капсаицин нь өлсөх болон цадах мэдрэмжийг хянадаг тархины хэсэг болох гипоталамусд нөлөөлдөг учир хоолондоо бага зэргийн халуун ногоо нэмэхэд л илүү хурдан цадах мэдрэмж авдаг. Мөн халуун ногоо тогтмол хэрэглэдэг хүмүүс өдрийн турш харьцангуй бага хоол иддэг” гэжээ.
Үрэвсэл намдаана
Капсаицин гэх химийн нэгдэл нь таргалалттай холбоотойгоор ходоод гэдсэнд үүсдэг үрэвсэлт өвчинтэй тэмцэх чадвартай. Мөн энэхүү бодис нь өвчин намдаах зориулалтаар хэрэглэгддэг тос болон наалтуудын гол орц найрлага болдгоос гадна үе мөчний үрэвсэл, фибромиалгиа зэрэг архаг хууч өвчнийг анагаахад нөлөөлдөг аж.
Гэдэсний бичил биетэд эерэгээр нөлөөлнө
Капсаицин нь гэдэсний бичил биетэд сайнаар нөлөөлдөг. Микробиом гэдэг нь зөвхөн микроскопоор л харагдах боломжтой, байгалиасаа хүний биед байдаг бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн нэгдэл бөгөөд бидний эрүүл мэнд, дархлааны системд маш чухал ач холбогдолтой. Харин халуун ногоо нь эдгээр бичил биетэд нөлөөлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тустай аж.
Гэхдээ мэдээж хэрэг аливаа зүйлийг хэрэглэхэд учир бий. Халуун ногоог дангаар нь эсвэл үл зохицох хоол хүнстэй байнга хэрэглэх нь бодисын солилцоог идэвхжүүлж, холестериныг бууруулах нь бүү хэл олон сөрөг үр дагаварт хүргэх боломжтой. Түүнчлэн бүх төрлийн халуун ногоо сайн гэсэн үг биш. Тодруулбал халуун чинжүү болон хатаасан чили нунтаг олон сайн орц найрлагыг агуулдаг бол халуун сүмс болон бэлэн зарагддаг савласан амтлагчид их хэмжээний давс болон бусад амт оруулах найрлагуудыг багтаасан байдаг учир тогтмол хэрэглэхгүй байх нь тохиромжтой.